| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 2103000350091 |
| Дугаар | 2021/ШЦТ/639 |
| Огноо | 2021-06-11 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Б.Чинзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/639
2021 06 11 2021/ШЦТ/639
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Б.Чинзориг,
хохирогч Э.Мөнхжал, түүний өмгөөлөгч Г.Сүхээ /үнэмлэхийн дугаар-0157/,
иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гүндсамба,
шүүгдэгч Ц.Гончигдорж, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг /үнэмлэхийн дугаар-2142/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Гончигдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2103000350091 дугаартай, хоёр хавтас хэргийг 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1996 оны .. дугаар сарын ...-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг, Эрдэнэмандалын 6 дугаар гудамж 17 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 46В-28 тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Магван овогт Цэдэнсодномын Гончигдорж
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч Ц.Гончигдорж нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цаг 26 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хороо, 42 дугаар сургуулийн зүүн урд замд “Даевоо” маркийн 06-36 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгсэл .../... харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, .../... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.”, 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” мөн дүрмийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Э.Мөнхжалыг мөргөн түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,
Улмаар мөн дүрмийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэснийг зөрчин хэргийн газрыг зориуд санаатай орхин зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар мэдүүлэхдээ
Шүүгдэгч Ц.Гончигдорж “...мэдүүлэг өгөхгүй, Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.
Хохирогч Э.Мөнхжал “...Тухайн өдөр гэртээ ганцаараа байсан, орой хоол хийх гээд 20 цаг өнгөрч байхад хүнсний дэлгүүр орохоор явж байсан. Зам нөгөө талын урсгал түгжрэлтэй, наад талын урсгал ямар ч машингүй байсан. Би зам гарах гээд хараад зогсож байсан чинь нөгөө талаас гэрэл гарахаар нь харсан чинь автобус байсан. Би автобусанд мөргүүлээд тухайн үед ухаан алдсан байсан...” гэв.
Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гүндсамба “...осол болсон талаар тухайн өдөр манай байгууллага мэдээгүй, маргааш нь мэдсэн... Ц.Гончигдорж тухайн үед компанийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан учраас түүний утасны дуудлагын жагсаалтыг манай компаниас авна, эсвэл нийтийн тээврийн газраас авах ёстой байсан..., Хохирогчоос ...цаашид нүдний эмчилгээтэй холбоотой гарах зардлыг... манай байгууллага...төлнө” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- 2021 оны 01 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (1дүгээр хавтаст хэргийн 10-24 дүгээр хуудас),
- 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (1дүгээр хавтаст хэргийн 31-37 дугаар хуудас),
- 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, 42 дугаар сургуулийн зүүн урд, замын зүүн талд байх “Буурал чандмань” хүнсний дэлгүүрийн гадна талд байрлах хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, (1дүгээр хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас),
- Хохирогч Э.Мөнхжалын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас),
- Гэрч Б.Сувд-Эрдэнийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас)
- Гэрч А.Ариунцэцэгийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 101-103 дугаар хуудас),
- Гэрч А.Оюун-Эрдэнийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 119 дүгээр хуудас),
- Гэрч Б.Гансүхийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 124-125 дугаар хуудас),
- Гэрч Ё.Отгонбаярын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 126-127 дугаар хуудас),
- Гэрч Б.Гүнжлхамын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 128-129 дүгээр хуудас),
- “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 99003 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 167-170 дугаар хуудас),
- Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 549 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 187-189 дүгээр хуудас),
- Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1144 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 201-202 дугаар хуудас),
- Мөрдөгчийн магадалгаа (1 дүгээр хавтаст хэргийн 213-214 дүгээр хуудас),
- “Улаанбаатар Смарт карт” ХХК-аас ирүүлсэн 06-36 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр явсан маршрутын мэдээлэл, (2 дугаар хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас),
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас, түргэн тусламжийн дуудлагын хуудас, хэрэг гарсан гэх газрын хэмжилтийн бүдүүвч зураглал, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 6,7, 9, 10-15, 22, 31-37 дугаар хуудас),
- H.County маркийн 86-17 УБН улсын дугаартай дунд оврын автобус, “DAEWOO BS 106” маркийн 03-49 УБЧ улсын дугаартай автобусанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 38-40, 41-44 дүгээр хуудас),
- Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас),
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (1 дүгээр хавтаст хэргийн 58-67, 69-70 дугаар хуудас),
- “DAEWOO BS 106” маркийн 03-49 УБЧ улсын дугаартай автобусанд “Улаанбаатар смарт карт ХХК-аас байрлуулсан U-money төхөөрөмжид үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 73 дугаар хуудас),
- Хохирогч Э.Мөнхжалаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас),
- Иргэний хариуцагчаар “Эрдэм транс” ХХК-ийн тогтоосон мөрдөгчийн тогтоол, 06-36 УНБ улсын дугаартай 13-106 тээврийн хэрэгсэлд 2021.01.01-ний өдрөөс 2021.04.22-ны өдрийг хүртэлх хугацаанд хийгдсэн засвар үйлчилгээний талаарх тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 858-88 дугаар хуудас),
- Гэрч С.Болормаагийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 90-91 дүгээр хуудас),
- Гэрч Б.Сувд-Эрдэнийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас),
- Гэрч Э.Ариунцэцэгийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 104-107 дугаар хуудас),
- Гэрч С.Есүүдэйн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 111 дүгээр хуудас),
- Гэрч Д.Даваадорж, А.Оюун-Эрдэнэ, Б.Ганболд, Б.Гансүх, Т.Цэрэнсүрэн нарын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 116-134 дүгээр хуудас),
- Ц.Гончигдоржийн гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 135-137, 139-142 дугаар хуудас),
- Иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 153-156 дугаар хуудас),
- “Эрдэм транс” ХХК-ийн тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 157 дугаар хуудас),
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 463 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 175-176 дугаар хуудас),
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 0568 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 180-181 дүгээр хуудас),
- Шүүхийн шинжилгээний Үндэсний төвийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 10/1766 дугаартай албан тоот (1 дүгээр хавтаст хэргийн 190 дүгээр хуудас),
- Шинжээч Ц.Бадралын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 211-212 дугаар хуудас),
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1164 дугаартай, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1144 дугаартай, 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1221 дугаартай дүгнэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 194-196, 201-202 дугаар хуудас),
- Ц.Гончигдоржийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 242 дугаар хуудас),
- Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаартай тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 233 дугаар хуудас),
- Улаанбаатар смарт карт ХХК-ийн хариу мэдээлэл хүргүүлсэн албан тоотууд, мэдээллүүд (2 дугаар хавтаст хэргийн 13-14, 34-35, 45, 56 дугаар хуудас),
- Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаартай тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 59 дүгээр хуудас),
- Хэргийн материал танилцуулсан тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 70 дугаар хуудас),
- Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн баримт (5 хуудас),
- Шүүгдэгч Ц.Гончигдоржийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 143), оршин суугаа хаягийн тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 144, 2 дугаар хавтаст хэргийн 103), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 145), тээврийн хэрэгслийн лавлагаа (1 хавтаст хэргийн 148), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 146), хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 156-160), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 161) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Гончигдоржид холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас “шүүгдэгч Ц.Гончигдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэм буруу дээр маргах зүйлгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэх дүгнэлтийг тус тус танилцуулсан болно.
