Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/617

 

 

          2021            06          08                                        2021/ШЦТ/617

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч Б.Хангалмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Хангалмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2008024500424 дугаартай, нэг хавтаст хэргийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, хамтран амьдрагч, хүүхэд, ээжийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ 16 дугаар гудамжны 389 тоотод түр оршин суух /Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багт албан ёсны оршин суух хаягтай/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 1046 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Боржигон овогт Батжаргалын Хангалмаа (РД:УЖ02261328).

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Б.Хангалмаа нь 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хилчин” хотхоны 11 дүгээр байрны 43 тоотод оршин суух иргэн Ч.Чингүний байнга амьдрах орон байранд нэвтрэн орж, зөөврийн компьютер, эд зүйлийг нууцаар, хууль бусаар хулгайлж 1.030.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хангалмаа “нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

 

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ч.Чингүний мэдүүлэг (хавтаст хэргийн  24, 27 дугаар хуудас), иргэний нэхэмжлэгч Т.Амгалангийн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас),

- “Мастер Үнэлгээ” ХХКомпанийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 20/025 дугаартай “...зөөврийн компьютер “Dell” фирм, “aloenware M18X” загвар, ...нийт үнэ 800.000 төгрөг,...” гэх тайлан, тодорхойлолт (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),

- “Мастер Үнэлгээ” ХХКомпанийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 20/027 дугаартай “...”Those days” фирм, хамбан материалтай, 90.000 төгрөг, “Mife f5” загварын Bluetooth, wireless, DSP 3D surround strereo sound effect, ...140.000 төгрөг...” гэх тайлан, тодорхойлолт (хавтаст хэргийн 47 дугаар хуудас),

- Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас)

- шүүгдэгч Б.Хангалмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 152-153 дугаар хуудас),

 

- Шүүгдэгч Б.Хангалмаагийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дугаар тал), оршин суух хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 53 дугаар тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 77 дугаар тал), Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1046 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 85-87 дугаар тал),  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Хангалмааг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлттэй шүүгдэгчээс маргаж, мэтгэлцээгүй болно.

 Шүүгдэгч Б.Хангалмаа нь 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Хилчин” хотхоны 11 дүгээр байрны 43 тоотод оршин суух иргэн Ч.Чингүний орон байранд нэвтрэн орж түүний эзэмшлийн “зөөврийн компьютер”, “өсгөгч”, “срочкон цамц” зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.030.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Ч.Чингүний “...2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хангалмаа над руу чат бичээд өнөөдөр КFС орж идэх үү 20 цагт талбай дээр уулзъя гэж хэлсэн. Би зөвшөөрөөд орой 20 цагийн үед гэрээсээ гарч автобусанд сууж, талбай дээр 22 цагийн үед очоод Хангалмаа руу чат бичихэд над руу хариу бичээгүй. Тэгээд ирэхгүй болохоор нь нэгэнт гарсных гээд найзуудтайгаа уулзаж явж байгаад гэртээ 01 цагийн орчим гэрт иртэл “Делл” маркийн М-18Х загварын зөөврийн компьютер байхгүй болохоор нь хажуу өрөө түрээсэлдэг ах, эгч хоёроос асуусан чинь “сүүлд танай гэрт мууртайгаа 2-3 хоног хоноод явсан охин чинь чамайг дөнгөж гараад явахад чинь орж ирээд Ч.Чингүнээ  байгаа юм уу гэхээр нь би танай найз байна гээд оруулахгүй байж чадаагүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гарсныг нь харсан уу гэхэд хараагүй гэж хэлсэн. Харин том хүү нь надад хэлэхдээ хар цүнхтэй юм үүрээд гарсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-24,27)

- Иргэний нэхэмжлэгч Т.Амгалангийн “...барьцаалан зээлдүүлэх газар дээр ажиллаж байхад 21 цаг 50 минутын үед Б.Хангалмаа гэсэн бичиг баримттай хүн компьютер барьцаанд тавья гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар компьютер байгаа юм гээд асуугаад хартал “Делл” брэндийн нөөтбүүк байсан. Тэгэхээр нь би “нөөтбүүкийг 450.000 төгрөгт авна” гэж хэлсэн. Б.Хангалмаа гэх эмэгтэй “болж өгвөл 500.000 төгрөгт тавьчихмаар байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр үнэнд нь авъя гэж хэлсэн. Тэгээд барьцаанд тавиад 450.000 төгрөг өгөөд явуулсан. 450.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх29-30),

- “Мастер Үнэлгээ” ХХКомпанийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 20/025 дугаартай “зөөврийн компьютер “Dell” фирм, “aloenware M18X” загвар, ...нийт үнэ 800.000 төгрөг...” гэх тайлан, тодорхойлолт (хх-41),

- “Мастер Үнэлгээ” ХХКомпанийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 20/027 дугаартай “...Those days фирм, хамбан материалтай цамц...90.000 төгрөг, Mife f5 загварын Bluetooth, wireless, DSP 3D surround strereo sound effect...140.000 төгрөг, нийт 230.000 төгрөг...” гэх тайлан, тодорхойлолт (хх-47),

- Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх17-18),

- шүүгдэгч Б.Хангалмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ч.Чингүний гэрээс зөөврийн компьютер, өсгөгч, срочикон цамцыг авсан. Би зөөврийн компьютерыг ломбардад тавьсан...” (хх152-153) гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /асуулт, хариулт/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Хангалмаа нь хохирогч Ч.Чингүний гэрт урьд өмнө нь хонож байсан, хажуу өрөөгөө түрээсэлдэг, байр болон өрөөнийхөө хаалгануудаа цоожилдоггүйг мэдэж байсан, улмаар хулгай хийх зорилгоор хохирогчтой фейсбүүк чатаар гадуур уулзахаар тохирч, түүнийг гэрээс гарсан хойгуур нь хажуу өрөөг нь түрээсэлж буй хүмүүст худал хэлж, гэрт нь хууль бусаар нэвтрэн, Ч.Чингүүний зөвшөөрөлгүй өрөөнд орж эд зүйлсийг нь нууцаар авч өөрийн үзэмжээр захиран зарцуулах боломжийг өөртөө бүрдүүлсэн үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан гэж дүгнэв.

Учир нь хүний хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах гэх мэт байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан хүндрүүлэн зүйлчлэхээр хуульд заажээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгчийг тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Хангалмаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Чингүнд  “Мастер Үнэлгээ” ХХКомпанийн 20/025, 20/027 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тодорхойлолт /хх-41,47/-оор нийт 1.030.000 төгрөгийн хохирол учруулжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад зөөврийн компьютер, цүнх зэргийг хохирогчид бүрэн бүтэн, биет байдлаар хүлээлгэн өгсөн болох нь “эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх17-18)-ээр тогтоогдож байна.

Иймд Б.Хангалмаагаас 680.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Чингүнд 230.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Амгаланд 450.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Хангалмаа нь хохирогч болон иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөрийг одоогоор төлөх боломжгүй, хохирол төлөх завсарлага авах шаардлагагүй гэсэн болохыг тэмдэглэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Б.Хангалмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,

Шүүгдэгчээс “нялх хүүхэдтэй, бага ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй юм.

Шүүгдэгч Б.Хангалмаад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 зүйл/ тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахайн сэдэлтээр/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй/, шүүгдэгчийн хувийн байдал /бага насны хүүхэдтэй, урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Хангалмаад 2 жил, 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүхээс Б.Хангалмаад хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг өнөөдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх-ээр хуульчилсан бөгөөд Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийсний үндсэн дээр гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх хийгээд хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц ялын төрлийг /хорих/ оногдуулсан.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх...” талаар хуульчилсан бөгөөд дээрх зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Б.Хангалмаа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий боловч тухайн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх “нөхцөл”-ийг хангаагүй байх тул дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2008024500424 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Хангалмаа нь цагдан хоригдсон хоноггүй,  түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Батжаргалын Хангалмааг хүн байнга амьдрах  зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Хангалмаад 2 (хоёр) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хангалмаад оногдуулсан хоёр жил хоёр сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Хангалмаагаас 680.000 (зургаан зуун наян мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Чингүүнд 230.000 (хоёр зуун гучин мянга), иргэний нэхэмжлэгч Т.Амгаланд 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийг тус тус олгосугай.

 

5. Эрүүгийн 2008024500424 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Хангалмаа нь цагдан хоригдсон хоноггүй,  түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Хангалмаад авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Хангалмаад авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БЯМБААБААТАР