| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2021/0079/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/85 |
| Огноо | 2021-07-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/85
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Володя даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч З.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч, хохирогч Э.Н, түүний өмгөөлөгч И.О,
Шүүгдэгч, хохирогч Ц.М, түүний өмгөөлөгч Н.Н,
Гэрч Ц.Б,
Иргэдийн төлөөлөгч Ц.Мөнхдалай,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сагсаа овогт Э-ийн Н, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ц-ийн М нарт холбогдох эрүүгийн 2128000790055 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Нисэхийн 11-23 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, С овогт Э-ийн Н, регистрийн дугаар КД 84103114,
Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант баг Хүүшийн Хонхор гэх газарт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Т овогт Ц-ийн М, регистрийн дугаар ЗЕ 85112610,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Э.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн Малчины 8-31 тоотод 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Ц.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний биед халдан, тархины доргилт, баруун хөмсөгний язарсан шарх, дээд зовхины цус хуралт, баруун хацрын цус хуралт, шанааны зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ц.М нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн Малчины 8-31 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Э.Н-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний цээж рүү хутгалж, биед цээжний өмнө хэсгээр, хөндий рүү нэвтэрч өвчүү, баруун уушгийг гэмтээсэн хутгалагдсан шарх гэмтэл бүхий хүнд хохирлыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.Н, Ц.М нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие Э.М-тэй Ц.Б-ын гэрт тааралдсан. Тухайн үед их маргалдаагүй Ц.М уурлаад давхиад явсан. Ах Ц.Б нь Ц.М их ууртай янз бүр болох гээд байдаг гэж хэлэхээр нь би надад уурлаад явчихлаа би яваад дагуулаад ирье гээд араас нь явсан. Очоод ойлголцоогүй бага зэрэг маргалдсан. Би 3 удаа ташиж унагаасан, мотоциклын толь хугалсан асуудал байгаа. Тэгээд Э.М-нхаа гэр рүү явсан би араас нь очиход ахтайгаа хамт зогсож байсан. Гүйж ирээд миний цээж рүү цохилоо гэж бодсон. Тэгэхэд хутгалсан байсан. Түргэн дуудаж сэхээн амьдруулах тасагт 03 дугаар сарын 09-ний өдрөөс 20-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Тухайн үед би ухаангүй согтуу байгаагүй, тодорхой хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэв.
Шүүгдэгч Ц.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Маш их гэмшиж байна. Намайг уучлаарай. Ц.Б миний төрсөн ах. Намайг ахынд байхад орж Э.Н ирсэн. Тэгээд ахтай юм ярьж байгаад намайг чи өөрөөсөө мөнгө гаргаад 0,75 граммын архи аваад ир гэж 5000 төгрөг өгсөн. Би Э.Н-гийн мотоциклыг унаж яваад мөнгө нэмж 0,75 граммын архи авч өгсөн. Тэр архийг ууж байхад чи ахынхаа дэргэд архи уулаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би за за тэгвэл би яваад өгье гэж хэлээд мотоциклоо унаад хашаанаас гараад явсан. Хөдөө очоод мотоциклоо шалгаж үзээд байж байхад миний араас ирж “чи ямар шалчгануур муу п... вэ” гэж хэлээд намайг зодсон. 2 нүд хавдаж, хамраас цус гарсан байсан. Тухайн үед чамайг алах уу, ахыг чинь зодох уу гэж хэлсэн. Мотоциклын толь хагалсан хармаанаас утас аваад шидэж байсан. Толгой руу дэвссэн. 2 удаа гараараа цохисон. Хоёр гурван удаа өшиглөсөн. Би архи ууж согтоогүй байсан. Бид 2 салаад явсан. Би араас нь очсон байсан. Сайн мэдэхгүй байна гэв.
Гэршүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний дүү Ц.М настай эх Ц, ах, дүү, эхийнхээ дүүтэй хамт Улаанбаатар хотод амьдарч байсан. 2016 оноос хойш надад ирэн очин тусалж байгаа. Миний дүүд хөрөнгө байхгүй. 4 ханатай гэр нь Улаанбаатар хотод байгаа. Би 2016 оноос дүүтэйгээ хамт байгаагийн хувьд надаас айдаг. Эхдээ агсам тавьдаг зүйл байхгүй. Ц.М хүнд тустай, сайхан сэтгэлтэй. Хохироосон хүнийг босгох гэсэн юмсан гэж бодож миний дүү өдөрт 20-оос 25 ямаа самнаж мөнгийг нь олсон. Миний дүү сургуульд сурч боловсрол эзэмшиж чадаагүй. Эх минь хөдөө малчин байсан учраас сургуульд сургаж чадаагүй. Миний дүүгийн сэтгэцэд маш их өөрчлөлт орсон. Айдаг, уйлдаг болсон. Одоог хүртэл эхдээ шүүх хуралдаан болох талаар хэлээгүй байгаа. Миний дүү мотоциклоос унаж эмнэлэгт хэвтэж байгаад гайгүй болсон байсан. Хавраас хойш цочролд орсон. Байнгын эм уудаг. Эмнэлэгт үр дүнтэй явж үзүүлж чадаагүй. 2011 онд би дүүгээ “Оюу толгой” ХХК-нд ажил оруулсан. Ажилд оруулах шалтгаанаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант баг руу хаягийг нь шилжүүлсэн. Ц.М архи согтууруулах ундааны зүйлийг хөдөө манайд байх хугацаандаа давтамжтай хэрэглэх боломж байхгүй. Хэрэглэдэг гэхдээ их хэмжээгээр хэрэглэж байгаагүй гэв.
Хохирогч Э.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэртээ байж байхад манай найз Б манайд ирээд намайг хөдөө хамт яваад өгөөч гэхээр нь зөвшөөрөөд бид хоёр хөдөө явах гээд гэрээс гарсан юм. Бид хоёр манай гэрээс гараад Баясах дэлгүүр орж 0.75 граммын “Ерөөл” архи 1 ширхгийг аваад Малчины хороололд байх О гэдэг ахын гэрт очсон. Тэнд авч очсон архиа задлаад О, Б, Мандал-Овоо сумын гээд нэг залуу байсан нэрийг нь санахгүй байна, бид 4 архи уугаад тухайн архи дуусаж байх үед тэр нэрийг нь мэдэхгүй залуу дэлгүүр яваад дахин 0.5 граммын “Хараа” архи авч ирсэн. Би эхний архинаас хоёр л татсан. Тэр үед Б бие засна гээд гарсан. Би араас нь гарсан чинь Б урд хашааны хүнтэй буюу М-тэй юм яриад зогсож байсан. Би бие засчхаад буцаад гэр рүү орсон. Араас Б, М нар гэрт ороод ирсэн. Бид нар нөгөө 0.5 граммын архийг задлаад ууцгаасан. Би тэр архинаас нэг л татсан. Тэндээ хэсэг сууж байгаад би гэрээс гараад ирсэн чинь урд хашааны эзэн буюу Б гэрийнхэнтэйгээ ирсэн байсан. Б бид хоёр хашааны хоёр талаас юм яриад зогсож байхад Б, М-ыг хүргэж өгөхөөр явсан. Удаагүй буцаж ирсэн. М-ыг ирсний дараагаар би мотоциклоо асааж унаад хашааг тойроод Б-ын хашаанд ороод ирэхэд М шинэ мотоцикл авчихсан гээд яриад байхаар нь би надад 5000 төгрөг л байна гэсэн чинь М аваад миний мотоциклыг унаад дэлгүүр ороод ирнэ гээд явсан. Удаагүй 0.75 граммын “Ерөөл” архи авч ирээд надад өгөхөөр нь би Б-д өгсөн чинь Б аягалаад тойруулсан. Тэр үед М, төрсөн ах Б-ын дээр гараад суучихсан мөн хүүхдийг нь загнаад зандрангуй байхаар нь би М-д хандаад чамтай архи уух гээд байгаа юм биш би ахтай чинь найз нөхөд бид хоёр базууд байгаа юм би танайд биш ахын чинь гэрт байна гэсэн чинь М уурлаад босоод хувцсаа өмсөөд явна, холдоно гээд гараад явсан. Гараад явсны дараагаар нь М-ы ах Б энэ их ууртай бие нь өвддөг хүн байгаа юм чиний үгийг даахгүй гараад явчихлаа янз бүр болчих вий дээ гэхээр нь би уурлуулсан юм чинь би араас нь очоод уулзаадахъя гээд гэрээс гараад мотоциклоо унаад баруун тийшээ гараад очиход М баруун хойд тал дээр зогсож байсан. Тэгэхээр нь явж очоод чи чинь хүний үг даахгүй ямар холчигносон юм бэ гэхэд чам шиг юмаар заалгахгүй шүү гээд уурлаад намайг хэл амаар доромжлоод байхаар нь би чамд гар хүрээд яах вэ дээ гэж хэлээд мотоциклын буруу талын толийг нь өшиглөсөн. Тэгсэн чинь толь нь хугараад унасан. Эргээд мотоцикл руу явж байсан чинь араас нэг юм цохиод авахаар нь эргэж хараад хавсраад унагаасан. Тэгсэн чинь баруун хацраараа газар унасан. Би хэсэг дарж дээр нь сууж байгаад босгосон чинь ална гээд дайраад байхаар нь дахиад хавсраад унагаасан. Тэгэхэд М дахиад баруун талаараа унасан би дээр нь дараад нэлээд сууж байгаад босгосон. Тэгсэн дахиад намайг ална гээд дайрахаар нь дахиад хавсраад унагаасан. Тэгсэн зүүн талаараа газар унасан. Босч ирээд нэг дайрах гэхээр нь хоёр гараас нь бариад авсан чинь жаахан зогсож байгаад явлаа гэж хэлсэн. Гарыг нь тавьсан чинь мотоциклоо асааж унаад яваад өгсөн. Яваад өгөхөөр нь би гэр рүүгээ харих гэж байснаа М-ы ах Б, түүний эхнэр А нар М-ыг архи уугаад ирэхээрээ дарамтлаад агсам тавиад байдаг юм гэж хэлж байсан санагдаад М ахындаа очоод агсам тавих байх гэж бодоод эргэж очоод гаръя гэж бодоод буцаад яваад очиход М гэрийн үүдэнд байсан. М-ы ах Б машины хажууд зогсож байсан. Тэр үед М намайг хашаанд ороод ирэх үед над руу гүйгээд ирсэн. Би мотоциклоос бууж амжаагүй байхад цээж рүү цохиод авсан. Би гараараа цохиж авсан байх гэж бодсон чинь хутгалсан байсан. Тэр үед М-ы ах Б дүүгээ ирээд тэврээд авсан. Би мотоциклоос буугаад баруун гэрийн өмнө суугаад гадуур хувцсаа тайлсан чинь их цус гараад дийлдэхгүй байсан. Тэр үед А-д хандаад ах нь болихоо байлаа шүү түргэн тусламж дуудаарай гэж хоёр удаа хашхирсан. Тэр үед М наад муу п... чинь алнаа гээд хашхираад байсан. Тэр үед Б, М-ыг тэвэрчихсэн чи хүн алчихлаа шүү дээ гэж хэлээд байсан. Би гадаа цамцаа тайлж тавиад өөрийн цамцаараа цусаа дарсан чинь тогтоож дийлэхгүй байсан. Тэгээд гэрийн хажууд сууж байгаад ухаан алдсан, нэг мэдэхэд эмнэлэгт ирчихсэн сэхээн амьдруулах тасагт хэвтээд эмчлүүлж байсан юм. М-д хутгалуулаад 10 хоног эмнэлэгт хэвтэж байгаад гарсан бөгөөд М миний цээжний гол хэсэгт хутгалж уг хутга нь миний 3, 4 дүгээр хавирганы голоор уушгинд хүрсэн юм. Түүнээс болж амьсгал дутуу аваад би их сульдаад байгаа. Одоо дахин эмнэлэгт хэвтэхгүй бол болохгүй байна. Биеийн байдал ерөнхийдөө тааруухан байна. Ямар нэгэн өс хонзонтой асуудал байхгүй. Бид хоёрын хувьд 2-3 удаа уулзаж мэнд мэдэж байсан байх бусдаар ямар нэгэн асуудал байхгүй. М тухайн үеийн уураасаа болж намайг хутгалсан байх гэж бодож байна... Би М-ыг 3 удаа хавсарч унагасан. Эхний хавсралтад нүүрээрээ газар шааж унаад нүүрээ туучихсан нүүрээс нь цус гарч байсан. Хоёр дахь хавсралтад баруун мөрөөрөө газар унасан. Тэр уналтад биедээ ямар нэгэн гэмтэл аваагүй, хамгийн сүүлийн хавсралтад зүүн талаараа унасан. Тэгэхдээ бас нүүрээрээ унаад нүүр нь шалбарчих шиг болсон, өөр гэмтэл учруулаагүй... Миний бие сайжраад асуудалгүй болчихвол гомдоод байх зүйл байхгүй. Эмчилгээнд гарсан зардлуудыг нэхэмжилнэ.” /хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/
Хохирогч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Ханбогд сумын Жавхлант багийн нутаг Хүүшийн хонхор гэх газарт төрсөн. Эгч Б түүний нөхөр М нарын хамтаар мал маллаж амьдарч байгаа юм. Манай эх Ц надад тэтгэврийн зээл хийж мотоцикл авч өгнө гэсэн учраас 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ханбогд сумаас Даланзадгад суманд ирсэн. Мотоцикл авах мөнгийг манай эх, бэр А-ийн дансанд хийсэн бөгөөд миний төрсөн ах Ц.Б, бэр А нар Цогтцэций сум руу ажлаар явсан гээд ирэхгүй байсан. Би хэд хоног Б ах, А нарыг хүлээж гэрээр нь байсан. 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр миний төрсөн ах Ц.Б, бэр А нар Цогтцэций сумаас ирчихлээ гэж хэлсэн. Би Б эгчийн нөхрийн аавын гэрт байна гэж хэлсэн чинь намайг тэр айлаас ирж авсан. Бид гурав төв рүү Хан-Уул хорооллын нүүрний эгнээд байдаг “Түмэн” нэртэй дэлгүүрт очиж “Даюун” загварын мотоцикл худалдаж авсан. Би мотоциклоо авчхаад колонк орж бензин хийчхээд ах Ц.Б-ын гэрт очсон. Б-ын гэрт очоод гал түлчхээд гэрийн гадаа мотоциклынхоо эрэг боолтыг чангалах гээд сууж байхад хойд хашаанаас Б гэдэг хүн намайг дуудахаар нь яваад очсон чинь гэрт ороод ир гэж хэлсэн. Тэгэхээр нь хойд хашааг нь даваад тухайн хашаанд байсан гэрт яваад орсон чинь тэр гэрт 3 хүн сууж байсан. Таньдгаас Н, Б ах хоёр байсан. Нэг хүнийг нь танихгүй хүн байсан. Тэр гурав архи уугаад сууж байсан бөгөөд надад архи хийж өгсөн. Би түүнээс нь 2 татчихаад сууж байхад Б ах нэлээд согтчихсон намайг гэрт хүргээд өг гэж хэлхээр нь би Н-ийн мотоциклоор ахыг гэрт нь хүргэж өгөөд эргэж ирээд Н-д түлхүүрийг өгсөн. Тэгээд эргээд ахын гэр рүү ороход ах Б, бэр А хоёр ирчихсэн байсан. Ах мотоциклд хадаг уяж өгсөн. Түүний дараагаар бид нар гэрт ороод байж байхад гаднаас Н мотоциклоо унаад хашаанд ороод ирсэн. Н хашаанд ирчхээд архи уумаар байна гээд надад 5000 төгрөг өгөөд чи энэ дээр нэмээд 1 шил архи аваад ир гэж хэлсэн. Би Н-гийн мотоциклыг унаад Малчны хороололд байх дэлгүүр орж 0.75 граммын Ерөөл архи аваад эргэж ирэхэд Н, Б нар миний мотоциклын хажууд сууж байсан бөгөөд би ирээд архиа гаргаад Н-д өгөхөд Н нөгөө архийг аваад гэр рүү орсон. Араас Б бид хоёр дагаад орсон. Гэрт ороод Н нөгөө архиа задлаад ахад хийж өгөөд дараа нь надад хийж өгсөн. Би тэрийг нь татчихаад сууж байсан чинь Н намайг чи ахынхаа хажууд архи уулаа гэхээр нь за за би явлаа гээд гэрээс гараад явсан. Би хашаанаас гараад баруун хойшоо явж байгаад зогсоод мотоциклын эд ангиа үзэж байсан чинь Н миний араас хүрээд ирсэн. Тэнд Н надтай уулзчихаад чи муу яасан шалчгануур п... вэ гээд миний нүүр рүү цохиж авсан. Дараагаар намайг хавирч унагаад дээрээс дэвссэн. Тэгчхээд нуруу хэсэг рүү өшиглөсөн. Тэр үед миний гар утас унасан чинь миний утсыг аваад шидсэн. Миний зүүн шанаанаас цус гарч байсан. Тэр үед Н миний мотоциклын толийг өшиглөсөн. Тэр үед миний мотоциклын толь салаад унасан. Н мотоцикл дээрээ мордоод хөдлөх гэж байхдаа чамайг ална шүү нэг бол ахыг чинь зодно гэж хэлхээр нь би түрүүлээд мотоциклоо асааж аваад хөдлөөд ахын гэр рүү явсан. Тэр үед миний хацраас цус гараад уур их хүрсэн учраас ахын гэр рүү очоод хаанаас хутга авснаа санахгүй байна ямар ч байсан гэрт орж хутга аваад буцаад нөгөө зодуулсан газраа ирсэн чинь Н хөдлөөд явчихсан байсан. Тэгэхээр нь буцаад ахын гэр рүү яваад очиход Н хашаанд ороод ирчихсэн байхыг хараад Н дээр очсон. Тэгсэн ах намайг хүн хутгалчихлаа шүү дээ яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Би тэнд байж байхад эмнэлэг ирэхээр нь Н-г өргөж машинд оруулчхаад ахын хашаанд байж байгаад гэрт орж архи уусан санагдаж байна. Тэгээд яаснаа мэдэхгүй байна ухаан санаа балартаад нэг мэдэхэд цагдаа нар намайг ирж аваад эрүүлжүүлэх байранд авч ирээд эрүүлжүүлсэн. Ийм асуудал болсон юм. Н-д зодуулсны улмаас миний баруун хөмсөг язарсан, баруун нүд хөхөрч хавдсан, баруун хацар, нүүр зулгарсан. Н-д зодуулсны улмаас тархи, толгой маш их өвддөг болсон бөгөөд аймгийн эмнэлэгт