Шүүгдэгч Ц.Гончигдорж нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цаг 26 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хороо, 42 дугаар сургуулийн зүүн урд замд “Даевоо” маркийн 06-36УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгсэл.../...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон,.../...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.”, 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” мөн дүрмийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Э.Мөнхжалыг мөргөн түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,
мөн дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх10-24),
- 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх31-37),
- 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, 42 дугаар сургуулийн зүүн урд, замын зүүн талд байх “Буурал чандмань” хүнсний дэлгүүрийн гадна талд байрлах хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1хх58-59),
- Хохирогч Э.Мөнхжалын “...2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цагийн үед би замын цаад талын хүнсний дэлгүүр орох гээд хашаанаасаа гараад замын хойд талаас автомашины хөдөлгөөн байхгүй, урд талаас хөдөлгөөн ихтэй байсан болохоор урагш хараад зогсож байтал зүүн талаас гэрэл гялбах шиг болоод автобус харагдаад тэгээд дух хэсэгт мөргөөд би өнхрөөд унасан...” гэх мэдүүлэг, (1хх77-78),
- Гэрч Б.Сувд-Эрдэнийн “...2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 20 цаг өнгөрч байхад гэр рүүгээ нөхөр Д.Лхагвасүрэнгийн хамт “Тоёота Кроун" маркийн 49-50УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байтал 42 дугаар сургуулийн зүүн талын зам буюу хотын төв рүү явах чиглэлд хүн зам хаагаад хөндлөн хэвтэж байсан. Манай нөхөр тэр доороо хурдаа хасаад эсрэг урсгалд орж зам дээр хөндлөн хэвтэж байсан хүнийг тойроод зогссон. Нөхөр буугаад зам дээр хэвтэж байсан хүн дээр...очих үед нь зам дээр хэвтэж байсан хүн босоод замын баруун талд байх хашаа руу орсон...” гэх мэдүүлэг, (1хх93-94),
- Гэрч А.Ариунцэцэгийн "... би “Буурал чандмань” хүнсний дэлгүүрт 2021 оны 01 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд худалдагчаар ажилласан...21-ний өдрийн 12 цагийн үед нэг цагдаа ах нэг хүнтэй орж ирээд өчигдөр орой дэлгүүрийн баруун талын замд автобус хүн мөргөсөн хэрэг гарсан гээд дэлгүүрийн камерын бичлэгийг үзээд гарсан... цагдаа ах хамт дагуулж орж ирсэн хүн нь осол гаргасан жолооч нь гэж хэлж байсан. Бичлэгийг хуулбарлаж аваагүй. Жолооч ах орой 19-20 цагийн үед нэг эмэгтэй хүн, хоёр эрэгтэй хүнтэй дахин ирээд дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг ухрааж, осол болох үеийн бичлэгийг үзээд гар утсаараа бичлэг хийж аваад явсан...” гэх мэдүүлэг, (1хх101-103),
- Гэрч А.Оюун-Эрдэнийн “...Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, 42 дугаар сургуулийн зүүн урд замд жолооч Ц.Гончигдоржийг байлцуулан нөхөн үзлэг хийсэн. Осол болсон гэх газарт очоод жолооч Ц.Гончигдоржийг хүн мөргөсөн газраа заагаад “А” үсэг байрлуул гэж хэлэхэд өөрөө заагаад “А” үсэг байрлуулсан. Хүн мөргүүлээд унасан “Б” цэгийг өмнө нь мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Сүхбатын үзлэгийг үндэслэн байрлуулж хэмжилтийг хийсэн. Үзлэгийг хийгээд дуусах үед жолооч Ц.Гончигдорж осол болсон замын хойд талд байх “Буурал чандмань” дэлгүүрийн камерын бичлэгт осол бичигдсэн байгаа гэхээр нь жолоочийн хамт орж бичлэгийг үзсэн...” гэх мэдүүлэг (1хх119),
- Гэрч Б.Гансүхийн “...Дотоод хэргийн их сургуулийн Албаны бэлтгэлийн тэнхимийн багш, ахмад Отгонбаяр 2021 оны 01 дүгээр сарын сүүлээр билүү, 02 сарын эхээр...над руу залгаад ”манай дүү зам тээврийн осол гаргасан байна. Мөргүүлсэн хүн нь танайд ажилладаг Мөнхжал гэх залуу гэж байна. Чи яриад санал гомдол байна уу, хохирлыг нь барагдуулаад өгье” гээд яриад өгөөч гэхээр нь би...2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Мөнхжалын 95448899 дугаар руу залгаад “хаана байна, бие нь гайгүй юу, уулзах боломж байна уу” гэхэд “Гэмтлийн эмнэлэгт байна. Бие гайгүй, хэвтрийн дэглэм сахиж байна” гэж хэлэхээр нь “чамд гомдол, санал байгаа юу мөргөсөн жолооч залуу эмчилгээний зардлыг чинь барагдуулаад асуудлаа хурдан шийдүүлмээр байна” гэж хэлсэн чинь “Гэмтлээс гарахаар манайд хүрээд ирээрэй” гэж хэлүүлсэн...2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Мөнхжал над руу залгаад” би эмнэлгээс гарсан, хүрээд ирэх үү” гэхээр нь би багш Отгонбаяр руу яриад “Мөнхжал эмнэлгээс гарсан байна, уулзъя гэж байна та жолооч дүүгээ над руу яриулчих, би дагуулаад гэр рүү нь явъя” гэж хэлсэн. Орой 17-18 цагийн үед осол гаргасан жолооч залуу, ахтайгаа хамт ирэхээр нь уулзахад учир нь олдохгүй юм яриад байхаар нь би энэ асуудалд чинь орооцолдохгүй гэж хэлээд явуулсан. Мөн 25 дугаар хорооны цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Өсербекээр Мөнхжал руу яриулсан. А.Өсербек надад хэлэхдээ “мөргөсөн жолооч залуу нь хохирлыг чинь барагдуулъя” гэж хэлсэн чинь “за за” гэж хэллээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1хх124-125),
- Гэрч Ё.Отгонбаярын “...2021 оны 02 дугаар сарын 06-ны орчим шиг санагдаж байна. Манай нагац дүү Б.Гүнжлхам утсаар над руу яриад “манай найзын нөхөр автобустай явж байгаад хүн мөргөсөн юм байна. Мөргүүлсэн хүн нь цагдаа юм байна уулзах гэсэн цагдаа хүнээс айгаад байна, та мөргүүлсэн цагдааг нь таних уу? уулзуулаад өгөөч” гэхээр нь би Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн 25 дугаар хорооны хэсгийн байцаагч Б.Гансүх рүү утсаар яриад “танай хэлтэст автобусанд мөргүүлсэн цагдаа байна. Чи уг мөргүүлсэн цагдаагаа мөргөсөн жолоочтой нь уулзуулаад өгөөч” гэж хэлээд Б.Гүнжлхамыг Б.Гансүхтэй яриулсан...” гэх мэдүүлэг (1хх126-127),
- Гэрч Б.Гүнжлхамын “...Хүүхдийн 100-ийн Хаан банканд теллер хийдэг Х.Цолмон /хамт ажилладаг/ надаас “таньдаг цагдаа байна уу, асуух юм байна” гэхээр “манай нэг ах байгаа би ахаасаа асууж өгөх үү” гэж хэлсэн. Х.Цолмон надад хэлэхдээ “манай нөхөр автобус барьж яваад хүн мөргөсөн, мөргөсөн хүн нь цагдаа гэж байна. Мөргөсөн цагдаатайгаа уулзмаар байна” гэж байсан. Би Х.Цолмонгийн хэлсэн үгийг нагац ах Ё.Отгонбаярт хэлсэн. Ё.Отгонбаяр ах надад нэг цагдаа хүний утас өгөөд энэ утас руу яриарай гэхээр би яриагүй, утасны дугаарыг нь Цолмонд өгөөд яриарай гэж хэлсэн. Тэгээд цааш нь юу болсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг, (1хх128-129),
- “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 99003 дугаартай “...“Даеwоо” маркийн 06-36УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн .../... зүүн гар талын тусгалын чадал ойр дээрээ 1200 сд, хол дээрээ 13100сд, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 0 сд, хол дээрээ 21800 сд /стандарт 10.000-225.000 сд/ байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна.../...Уг тээврийн хэрэгслийн ухрах арааны гэрэл асахгүй, улсын дугаарын гэрэл байхгүй, дахометр ажиллахгүй, баруун зүүн талын ойрын гэрлийн тусгалын хүч стандарт шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийн ухрах арааны гэрэл асахгүй, улсын дугаарын гэрэл байхгүй, дахометр ажиллахгүй байгаа эвдрэл, гэмтэл нь зам тээврийн осол нөлөөлөхгүй. Баруун, зүүн талын ойрын гэрлийн тусгалын хүч стандарт шаардлага хангахгүй гэмтэл нь зам тээврийн ослын үед жолоочид үзэгдэх орчин хязгаарлах байдлаар нөлөөлөх магадлалтай. Учирсан гэмтлүүд нь ашиглалтын явцад үүссэн хуучин гэмтэл байна...” гэх дүгнэлт (1хх167-170),
- Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 549 дугаартай “Э.Мөнхжалын биед духны ясны цөмөрсөн ил хугарал, уг хугарлаас духны хөндийн хана, зүүн нүдний ухархайн дээд, дотор, доод хана руу үргэлжилсэн нийлмэл хугарал, зүүн хоншоор ясны хажуу хана зөрүүгүй хугарал, хугарлын харалдаа тархины зүүн дух хэсгийн хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн духны дэлбэнгийн тархины эдийн цусархаг няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн дух, хоёр нүдний зовхи, шанаа, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна ...” гэх дүгнэлт (1хх187-189),
- Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1144 дугаартай “...тухайн дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 20:16:00-20:16:17 секундэд дүрслэгдэх тээврийн хэрэгсэл нь ерөнхий шинжүүдээрээ зорчигч тээвэрлэх зориулалт бүхий автобус байх боломжтой дүрс дүрслэгдэж байна...” гэх дүгнэлт (1хх201-202),
- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн цагдаагийн хошууч А.Алтанжолоогийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 67 дугаартай “Daewoo Bs106 0” маркийн 06-36УНБ улсын дугаартай автобусны жолооч Гончигдорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “...12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хэмжээ дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3.“Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ:
а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;
б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, цаг алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэ буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж. өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;
в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэг хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлал тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх;
г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яар мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж а цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд м баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөх бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;
Тайлбар: Зам тээврийн ослыг харсан гэрч нь осолд өртсөн хүнд яар тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэх, эмнэлгийн тусламж дуудах, мөн боломжтой бол ослыг гэрчлэх бусад хүний овог нэр, хаяг, дугаарыг тэмдэглэж авах, цагдаагийн ажилтныг иртэл хэргийн газраас явахгүй үүрэг хүлээнэ.
3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жол механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвд харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчигч ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө;” заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Явган зорчигч Э.Мөнхжал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүр ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...гэх магадалгаа (1хх213-214),
- “Улаанбаатар Смарт карт” ХХКомпанийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 05/182 дугаартай “42 дугаар сургуулийн зүүн урд талын замаар 06-36УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 20 цаг 26 минут, 04 секундэд ирсэн, 20 цаг 27 минут, 32 секундэд хөдөлсөн GPS-ээр бүртгэгдсэн” гэх албан бичиг (2хх13-14) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Шүүгдэгч Ц.Гончигдорж нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн болохыг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад А.Алтанжолоогийн 67 дугаартай магадалгаа, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Буурал чандмань” ХХКомпанийн дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.Сувд-Эрдэнэ, А.Ариунцэцэг, А.Оюун-Эрдэнэ, Б.Гансүх, Ё.Отгонбаяр, Б.Гүнжлхам, Т.Цэрэнсүрэн нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, явган зорчигч Э.Мөнхжалыг мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсныг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 549 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангажээ.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Гончигдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл зөв байх тул түүнийг тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн хэлбэрийг тодорхойлсон Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт нэгэнт тогтсон гэм буруугийн шууд санааг-“хүсч үйлдсэн”, шууд бус санааг-“хохирол, хор уршигт зориуд хүргэсэн”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн хөнгөмсгөөр найдахыг-“хохирол, хор уршгийг гаргахгүй байж чадна гэж тооцсон”, хайхрамжгүй хандахыг-“хохирол, хор уршиг учрахыг мэдэлгүй үйлдсэн” хэмээн тус тус зохицуулсныг дурдах нь зүйтэй.
- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Э.Мөнхжалд хүнд хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны шатанд баримтаар 947.879 төгрөгийг нэхэмжилсэн.
Хохирогч Э.Мөнхжал нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “...эрүүл мэндэд учирсан баримттай хохирол болох 950.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалд 3.050.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн“ гэх утга бүхий “хохирол төлсөн баримт”-ийг үйлдэж, харилцан гарын үсэг зурсан хүсэлтийг шүүх хуралдаанд бичгээр гаргаж өгсөн байна.
Үүнээс үзэхэд хохирогчийн баримтаар нэхэмжилсэн /947.879 төгрөг/ төлбөрийг, цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардалд 3.050.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийн төлбөрийг шүүгдэгч, хохирогчтой тохиролцож төлсөн, хохирогчоос “цаашид эмчилгээний задал, төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” гэх хүсэлтийг илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.Гончигдоржийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос “нүдний хараа муудаж, юм харахгүй байгаа, эмчид үзүүлнэ, цаашид гарах зардлаа нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг өгсөн ба Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 549 дугаартай дүгнэлт(1хх187-189)-ээр “Э.Мөнхжалын биед духны ясны цөмөрсөн ил хугарал, уг хугарлаас духны хөндийн хана, зүүн нүдний ухархайн дээд, дотор, доод хана руу үргэлжилсэн нийлмэл хугарал, ...тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн байх тул шүүх тодорхой тооцоо гаргах бололцоогүй, нотлох баримтгүй учир уг асуудлыг хэлэлцэхгүй орхиж, тус гэмт хэргийн улмаас /нүдний ухархайн дээд, дотор, доод хана/ цаашид гарах хохирол, хор уршгийн талаарх зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч “Эрдэмтранс”ХХКомпаниас нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Гончигдорж нь “Эрдэмтранс”ХХКомпанитай 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ” байгуулж, автобусны жолооч албан тушаалд томилогдон ажиллаж байсан талаар баримт, тодорхойлолт, ажлын байрны тодорхойлолт /1хх156-160/ авагдсан тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу иргэний хариуцагч “Эрдэмтранс”ХХКомпаниас гаргуулахаар шийдвэрлэсэн болно.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “шүүгдэгч Ц.Гончигдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Ц.Гончигдоржийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргахгүй, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байгаа, мөн түүний холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа, шүүгдэгч нь бага насны хоёр хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. Эрүүгийн хуулийн тусгай нагийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг бол болгоомжгүй гэмт хэрэг тул шүүгдэгч Ц.Гончигдоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, улсын яллагчаас санал болгосон 1 жил 6 сарын хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч, хохирогч нар харилцан тохиролцож, хохирлоо барагдуулсан, цаашид гарах зардлыг иргэний хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. Эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй холбоотой хэлэх зүйл байхгүй“ гэх саналыг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Ц.Гончигдорж нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх (1хх-161) ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинж чанар, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой зөв дүгнэлт хийж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.
Тэнсэх нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасан хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүй байх нөхцөлт эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.
Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэхэд шүүгдэгчийн өөрийн учруулсан хор уршигт хандаж байгаа хандлага чухал байх бөгөөд энэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирогчоос уучлалт гуйх, эвлэрэх, хор уршгийг арилгах, эсвэл энэ талаар хүсэл зоригоо илэрхийлэх, энэхүү илэрхийлэл нь бодитой, хэрэгжихүйц байх зэргээр илэрнэ.
Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн /болгоомжгүй/ гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэн шүүгдэгч Ц.Гончигдоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд “шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хэд, хэдэн үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоох” талаар заасан.
Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Гончигдоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд анхааруулав.
Шүүгдэгч Ц.Гончигдоржийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах хэдий боловч, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг /хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн/.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчин, хэргийг газрын зориуд орхиж зугтаасан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээний зардлыг төлсөн/ шүүгдэгчийн хувийн байдал /санаатай гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тодорхой оршин суух хаягтай, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг/-ыг тус тус харгалзан үзэж, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Гончигдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг 6 сарын хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирно гэж үзэж, түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заасан бөгөөд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэд хэдэн гэмт хэрэгт хэдэн хэдэн төрлийн ял оногдуулсан бол...хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Гончигдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэгт нь хэд хэдэн төрлийн ял оногдуулж шийдвэрлэсэн учир уг ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 2103000350091 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн Ц.Гончигдоржийн “ВСD” ангиллын 1035963 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын Лицензийн төвд шилжүүлж, дөрвөн ширхэг бичлэг бүхий компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Ц.Гончигдорж нь цагдан хоригдсон хоноггүй, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Магван овогт Цэдэнсодномын Гончигдоржийг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
- Авто тээврийн гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Гончигдоржийг
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, “оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Гончигдоржид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Гончигдорж нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Гончигдоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд зорчих эрхийг хязгаарлах ял болон албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирогч Э.Мөнхжал нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн талаарх зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч “Эрдэмтранс”ХХКомпаниас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн
- Ц.Гончигдоржийн “ВСD” ангиллын 1035963 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын Лицензийн төвд шилжүүлж,
- дөрвөн ширхэг бичлэг бүхий компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Эрүүгийн 2103000350091 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.Гончигдорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Гончигдоржид авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР