| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00349/И |
| Дугаар | 151/ШШ2017/00540 |
| Огноо | 2017-05-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 151/ШШ2017/00540
| 2017 оны 05 сарын 23 өдөр | Дугаар 151/ШШ2017/00540 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Нэхэмжлэгч Төв аймаг, Аргалант сумын 2 дугаар баг, Хөшөөт багт оршин суух ХЖ49051516 регистрийн дугаартай Сартуул овогт Дамбажавын Пүрэвбаасангийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Пүрэвбаасан оролцоогүй, нарийн бичгийн дарга О.Нямдоржийг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Пүрэвбаасан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1990 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 1992 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын түргэн тусламжийн станцад сувилагч, нярав, 1992 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Оёдлын үйлдвэрийн нэгдлийн хүүхдийн хувцасны үйлдвэрт харуулаар тус тус ажиллаж байсан. Миний ажлаас халагдсан тушаал архивт тушаагдаагүйгээс шүүхэд хандах болсон. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Пүрэвбаасан нь 1990 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 1991 оны 6 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Түргэн тусламжийн станцад сувилагч, няраваар, 1991 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын Оёдлын үйлдвэрийн нэгдлийн хүүхдийн хувцасны нэгдүгээр үйлдвэр, “Хүүхдийн хувцас” ХК-нд харуулчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ.
Үүнд:
1. Улаанбаатар хотын Түргэн тусламжийн станцын даргын 1990 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 32 дугаартай шилжүүлэн томилох тухай тушаалд “...Д.Пүрэвбаасан нарыг 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн сувилагчаар тус тус томилсугай...” гэх бичилт,
2. Улаанбаатар хотын Түргэн тусламжийн станцын даргын 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаартай шилжүүлэн томилох, тэтгэмжтэй чөлөө болон ээлжийн амралтын мөнгийг нөхөн олгох тухай тушаалд “...няраваар ажиллаж байсан Д.Пүрэвбаасанд 1990 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 8 хүртэл ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгө олгогдоогүй учир нөхөн олгосугай...” гэх бичилт,
3. Оёдлын үйлдвэрийн нэгдлийн хүүхдийн хувцасны нэгдүгээр үйлдвэрийн даргын 1992 оны 4 дүгээр 30-ны өдрийн Б/28 дугаар ажилд томилох ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт, чөлөө тэтгэмж олгох, цалинжуулах тухай тушаалд “...Дамбажав овогтой Пүрэвбаасанг 1992 оны 4 дүгээр сарын 7-ноос эхлэн үйлдвэрийн харуулчаар, түр хугацаагаар /сарын үндсэн цалин 1080 төгрөгөөр/ гэх бичилт,
4. “Хүүхдийн хувцас“ Хувьцаат компанийн ерөнхий захирлын 1993 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр ажилд томилох, ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт, тэтгэмж олгох тухай тушаалд “...1993 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн харуулч Д.Пүрэвбаасан ...нарыг компанийн гаднах талбайн цэвэрлэгээг хариуцуулж, дээрхи харуулчдад тус бүр 600 төгрөгний нэмэгдэл олгосугай...” гэх бичилт,
5. Гэрч Ч.Сундуйбаатар: Д.Пүрэвбаасан нь 1992 оноос эхлэн 1995 оныг хүртэл Улаанбаатар хотын Оёдолын үйлдвэрийн нэгдлийн хүүхдийн хувцасны нэгдүгээр үйлдвэрт харуулаар ажиллаж байсан. Ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь олдохгүй байгаагаас шүүхэд хандах болсон гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-гэрч Г.Жаргалсайхан: Д.Пүрэвбаасан нь 1993 оноос эхлэн 1995 оныг хүртэл Улаанбаатар хотын Хүүхдийн хувцасны үйлдвэрт харуулаар ажиллаж байсан. Ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь олдохгүй байгаагаас шүүхэд хандах болсон гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.
Д.Пүрэвбаасангийн ажлаас чөлөөлсөн тушаал нь өөрт болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Улаанбаатар хотын Түргэн тусламжийн станцын даргын тушаалууд, Оёдлын үйлдвэрийн нэгдлийн хүүхдийн хувцасны нэгдүгээр үйлдвэрийн даргын тушаал, “Хүүхдийн хувцас” ХК-ийн ерөнхий захирлын тушаал болон гэрч нарт хууль сануулж асуусан мэдүүлэг, тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь бичилт нь хамт нэг дор ажиллаж байсан болохыг нотолсон байх тул ач холбогдолтой нотлох баримт гэж дүгнэв.
Иймд дээрх нотлох баримтыг хуульд зааснаар өөрийн дотоод итгэлээр үнэлж хэрэгт ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Сартуул овогт Дамбажавын Пүрэвбаасан нь Улаанбаатар хотын Түргэн тусламжийн станцад сувилагч, няраваар 1990 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 1991 оны 6 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл, Улаанбаатар хотын Оёдолын үйлдвэрийн нэгдлийн хүүхдийн хувцасны нэгдүгээр үйлдвэр, “Хүүхдийн хувцас” ХК-нд 1991 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл харуулчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй гэж хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасныг баримтлан хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НЭ66070903 регистрийн дугаартай Сартуул овогт Дамбажавын Пүрэвбаасан нь 1990 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 1991 оны 6 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Түргэн тусламжийн станцад сувилагч, няраваар,
1991 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын Оёдолын үйлдвэрийн нэгдлийн хүүхдийн хувцасны нэгдүгээр үйлдвэр, “Хүүхдийн хувцас” ХК-нд харуулчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