Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 67

 

М.Буянжаргалд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Болормаа,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоол,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 3 дугаар магадлалтай, 201523000211 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, хохирогчийн өмгөөлөгч А.Нацагдорж нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Мандалын Буянжаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас 2 хүний амь нас  хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Буянжаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар М.Буянжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Буянжаргал, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, хохирогчийн өмгөөлөгч А.Нацагдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа, өмгөөлөгч Х.Даваахүү нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.Буянжаргалын өмгөөлөгч Х.Даваахүү хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтооход чухал ач холбогдолтой хэргийн газрын үзлэгийг туйлын хариуцлагагүй хийсэн. Тухайлбал хэргийн газрын тэмдэглэл дэх хэмжээсүүд нь схем зураг, авсан хэмжээсүүдтэй зөрдөг. Хэргийн газрын үзлэгт Буянжаргалыг байлцуулсан атлаа тэмдэглэлтэй танилцуулж гарын үсэг зуруулаагүй. Өөр хоорондоо зөрүүтэй хоёр өөр схем зураг үйлдсэн. Тухайн хэрэгт Баясгалан байцаагч мөрдөн байцаалт явуулж байхад Сүхбат гэгч байцаагч орж ирээд Буянжаргалын хүндэвтэр гэмтэл авсан, сэтгэл санааны хүнд байдалд байхад нь мэдүүлгийг хувийн сонирхлоор авч хэлээгүй зүйлийг хэлсэн болгож авсан. Буянжаргал өөрийн явж байсан эгнээндээ явж байсан талаар мэдүүлсээр байхад мэдүүлгийг гуйвуулж нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүхээс дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хэргийг мөрдөн байцаалтад буцааж мөрдөн байцаагч Баясгалан шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулахаар тогтоол үйлдсэн боловч уг тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 157 дугаар зүйлийг зөрчсөн. Мөн мөрдөн байцаагчийн тогтоолд 6 асуулт асуусан байхад 5 хариулт өгсөн байгаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасныг зөрчсөн. Дүгнэлтэд Буянжаргалыг Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж хариулаагүй, харин тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, шинжлэх ухааны үндэстэй хариулах боломжгүй гэсэн хариулт өгсөн нь хэргийн байдалд шинжлэх ухааны үндэслэлтэй хариулт өгч чадаагүй гэж үзэж байна. 2016 оны 6 дугаар сард анхан шатны шүүхээс дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан боловч тогтоолын заалтуудыг биелүүлээгүйгээс гадна, мөрдөн байцаагч Баясгалангийн хууль бус тогтоолыг засч хуурамч нотлох баримтыг бүрдүүлж шүүгчид буруу ойлголт өгч байгааг анхаарна уу. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмнө уг хэргийг шийдвэрлэхэд оролцож байсан шүүгч шүүх бүрэлдэхүүнд байсан. Шийтгэх тогтоолд Буянжаргалын цагдан хоригдсон 47 хоногийг 40 гэж буруу тооцсон. Мөн шүүгдэгчээс 11,032,146 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шаардлага хангаагүй зээлийн баримт, даатгалаас төлсөн мөнгийг хохирлоос хасахад 6,434,954 төгрөг болдог. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн гомдлоо дэмжиж байна ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч А.Нацагдорж хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай гарсан. Миний бие 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, 27-ны өдөр нь тус аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус хурал зарлагдсан байсан. Энэ байдлаа Дорнод аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслахад мэдэгдэж, хүсэлт хүргүүлсэн боловч хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байсаар гомдлыг хэлэлцсэн. Прадо маркийн машины зорчих хэсэгт замын гүнзгий ховилтой эвдрэл үүссэн нүх байсан. Энэ нүхийг тойрч гарах хөдөлгөөн хийж, эсрэг урсгалд орохоос зайлсхийж дарснаас Прадо машины дугуй замын хэсэгтэй хөндийрсөн байдалтай харьцсанаас дээш цоройж Ниссан Тида машины копут болон шилэн дээрх ул мөрийг үлдээсэн байх магадлалтай. Тухайн үед авсан замын эвдрэл гэмтэлтэй фото зурагт үнэлэлт, дүгнэлт өгөхгүйгээр нотлох баримтаар тооцоогүй. Өмнөх анхан шатны шүүх хуралдаанаар дахин бүрэлдэхүүнтэй, шинжээч томилох шүүхийн шийдвэрийг хангаагүй байхад мөрдөн байцаагч, прокурор дахин буцаан шүүхээр хэлэлцүүлэхээр оруулсан. Хэрэгт авагдсан гурван удаагийн шинжээчийн дүгнэлт хүчин төгөлдөр бус байхад шийтгэх тогтоол гаргасан нь үндэслэлгүй. Энэ хэргийг мөрдөн шалгасан мөрдөн байцаагч, прокурор шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй. Шинжээч нар тээврийн осол гарсан шалтгаан нь хэн алины хурдаас хамаарсныг тогтоохоор эвдэрсэн машин техникийг авчирч үзүүлэхийг шаардахад прокурор болон мөрдөн байцаагч үүргийг биелүүлээгүй байхад энэ асуудалд нухацтай хандаж үнэлэлт, дүгнэлт хийгээгүй. Гэрч нарын ослын талаарх мэдүүлгийг баталгаажуулж өгөх ёстой шинжээч нарыг хэвийн ажиллах нөхцөл боломжоор хангаагүй. Анхан шатны шүүхэд шинжээч нарыг байлцуулах хүсэлтийг гаргаж байсан боловч шинжээчдийг ямар шалтгаанаар оролцуулахгүйгээр хурал хийлгэсэн үндэслэлээ заагаагүй. Мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа тогтоол гарахад ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулж хэт нэг талыг барьсан буюу гүйцэт биш хийсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд: “...М.Буянжаргал нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй. Шүүгдэгчид оногдуулсан ял нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, хувийн байдалд тохирсон. Шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Шийтгэх тогтоол, магадлал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1-д зааснаар М.Буянжаргалд холбогдох хэргийн бүх ажиллагааг хянаж үзэхэд мөрдөн байцаалтын явцад мөн хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг нарийвчлан шалгаж тогтоогоогүй байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм бурууг тогтооход эргэлзээтэй гэж үзлээ.

