Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/81

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч С.Э,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,    

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн С-ын Э-д холбогдох 2128001000068 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

Биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, .....................   

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч С.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 19 цагийн үед Өмнөговь аймаг Даланзадгад сум 6 дугаар баг 6 дугаар байрны 8 тоотод хамтран амьдрагч Э.М-ыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн цаг хугацаанд Э.М-ын “Redmi pro 9” загварын гар утсыг хугалж эвдэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С.Э-г яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв. 

Хохирогч Э.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Э манай охин Н 3 настай, бид 3 гэртээ байж байгаад 15 цагийн үед Э хурдан гараад ирье гэж хэлээд машины түлхүүр аваад гэрээс гараад явсан. 15-20 минутын дараа Э тортой юм бариад гэрт орж ирсэн. Торонд нь 10 гаруй лаазтай пиво, нэг шил вино байсан. Тортой зүйлээ гаргаад лаазтай пиво задлаад уухаар нь би охиноо аваад салхилуулаад дэлгүүр орчхоод ирье гэж хэлээд гарсан. Би охинтойгоо гадаа 20-30 минут тоглож бас дэлгүүр орчхоод Эгийн гэрт ирэхэд Э нэлээн согтуу байсан. Намайг гэрт орж ирэхэд Э надад шилтэй дарс задлаад надад хундагалж өгөхөөр нь би дарс уухгүй гэж хэлсэн чинь уучих гэж дахин хэлсэн. Би дарсаа өгөөд байхаар нь хундагатай дарсыг нь авч нэг балгаад ширээн дээр буцааж тавьсан. Э, О гэж найзтайгаа фэйсбүүкээр видео хийж залгаж ярьж байгаад О-г надтай хардаад я... ирж ав, чиний хэд дэх я... бэ? Чи хэд ш... хаях вэ гэж хэлсэн. Тэр үед би Эг архи уугаад ийм үйлдэл гаргаж байна гэж бодсон. Э видеогоо О-гээс салгаад намайг я..., п..., г... гэж хэл амаар доромжлоод намайг буйдан дээр хөдөлгөөнгүй суухыг шаардсан. Намайг босох гэсэн чинь миний баруун гараас татаж суулгаад хөдөлгөөнгүй суу гэж хэлсэн. Э зүүн гараараа миний цээж болон зүүн талын хөх рүү 2-3 удаа цохисон. Эгийн гар утас дуугарахад Э гар утсаа аваад голоор нь хугалаад гал тогоо руу шидсэн. Би өөрийнхөө гар утсыг буйдан дээрээс авсан чинь миний гар утсыг аваад голоор нь хугалаад хана руу шидчихээд ширээн дээр задалсан байсан шилтэй дарсаа ам руугаа шилээр нь цутгаад бүгдийг нь уусан. Би, чи хүүхдийн дэргэд ийм үйлдэл хийлээ гэж хэлсэн чинь намайг баруун гараас чирээд унтлагын өрөөнд оруулаад п..., г..., я... чи өөрийгөө юу гэж бодоод байгаа юм, чи бусдад дандаа таалагдах гэж хичээдэг гэж хэлээд миний толгойны баруун тал, шанаа руу гараараа 7-8 удаа цохихоор нь би манарах шиг болохоор нь хайраа боль, миний бие өвдөж байна гэж хэлээд тэврэх гэсэн чинь намайг хойшоо түлхээд миний хоолойноос багалзуурдсан. 2 хөлөөс чирээд орноос татаж буулгахад нуруу толгойгоороо газар унасан. Дараа нь миний дотуур өмд гадуур өмд футболкийг Э татаж ураад миний 2 хөлөөс чирээд одоо наанаа хэвт гэж хэлсэн. Надад энэ бүх зүйл жүжиг байсан юм итгэхгүй бол гадаа гараад харъя гадаа О, Д бас нэг танихгүй найзынхаа нэрийг хэлсэн. Хэн гэдэг найз нь байсныг би мэдэхгүй байна. Намайг уйлаад хэвтэж байхад манай охин хараад уйлахаар нь би Э-д хаалга нүдээд байна гэж худлаа хэлсэн чинь Э миний хувцсыг өмсгөөд хаалган дээр очиж хүн ирсэн үгүйг шалгаад хүн ирээгүйг мэдээд буцаж ирэхээр нь би охиноо тэврээд газар уйлаад сууж байсан чинь Э над руу ойртох гэсэн. Тэгэхээр нь би айгаад ахиад хаалга нүдээд байна гэж худлаа хэлсэн чинь Э хаалга шалгаж ирчхээд буцаад над дээр ирэхээр нь би хүүхдээ хөхүүлж байсан чинь Э хажуугаар гараад компьютерээ шалгах гэж явсан. Би охиндоо хоёулаа нойл орж гар нүүрээ угаая гэж хэлээд охиноо тэврээд гэрийн үүдээр гарж гүйгээд орцны гадаа зогсож байсан чинь Э балкон /тагт/-оор үсэрсэн байх байрны урд талаас нэг ширхэг лаазтай пиво бариад гараад ирэхээр нь би буцаж орц руу ороод нэг давхарт байсан 3 тоот айлын хаалгыг нүдээд манай найз залуу архи уугаад агсам тавиад зодоод байна гэж хэлээд гэрт нь орж айлын эзэгтэйн гар утсаар Эгийн дүү Эрхэмээ рүү залгах гэсэн чинь сандраад дугаарыг нь андуурч залгаад байхаар нь цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирээд ирчихлээ гэж цагдаагаас айлын эзэгтэй рүү залгахаар нь би гараад Эгийн гэрт очиход Э гэрийнхээ үүдэнд 2 хөл нь гэрийнхээ гадаа цээж хэсэг нь гэрийнхээ үүдэнд согтуу тасарчихсан унтаж байсан. Цагдаа ирэхээр нь би Э-гийн гэрээс эд зүйлээ аваад Э-гийн машинтай хамгаалах байранд ирсэн... Э надад 2021 оны 01 дүгээр сард авч өгсөн. “Redmi pro 9” гэсэн гар утас байсан. 1,400,000 төгрөг гэсэн байсан байх... Э бид хоёр 2020 оны 03 дугаар сард танилцаад 2020 оны 06 дугаар сараас хойш Э манай гэрт амьдрах болсон. Манайх Улаанбаатар хотод байдаг. Э ажлаасаа амарч ирээд Улаанбаатар хотод 5-6 хоног амрахдаа манай гэрт надтай хамт байдаг. Би Өмнөговь аймагт 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр охинтойгоо хамт ирсэн. Өмнө нь Өмнөговь аймагт ирж байгаагүй. Нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдол байхгүй.” /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/

Гэрч Ш.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Өмнөговь аймаг Даланзадгад сум 6 дугаар баг 6 дугаар байрны 3 тоотод амьдардаг. Намайг гэртээ байхад манайд дээд айлын эмэгтэй байна гээд тусламж хүсээд хүүхдээ дагуулж ирсэн... Тухайн үед тусламж хүсэж ирсэн эмэгтэй сандарсан байдалтай утсаар чинь цагдаа дуудаж болох уу гэж асуусан. Тэгэхээр нь би утсаараа цагдаа руу залгаад уг эмэгтэйд утсаа өгсөн. Хүүхдээ тэвэрсэн байдалтай ирсэн. Биед нь гэмтэл шарх байсан эсэхийг анзаараагүй. Тухайн эмэгтэйн футболк нь урд хэсэгтээ урагдсан харагдаж байсан... Тэр эмэгтэй хэлэхдээ найз залуу нь агсам согтуу тавиад байна утсаар чинь цагдаа дуудъя гэж хэлж байсан. Дуудлага өгсний дараа манай гэрт хэсэг сууж байгаад цагдаа ирэхээр явсан.” /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/

Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Э манай төрсөн ах. М манай ахын хамтран амьдрагч. М, Э хоёр манай гэрт хоёр настай хүүхэдтэйгээ 2021 оны 04 дүгээр сарын 05-ны үед ирж амьдрах болсон. Би М, Э хоёртой хамт 5-6 хоног амьдраад ээжийнхээ гэр рүү нүүсэн. Би ганцаараа амьдраад сурчихсан болохоор олон хүнтэй хамт амьдрах тухгүй санагдаад ээжийнхээ гэр рүү нүүсэн. 2021 оны 04 дүгээр сарын 7, 8-ны үеэр намайг гэрт байхад М-ын гар утас руу 9911-тэй дугаар залгаад Э ах авч ярьж байх шиг байсан. Э ах 9911-тэй дугаарын залуутай чи яагаад энэ дугаар руу залгаад байгаа юм гэж хэлж байгаа сонсогдсон. Би өөр зүйл сонсоогүй. Гэртээ тавилга хийх гэж орсон байсан болохоор хэмжээгээ авчхаад гэрээсээ гараад явсан. 2-3 хоногийн дараа манай ах Э 23-аас 00 цагийн үед над руу цагдаагийн гар утаснаас залгаад гэрт хүрээд ир гэж хэлсэн. Би гэрийн гадаа ирсэн чинь манай ах Э согтуу гэрийнхээ гадаа байсан. Намайг цагдаа руу явъя гэж хэлээд бид 2 цагдаа дээр ирсэн. Цагдаа дээр ирээд манай ах Э цагдаа руу орсон би машин дотроо суугаад үлдсэн. Э ах цагдаа руу ороод 20-30 минут болоод гарч ирээд гэртээ харъя гэхээр нь би гэрт хүргэж өгөөд өөрөө ээжийн гэр рүү явсан. М манай ахтай маргалдаад машинаа унаад явчихсан гээд манай ах Э М-ыг олох гэж цагдаа руу явсан байх. Тэгээд унаа байхгүй болохоор намайг дуудаж цагдаа руу хүргүүлсэн байх. Би тэгж бодож байна.” /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/

Гэрч Э.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн үед дуудлага хүлээж аваад хаягаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг 6 дугаар байрны 8 тоотод 19 цаг 35 минутад жижүүрийн жолооч ахлах ахлагч Б-ийн хамт очоод дуудлага өгсөн. 8 тоотод ороход Э гэх залуу өөрийнхөө гэрийн үүдэнд цээжин бие нь гэрийнхээ дотор талд бөгсөн бие нь гэрийнхээ хаалганаас гарчихсан дамналдаад унтаж байсан. Дуудлага өгсөн М гэх эмэгтэй гэртээ байхгүй байхаар нь анх дуудлага өгсөн 99031864 гэх дугаар руу залгахад М гэх эмэгтэй доод давхрын айлд байсан гэж хэлээд гэртээ ирсэн. Манай нөхөр агсам тавьж байгаад сая гэрийнхээ үүдэнд унтчихлаа би аймгийн хүн биш аймагт ирээд удаагүй надад таних хүн энэ аймагт байхгүй хамгаалах байр байдаг бол хамгаалах байранд хүргээд өгөөч би энэ гэрт амьдарч чадахгүй гэж хэлэхээр нь 2-3 насны охины хамт хамгаалах байранд хүргэж өгсөн. Э-г гэрт нь оруулахад Э сэрсэн. Тэгээд гайгүй юу гэж асуухад буцаад унтчихсан. Эг гэрт нь үлдээгээд явсан. 2021 оны 04 дүгээр сарын 17-ны шөнө 23 цаг өнгөрч байхад Э Цагдаагийн байгууллага дээр ирэхээр нь би Эг согтуурал шалгах багажаар үлээлгэхэд 0.70 хувийн согтолттой байхаар нь согтолтын зэрэг бага биеэ авч явах чадвартай гэж үзээд гэрт нь буцаасан... М болон Э-гийн биед дуудлагаар очиход ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Намайг дуудлагын дагуу Эгийн гэрт очиход М доод айлаасаа гарч ирлээ гээд доороос шатаар гарч ирсэн. Тухайн үед М-ын өмсөж байсан футболк баруун доод хэсэгтээ бага зэрэг урагдсан байсан. Биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй... Э-гийн гэрийн хаалга нээлттэй Э тал бие нь гэрийнхээ үүдэнд тал нь гэр дотроо байсан. Гэрийн унтлагын өрөөнд байх орны бүтээлэг эмх замбараагүй болсон байсан. Мөн гэрийн унтлагын өрөөний үүдэнд 2 ширхэг гар утсыг голоор нь нугалж хугалсан байдалтай шалан дээр байсан.” /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/

