Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/668

 

 

 

 

 

 

 

 

       2021        06           16                                          2021/ШЦТ/668

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

            улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,

   шүүгдэгч Б.Сарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Сарангэрэлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008014860012 дугаартай нэг хавтаст хэргийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар  сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 5-20 тоотод оршин суух, Б.С

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Б.Сарангэрэл нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 1-19 тоотод хохирогч Ц.Батцэцэгтэй маргалдан зодож биед “зулайн хуйх, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын язрал, цээжний цус хуралт, зулгаралт, баруун мөр, зүүн бугалгын цус хуралт” бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Сарангэрэл мэдүүлэхдээ “Би 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 2 сар гарантаа жирэмсэн байсан учраас хордлого ихтэй, хүнтэй харилцан зодолдох чадваргүй байсан. Энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс бүгд Ц.Батцэцэгийн талын хамаатнууд байгаа гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, оролцогчдоос шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Мөрдөн шалгах ажиллагааны  шатанд өгсөн хохирогч Ц.Батцэцэгийн мэдүүлэг  (хавтаст хэргийн 16, 72-73, 135 дугаар хуудас), гэрч У.Бямбажавын мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дугаар хуудас), гэрч Г.Энхтуулын мэдүүлэг (хавтаст хэргийн 137 дугаар хуудас), гэрч Ц.Цогтбаатарын мэдүүлэг (хавтаст хэргийн 141 дүгээр хуудас), гэрч Ц.Нямсайханы  мэдүүлэг (хавтаст хэргийн 143 дугаар хуудас), гэрч Ш.Дорждаваагийн мэдүүлэг (хавтаст хэргийн 145 дугаар хуудас), Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3668 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас),

- Шүүгдэгч Б.Сарангэрэлийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар тал), эд хөрөнгөтэй талаар лавлагаа (хавтаст хэргийн 55 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 60 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 76 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Сарангэрэлд холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Сарангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчээс “гэмт хэрэг хийгээгүй, цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж танилцуулж, мэтгэлцсэн болно.

 

Шүүгдэгч Б.Сарангэрэл нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 1-19 тоотод иргэн Ц.Батцэцэгтэй маргалдаж, улмаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  санаатай учруулсан болох нь:

- хохирогч Ц.Батцэцэгийн “...2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн үед Сарангэрэл манай аавын гэр руу орсон. Би араас нь ороход Сарангэрэл хэл амаар доромжлоод хөргөгч дээр байсан аягыг шидэхэд аавын толгойг оноод хагалчихсан. Тэгэхээр нь би Сарангэрэл рүү очоод үснээс нь зулгаасан чинь зөрүүлээд миний үснээс зулгааж, татаж өшиглөж, самардсан. Мөн толгой хэсэг рүү гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хх-16, 72-73, 135),

- гэрч У.Бямбажавын “манай охин Ц.Батцэцэгийн Б.Сарангэрэл нь үс толгойноос нь зулгаачихсан байсан. Тэгэхээр нь би юу болж байгаа юм бэ” гэсэн чинь Б.Сарангэрэл намайг үгээр доромжлоод байсан...” гэсэн мэдүүлэг (хх-75),

- гэрч Г.Энхтуулын “...2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 1 дүгээр гудамжны 19 тоотод байрлах гэртээ байж байтал хашааны хаалга хүн цохиод байхаар нь гараад тайлтал манай хадам ах Мэндсайханы эхнэрийнх нь төрсөн эгч болох Б.Сарангэрэл гэх эмэгтэй ганцаараа орж ирээд, ...манай эхнэр Ц.Батцэцэгт уурлаж үснээс зулгааж, тэр хоёр хоорондоо үсдэлцэж нэг нэгнийгээ цохиж, өшиглөөд байхаар нь дундуур нь орж салгаж холдуултал Б.Сарангэрэлийн дух хацар зулгарчихсан. Харин манай эхнэр Ц.Батцэцэгийн уруул язарчихсан, цээж нь улайчихсан харагдаж байсан. Удалгүй гаднаас цагдаа нар орж ирээд аваад явсан юм, ...Ц.Батцэцэг тухайн үед Б.Сарангэрэлээс өөр хүнтэй маргалдаж муудалцаагүй...” гэсэн мэдүүлэг (хх-137),

- гэрч Ц.Цогтбаатарын “...2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр,...Б.Сарангэрэл хөргөгчин дээр байсан улаан өнгийн жижиг аяга аваад манай охин руу шидтэл нөгөө аяга нь миний толгойг оночихсон. Гэхдээ миний толгойнд гэмтэл учраагүй, жоохон шалбарчихсан юм. Тэгтэл манай охин миний хажуугаар орж ирээд Б.Сарангэрэлийн үснээс нь зулгаатал Б.Сарангэрэл мөн адил түүнийг зулгаагаад энгэр цээж рүү нь гараа зангидаад хэд хэдэн удаа цохиод байсан, тэгтэл Ц.Батцэцэгийн нөхөр нь тэр хоёрыг салгаад Ц.Батцэцэг бид хоёрыг гаргаад гэрийн гадна гаргаад хаалга татаад Б.Сарангэрэлийг гаргахгүй гэж гэрийн хаалгыг дарсан, ...миний охиныг зодсонд гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хх-141),

            - гэрч Ц.Нямсайханы “...би   2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ...Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 1 дүгээр гудамж 19 тоотод намайг зодоод байна би жирэмсэн гэх дуудлага мэдээллийн дагуу өдөр очсон. Тухайн үед 3-4 эмэгтэй, 1 эрэгтэй хүн байсан санагдаж байна. 2 эмэгтэй хоорондоо зодолдсон гээд байж байхаар нь машиндаа суулгаж “Ачит 10”-т хүлээлгэж өгсөн юм,...Батцэцэг, Сарангэрэл нарын хоёулангийнх нь биед гэмтлүүд харагдаж байсан. Миний санаж байгаагаар нэг эмэгтэйнх нь хацар, дух зулгарсан байсан. Харин нөгөө эмэгтэйнх нь уруул язарсан байсан санагдаж байна. Хоёулангийнх нь биед гэмтлүүд харагдаж байсан болохоор Ачит 10-т хүлээлгэж өгсөн юм...” гэх мэдүүлэг (хх-143),