Нэг. Хэрэгт авагдсан 3 удаагийн шинжээчийн дүгнэлтүүд нь “замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн” гэж дүгнэхдээ хэт нэг талыг баримталж, таамаглалд тулгуурласан, яг ямар үйл явдал өрнөсөн, уг үйл явдлын аль хэсэгт хууль, дүрмээр хязгаарлаж хориглосон хэм хэмжээг зөрчсөнийг тогтоогоогүй байгаагаас гадна шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болсон 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 1061 дугаартай 4 дэх шинжээчийн дүгнэлт нь дээрх 3 удаагийн шинжээчийн дүгнэлтийн тодорхой бус байдалд дүгнэлт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарахад Эрүүгийн хуулиар хамгаалагдсан үнэт зүйлд хохирол учирсан нөхцөл байдал нь хуулиар хориглосон ямар хэм хэмжээг хэн зөрчсөн, нөлөөлсөн шалтгаан нөхцлийг шүүгдэгчийн анхаарал сарниснаас болсон гэж бодит бус хийсвэр санаанд тулгуурласан нь хангалтгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулах, түүний үндсэн дээр материалын буюу тээврийн хэрэгслүүдийн масс, эвдрэл, унасан болон зогссон чиглэл, хурд зэргийн эсэргүүцлийг бүхэлд нь дүгнэж, физик болон техникийн шинжлэх ухаанд тулгуурласан мэргэжлийн багаар дүгнэлт гаргуулах, уг дүгнэлтийг гаргахад шаардлагатай ажиллагаа, нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэх нь гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзнэ.

Хоёр. Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамжаар давж заалдах шатны шүүхийн магадлалын “... шинжлэх ухааны тусгай мэдлэгтэй шинжээчдийг оролцуулж, үндэслэл бүхий дүгнэлт гаргуулах ...” гэсэн заалт биелэгдээгүй гэх үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан боловч прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ “шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан шийдвэрлэх боломжтой” гэж үзэн “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах” тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосноор анхан шатны шүүх М.Буянжаргалд холбогдох хэргийг 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хэлэлцэж түүнийг гэм буруутайд тооцож, ял оногдуулжээ.

Давж заалдах шатны шүүх 1061 дугаартай шинжээчийн дүгнэлтэд оролцсон гарын хээ, мөр судлалын шинжээч, шуурхай удирдлагын төвийн ахлах зохицуулагч нарыг зам тээврийн ослын талаар шинжлэх ухааны тусгай мэдлэгтэй шинжээч гэж үзэх эсэх, уг дүгнэлтийн таамаглалын талаар ямар нэг тодорхой дүгнэлт хийгээгүй атлаа “хэргийн хэмжээнд хянан шийдвэрлэх боломжтой” гэж дүгнэсэн нь учир шалтгаан, зүй тогтол болон хууль зүйн хувьд ойлгомжгүй болсон байна. 

Гурав. Шүүгдэгч М.Буянжаргалаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Болормаад олгохоор шийдвэрлэсэн 11,032,146 төгрөгийн хохирлоос нотлох баримтаар хасагдах төлбөр байгаа эсэхийг нягтлан шалгаж, шаардлага хангасан нотлох баримтын хүрээнд хохирол, нэхэмжлэлийн дүнг тогтоох нь зүйтэй.

Нэгтгэн дүгнэвэл, зам тээврийн осолд орсон хоёр автомашины хэн нь урсгал сөрсөн болохыг мөрдөн байцаалтаар тогтоож чадаагүй нь гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд эргэлзээ үүсгэж байх тул уг эргэлзээг тайлах ажиллагааг бүрэн хийгээгүй гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Буянжаргалын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлэн гаргасан байх тул түүний гомдлыг хэлэлцэхгүй орхисон болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 3 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, М.Буянжаргалд холбогдох эрүүгийн 201523000211 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан хэргийг прокурорт буцааж, М.Буянжаргалд яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Т.УРАНЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