Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2023/0271

 

 

 

 

 

 

 

 

          А.М нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч А.М

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч А.М

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж, газар эзэмшүүлэх тухай А/204 дугаартай захирамжаар иргэн М.Хэзэмшүүлсэн 740 м.кв газраас Өлгий сумын 5 дугаар баг “А д” ХХК-ийн техникийн захын байранд байршилтай, 72 м.кв талбайтай, хоёр өрөө байрны доорх 72 м.кв газрыг эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож, дээрх газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа, мөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, А/204 дугаартай захирамжийн маргаан бүхий 72 м.кв газартай холбоотой хэсгийг хүчингүй болгож, газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад, Засаг даргын захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 7 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.М , өмгөөлөгч Х.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 110/2022/0064/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А.М аас Баян-Өлгий аймгийн Засаг дарга, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар тус тус холбогдуулан “аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж, газар эзэмшүүлэх тухай А/204 дугаартай захирамжаар иргэн М.Х  эзэмшүүлсэн 740 м.кв газраас Өлгий сумын 5 дугаар баг “А д” ХХК-ийн техникийн захын байранд байршилтай, 72 м.кв талбайтай, хоёр өрөө байрны доорх 72 м.кв газрыг эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож, дээрх газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа мөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, А/204 дугаартай захирамжийн маргаан бүхий 72 м.кв газартай холбоотой хэсгийг хүчингүй болгож, газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад, Засаг даргын захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус даалгах”-аар маргасан байна.

2.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 7 дугаар шийдвэрээр: 

2.1.“Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 23 дугаар зүйлийн 23.3.7, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.М аас Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан гаргасан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/204 дүгээр захирамжийн М.Х эзэмшүүлсэн 740 м.кв газрын 72 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, уг 72 м.кв газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа Баян-Өлгий аймгийн Засаг даргын эс үйлдэхүй, мөн уг газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоож, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/204 дугаартай захирамжийн М.Х эзэмшүүлсэн 740 м.кв газрын 72 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, уг 72 м.кв газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад, 72 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч А.М  дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Нэхэмжлэгч А.М  би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “А д” захад байрлалтай, 72 м.кв талбайтай 2 өрөө байрыг 2009 онд эхнэр М.С хамт иргэн Б.Л худалдах, худалдах авах гэрээгээр худалдаж авч, үнийг бүрэн төлж, 2009 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан.

Тухайн байранд худалдаж авснаас хойш 14 дэх жилдээ эмийн сангийн үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна. Бид дээрх 72 м.кв талбайтай, 2 өрөө бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2009 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс одоо хүртэл тасралтгүй ашиглаж, эмийн сангийн үйл ажиллагаа явуулж, амьдралаа залгуулж ирсэн.

Тухайн объектыг анх 2003 онд иргэн Ш.С, Ш.Х, А.Р, М.С, А.Е нар болон “А д” ХХК хамтран барьж, “А д” ХХК-ийн эзэмшил газарт барьж, 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “А д” ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж, 0088226 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байдаг.

“А д” ХХК улсын бүртгэлд бүртгүүлэхээс өмнө 2003 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх бэлэглэх гэрээгээр дээрх объектын 72 м.кв талбайтай, 2 өрөө барилгыг иргэн Ш.С бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг.

Ш.С нь дээрх бэлэглэлийн гэрээг үндэслэн дээрх 72 м.кв талбайтай, 2 өрөө барилгыг 2004 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, 9088251 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээ авч дараа нь 2005 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн үл хөдлөх бэлэглэх гэрээгээр иргэн С.Бейбитханд шилжүүлсэн.

С.Б нь дээрх бэлэглэлийн гэрээг үндэслэн 2005 оны 2 дугаар 000121764 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээ авч дараа сарын 18-ны өдөр дээрх эд хөрөнгийг өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж, 2005 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн үл хөдлөх бэлэглэх гэрээгээр иргэн Б.Л шилжүүлсэн.

Б.Л нь дээрх бэлэглэлийн гэрээг үндэслэн 2005 оны 10 дугаар сарын 5-ны өдөр дээрх эд хөрөнгийг өөрийн болон эхнэр А.А нарын нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж, 000145138 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээ авч ашиглаж байгаад 2009 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн худалдах, худалдах авах гэрээгээр А.М  надад худалдсан.

 Бид нэгэнт тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч учир өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалуулах эрхтэй.

Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д "Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно” гэж хуульчилсан.

Бидний хувьд хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд 72 м.кв талбайтай, 2 өрөө бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2009 онд иргэн Б.Л худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж авч, үнийг нь төлж, эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан. Ингэхдээ хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр тухайн эд хөрөнгийг олж авсан.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д "аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ", 84.2-т "эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна", 84.3-д "газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна" гэж хуульчилсан.

Бидний өмчлөлд байгаа 72 м.кв талбайтай, 2 өрөө бүхий хөрөнгө нь хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд үл хөдлөх эд хөрөнгөд хамаарч байгаа ба газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглах боломжгүй болж, бидний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхэд ноцтой хохирол учруулна.

Мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т "түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна" гэж хуульчилсан.

Бидний өмчлөлийн 72 м.кв талбайтай, 2 өрөө бүхий эд хөрөнгө нь түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай баригдсан, газартай салшгүй бэхлэгдсэн барилга учир түүний оршин байгаа 72 м.кв талбайтай газар нь бидний өмчлөлийн эд хөрөнгийн бүрдэл хэсэгт хамаарч байна.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д "хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ" гэж хуульчилсан тул эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлж, эрхийн гэрчилгээ авсан 72 м.кв талбайтай, 2 өрөө бүхий эд хөрөнгийн шударга эзэмшигч нь А.М , М.С бид хоёр байгаа.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд төрөөс газрын талаар баримтлах зарчмыг хуульчилсан бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас иргэн, хуулийн этгээдэд газар өмчлөх, эзэмших, ашиглах шийдвэр гаргахдаа дээрх зүйлийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах, 4.1.7-д заасан газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх зарчмыг баримтлах ёстой.

Нэгэнт бидний хууль ёсоор өмчилж байгаа 72 м.кв талбайтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн объектын оршин байгаа 72 м.кв талбайтай газрын бүрдэл хэсэгт хамаарч байгаа тул тухайн 72 м.кв талбайтай газрыг нэхэмжлэгч бид хууль ёсоор эзэмших эрхтэй.

3.2. Нэхэмжлэгч А.М , эхнэр М.С бид хоёрын нэр дээр бүртгэлтэй байгаа 72 м.кв талбайтай, 2 өрөө барилгыг 2009 оны 08 дугаар сарын 05-ны өдөр худалдаж авснаас хойш өөрсдийн бодит эзэмшилдээ байлгаж, засан сайжруулж, зохих засвар үйлчилгээ хийж эзэмшиж байгаа ба тухайн объект байгаа 72 м.кв газрыг уг үл хөдлөх эд хөрөнгийн суурь болгон ашиглаж, эзэмшиж ирсэн.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан ч гэсэн нэхэмжлэгч миний газар эзэмших эрх хууль ёсоор түрүүлж үүссэн, өөрөөр хэлбэл тухайн барилгыг анх 2003 онд барьж “А д” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлээд дараа нь иргэн Ш.С бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн үеэс үүссэн байдаг.

Энэ тохиолдолд шүүх Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан тухайн маргаан бүхий газарт хэний хууль ёсны ашиг сонирхол түрүүлж үүссэн, мөн тухайн газар нь бусдын хууль ёсны ашиг сонирхол бүхий бодитой эзэмшилд байгаа эсэхийг харгалзан үзэх нь газар эзэмшихэд шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцэх ёстой.

 Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянаж Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 110/ШШ2023/0007 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.М  миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангав.

1.Нэхэмжлэгчийн анх иргэн Б.Л 2009 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээгээр 8.0 сая төгрөгөөр худалдан авсан 72 м.кв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн анхны өмчлөгч болох “А д” ХХК-д уг үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг хамруулан нийтдээ 1.12 га газрыг Өлгий сумын Засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 96 дугаар захирамжаар эзэмшүүлсэн, улмаар аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжаар газрын хэмжээнд өөрчлөлт оруулж 12903 м.кв болгон шинэчилсэн байна.

Тухайн үед тус компанийн үүсгэн байгуулагч 5 иргэний нэг болох Ш.С нь компанийн нийт хувьцааны 10.66 хувийг эзэмшдэг, улмаар “А д” ХХК-ийн захирал О.Ш байгуулсан 2003 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 01 тоот гэрээний дагуу компанийн эзэмшлийн дээрх газарт 9х8-ын хэмжээтэй гуанз, дэлгүүрийн зориулалттай барилга барихаар харилцан тохиролцож, одоогийн нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийг анх барьсан, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно” гэж заасны дагуу газар эзэмшигчийн хувьд 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “А д” ХХК-ийг нийт 432 м.кв /үүнд 72 м.кв талбайтай барилга орсон/ талбайтай барилга байгууламжийн өмчлөгчөөр улсын бүртгэлийн 0213001892 дугаарт бүртгэж, 0088226 дугаар гэрчилгээ олгожээ.