үзүүлсэн чинь Улаанбаатар хот явж нарийн мэргэжлийн эмчид үзүүл тархины суурь яс цуурсан байж мэднэ гэж хэлсэн. Одоо тархи, толгой маш их өвдөж байгаа... Миний барьж байсан гар утсыг авч шидсэн. Түүний улмаас миний гар утас гурван хэсэг салсан байсан бөгөөд миний утас нь хуучны “Нокио 3220” загварын утас бөгөөд зодуулсан газраас утсаа аваад буцаагаад эвлүүлэхэд ажиллагаа хэвийн ямар нэгэн гэмтэл аваагүй зүгээр корпус нь салсан байсан. Н миний мотоциклын толь руу өшиглөсний улмаас мотоциклын зөв талын толь мултарч унаж хагарсан байсан. Миний шинээр авсан мотоциклд ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Миний авсан мотоциклыг энэ хэрэг болсны маргааш нь авсан хүндээ буцааж өгөөд мөнгөөр нь хохирогчийн эмчилгээний зардалд хэрэглэсэн. Би Н-д зодуулах үедээ согтоогүй байсан бөгөөд эргэж гэрт ирээд Н-г хутгалсан дараагаараа архи нэмж уугаад согтсон. Н нэлээд согтчихсон байсан. Урьд нь муудалцаж байсан зүйл байхгүй, ямар нэгэн өс хонзонтой зүйл байхгүй. Н намайг ингэж зодоогүй байсан бол би ийм гэмт хэрэг хийхгүй байсан. Би ийм гэмт хэрэг хийсэндээ харамсаж байна. Н-гөөс нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/
Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би эхнэр 2 хүүхдийн хамтаар Даланзадгад сумын 6 дугаар баг Малчны 8-31 тоотод амьдардаг бөгөөд би эхнэр Н.А-гийн хамтаар 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Цогтцэций сум руу хүний машины мотор сольж өгөх ажлаар яваад 2021 оны 03 дугаар сарын 09-ны 15 цагийн үед Даланзадгад суманд ирсэн юм. Миний төрсөн дүү М хөдөөгөөс ирчихсэн манайд байсан бөгөөд миний эх Ц миний дүү М мотоцикл авч өг гээд манай эхнэр А-гийн данс руу 2,250,000 шилжүүлсэн учраас бид М бид хоёрыг хүлээгээд байж байсан юм. Тэгээд Цогтцэций сумаас аймагт орж ирээд шууд дүү М-тай уулзаж “Түмэн” дэлгүүрт очиж мотоцикл сонгож авчхаад Гурван сайхан орж хүүхдээ аваад 18 цагийн орчимд гэртээ очсон чинь М манайд ирсэн бололтой шинээр авсан мотоцикл нь манай хашаанд байж байсан. Тэгсэн удалгүй М хойд хашаа даваад нэлээд архи уучихсан согтуу орж ирсэн. тэгээд надад хандаад дүү нь өнөөдөр хоночхоод маргааш өглөө эрт Ханбогд руу буцна гэж хэлээд байж байхад Н мотоциклтой манай хашаанд хүрээд ирсэн ирэхдээ бас архи уучихсан их согтуу ороод ирсэн тэр үед би машин доогуураа ороод машины стачираа янзалж байхад Н нэг шил 0.75 граммын Ерөөл архи гаргаж ирээд гэрт чинь оръё хоёулаа нийлээд ганц шил архи уучихъя гэж хэлсэн. тэгэхээр нь би машин дороос босоод гэртээ орсон миний араас М, Н нар араас дагаад ороод ирсэн тэгээд Н нөгөө архиа задлан эхлээд надад хийж өгсөн түүний дараагаар бусад хүмүүст хийж өгчхөөд Н нөгөө архи М-д өгөөд наад архиа тойруул гээд өгсөн тэр үед манай эхнэр гадагшаа гарч ирээд эргэж орж ирэхдээ хойд хашаанаас нэг хүн М-ыг дуудаад байна гэж хэлсэн чинь М гэрээс гарч яваад удаагүй нэг залуу дагуулаад ороод ирсэн тэр залууг нь би огт танихгүй залуу байсан нөгөө залуу цэнхэр өнгийн цамцтай залуу байсан тэр залууг гэрт орж ирсэн дараагаар М архи хийж өгсөн чинь нөгөө залуу нөгөө архинаас нэг татчихаад гэрээс гараад явсан. Тэгээд сууж байсан чинь Н, М-д хандаад чи энэ хоёрыгоо хүндэлж яв чи ахтайгаа нийлж битгий архи уу төрсөн ах дүү хоёр нийлж архи уух муухай байдаг юм гэсэн чинь М босоод гэрээс гарснаа эргэж орж ирээд манай охинд хандаад миний дүү ахынхаа утсыг аваад өг гээд гар утсаа аваад гарах гэхэд нь Н. М-д хандаад чи ямар холчигнуур зантай юм бэ гэсэн чинь М чи муу юу гээд байгаа п... вэ гэж хэлсэн. Тэгсэн чинь Н би чамайг цохиод унгачихна шүү гэхээр нь би яах юм бэ миний найз боль боль гэж хэлсэн чинь М гэрээс гараад гадаа байсан мотоциклоо унаад яваад өгсөн. Төд удаагүй Н гэртээ харилаа гээд гэрээс гараад мотоциклоо унаад хашаанаас гараад явсан. Тэгсэн чинь манай эхнэр хэдүүлээ манай найзынд очиж хоноё М эргэж ирээд агсам тавиад унах байх гэж хэлсэн. Бид нар хувцаслаад гэрээсээ гараад машиндаа суугаад би машинаа асаах гээд оролдож байхад М хашаанд мотоциклтойгоо орж ирээд гэрийн зүүн талд мотоциклоо тавиад шууд гэр рүү орох үед нь би харсан чинь нүүрний хоёр тал нь халцарсан харагдсан. Тэр үед манай эхнэр М-ы араас гэр рүү орсон. Би тэр үед машин дээрээ машинаа асаах гэж оролдоод байж байсан юм. Удаагүй М гэрээс гарч ирээд хашааны зүүн талд байх нүүрсний хойд талд мод хийдэг сав байдаг тийшээ очоод эргэж байх үед Н гаднаас мотоциклтойгоо хашаанд ороод ирсэн. Н мотоциклоосоо буух үед М цаанаас нь п... чамайг а... гээд Н рүү ирэх үед нь би харахад М, Н-гийн цээж хэсэг рүү нь хутгалж байгаа харагдсан. Тэр үед би гүйж очоод М-ы хутгатай гарыг нь мушгиад эхнэртээ хандаж хутгыг нь салгаж аваарай гэхэд манай эхнэр ирээд хутгыг нь салгаад авсан. Би М-ыг хүн алчихлаа шүү дээ гэж хэлчхээд Н-г харахад цээжнээс нь цус гарч байсан учраас цээжин дээр нь дарсан. Тэгсэн Н хувцсаа тайлаад хаячихаар нь Н-г, М бид хоёр хоёр талаас нь өргөж гэрт оруулаад баруун орон дээр хэвтүүлээд цээжийг нь юмаар боосон. Тэр үед манай эхнэр гадаа түргэн, цагдаа дуудаж байсан. Түргэн удаагүй ирээд Н-г аваад явсан. Түүний дараагаар М мотоциклоо унаад хөдлөх гэхээр нь би барьж аваад чи хэргийн газраас зугтааж болохгүй гэсэн чинь мотоциклоосоо буугаад хашаанаас гараад алхаад байсан. Тэгж байхад цагдаа нар ирээд аваад явсан. Ийм зүйл болсон юм... М гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх. Архи их ууна, архи ууж агсам тавина, юм л бол хутга, мэс барина, бид хэдийг байнга дарамтална. Эхийгээ дарамталж зодно, архины мөнгө нэхэж зоддог ийм л хүн байгаа юм. Тэр хоёр манай хашаанд манай гэрийн баруун урд анх барилцаж авсан. Барилцаж аваад зодолдсон зүйл болоогүй М анх барилцаж аваад шууд хутгалсан. М манай гэрээс хутга авсан байна лээ. Тэр хутгыг хэзээ манайхаас авсныг мэдэхгүй байна.” /хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас/
Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би нөхөр 2 хүүхдийн хамтаар Даланзадгад сумын 6-р баг Малчны 8-31 тоотод амьдардаг бөгөөд би нөхөр Б-ын хамтаар 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Цогтцэций сум руу хүний машины мотор сольж өгөх ажлаар яваад 2021 оны 03 дугаар сарын 09-ны 15 цагийн үед Даланзадгад суманд иртэл манай нөхрийн дүү М хөдөөгөөс ирчихсэн мотоцикл авах гээд байна гэсэн учраас нөхөр бид хоёр гэртээ харилгүй нөхрийн дүү М-ыг Малчны хороололд байх хаягийг мэдэхгүй айлаас очиж авсан тэгээд шууд яваад Түмэн дэлгүүрт очиж мотоцикл сонгож авчхаад Гурвансайхан орж хүүхдээ аваад 18 цагийн орчимд гэртээ очсон чинь М манайд ирсэн бололтой шинээр авсан мотоцикл нь манай хашаанд байж байсан. М өөрөө байхгүй байсан. Нөхөр бид хоёр гэртээ галаа түлээд хоол ундаа хийх гээд бэлтгэл хангаад байж байхад М гаднаас нэлээд архи уучихсан халамцуу орж ирээд Н хойд айлд байна гэж хэлж байсан. Тэгээд байж байсан чинь Н мотоциклтой манай хашаанд хүрээд ирсэн. Ирэхдээ бас архи уучихсан халамцуу ирсэн. Гэрт орж ирээд мэнд мэдээд гэрт сууж байгаад манай нөхөр болон Н, М нар гэрээс гараад шинээр авсан мотоциклоо үзээд эрэг боолтыг нь чангалаад байгаа харагдсан. Би тухайн үед гэрт орж, гараад нүүрс, түлээ дөхүүлээд хоол ундаа бэлдээд байж байхад мотоцикл гэрийн гаднаас хөдлөхөөр нь гараад харсан чинь М, Н-гийн мотоциклыг унаад хашаанаас гарч байгаа харагдахаар нь яах гэж байгаа юм болдоо гэж бодоод сууж байхад төд удалгүй М эргээд хашаанд ороод ирсэн. Тэгсэн чинь 0.75 граммын архи аваад ирсэн байсан. Нөхөр Б, Н, М нар гэрт орж ирээд Н нөгөө архиа задлаад тойруулсан. Эхлээд манай нөхөр Б-д хийж өгсөн. Манай нөхөр уусан. Түүний дараа М-д хийж өгсөн. М мөн уусан. Түүний дараа надад хийж өгөөд нэг татчих гэхээр нь миний бие өвдөөд байгаа уухгүй гэж хэлсэн чинь өөртөө хийгээд татсан. Тэгээд тавьчихсан байж байхад М гарч бие засчхаад эргээд гэрт орсон. Тэр үед архины үнэрт миний дотор муухайраад байхаар нь гэрээс гарч нойлд очиж бөөлжчихөөд эргээд гэр рүүгээ орох гээд явж байхад хашааны хойд талаар нэг хүн өнгийгөөд Мөнхөөг дуудчих гэж хэлсэн. Би за гэж хэлээд гэрт ороод М-д хандаж хойд хашаанаас чамайг нэг хүн дуудаад байна гэсэн чинь М гэрээс гараад явсан. Удалгүй нэг хүн дагуулаад ороод ирсэн. Тэр хүн нь махлагдуу бүдүүн танихгүй залуу байсан. Тэр хүнийг орж ирсний дараагаар М нөгөө архийг аваад тойруулсан. Гаднаас орж ирсэн залуу нэг татчихаад гэрээс гараад яваад өгсөн. М, Н-д хийж өгсөн чинь Н жаахан тавьж байгаад ууя гэж хэлсэн. Тэр үед манай нөхрийн гар утсанд дуудлага ирээд нөхөр утсаар ярьж байхад Н, М-д хандаад ах нь ер нь чамтай уух дургүй байдаг шүү чи тэгээд ч төрсөн ахтайгаа нийлж уугаад байх нь хаашаа юм бэ, би ахтай чинь ганц шил архи уучихъя гэж хэлсэн. Тэгсэн М уурлаад тэгвэл явлаа гээд хүрмээ өмсөөд гэрээс гарсан. Эргэж орж ирээд утас аваад өг гэсэн чинь Н, М-д хандаад чи юундаа холчигноод байгаа юм бэ яасан үг даадаггүй юм бэ гэж хэлсэн. Тэгсэн М гэрээс гараад шинээр авсан мотоциклоо унаад хашаанаас гараад явж байгаа чимээ гарсан. Тэгсэн Н энэ муу яасан их зантай юм бэ араас нь очиж зодно гээд гэрээс гарах гэхэд нь манай нөхөр Б, Н-д хандаад яах юм бэ зүгээр орхичих гэсэн чинь за за гэснээ гэрээс гарсан. Удалгүй мотоциклоо асааж унаад яваад өгсөн. Тэгэхээр нь би нөхөртөө хандаад М эргэж ирээд агсам тавиад унана хэдүүлээ өөр газарт очиж хоноё гэж ярилцаад би нөхөр 2 хүүхдийн хамтаар гэрээс гараад машиндаа суугаад хөдлөх гэж байхад М эргээд мотоциклтойгоо хашаанд орж ирээд мотоциклоосоо буугаад шууд гэр рүү орчихоор нь би машинаас буугаад гэр рүү орсон чинь М их ууртай а... муу п... гээд шкафнаас хутга хайгаад байсан. Тэгж хутга хайж байхдаа Н п... намайг өшиглөж, дэвсэж байна гээд байсан. Тэгж байгаад гэрээс гараад хашааны зүүн тал руу явсан. Тэр үед би машиндаа очоод суухад гаднаас Н мотоциклтойгоо ороод ирсэн. Тэгсэн чинь М, Н рүү дайраад бариад авах шиг болсон. Тэгсэн Н хашхираад намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр дундуур нь ороод М-ы хутгатай гарыг нь барьчихсан байхаар нь би М-ы хутгатай гартай ноцолдож байгаад хутгыг нь салгаж аваад баруун пингийн араар шидсэн. Тэгчхээд эргээд харсан чинь Н-гийн цээжнээс цус гарчихсан, цээжээ дараад яваад гэр рүү ороод баруун талын орон дээр очоод хэвтсэн. Тэр үед би цагдаа, түргэнд дуудлага өгсөн. Удаагүй түргэн ирээд Н-г аваад явсан. Цагдаа ирэх хооронд М явах гэсэн чинь манай нөхөр Б чи одоо нэгэнт хүн алсан өнгөрсөн чи зугтаагаад яах юм бэ байж байгаад учраа ол гэсэн чинь М уйлаад нөгөө архиа амаар нь уучхаад хашааны буланд очоод сууж байхад нь цагдаагийн машин ирээд аваад явсан ийм зүйл болсон юм... М-ыг гэмт хэрэгт холбогдож байсан талаар сайн мэдэхгүй байна. Архи уухаараа их муухай зантай болдог хүн байгаа юм. Архи бол их ууна. Эрүүл саруул байхдаа гайгүй зан ааштай хүн байгаа юм. Тэр хоёр манай хашаанд манай гэрийн баруун урд анх барилцаж авсан. Барилцаж аваад зодолдсон зүйл болоогүй. Миний бодож байгаагаар бол М анх барилцаж аваад шууд хутгалсан байх гэж бодож байна. М манай гэрээс хутга авсан байна лээ. Н-г а.. гэж ирэхдээ л манайхаас хутга авсан байх. Би яг хутга авч байхыг нь хараагүй. М-ы, Н-г хутгалсан хутга манай гэрт хэрэглэдэг бор өнгийн бариултай хутга байсан.” /хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас/
Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ц.М миний төрсөн дүү байгаа юм. Би эхээсээ зургуулаа бөгөөд манай хамгийн бага дүү байгаа юм. Ц овогтой М 1985 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд Ц-ийн бага хүү болж төрсөн бөгөөд бага н эх Ц, эмээ Д нарын гар дээр мал аж ахуй эрхэлж өссөн бөгөөд ерөнхий боловсролын сургуульд огт суугаагүй бичиг, үсэг огт мэдэхгүй хүн байгаа юм. Эх, эмээ нарын хамтаар Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт мал маллаж амьдарч байгаад 1999 оны зуднаар хамаг малаа бараад манай эх Ц, хүү М-ы хамтаар Улаанбаатар хот руу нүүсэн бөгөөд М Улаанбаатар хотод очоод ажил төрөл олдохгүй байсан учраас би 2010 оноос өнөөг хүртэл өөр дээрээ авч хөдөө мал маллуулж амьдарч байгаа юм. М Улаанбаатар хотод байхдаа нэг бүсгүйтэй хамт амьдарч байгаад 1 хүүхэдтэй болж байсан. Би хүүхэд болон эхнэрийг нь харж байгаагүй. Түүнээс хойш М эхнэртэй болоогүй ганцаараа л надад тус болоод амьдарч байсан юм. Найз нөхөд гэх хүн байхгүй. М-д ганц 4 ханатай гэр л байгаа, өөр ямар нэгэн хөрөнгө байхгүй. Мал байхгүй... Би хэргийн талаар мэдсэн зүйл байхгүй. Манайх отор хийгээд Ханбогд сумын нутагт нүүж явсан бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 02-ны үед Өмнөговь аймаг руу шинэ мотоцикл авахаар явсан. М-д манай эх тэтгэврийн зээл хийгээд мотоцикл авч өгөхөөр болсон бөгөөд мотоцикл авах ажлаар Даланзадгад суманд ирээд ийм хэрэгт холбогдсон юм. М хөдөө байдаг учраас тэр болгон согтууруулах ундааны зүйл уугаад байдаг зүйл байхгүй. Хааяа нэг архи согтууруулах ундаа хэрэглэдэг асуудал байдаг байсан. Энэ хэрэгт орсон асуудлаас хойш огт согтууруулах ундаа хэрэглээгүй. Архи уухаараа надаас айдаг учраас надтай бол халдаад байх зүйл байхгүй. Манай эх Улаанбаатар хотод Хан-Уул дүүрэгт Нисэхэд байдаг. Хажууд нь манай хэлгүй, дүлий дүү минь байдаг. Мөн зүрхний өвчтэй ах нь хамт байдаг юм. Манай эх одоо 73 настай хүн байгаа. Тийм хоёр ядарсан хүнтэй хамт байдаг юм. 1 дүү маань Улаанбаатар хотод Сэлх гэх газарт оршин суудаг. Б гэдэг ах нь Даланзадгад суманд амьдардаг... Н-г эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд манайхаас нийт 3,246,000 төгрөгийг эмчилгээнд зориулж өгсөн байгаа. Өөрөөр ойр зуурын хэрэглээний хоол унд, мах зэргийг өгч байсан. Мөн Э.Н-г эмнэлэгт хэвтэж байхад нь эргэж тойрч байнга холбоотой байсан. Би Э.Н-д өгсөн мөнгөний баримтуудыг хадгалсан байгаа. М-д байгаа, түүнийг гаргаж өгнө байх.” /хавтаст хэргийн 71, 73 дугаар хуудас/