            - гэрч Ш.Дорждаваагийн “...би 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр,...Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 1 дүгээр гудамж 19 тоот хашаанд хэрүүл зодоон болоод байна гэх дуудлага мэдээллийн дагуу очиж шалгасан цагийг нь сайн санахгүй байна,...намайг очихоос өмнө зодоон болоод дуусчихсан, хэрэлдээд байж байсан. Миний санаж байгаагаар Сарангэрэл гэх эмэгтэйн хацар, дух хэсэг нь зулгарсан байсан. Батцэцэг гэх эмэгтэйн уруул язарч, цээж хэсэг нь улайсан байсан санагдаж байна. Тухайн хоёр эмэгтэйн биед гэмтлүүд харагдаж байсан болохоор Ачит 10-т хүлээлгэж өгсөн. Түүнээс бол тухайн 2 эмэгтэйн биед гэмтэл учраагүй байсан бол би өөрөө зөрчлөөр материалжуулдаг...” гэх мэдүүлэг (хх-145),

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3668 дугаартай “Хэсэг газрын үзлэгт...зулайн баруун урд хэсэгт бага зэрэг хавдартай, 1х0.5 см улаан хүрэн цус хуралттай, дээд уруулын хэсэгт 0.2х0.6 см улаан хүрэн өнгөц язралтай, цээжний урд дээд хэсэгт 0.5х4см-ээс 0.5х9см хэмжээтэй 5 ширхэг зураас хэлбэрийн улаан хүрэн цус хуралт, зулгаралттай, баруун мөрний урд дээд хэсэгт 1х1.5см, зүүн бугалгын урд доод хэсэгт 2х2.5см хөх ягаан цус хуралттай, зүүн шилбэний урд дээд хэсэгт бага зэрэг хавдартай, эмзэглэлтэй,5х7см, 2х2см хөх ягаан цус хуралттай,

- Ц.Батцэцэгийн биед зулайн хуйх, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын язрал, цээжний цус хуралт, зулгаралт, баруун мөр, зүүн бугалгын цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх32-33) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Сарангэрэл нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр иргэн Ц.Батцэцэгийн эрүүл мэндэд халдаж /цохих, үсдэх/, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Сарангэрэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул прокуророос түүнийг гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тус зүйл, хэсэгт зааснаар түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Сарангэрэлээс “Ц.Батцэцэгийн биед учирсан гэмтлийг би учруулаагүй, тухайн үед Ц.Батцэцэг миний биед гэмтэл учруулсан” гэх мэдүүлгийг өгсөн бөгөөд “Б.Сарангэрэлийн биед дух, зүүн хацарт зулгаралт, зүүн гарын чигчий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3660 дугаартай дүгнэлт (хх27-28)-ээр түүний биед гэмтэл учирсан боловч гэмтлийн зэрэг тогтоох журамд заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй, мөн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 24и-а/5135 албан бичиг (хх-81)-т “Ц.Батцэцэгийг хүний биед халдах зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан байх тул Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авч шийдвэрлэнэ үү” гэсэн нь Б.Сарангэрэлд учирсан дээрх гэмтлийг учруулсан этгээд болох Ц.Батцэцэгт зохих арга хэмжээг авч шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.

Нөгөөтээгүүр гэмт этгээд болон хохирогчийн хэн алины хувийн сонирхолгүй этгээд болох гэрч Ц.Нямсайхан, Ш.Дорждаваа нарын мэдүүлэгт “...Ц.Батцэцэг, Б.Сарангэрэл нарын биед ил харагдах гэмтлүүд харагдаж байсан, нэг эмэгтэйн хацар, дух зуларсан, нөгөө эмэгтэйн нь уруул язарсан...,Б.Сарангэрэл гэх эмэгтэйн хацар, дух хэсэг нь зуларсан, Батцэцэг гэх эмэгтэйн уруул язарч, цээж хэсэг нь улайсан байсан...” зэргээс үзэхэд шүүгдэгч, хохирогч нар харилцан маргалдан, зодолдож, би биеийнхээ эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдсан үйл баримт тогтоогдсон, хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоох журамд заасны дагуу хөнгөн гэмтлийг шүүгдэгч Б.Сарангэрэл учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр хөтөлбөргүй тогтоогджээ.

 

Шүүгдэгч Б.Сарангэрэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч Ц.Батцэцэг нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй ба Шүүхээс түүнд шүүх хуралдааныг товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд суухгүй, нэхэмжлэх зүйлгүй, Б.Сарангэрэлд маш их гомдолтой, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх тайлбарыг гаргажээ.  

Иймээс шүүгдэгч Б.Сарангэрэлийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Сарангэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн зүгээс маргаж, мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Б.Сарангэрэл нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх (хх-76) ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /үл ялих зүйлээр шалтаглан бусдын эрүүл мэндэд халдаж, хөнгөн гэмтэл учруулсан, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогч зүгээс баримтаар нэхэмжилсэн зүйлгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /нөхөр, бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өөрийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөтэй/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сарангэрэлийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэж, хэрвээ тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2008014860012 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Сарангэрэл нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Сартуул овогт Базаррагчаагийн Сарангэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сарангэрэлийг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Сарангэрэлд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн 2008014860012 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Сарангэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Сарангэрэлд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.БЯМБААБААТАР