Шүүгдэгч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 04 дүгээр сарын 16, 17-ны өдрийн үед шиг санагдаж байна бид хоёр буюу эхнэр М-тай 2 хоногийн өмнөөс гэр бүлийн маргаантай байсан ба би тэрнээсээ болоод хоол унд идээгүй байж байсан ба тухайн өдөр эхнэртэйгээ эвлэрье гэж бодож байсан. Найзуудаараа салхинд гарна гээд авчихсан байсан пивоноос очиж 8 лаазыг 1 ширхэг дарстай аваад гэртээ ирсэн чинь эхнэр охиноо аваад зөрөөд гарсан. Би гэртээ ганцаараа 3 пиво уусан ба гаднаас эхнэр охины хамт орж ирсэн. Эхнэрт дарснаасаа хундагалж өгөөд юм яриад эвлэрэх гээд сууж байтал ер нь хэрэлдээд ч байгаа юм шиг үг сөрсөн яриа болж байтал манай эхнэрийн утас руу манай нэг О гэж найз видеогоор залгахаар нь би шууд утсыг нь авчихсан. Тэгээд уурлаад хяналтаа алдаад их муухай үг хэлж хараал хэлээд эхнэрээ хардаад утсыг нь яг хэзээ хугалснаа санахгүй байна. Нэг мэдсэн утсыг нь хугалчихсан байсан. Ширээн дээр тавиад эргэж хараад хэрэлдэж эхэлсэн. Тэгээд тэрнээс хойш яг юу болсноо огт санахгүй байна. Уг утсыг тухайн асуудлын маргааш нь билүү нөгөөдөр нь хаячихсан... Уг гар утсыг 2021 оны 03 дугаар сарын 08-нд эхнэртээ бэлэгт авч өгч байсан. М-ын гар утас.” /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/ 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 269 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Э.М-ын биед тархи доргилт, зулайд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, цээж, нуруу, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Э.М-ын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Э.М-ын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 151 дугаартай үнэлгээнд: “Redmi pro 9 гар утас 1 ширхэг, нэгжийн үнэ 700,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 700,000 төгрөг /хуучин/” /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/

Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 06 дугаар хуудас/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/

Согтуурал шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 52-54/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч С.Э-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч С.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 19 цагийн үед Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6 дугаар баг, 6 дугаар байрны 8 тоотод хамтран амьдрагч Э.М-ыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн цаг хугацаанд Э.М-ын “Redmi pro 9” загварын гар утсыг хугалж эвдэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.Э-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Эд хөрөнгөнд нь 700,000 төгрөгийн хохирол учруулсан. Хохирогч Э.М биед болон эд хөрөнгөд учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч хохирогчид гар утсыг авч өгсөн талаар мэдүүлж байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна гэв.

Шүүгдэгч С.Э нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж буйгаа илэрхийлсэн тайлбар гаргав.

Шүүгдэгч С.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Эд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч С.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 19 цагийн үед Өмнөговь аймаг Даланзадгад сум 6 дугаар баг 6 дугаар байр 8 тоотод хамтран амьдрагч Э.М-ыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн цаг хугацаанд Э.М-ын “Redmi pro 9” загварын гар утсыг хугалж эвдэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч Э.М-ын “...Э зүүн гараараа миний цээж болон зүүн талын хөх рүү 2-3 удаа цохисон. Эгийн гар утас дуугарахад Э гар утсаа аваад голоор нь хугалаад гал тогоо руу шидсэн. Би өөрийнхөө гар утсыг буйдан дээрээс авсан чинь миний гар утсыг аваад голоор нь хугалаад хана руу шидчихээд ширээн дээр задалсан байсан шилтэй дарсаа ам руугаа шилээр нь цутгаад бүгдийг нь уусан. Би, чи хүүхдийн дэргэд ийм үйлдэл хийлээ гэж хэлсэн чинь намайг баруун гараас чирээд унтлагын өрөөнд оруулаад п..., г..., я... чи өөрийгөө юу гэж бодоод байгаа юм, чи бусдад дандаа таалагдах гэж хичээдэг гэж хэлээд миний толгойны баруун тал, шанаа руу гараараа 7-8 удаа цохисон. Дараа нь миний дотуур өмд гадуур өмд футболкийг Э татаж ураад миний 2 хөлөөс чирээд одоо наанаа хэвт гэж хэлсэн...” /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

гэрч Ш.Т-ын “...Би Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6 дугаар баг, 6 дугаар байрны 3 тоотод амьдардаг. Намайг гэртээ байхад манайд дээд айлын эмэгтэй байна гээд тусламж хүсээд хүүхдээ дагуулж ирсэн... Тухайн үед тусламж хүсэж ирсэн эмэгтэй сандарсан байдалтай утсаар чинь цагдаа дуудаж болох уу гэж асуусан. Тэгэхээр нь би утсаараа цагдаа руу залгаад уг эмэгтэйд утсаа өгсөн. Хүүхдээ тэвэрсэн байдалтай ирсэн. Биед нь гэмтэл шарх байсан эсэхийг анзаараагүй. Тухайн эмэгтэйн футболк нь урд хэсэгтээ урагдсан харагдаж байсан... Тэр эмэгтэй хэлэхдээ найз залуу нь агсам согтуу тавиад байна утсаар чинь цагдаа дуудъя гэж хэлж байсан. Дуудлага өгсний дараа манай гэрт хэсэг сууж байгаад цагдаа ирэхээр явсан.” /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

гэрч С.Э-ын “...2021 оны 04 дүгээр сарын 7, 8-ны үеэр намайг гэрт байхад М-ын гар утас руу 9911-тэй дугаар залгаад Э ах авч ярьж байх шиг байсан. Э ах 9911-тэй дугаарын залуутай чи яагаад энэ дугаар руу залгаад байгаа юм гэж хэлж байгаа сонсогдсон. Би өөр зүйл сонсоогүй. Гэртээ тавилга хийх гэж орсон байсан болохоор хэмжээгээ авчхаад гэрээсээ гараад явсан. 2-3 хоногийн дараа манай ах Э 23-аас 00 цагийн үед над руу цагдаагийн гар утаснаас залгаад гэрт хүрээд ир гэж хэлсэн. Би гэрийн гадаа ирсэн чинь манай ах Э согтуу гэрийнхээ гадаа байсан. Намайг цагдаа руу явъя гэж хэлээд бид 2 цагдаа дээр ирсэн. Цагдаа дээр ирээд манай ах Э цагдаа руу орсон би машин дотроо суугаад үлдсэн. Э ах цагдаа руу ороод 20-30 минут болоод гарч ирээд гэртээ харъя гэхээр нь би гэрт хүргэж өгөөд өөрөө ээжийн гэр рүү явсан. М манай ахтай маргалдаад машинаа унаад явчихсан гээд манай ах Э М-ыг олох гэж цагдаа руу явсан байх. Тэгээд унаа байхгүй болохоор намайг дуудаж цагдаа руу хүргүүлсэн байх. Би тэгж бодож байна.” /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,  

гэрч Э.Х-ын мэдүүлэгт “...Би тухайн үед дуудлага хүлээж аваад хаягаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг 6 дугаар байрны 8 тоотод 19 цаг 35 минутад жижүүрийн жолооч ахлах ахлагч Б-ийн хамт очоод дуудлага өгсөн. 8 тоотод ороход Э гэх залуу өөрийнхөө гэрийн үүдэнд цээжин бие нь гэрийнхээ дотор талд бөгсөн бие нь гэрийнхээ хаалганаас гарчихсан дамналдаад унтаж байсан. Дуудлага өгсөн М гэх эмэгтэй гэртээ байхгүй байхаар нь анх дуудлага өгсөн 99031864 гэх дугаар руу залгахад М гэх эмэгтэй доод давхрын айлд байсан гэж хэлээд гэртээ ирсэн. Манай нөхөр агсам тавьж байгаад сая гэрийнхээ үүдэнд унтчихлаа би аймгийн хүн биш аймагт ирээд удаагүй надад таних хүн энэ аймагт байхгүй хамгаалах байр байдаг бол хамгаалах байранд хүргээд өгөөч би энэ гэрт амьдарч чадахгүй гэж хэлэхээр нь 2-3 насны охины хамт хамгаалах байранд хүргэж өгсөн. ...М болон Э-гийн биед дуудлагаар очиход ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Намайг дуудлагын дагуу Э-гийн гэрт очиход М доод айлаасаа гарч ирлээ гээд доороос шатаар гарч ирсэн. Тухайн үед М-ын өмсөж байсан футболк баруун доод хэсэгтээ бага зэрэг урагдсан байсан. Биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй... Мөн гэрийн унтлагын өрөөний үүдэнд 2 ширхэг гар утсыг голоор нь нугалж хугалсан байдалтай шалан дээр байсан.” /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 269 дугаартай шинжээчийн дүгнэлт, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 151 дугаартай үнэлгээ, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, согтуурал шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгч С.Э нь хохирогч Э.М-ын биед халдсан, хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.

Шүүгдэгч С.Э-гийн үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие 5 махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж заасан байна.

Шүүгдэгч С.Э, хохирогч Э.М нар нь 2020 оноос хойш хамт амьдарч эхэлсэн болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх ба, дээрх хуулийн тайлбарын үйлчлэлд хамаарах этгээд гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж дүгнэлээ.

Бусдын эд хөрөнгийг устгасан үйлдлийн улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хохирол учирснаар уг гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэхүү шинжийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж, мөн энэ хуульд заасан “нэг нэгж” нь “нэг мянган” төгрөгтэй тэнцүү байна” гэж хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заажээ.

Шүүгдэгч С.Э нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан, мөн бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хууль бусаар устгасан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд болон эд хөрөнгөд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсч үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч С.Э-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзэв.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч С.Э-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.М-ын эрүүл мэндэд тархи доргилт, зулайд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, цээж, нуруу, баруун, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол, мөн түүний эзэмшлийн “Redmi pro 9” загварын гар утсыг дахин ашиглагдах боломжгүй болгон устгаж 700,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч С.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 1,400,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож оногдуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, эд хөрөнгөд нь 700,000 төгрөгийн хохирол учирсан. Хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй байна. Шүүгдэгч урьдчилан цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна гэв.

Шүүгдэгч С.Э нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн тайлбар гаргав.

Шүүгдэгч С.Э-гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч С.Э-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, төлбөргүй, шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийллийг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялын хэмжээг 1400 /нэг мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Э нь шүүхээс оногдуулсан 1,400,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Э.М хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овгийн С-ын Э-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялын хэмжээг 1400 /нэг мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтсугай.  

4. Шүүгдэгч С.Э нь шүүхээс оногдуулсан 1,400,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Э.М хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