Гэрч Ю.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай эхнэр, хүүхдүүд аймгийн төв дээр байдаг бөгөөд би хөдөө мал дээрээ байж байгаад 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр аймгийн төв дээр байх гэртээ ирээд 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр эхнэрээ баярлуулчхаад буцах санаатай байсан бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Э.Н-г эхнэртэй нь гэртээ дуудаад бид нар мартын баярыг манай гэрт тэмдэглээд орой нь Н эхнэрийн хамтаар гэр рүүгээ явсан юм. 2021 оны 03 дугаар сарын 09-ний өглөө би гэртээ байж байхад Н эхнэрийнхээ хамтаар манай гэрт хүрээд ирсэн. Манайд ирчхээд надад хандаж Мод үржүүлэхийн тэнд айлын хашаанд мотоцикл байгаа тэрийг аваад ирье гэж хэлсэн. Бид хоёр Мод үржүүлэхийн тэнд байх айлаас мотоцикл аваад эргэж яваад Н-гийн гэрт очсон. Н гэртээ очсоны дараагаараа 1 шил 0.5 граммын Ерөөл архи гаргаж өгснийг бид хоёр хувааж уусан. Бид хоёр архи уунгаа Н-гийн мотоциклыг оролдсон. Тэгж байгаад өдөр 15 цагийн үед гэртээ харьсан. Гэртээ харчхаад хөдөө гэр рүүгээ явж мал услах ажилтай байсан учраас хөдөө явах гээд гэрээсээ гарсан. Гэрээсээ гараад Н-гийн гэрээр ороод Н-г хамт явах уу гэсэн чинь эхлээд үгүй гэж байснаа сүүлдээ хамт явахаар болсон. Бид хоёр Н-гийн гэрээс гараад явж байгаад “Ноён богд” дэлгүүр орж нэг шил 0.5 граммын Ерөөл нэртэй архи аваад хөдөө гарах гээд явсан чинь Н найзынхаараа ороод гаръя гэсэн учраас Ногоочдын 1-1 тоотод очиход Н-гийн найз Б гэртээ байхгүй байсан. Тэгээд зүүн тийшээ би хөдөө гэр рүүгээ явж байхад Н өнөөдөр орой болчихлоо О-гийн гэрээр очъё гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гээд Малчны хороололд байх О-гийн гэрт очсон чинь О ганцаараа байсан. Бид хоёр очоод авч очсон 1 шил архиа бид гурав хувааж уугаад сууж байхад урд хашаанаас М гэдэг залуу ганцаараа ороод ирсэн. Би тухайн үед нэлээд согтоод байхаар нь М-ыг гуйгаад хүргүүлсэн санагдаж байна. Тэгээд гэртээ очоод унтаж амарсан. Маргааш өглөө нь босоод ирэхэд Н, М-д хутгалуулсан гэж сураг дуулаад эмнэлэг дээр очиход Н эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан. Би Н-г өдөр, шөнө 2 харж байгаад хөдөө гэр рүүгээ явсан.” /хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас/
Шүүгдэгч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 1985 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн. Бага эмээ, эх нарын гар дээр мал маллаж өнгөрөөсөн бөгөөд би ерөнхий боловсролын сургуульд огт сурч байгаагүй. Би бичиг үсэг мэдэхгүй. Уншиж бичиж чадахгүй. Би Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд эмээ, эх нарын хамтаар мал маллаж байгаад 2003 онд цэрэгт татагдаж Өмнөговь аймгийн төвд байх Зэвсэгт хүчний 167 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж 2004 онд цэргээс халагдсан. Цэргээс халагдаад Дэлгэрцогт сумандаа очиж малаа маллаж байгаад 2009 оны зуднаар малгүй болж улмаар эхийгээ дагаад Улаанбаатар хотод очиж амьдарсан. Улаанбаатарт амьдарч байхдаа барилгын туслах, микрийн кондуктор зэрэг ажлуудыг хийж амьдарч байгаад 2014 оны үед “Оюутолгой” ХК-д ажилд орохоор болж Ханбогд сум руу шилжүүлэг хийсэн бөгөөд “Оюутолгой” ХК-д ажилд орж чадаагүй бөгөөд түүнээс хойш төрсөн эгч Ц.Б-ынд амьдарч ах, эгч хоёртоо туслаад мал маллаж өнөөг хүртэл амьдарч байгаа юм. Улаанбаатар хотод байхдаа буюу 2010 онд Т гэдэг эмэгтэйтэй танилцаж улмаар бид хоёр нэг хүүтэй болоод салсан. Би тэр хүнтэй хамт амьдраагүй. Манай хүү Г одоо Улаанбаатар хотод байгаа байх. Яг нарийн сайн мэдэхгүй. Одоо 10 настай болж байх ёстой. Түүнээс хойш өөр хүнтэй гэр бүл болж байгаагүй бөгөөд одоо ганц биеэрээ амьдарч байна. Надад 4 ханатай гэр л байгаа, өөр хөрөнгө байхгүй. Би болсон асуудлын талаар гэрч, хохирогчоор мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй ярьсан байгаа учраас одоо нэмж ярих зүйл байхгүй. Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Эмчилгээний зардалд мөнгө өгсөн байгаа. Энэ талаар миний төрсөн эгч Ц.Б нарийн мэдэж байгаа.” /хавтаст хэргийн 146 дугаар хуудас/
Шүүгдэгч Э.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 1984 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд төрсөн. Бага насаа өвөө, эмээ нарын гар дээр мал маллаж өнгөрөөсөн бөгөөд 1992 оноос 1995 онд Мандал-Овоо сумын ерөнхий боловсролын сургуульд сурч байгаад 3 дугаар ангиа төгсөөд хөдөө мал дээр гарч өвөө, эмээгийн хамтаар амьдрах болсон. Би хөдөө мал маллаж байгаад 2003 оноос 2004 онд Дорноговь аймгийн Сулин хээрийн отрядад цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Эрчимд машинистаар ажилд орсон бөгөөд 2018 онд Эрчмээс гарсан. Ханхонгор сумын эрчимд би машинистаар 10 жил ажилласан. 2005 онд Ханхонгор сумын иргэн О.М гэдэг бүсгүйтэй гэр бүл болж Ханхонгор сумын төвд амьдрах болсон бөгөөд 2007 онд том охин Н.У төрсөн, 2009 онд бага хүү Н.У төрсөн. 2018 онд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ирж суурьшаад байгаа юм. Одоо Даланзадгад сумын 6 дугаар баг Нисэхийн 11-23 тоотод эхнэр, 2 хүүхдийн хамтаар амьдарч байна. Би болсон асуудлын талаар хохирогчоор мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй ярьсан байгаа учраас одоо нэмж ярих зүйл байхгүй. Би уг нь М-тай ярилцаж тайвшруулах санаатай очсон чинь М над руу дайраад чам шиг юмаар заалгахгүй гэх мэтээр хэлээд над руу дайраад байхаар нь 3 удаа хавсарч унагасан. М-ыг 2 дахь удаагаа хавсаргахад нүүр нь халцарсан харагдаж байсан. Өөр гэмтэл учруулаагүй. Би цохиж авсан зүйл байхгүй. Мотоциклын толийг өшиглөсөн чинь сууринаасаа мултраад унасан. Гар утсыг нь шидсэн зүйл байхгүй. Хавсарч унагахад унасан байх гэж бодож байна. М-ы эгч Б эмчилгээний зардлаас 2,471,000 төгрөг өгсөн байгаа. Би анх эмнэлэгт хэвтсэнээсээ хойш дахин нэг удаа эмнэлэгт хэвтэж дахин хагалгаанд орсон. Эмнэлгээс гарсан цагаасаа хойш унтаж чадахгүй байна. Миний цээжний хөндийд цус хуралтад наалдац үүссэн гэсэн учраас дахин хагалгаанд орж таарна гэсэн тийм гомдолтой байна. Би эмчилгээнд гарсан зардлуудаа нэхэмжилнэ. Мөн цаашид эмчилгээнд гарах зардлуудыг нэхэмжилнэ.” /хавтаст хэргийн 153 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 193 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Э.Н-гийн биед цээжний өмнө хэсгээр, хөндий рүү нэвтэрч өвчүү, баруун уушгийг гэмтээсэн хутгалагдсан шарх гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь цээжний хөндийн хий-цус хуралдалт, шОор хүндэрчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” /хавтаст хэргийн 79-81 дүгээр хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 192 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ц.М-ы биед тархины доргилт, баруун хөмсөгний язарсан шарх, дээд зовхины цус хуралт, баруун хацрын цус хуралт, шанааны зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1620 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн “Э.Н” гэж хаягласан цусанд 2,1 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд 2,1 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 84-86 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1618 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн “М” гэж хаягласан цусанд 1,7 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд 1,7 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 93-95 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 920 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн хутганы гадаргуугаас гарын мөр илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн Ц овогтой М, Ц овогтой Б, Н овогтой А, Э овогтой Н нарын гарын хээний дардас харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн Ц овогтой М, Ц овогтой Б, Н овогтой А, Э овогтой Н нарын гарын хээний дардас эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Шинжилгээнд тэнцсэн Ц овогтой Б-ын гарын хээний дардас санд Ц овогтой Б-ын гарын хээний дардас санд MN005000000236 дугаарт Ц-гийн Б, MN000110007695 дугаарт Ц-гийн Б нэрээр, 11318 дугаарт И-гийн Б нэрээр нийт 3 удаа, Ц овогтой М-ы гарын хээний дардас MN000110012722 дугаарт Довдонгийн М нэрээр, MN000110014119 дугаарт Ц-гийн М нэрээр, MN000110003114 дугаарт Тоонотын М нэрээр MN000110018616 дугаарт Ц-гийн М нэрээр MN004410005436 дугаарт Ц-гийн М нэрээр нийт 5 удаа бүртгэгдсэн байна.” /хавтаст хэргийн 98-114 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1619 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Үстэй дотортой жинсэн хүрэм, улбар шар өнгийн цамц, хүрэн өнгийн бариултай хутга, хэргийн газраас хураан авч хатаасан цус гэх нунтаг толбонд дээрх улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн. Үстэй дотортой жинсэн хүрэм, улбар шар өнгийн цамц, хүрэн өнгийн бариултай хутга, хэргийн газраас хураан авч хатаасан цус гэх нунтаг толбонд нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц илэрсэн. Үстэй дотортой жинсэн хүрэм, улбар шар өнгийн цамц, хүрэн өнгийн бариултай хутга, хэргийн газраас хураан авч хатаасан цус гэх нунтаг толбонд илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Э.Н-гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” /хавтаст хэргийн 117-120 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 919 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн хүрэмний баруун суганы оёдлоор 154 мм, зүүн суганы оёдлоор 105 мм, цамцны урд талын хэсэгт 21 мм, 18 мм хэмжээтэй гэмтлүүд үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн хүрэмний суганы оёдлуудад үүссэн гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр шинээр үүссэн ханзралтууд, цамцанд үүссэн 18 мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин урагдалт, цамцанд үүссэн 21 мм хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр шинээр үүссэн зүсэгдэлт байна. Шинжилгээнд ирүүлсэн хүрмэнд үүссэн ханзралтууд, цамцанд үүссэн урагдалт нь хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн цамцанд үүссэн зүсэгдэлт нь харьцуулах загвараар ирүүлсэн хутганы ажлын хэсгээр үүсгэгдсэн байж болно.” /хавтаст хэргийн 123-129 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 921 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсэгт хохирогчийн өмсөж байсан гэх улаан өнгийн цамцны сэмэрдэс химийн ширхэгт материал байна. Иймд шинжилгээнд ирүүлсэн хутгаар уг улаан өнгийн цамцны гэмтэл үүссэн байж болно.” /хавтаст хэргийн 132-137 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-31 дүгээр хуудас/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 32-47 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 159, 171/
Өвчний түүх /хавтаст хэргийн 192-212 дугаар хуудас/
Хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 160-163, 172-176 дугаар хуудас/
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 156-158, 167-170/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Н, Ц.М нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Э.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн Малчины 8-31 тоотод 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Ц.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний биед халдан, тархины доргилт, баруун хөмсөгний язарсан шарх, дээд зовхины цус хуралт, баруун хацрын цус хуралт, шанааны зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч Ц.М-ы “...Н надтай уулзчихаад чи муу яасан шалчгануур п... вэ гээд миний нүүр рүү цохиж авсан. Дараагаар намайг хавирч унагаад дээрээс дэвссэн. Тэгчхээд нуруу хэсэг рүү өшиглөсөн. Тэр үед миний гар утас унасан чинь миний утсыг аваад шидсэн. Миний зүүн шанаанаас цус гарч байсан. Тэр үед Н миний мотоциклын толийг өшиглөсөн. Тэр үед миний мотоциклын толь салаад унасан. Н мотоцикл дээрээ мордоод хөдлөх гэж байхдаа чамайг ална шүү нэг бол ахыг чинь зодно гэж хэлхээр нь би түрүүлээд мотоциклоо асааж аваад хөдлөөд ахын гэр рүү явсан... Н-д зодуулсны улмаас миний баруун хөмсөг язарсан, баруун нүд хөхөрч хавдсан, баруун хацар, нүүр зулгарсан.” /хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/,
гэрч Ц.Б-ын “...Н, М-д хандаад чи энэ хоёрыгоо хүндэлж яв чи ахтайгаа нийлж битгий архи уу төрсөн ах, дүү хоёр нийлж архи уух муухай байдаг юм гэсэн чинь М босоод гэрээс гарснаа эргэж орж ирээд манай охинд хандаад миний дүү ахынхаа утсыг аваад өг гээд гар утсаа аваад гарах гэхэд нь Н, М-д хандаад чи ямар холчигнуур зантай юм бэ гэсэн чинь М чи муу юу гээд байгаа п... вэ гэж хэлсэн. Тэгсэн чинь Н би чамайг цохиод унгачихна шүү гэхээр нь би яах юм бэ миний найз боль боль гэж хэлсэн чинь М гэрээс гараад гадаа байсан мотоциклоо унаад яваад өгсөн... М хашаанд мотоциклтойгоо орж ирээд гэрийн зүүн талд мотоциклоо тавиад шууд гэр рүү орох үед нь би харсан чинь нүүрний хоёр тал нь халцарсан харагдсан...” /хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас/,
гэрч Н.Агийн “...Н, М-д хандаад ах нь ер нь чамтай уух дургүй байдаг шүү чи тэгээд ч төрсөн ахтайгаа нийлж уугаад байх нь хаашаа юм бэ, би ахтай чинь ганц шил архи уучихъя гэж хэлсэн. Тэгсэн М уурлаад тэгвэл явлаа гээд хүрмээ өмсөөд гэрээс гарсан. Эргэж орж ирээд утас аваад өг гэсэн чинь Н, М-д хандаад чи юундаа холчигноод байгаа юм бэ яасан үг даадаггүй юм бэ гэж хэлсэн. Тэгсэн М гэрээс гараад шинээр авсан мотоциклоо унаад хашаанаас гараад явж байгаа чимээ гарсан. Тэгсэн Н энэ муу яасан их зантай юм бэ араас нь очиж зодно гээд гэрээс гарах гэхэд нь манай нөхөр Б, Н-д хандаад яах юм бэ зүгээр орхичих гэсэн чинь за за гэснээ гэрээс гарсан. Удалгүй мотоциклоо асааж унаад яваад өгсөн. Тэгэхээр нь би нөхөртөө хандаад М эргэж ирээд агсам тавиад унана хэдүүлээ өөр газарт очиж хоноё гэж ярилцаад би нөхөр 2 хүүхдийн хамтаар гэрээс гараад машиндаа суугаад хөдлөх гэж байхад М эргээд мотоциклтойгоо хашаанд орж ирээд мотоциклоосоо буугаад шууд гэр рүү орчихоор нь би машинаас буугаад гэр рүү орсон чинь М их ууртай ална муу п... гээд шкафнаас хутга хайгаад байсан. Тэгж хутга хайж байхдаа Н п... намайг өшиглөж, дэвсэж байна гээд байсан...” /хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 192 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1620 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1618 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Ц.М нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн Малчины 8-31 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Э.Н-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний цээж рүү хутгалж, биед цээжний өмнө хэсгээр, хөндий рүү нэвтэрч өвчүү, баруун уушгийг гэмтээсэн хутгалагдсан шарх бүхий хүнд хохирлыг зэвсэг хэрэглэж санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
хохирогч Э.Н-гийн “...М намайг хашаанд ороод ирэх үед над руу гүйгээд ирсэн. Би мотоциклоос бууж амжаагүй байхад цээж рүү цохиод авсан. Би гараараа цохиж авсан байх гэж бодсон чинь хутгалсан байсан. Тэр үед М-ы ах Б дүүгээ ирээд тэврээд авсан. Би мотоциклоос буугаад баруун гэрийн өмнө суугаад гадуур хувцсаа тайлсан чинь их цус гараад дийлдэхгүй байсан. Тэр үед А-д Хандаад ах нь болихоо байлаа шүү түргэн тусламж дуудаарай гэж хоёр удаа хашхирсан. Тэр үед М наад муу п... чинь алнаа гээд хашхираад байсан. Тэр үед Б, М-ыг тэвэрчихсэн чи хүн алчихлаа шүү дээ гэж хэлээд байсан. Би гадаа цамцаа тайлж тавиад өөрийн цамцаараа цусаа дарсан чинь тогтоож дийлэхгүй байсан. Тэгээд гэрийн хажууд сууж байгаад ухаан алдсан, нэг мэдэхэд эмнэлэгт ирчихсэн сэхээн амьдруулах тасагт хэвтээд эмчлүүлж байсан юм...” /хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/
гэрч Ц.Б-ын “...М хашаанд мотоциклтойгоо орж ирээд гэрийн зүүн талд мотоциклоо тавиад шууд гэр рүү орох үед нь би харсан чинь нүүрний хоёр тал нь халцарсан харагдсан. Тэр үед манай эхнэр М-ы араас гэр рүү орсон. Би тэр үед машин дээрээ машинаа асаах гэж оролдоод байж байсан юм. Удаагүй М гэрээс гарч ирээд хашааны зүүн талд байх нүүрсний хойд талд мод хийдэг сав байдаг тийшээ очоод эргэж байх үед Н гаднаас мотоциклтойгоо хашаанд ороод ирсэн. Н мотоциклоосоо буух үед М цаанаас нь п... чамайг ална гээд Н рүү ирэх үед нь би харахад М, Н-гийн цээж хэсэг рүү нь хутгалж байгаа харагдсан. Тэр үед би гүйж очоод М-ы хутгатай гарыг нь мушгиад эхнэртээ хандаж хутгыг нь салгаж аваарай гэхэд манай эхнэр ирээд хутгыг нь салгаад авсан. Би М-ыг хүн алчихлаа шүү дээ гэж хэлчхээд Н-г харахад цээжнээс нь цус гарч байсан учраас цээжин дээр нь дарсан. ...Барилцаж аваад зодолдсон зүйл болоогүй М анх барилцаж аваад шууд хутгалсан. М манай гэрээс хутга авсан байна лээ. Тэр хутгыг хэзээ манайхаас авсныг мэдэхгүй байна.” /хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас/,
гэрч Н.А-гийн “...М эргээд мотоциклтойгоо хашаанд орж ирээд мотоциклоосоо буугаад шууд гэр рүү орчихоор нь би машинаас буугаад гэр рүү орсон чинь М их ууртай ална муу п... гээд шкафнаас хутга хайгаад байсан. Тэгж хутга хайж байхдаа Н п... намайг өшиглөж, дэвсэж байна гээд байсан. Тэгж байгаад гэрээс гараад хашааны зүүн тал руу явсан. Тэр үед би машиндаа очоод суухад гаднаас Н мотоциклтойгоо ороод ирсэн. Тэгсэн чинь М, Н рүү дайраад бариад авах шиг болсон. Тэгсэн Н хашхираад намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр дундуур нь ороод М-ы хутгатай гарыг нь барьчихсан байхаар нь би М-ы хутгатай гартай ноцолдож байгаад хутгыг нь салгаж аваад баруун пингийн араар шидсэн. Тэгчхээд эргээд харсан чинь Н-гийн цээжнээс цус гарчихсан, цээжээ дараад яваад гэр рүү ороод баруун талын орон дээр очоод хэвтсэн. Тэр үед би цагдаа, түргэнд дуудлага өгсөн... Би яг хутга авч байхыг нь хараагүй. М-ы Н-г хутгалсан хутга манай гэрт хэрэглэдэг бор өнгийн бариултай хутга байсан.” /хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас/,
гэрч Ю.Б-ын “...Маргааш өглөө нь босоод ирэхэд Н, М-д хутгалуулсан гэж сураг дуулаад эмнэлэг дээр очиход Н эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан. Би Н-г өдөр, шөнө 2 харж байгаад хөдөө гэр рүүгээ явсан.” /хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1620 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1618 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 920 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1619 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 919 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 921 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Иргэдийн төлөөлөгч Ц.М гэм буруугийн саналдаа: Өмгөөлөгч нар тэгсэн бол ингэсэн байсан бол гэх зүйлийг ярьж байна. Тэр бол өнгөрсөн хугацаа болоод өнгөрсөн асуудал байх Э.Н-гийн нэхэмжилж байгаа мөнгө ойлгомжтой байна. Залуу хүний хувьд ийм байдалтай байгаа нь хэцүү санагдаж байна. Цаашид гарах зардлыг төлөөд явах өөрөө өөрийгөө хүндрүүлэх нөхцөл байдал гаргасан байна. Ц.М нь хутга хэрэглэж санаатай үйлдэл хийсэн байна. Зохих хуулийн хариуцлагыг нь хүлээлгэх нь зүйтэй байх гэсэн саналтай байна. Э.Н-гийн учруулсан үйлдлийн улмаас Ц.М нь Улаанбаатар хот руу явж дүгнэлт гаргасан нь энэ гэмт хэргийг улмаас учирсан гэмтэл биш байна гэж ойлгосон гэх дүгнэлтийг гаргав.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар үзэхэд шүүгдэгч Э.Н-гийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.М-ы эрүүл мэндэд тархины доргилт, баруун хөмсөгний язарсан шарх, дээд зовхины цус хуралт, баруун хацрын цус хуралт, шанааны зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Э.Н-гийн үйлдлийн улмаас Ц.М-д хохирол учраагүй гэх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт няцаагдаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно” гэж заасан ба шүүгдэгч Ц.М нь гэмт хэрэг үйлдэхдээ хутга хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Э.Н, гэрч Ц.Б, Н.А нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хутга нь ердийн шинж чанараараа ахуйн хэрэглээний эд зүйл боловч бусдад хор уршиг, хохирол учруулснаар хүйтэн зэвсэгт хамаарна.
Иймд хутга нь зэвсэг гэх ойлголтод хамаарах тул шүүгдэгч Ц.М-ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.М, Э.Н нар бие биеийнхээ эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзнэ.
Иймд Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.М-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, шүүгдэгч Э.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Өмгөөлөгч Н.Н-ын зүгээс хохирогчийн буруутай үйлдлийн улмаас тухайн үед шүүгдэгч Ц.М-ы санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хохирогчийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан тул хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргав.
Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан гэж хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг ойлгоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл, хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээс ялгагдана.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Э.Н-гийн зүгээс “ахынхаа хажууд архи уулаа” гэх шалтгааны улмаас Ц.М-тай маргалдаж, улмаар түүнийг хашаанаас 3 километр зайтай газарт хэд хэдэн удаа газар унагаасан үйлдэл хийж салцгаасны дараа Ц.М хашаанд түрүүлж орж ирэн гэрээс авсан хутгаар халдлага хийхийг хүлээх зуур хохирогч мотоциклээр орж ирэхэд шууд цээж руу хутгалсан үйл баримт тогтоогдсон байна.
Энэхүү нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч, хохирогч нарын маргаан тус тусдаа эхлэл, төгсгөлтэй, тодорхой цаг хугацаа, орон зайд үйлдэгдсэн байх ба шүүгдэгч Ц.М-ыг сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт няцаагдаж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй тус тус заасан бөгөөд шүүгдэгч, хохирогч нар гэмт хэргийн улмаас бие биеийнхээ эрүүл мэндэд учруулсан хохирлоос үүдэн гарах хор уршгийг нэхэмжлэх эрхтэй юм.
Гэмт хэргийн улмаас Ц.М-д тархины доргилт, баруун хөмсөгний язарсан шарх, дээд зовхины цус хуралт, баруун хацрын цус хуралт, шанааны зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол, Э.Н-д цээжний өмнө хэсгээр, хөндий рүү нэвтэрч өвчүү, баруун уушгийг гэмтээсэн хутгалагдсан шарх бүхий хүнд хохирол учирсан нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 192, мөн албаны 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 193 дугаартай шинжээчээр дүгнэлтүүдээр тус тус нотлогдсон байна.
Хохирогч Э.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт 4,499,638 төгрөгийг шүүгдэгч Ц.М-аас нэхэмжилсэн ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт нэхэмжилсэн 4,499,638 төгрөгөөс 1,863,329 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, цаашид гарах эмчилгээний төлбөр 1,500,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, үлдэх 1,136,309 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Хохирогч Э.Н цаашид гарах эмчилгээний төлбөр 1,500,000 төгрөг, олох байсан орлого 2,100,000 төгрөг, эмчилгээ, шатахуун, хувцасны төлбөрт 899,638 төгрөг, нийт 4,499,638 төгрөг нэхэмжилж буйгаа тайлбарласан бөгөөд шүүх энэхүү нэхэмжлэлийг дараах байдлаар хэсэгчлэн хангах, хэлэлцэхгүй орхих, хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан.
Хохирогчийн зүгээс олох байсан орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөгөөр бодож 5 сарын хугацаагаар нэхэмжилснээс шүүх гэмт хэрэг гарсан 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд эмчилгээ хийлгэсэн, эм, тариа авсан талаарх 2 дугаар хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан баримтуудыг үндэслэн олох байсан орлогыг 3 сараар тооцож 1,260,000 төгрөг, мөн гэмт хэрэг гарах үед хохирогчийн өмсөж явсан хүрмийн үнэ 180,000 төгрөг, цамцны үнэ 40,000 төгрөг, эмчилгээнд зарцуулсан төлбөр 383,329 төгрөг, нийт 1,863,329 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, уг төлбөрийг шүүгдэгч Ц.М-аас гаргуулж хохирогч Э.Н-д олгох нь зүйтэй.
Хохирогч Э.Н-г тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэг байдлыг нотлох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хувиараа ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэдэг талаарх тайлбар гаргаснаас гадна түүний эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь гэмт хэрэг гарсан өдрөөс эхлэн эмчилгээ хийлгэж байсан хугацаанд хөдөлмөр эрхлэхэд нь саад учруулах хэмжээний амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарахыг тогтоосон шинжээчийн 193 дугаартай дүгнэлтийг үндэслэн олох байсан орлогыг хөдөлмөрийн доод хэмжээгээр тооцож гаргуулсан болно.
Э.Н нь цаашид гарах эмчилгээний төлбөрт 1,500,000 төгрөг нэхэмжилсэн боловч цаашид ямар эмчилгээ хийлгэх талаар эмчийн үзлэгийн тэмдэглэл, заавар, холбогдох нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, эмчилгээгээ хийлгэсний дараа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэлээс олох байсан орлого 840,000 төгрөг, эмчилгээтэй холбоогүй сүлжээний бүтээгдэхүүн авсан төлбөр 37,620 төгрөг, таксины үйлчилгээ авсан гэх жолоочийн тодорхойлолтоос өөр бичгийн нотлох баримтгүй шатахууны төлбөр 258,689 төгрөг, нийт 1,136,309 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. Учир нь хохирогчийн нэхэмжилсэн олох байсан орлого болох 2 сарын буюу 840,000 төгрөгийн орлогын хувьд 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс хойш гэмт хэргийн улмаас учирсан хүнд гэмтэлтэй холбоотойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан эсхүл уг гэмтлийг эмчлүүлсэн, энэ хугацаанд гэмтлээс шалтгаалан ажил хөдөлмөр эрхлэх боломжгүйг нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хохирогч Ц.М-ы хувьд шүүгдэгч Э.Н-д зодуулж хөнгөн хохирол учирсны улмаас үүдэн гарсан хор уршгийн төлбөрт нийт 1,638,613 төгрөг зарцуулсан талаарх баримтаа хэрэгт хавсаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 200,000 төгрөгийг хасаж, 1,350,000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд 1,122,799 төгрөгийн тооцоо гарч байна.
Хавтаст хэргийн 239, 241, 248, 250 дугаар хуудсанд авагдсан баримтуудыг шинжлэн судлахад Э.Н-гийн эмчилгээнд зарцуулсан 315,814 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримтыг Ц.М өөрийнхөө эмчилгээний төлбөрт оруулан тооцож нэхэмжилсэн тул уг төлбөрийг хохирлоос хассан ба, эмчийн зааврын дагуу бус ямар зориулалтаар хэрэглэсэн нь тодорхойгүй сүлжээний бүтээгдэхүүн авсан 1,000,000 төгрөг /1 дүгээр хавтаст хэргийн 239/-ийг хэрэгсэхгүй болгож, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад төлсөн 120,000 төгрөг /1 дүгээр хавтаст хэргийн 249/, эмийн төлбөрт төлсөн 2,799 төгрөг /1 дүгээр хавтаст хэргийн 250/ нийт 122,799 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, уг төлбөрийг шүүгдэгч Э.Н-ээс гаргуулж хохирогч Ц.М-д олгохоор шийдвэрлэлээ.
Ц.М-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарахаар зааж, энэ ангиллын гэмтэл нь ...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан байх шалгуур шинжийг үндэслэн тогтоохоор бөгөөд гэмт хэрэг гарснаас хойш 2 сарын дараа дээрх сүлжээний бүтээгдэхүүнийг авсан нь тухайн гэмтэлтэй холбоотой зайлшгүй гарсан эмчилгээний зардал гэж үзээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Э.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.М-ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон шийдвэрийн үндэслэлийг танилцуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч нарыг ажлын 5 хоногийн завсарлага авах эрхээр нь хангасан боловч хоорондоо тохиролцсон хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх үндэслэлээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.М, Э.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон гэрч Ц.Б-ын зүгээс “Миний дүү Ц.М-ы сэтгэцэд маш их өөрчлөлт орсон. Мотоциклоос унаж эмнэлэгт хэвтэж байгаад гайгүй болсон байсан” гэж мэдүүлсэн боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед түүнээс өмгөөлөгч байлцуулан мэдүүлэг авах, хэргийн газарт үзлэг хийх, бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахдаа түүний хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах буюу үйл ажиллагаагаа удирдан жолоодон чадваргүй гэж үзэх, хэрэг хариуцах чадвартай эсэхэд эргэлзээ төрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул гэрчийн мэдүүлэг үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Н-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ц.М-ы үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.
Шүүгдэгч Ц.М-ы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлага, ял шийтгэлийн хувьд шүүгдэгч Э.Н-гийн өмгөөлөгч шүүгдэгчид хуульд заасан хамгийн доод хэмжээгээр торгох ял оногдуулах, шүүгдэгч Ц.М-ы өмгөөлөгч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө тодорхой хэмжээнд төлж барагдуулсан, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд харгалзан хөнгөн ял оногдуулах, улсын яллагч шүүгдэгч Э.Н-д 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750, 000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Ц.М-д 6 /зургаа/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.М-д дээрх үндэслэлүүдээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.М-д 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Н нь шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч Ц.М-ы анх удаа гэмт хэрэг үйлдэж буй хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэдийгээр шүүгдэгч, хохирогч нар шүүхээс тогтоосон хохирлын талаар эвлэрч төлөхөө илэрхийлсэн боловч энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд уг зүйл, заалтыг хэрэглэхээр зохицуулсан тул шүүгдэгч Ц.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ энэхүү заалтыг журамлах боломжгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ы 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шүүх хуралдаан болох хүртэл цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэм 1 ширхэг, хутга 1 ширхэг, цамц 1 ширхэг, хэргийн газраас дээж болгон авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ц.М-д авсан урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сагсаа овогт Эрдэнэчимэгийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Тоонот овогт Ц-гийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.М-д 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Э.Н нь шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ы 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шүүх хуралдаан болох хүртэл цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэм 1 ширхэг, хутга 1 ширхэг, цамц 1 ширхэг, хэргийн газраас дээж болгон авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Н-өөс 122,799 /нэг зуун хорин хоёр мянга долоон зуун ерэн ес/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.М-д олгож, Ц.М-ы иргэний нэхэмжлэлээс 1,000,000 /нэг сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосон ба шүүгдэгч Ц.М-аас 1,863,329 /нэг сая найман зуун жаран гурван мянга гурван зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Н-д олгож, Э.Н-гийн иргэний нэхэмжлэлээс цаашид гарах эмчилгээний төлбөр 1,500,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, үлдэх нэхэмжлэлээс 1,136,309 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
9. Шүүгдэгч Э.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ц.М-д авсан урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ц.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
З.УУГАНБАЯР