| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Амарсайхан |
| Хэргийн индекс | 184/2018/00294/И |
| Дугаар | 001/ХТ2019/00026 |
| Огноо | 2019-01-08 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2019/00026
С.Д-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2018/01383 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1744 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч С.Д-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч НШШГГ-т холбогдох,
Орон сууц үнэлсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүхийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Баяраа, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
С.Д- надаас зээлийн төлбөрт 89 015 537 төгрөг гаргуулж, “Экокапитал ББСБ” ХХК-д олгохоор Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 475 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн.
Миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201009791 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны 165 тоотод байрлах 3 өрөө орон сууцны үнийг хөндлөнгийн шинжээч 89 932 800 төгрөгөөр үнэлсэн байна. Дээрх үнэлгээг эс зөвшөөрч гомдол гаргасан боловч ахлах шийдвэр гүйцэтгэгч М.Үүлэнсолонго хангахаас татгалзсан тухай 18/03 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэх тухай тогтоолыг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан. Уг тогтоолыг эс зөвшөөрч 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр даргад хандаж дахин үнэлэх боломжийг олгож өгөх тухай гомдол гаргасан боловч 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 5/132 тоот албан тоотоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд хандах нь зүйтэй гэсэн хариу өгсөн.
Орон сууцыг үнэлсэн үнэлгээ нь зах зээлийн бодит ханшнаас хэт доогуур үнэтэй байгаа тул үнэлгээ тогтоосон тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 475 дугаар захирамжаар С.Д-, С.Даваасүх нараас 89 015 537 төгрөг гаргуулж, “Эко капитал ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
НШШГГ- дээрх шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны дотор төлбөр барагдуулахыг мэдэгдэж, 1/128 дугаартай мэдэгдэл өгсөн боловч шийдвэр гүйцэтгэгчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201009791 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны 165 тоотод байрлах 40 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж, хадгалалт хамгаалалтыг С.Даваасүхэд үлдээсэн.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг хийлгэхэд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны 165 тоотод 89 932 800 төгрөгөөр үнэлэгдсэн.
Төлбөр төлөгч С.Д-, С.Даваасүх нарт 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 4/30461 тоот үнэлгээний мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг Монгол шуудан компанийн баталгаат шуудангаар хүргүүлэн танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд гомдол гаргаагүй. Өөрсдөө үнэтэй байх ёстой л гэдэг. Түүнээс С.Д- нь хэдэн төгрөгийн үнэтэй байх талаар үнийн саналаа өгөөгүй. Бид үнийн саналаа өгөх мэдэгдлийг 2, 3 удаа өгсөн. Ингээд үнийн санал ирээгүй учир шинжээч томилсон. Хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа:
Сонгинохайрхан дүүрэгт 40 м.кв байр 2 200 000 төгрөгөөр үнэлэгдсэн нь бага биш үнэлгээ. Үүнийгээ ч нэхэмжлэгч тал мэдэж байгаа байх. Нэхэмжлэлийн тухайд зориудаар хуулийн процесс ажиллагааг тасалдуулах, хугацаа авах арга заль мэх гэж ойлгож байгаа. Шүүгчийн захирамж гарснаас хойш буюу 2017 оны 03 дугаар сараас хойш одоо 1 жил 2 сарын хугацаа өнгөрлөө. Энэ хэмжээгээр манай байгууллага хохирч байна. 90 гаруй сая төгрөгийн эх үүсвэрийг зогсонги байдалд оруулаад өдийг хүрлээ. Хугацаа авах зорилготой шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2018/01383 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан С.Д-ын нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГ-т холбогдох Орон сууц үнэлсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1744 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2018/01383 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
... Анхан болон давж заалдах шатны шүүхүүд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн бодит ханшнаас доогуур үнэлсэн гэдгээ нэхэмжлэгч нотлоогүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилоогүй, хөрөнгийг бодит ханшийг тогтоогоогүй мөртлөө шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан гэж дүгнэжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2, 172.2.1 дэх хэсгүүдэд заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байх тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2018/01383 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1744 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хоорондох маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2017/00475 дугаар захирамжаар нэхэмжлэгч С.Д- болон “Эко капитал ББСБ” ХХК-ийн эвлэрлийг баталсан байна. Шүүхээр батлагдсан эвлэрлийн гэрээний дагуу нэхэмжлэгч С.Д- зээлийн гэрээний үүрэгт 89 015 537 төгрөг төлөх, үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгө болох 3 өрөө орон сууцаар хангуулахаар талууд тохиролцсон байна.
Нэхэмжлэгч С.Д- төлбөр төлөгчийн хувьд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг сайн дураар биелүүлээгүй учир шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан байх ба төлбөр төлөгчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг хариуцагч НШШГГ- хуульд заасан журмын дагуу явуулсан байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтоодог бөгөөд үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилдог байна.
Дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр авагч болон төлбөр төлөгч харилцан тохиролцсон гэж үзэх хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйгээс гадна Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилогдсон шинжээчийн үнэлгээ зах зээлийн ханшнаас доогуур гэж үзсэн нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг, өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Ийнхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2018/01383 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1744 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН