Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/582

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч Н.Мөнхбат,

шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Э.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105013871129 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **********, урьд:

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 341 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Э.Э /РД:*****/

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           Шүүгдэгч Э.Э нь 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** байрны 11 тоотод иргэн Б.Быг зодож, биед нь духны баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын ясны хажуу ханын хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ: “Баянгол дүүргийн 7 дугаар хороо, **байрны 8 давхарт манайх байдаг юм. Манай доод давхарт буюу 7 дугаар давхарт байдаг айл байнга шоуддаг. Өмнөх өдөр нь эмэгтэй хүн орилоод байсан. Тэр айл шөнөжин тамхи татаад, тамхины үнэр нь гэрт орж ирээд байсан юм. Тухайн үед шинэ айл байна, хүн ирсэн юм байлгүй гэж бодсон. Тэгсэн чинь маргааш нь бас шоудсан. Тэгээд тагтан дээрээ тамхи татаад байсан юм. Тэгэхээр нь би тамхиа болиоч ээ, гэрт үнэр нь орж ирээд байна гэж хэлсэн. Тэгсэн чинь за гэсэн мөртлөө шөнийн 02 цагт дахин тагтан дээрээ гарч ирээд тамхи татаад, чанга орилоод, инээлдээд байсан. Тэгэхээр нь би хаалгыг нь тогшсон.Тэр үед гэрт 1 эмэгтэй, 5 эрэгтэй байсан. Би ороод гэрийн эзэн нь байна уу, та нар түрээсэлдэг хүмүүс үү гэж асуусан. Тэгсэн чинь гэрийн эзэн тэнд байна гээд заасан. Харсан чинь буйдан дээр нэг залуу унтаж байсан. Тэгэхээр нь би очоод хацар дээр нь аяархан хүрээд сэрээсэн юм. Тэгсэн чинь тэр залуу өмнөх өдөр нь машины бүрээс надаас асууж байсан залуу байсан. Тэгээд би тэр залууд гэрийн эзэн юм бол энэ хүмүүсдээ хэлээч гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу манай аав, ээж хоёр өчигдөр ирж найзуудтайгаа шоудаж байгаад явсан гэж хэлсэн. Тэгээд би хүүхэд унтаж чадахгүй байна, гэрийн эзэн юм бол энэ хүмүүст хэлээрэй гэж хэлээд гарах гэсэн чинь араас нэг залуу нь шаачихъя гэсэн. Тэгэхээр нь би “юу гээд байгаа юм бэ” гээд алгаараа дух хэсэгт нь цохисон. Тэгээд л гэртээ орсон чинь маргааш нь хорооны цагдаа ирсэн, тэгээд мэдүүлэг өгсөн. Тэрнээс биш би дайрч ороод, цохиж зодоод байсан юм байхгүй. Өөр хэлэх зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Э.Э нь 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** байрны 11 тоотод “бусдын амгалан тайван байдал алдагдуулсан” гэх шалтгаанаар хохирогч Б.Бын биед халдаж, эрүүл мэндэд нь духны баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын ясны хажуу ханын хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:    

Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай найз Д Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байдаг бөгөөд би найз Дгийнд 2021 оны 6 дугаар сараас хойш түр оршин сууж байгаа. 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Д, Д бид 3 гэртээ байж байхад манай найз М найз охин Анукатай хамт шөнийн 1 цагт ирсэн. Тэгээд бид унтаж байхад тагтан дээр байрлах ослын гарцны хаалга дуугараад байхаар нь Д бид 2 очиж шалгахад дээд айлын ах сууж байсан. Тэгээд тэр ах бид нарыг хэтэрхий чимээтэй байна хаалгаа онгойлго гэсэн. Хаалгаа онгойлгоход дээд айлын ах орж ирээд Дг буйдан дээр унтаж байхад “энэ яахаараа унтаж байдаг юм бэ” гээд алгадсан. Тэгээд намайг “чи хэн бэ” гэж хэлээд миний нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон бөгөөд би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хэргийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д намайг дуудаад “дээд айлын ах тагтан дээр дуудаад байна” гэхээр нь босоод өмдөө өмсөөд 00-ийн өрөө орж бие засах гээд зогсож байтал хаалга нүдээд байсан. Би “хаалга онгойлгочих” гэж хэлээд 00-ийн өрөө ороод гараад ирэхэд дээд айлын ах ороод ирчихсэн. Дг 1 алгадаад “чи энэ гэрийн эзэн үү, яагаад тагтан дээр тамхи татаад унтуулахгүй байгаа юм бэ” гэсэн. Тэгээд гарахдаа Быг 1 цохиход газарт унасан, тэгээд унасан дээрээс нь 2-3 удаа цохисон.Тэгээд би 00-ийн өрөөнөөс цагдаад дуудлага өгөхөд тэр ахын эхнэр нь бололтой нэг эмэгтэй намайг “утсаа тасал” гэхэд нь би утсаа тасалсан. Тэр ахыг ямар шалтгаанаар орж ирж манай найзыг зодсон талаар сайн ойлгоогүй...” гэх мэдүүлэг /хэргийн 7-8 дугаар хуудас/,

Гэрч Ж.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 07 дугаар сарын 18-ны орой би өөрийн найз М түүний найз охинтой хамт гэртээ очиж унтаж амрахаар болсон. Тэгээд гэртээ очоод унтаж амарч байхад манай дээд айлын ах намайг алгадаж сэрээсэн. Тэгээд тэр ах “та нар аятайхан байцгаагаарай” гэж хэлээд уурлаад байсан. Тэгснээ Бын нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. Би тэр ахыг салгасан бөгөөд эхнэр нь орж ирээд аваад гарсан. Миний биед учирсан гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 16 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6495 дугаартай:

“1. Б.Бын биед духны баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын ясны баруун хажуу ханын хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь  ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хэргийн 30-31 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Э.Эий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Тухайн хэрэг болдог өдөр орой цонхоор тамхи үнэртээд байхаар нь харахад доод айлын тагтан дээр 2 залуу тамхи татаад зогсож байсан. Тэгээд би тэр 2 залууд хандаж “та нар тамхиа болиоч, унтаж амармаар байна” гэхэд тэдгээр залуус “бид нар гэртээ тамхи татаж байна” гээд тоохгүй байсан. Тэгэхээр нь хувцсаа өмсөөд доод айл руу хаалгыг нь тогшиж ороход тэр айлд 6 залуу 1 эмэгтэй байсан. Тэгээд би тэдгээр залууст хандаж “унтаж амармаар байна, гэрийн эзэн нь хэн бэ” гэхэд буйдан дээр байсан залууг заасан. Тэгэхээр нь хацар хэсэгт нь сэрээх хэмжээгээр зөөлөн цохиод сэрээгээд “гэртээ байгаа хүмүүсээ чимээгүй байлгаа, цаг орой болсон байна, унтаж амармаар байна” гэхэд тэр залуу “за” гэсэн. Тэгээд гарах гэж байхад араас нэг залуу нь “энэ пиздаг шаачих уу” гэхийг сонсоод уур хүрээд тэгж хэлсэн залуугийн дух хэсэгт нь 2 удаа цохисон. Гэтэл тэнд байсан залуус салгаад манай эхнэр орж ирээд бид гарсан...” гэх мэдүүлэг /хэргийн 43-44 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 48 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 51-52 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хэргийн 55 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 56 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 57 дугаар хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 59-61 дүгээр хуудас/, хохирогч Б.Бын “...Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Эмчилгээний зардалд 200.000 төгрөгийг төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 65 дугаар хуудас/.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:    

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.    

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

           Шүүгдэгч Э.Э нь 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** байрны 11 тоотод “бусдын амгалан тайван байдал алдагдуулсан” гэх шалтгаанаар хохирогч Б.Бын биед халдаж, эрүүл мэндэд нь духны баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын ясны хажуу ханын хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.      

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Э.Э нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

         Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Э.Э нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

        Тиймээс шүүгдэгч Э.Эг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

           Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.  

   Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Б нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд гаргаж өгөөгүй байх боловч шүүгдэгч Э.Э нь хохирогчид эмчилгээний зардалд 200.000 төгрөг өгсөн /хэргийн 65 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Э нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 161 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх санал нь эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Эд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Э.Э нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.

         Шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Э.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

  Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.  

  1. Бусад асуудлаар:

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Эг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

  1.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Э нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Э.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ЗОЛБОО