2.Шүүхийн шийдвэрт 2003 оны 12 дугаар сарын 16-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийг хувьцаа эзэмшигч Ш.С бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснээс хойш нэр бүхий иргэдэд өмчлөх эрх хэрхэн дамжин шилжиж, нэхэмжлэгчид ирсэн болохыг дэлгэрэнгүй дүгнэсэн боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх доорх газартай хэрхэн уялдаатай болохыг, мөн энэ талаарх хуулийн зохицуулалтыг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 Нэхэмжлэгч А.М хувьд өөрийн эхнэр М.С хамт улсын бүртгэлийн Ү-0213001908 дугаарт бүртгэгдсэн, 72 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхтэй болох нь улсын бүртгэлийн 000077871 дугаар гэрчилгээгээр нотлогддог.

3.Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “үл хөдлөх эд хөрөнгийн эрх” гэж газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийг ойлгоно”, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх”-аар тус тус хуульчилсан.

Иймд газраас салгаж үл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хувьд нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг тэргүүн ээлжинд эзэмших эрхтэй.

Учир нь “А д” ХХК нь өөрийн эзэмшил газарт баригдсан үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг бусдад шилжүүлснээр тухайн шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газар ч дээрх хуульд заасны дагуу шилжих ёстой.

4.Гэтэл аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/393 дугаар захирамжаар тус компанийн эзэмшлийн газраас нийт 740 м.кв газрыг иргэн Х.Ш шилжүүлэхдээ нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа газрыг хамруулснаас Х.Ш 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/204 дүгээр захирамжаар уг газрыг шилжүүлэн авсан гуравдагч этгээд М.Х ийн зүгээс газар чөлөөлүүлэхээр маргах, цаашлаад нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших, захиран зарцуулах эрх зөрчигдөхөд хүргэжээ.

Гэвч шүүхийн шийдвэрт “…нэхэмжлэгч А.М  нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсны дараа газар эзэмшигч “А д” ХХК-ийн захирал Ш.А тохиролцож, газар ашигласны түрээсийн төлбөр төлж байсан нь, мөн газар эзэмших эрх М.Х ийн эзэмшилд шилжсэний дараа буюу 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр үйлчилгээ явуулах гэрээ байгуулж, уг гэрээнд эзэмшлийн газрын түрээсэнд сар бүр 360.000 төгрөг төлөхөөр тохиролцож, газар ашигласны төлбөр төлж байсан зэрэг нь тогтоогдсон…” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байрлах газрыг газар эзэмшигч нартай тохиролцож, түрээсээр ашиглаж байсан гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэнд нийцсэнгүй.

5.Иймд нэхэмжлэгчийн эзэмшихийг хүссэн газар өөрт нь хууль ёсны дагуу өмчлөх эрх үүссэн, үл хөдлөх эд хөрөнгийн доорх газар байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тухайн газрыг түүнд эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг Засаг даргад даалгах боломжтой.

Гуравдагч этгээдийн эзэмших 720 м.кв газарт нэхэмжлэгчийн өмчлөлийн 72 м.кв үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа талаар Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 24 дүгээр магадлалд тодорхой дүгнэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон …үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул энэ талаар нэмж дүгнэх шаардлагагүй болно.

“А.М хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай” гуравдагч этгээд М.Х ийн нэхэмжлэлийн шаардлагыг дээрх магадлалаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийг эцэслэсэн шийдвэрлэснээс хойш нэхэмжлэгч А.М 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад, мөн оны 11 дүгээр сарын 9-ны өдөр аймгийн Засаг даргад тус тус 72 м.кв газрыг эзэмшихээр өргөдөл гаргаж байсан болох нь, мөн хариуцагчаас газар эзэмшүүлэх боломжгүй болох талаар хариу өгч байсан нь тус тус тогтоогдох тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 7 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.7, 34 дүгээр зүйлийн 34.10 дахь хэсэгт заасныг баримтлан А.М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/204 дүгээр захирамжийн М.Х эзэмшүүлсэн 740 м.кв газрын 72 м.кв-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, уг 72 м.кв газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, 72 м.кв газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус даалгаж, нэхэмжлэгч А.М давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                        Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН