| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/01300/И |
| Дугаар | 1203 |
| Огноо | 2017-04-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 1203
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 99-06 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Шигтгээ-Үүд” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Төмөрчний гудамж 22-71 тоотод бүртгэлтэй, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 18 дугаар хороолол, 85/а-40 тоотод оршин суух, Борх овогт Даваагийн Баянбат /РД:ИЭ85111416/-д холбогдох,
448,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Шигтгээ-Үүд” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Шигтгээ-Үүд” сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээнд байдаг 85/а дугаар байрны 40 тоотод оршин суудаг Д.Баянбат нь 2015 оны 12 сараас 2017 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний хөлс 448,000 төгрөгийг “Шигтгээ-Үүд” СӨХ-д төлөөгүй байгаа болно. Иймд 448,000 төгрөгийг Д.Баянбатаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Баянбат нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Шигтгээ-Үүд” СӨХ-ны нэхэмжилсэн 448,000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Шигтгээ-Үүд” СӨХ нь хариуцагч Д.Баянбатаас 448,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Шигтгээ-Үүд” СӨХ-ны нэхэмжилсэн 448,000 төгрөгийг хариуцагч Д.Баянбат 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 14,090 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 7,045 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Шигтгээ-Үүд” СӨХ-ны нэхэмжилсэн 448,000 төгрөгийг хариуцагч Д.Баянбат 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,090 төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 7,045 төгрөг, хариуцагч Д.Баянбатаас 7,045 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Шигтгээ-Үүд” СӨХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА