Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар    2021/ШЦТ/620

 

2021 06 08                         2021/ШЦТ/620

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго, улсын яллагч Х.Нарангуа, шүүгдэгч М.Амармэнд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Амармэндийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108000440632 дугаартай, нэг хавтас хэргийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ам бүл-2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 хороо, Хилчин 34-70 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал: - Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 325 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Өршөөл үзүүлэх комиссын 1598 дугаартай тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 3 жил 3 сар 3 хоногийн ялаас өршөөн хэлтрүүлсэн, - Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ял, - Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 63 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөлийн үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 1 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, Их хорчин овогт Мөнгөнсуурийн Амармэнд (РД:ШБ86081819).

2 Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч М.Амармэнд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 13-ны шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 22-14 тоотод иргэн Б.Даваасүрэнгийн нуруун тус газарт нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь баруун даланд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Амармэнд “Б.Даваасүрэнгийн биед гэмтэл учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн хохирогч Б.Даваасүрэнгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас), гэрч Б.Мэндбаярын мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас), гэрч Ч.Зоригоогийн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас), гэрч Г.Түмэнжаргалын мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас), - Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 85 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас), - Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 68 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 94 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 74 дүгээр тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 76-90 дүгээр тал), түүний Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 95- 98 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Амармэндэд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд: I. Гэм буруугийн талаар. Шүүгдэгч М.Амармэнд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 13-ны шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 22-14 тоотод иргэн Б.Даваасүрэнгийн нуруун тус газарт нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь баруун даланд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: - хохирогч Б.Даваасүрэнгийн “...Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 22 дугаар гудамжны 14 тоотод ... газар унтаж байхад Амармэнд миний баруун далны хэсэгт хутгаар зүсчих шиг болж, нойтон оргиод эргээд хартал Амармэнд гартаа хутга барьсан харагдсан. Амармэнд гартаа хутгаа барьсан чигээрээ гараад зугтаасан...” гэх мэдүүлэг (хх-17), - гэрч Б.Мэндбаярын “...нэг сэрэхэд хамтран амьдрагч Даваасүрэнгийн баруун дал нуруу орчмоос цус гоожиж байсан. Амармэнд гэх залуу гартай жижиг шар иштэй хутга барьсан байсан. Зоригоо ах цаанаас босож ирээд “чи нэгийгээ яаж байгаа юм бэ” гэхэд Амармэнд юу ч дуугаралгүй Зоригоо ахыг түлхэж холдуулаад зугтаагаад явсан... " гэсэн 3 мэдүүлэг (хх-19), - гэрч Ч.Зоригоогийн “...Бид нар амарч байхад юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Даваасүрэнгийн баруун далнаас нь цус гоожиж байсан. М.Амармэнд гартаа жижиг хутга барьсан байсан. Би цагдаа дуудлаа гэхэд М.Амармэнд намайг түлхэж хажуугаар гараад гүйгээд гараад явсан...” гэх мэдүүлэг (хх-22), - Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 85 дугаартай “хэсэгт газрын үзлэгээр баруун далны дунд хэсэгт 4.5 см урттай 2 ширхэг, баруун далны дор 4 см урттай, тус бүр 4 оёдол тавиулсан 2 ширхэг шархтай. 1. Б.Даваасүрэнгийн биед баруун даланд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, (хх32-33) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэлт хийвэл М.Амармэнд нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хутгыг зэвсгийн чанартай ашиглаж, хохирогч Б.Даваасүрэнгийн эрүүл мэндэд халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ. Нөгөөтээгүүр хууль тогтоогчийн аутентик тайлбараар хутга нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай эд зүйл буюу хүйтэн зэвсэгт хамаарах боловч М.Амармэндийн үйлдлийн улмаас хохирогчийн нуруунд хутгаар хатгаж, зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлт /№85/, хохирогч /Б.Даваасүрэн/, гэрч /Б.Мэндбаяр, Ч.Зоригоо/ нарын мэдүүлэг зэргээр хөнгөн зэргийн хохирол хохирогчид учруулсан үйл баримт тогтоогджээ. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч М.Амармэндийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ”хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч М.Амармэнд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан, тэрээр хэргийн үйл баримт, зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг тус тус тэмдэглэв. - Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай. Хохирогч Б.Даваасүрэн нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, Шүүхээс хурлын тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд суухгүй, хохирлын баримтаа бүрдүүлж хэрэгт өгөөгүй байгаа” гэх тайлбарыг гаргасан байх тул шүүгдэгч М.Амармэндийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, харин хохирогч Б.Даваасүрэн нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын баримтаа бүрдүүлж Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. 4 II. Эрүүгийн хариуцлагын талаар. Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Амармэндийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлтийг шүүгдэгчийн зүгээс хүлээн зөвшөөрч мэтгэлцээгүй болно. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Шүүгдэгч М.Амармэндэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, бусдын эрүүл мэндэд зэвсэг хэрэглэж, халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг гаргасан/, шүүгдэгчийн хувийн байдал /үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Амармэндэд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв. Шүүгдэгч М.Амармэнд нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Бусад асуудлаар. Эрүүгийн 2108000440632 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, М.Амармэнд нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Их хорчин овогт Мөнгөнсуурийн Амармэндийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Амармэндэд 300 (гурван зуун) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Амармэнд нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй. 4. Эрүүгийн 2108000440632 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн 5 баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, М.Амармэнд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, хохирогч Б.Даваасүрэн нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 6. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Амармэндэд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР