Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

            Нарийн бичгийн дарга  М.Оргилтунгалаг,

          Улсын яллагч М.Гантулга,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:    

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дүгээр зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Отгонбаатарын Болдод холбогдох  201625020707 тоот хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Хөтөл суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, социологч мэргэжилтэй, ам бүл 2, охины хамт Хан-Уул дүүргийн 15–р хороо, Рафид харш 6а байр 40 тоотод бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 23а байр 29 тоотод оршин суух, “ Ориентал капитал “ ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:ШУ88122637 / Салар тайж овогт Отгонбаатарын Болд нь:

- 2016 оны 02 дугаар сарын 27-ны шөнө 01 цаг 20 минутын орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Саруул тэнгэр хотхоны доор байрлах гражид байрлуулсан иргэн Ц.Алтансүхийн эзэмшлийн 28-86 УНА улсын дугаартай “Верна аксент” маркийн автомашины хоёр талын толийг санаатайгаар хагалж, суурийг нь хугалж, нийт 200.000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ц.Алтансүхийн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороололд байдаг орон сууцны доор гражид өөрийн эзэмшлийн 28-86 УНА улсын дугаартай “Верна” маркийн автомашиныг зогсоол дээр байрлуулсан. Тэгээд автомашинаа авалгүй 2 хоног болсон. Хоёр дахь өдрийн өглөө машинаа авах гэсэн чинь 2 талын толь хугарчихсан байсан. Тэгээд би жижүүрээс асуутал “ Наад зогсоолын чинь эзэн нь миний зогсоол дээр машинаа тавилаа ” гэж уурлаад уурандаа 2 толийг чинь хугалчихсан гэж надад хэлсэн юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Намайг машинаа зогсоолд байрлуулахад харуул нь байсан. “ Хүний зогсоол дээр тавилаа” гэж хэлсэн зүйл байхгүй. Надад учирсан хохирол болох 200.000 төгрөгийг төлсөн. Одоо гомдол санал байхгүй гэжээ. / хх 16 /

Гэрч Х.Оюунхандын мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:… Би найз залуу болох О.Болдын хамтаар хэрэг болох өдрийнх нь маргааш гадаад улс руу явах хэрэгтэй байсан.  Би найз залуу О.Болдын хамт ажил дээр нь байж байгаад шөнө ирсэн чинь О.Болдын худалдаж авсан автомашины зогсоол дээр голлуулаад нэг автомашин тавьчихсан байсан юм. Тэгэхээр нь харуулд нь хэлтэл “ Энэ машины жолооч автомашинаа тавьчихаад шаардлага тавьсан чинь хацар руу цохьчихоод яваад өгсөн “ гэж хэлэхээр нь О.Болд бид 2 автомашинаа гадаа тавьчихаад гэртээ орсон. Тэгээд өглөө ажилдаа яваад орой ирсэн чинь нөгөө машин бас л байсан газраа хэвээрээ байсан. Тэгэхээр нь О.Болд бид 2 харуулд “ Өөрсдийнхөө худалдаж авсан зогсоол дээр авто машинаа тавьж чадахгүй байна. Зогсоол гаргаж өг “ гэж хэлээд зогсоол гаргуулаад би автомашинаа тавьчихаад иртэл О.Болд тэр автомашины 2 толийг хугалчихсан байсан. Би О.Болдыг авто машины толийг хугалчихсаных нь дараа нь харсан гэжээ. / хх 17 /

Гэрч Б.Ховдол мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна. 2016 оны 02 дугаар сард цагаан сарын дараахан намайг ажил дээрээ байж байхад шөнө 01 цагийн орчим эхнэр, нөхөр 2 тус тусдаа автомашинтай ирсэн. Эхлээд эхнэр нь орж ирсэн. Тэгээд нөгөө залуу “ Манай зогсоол дээр автомашин тавьсан байна “ гэхээр нь “ Тэнд зайтай байгаа юм чинь тийшээ тавьчих “ гэж хэлсэн чинь нөгөө залуу эхнэрээ “ Чи автомашинаа тэнд байрлуулчих “ гэхээр нь би эхнэрийнх нь автомашиныг байрлуулчихаад иртэл нөхөр нь Алтансүх гэдэг хүний автомашины 2 толийг нь хугалчихсан зогсож байхаар нь “ Яаж байгаа юм бэ “ гэтэл “ Зүгээрээ би мэдэж байна “ гэж хэлчихээд гэртээ орчихсон гэжээ. / хх 18 /

Эд зүйлийн үнэлгээ  / хх 8 /

Шүүгдэгч О.Болдыг 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 26 /, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 28 /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  / хх 33 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Болд мэдүүлэхдээ: Би хоёр зогсоол худалдаж авсан юм. Тэгээд найз эмэгтэйнхээ хамт иртэл миний хоёр зогсоолыг голлуулаад нэг машин тавьчихсан байсан. Тэгээд манаачтай уулзахад согтуу залуу шаардлага хүлээж авахгүй тавиад явчихсан гэсэн. Ингээд маргааш нь орой иртэл хэвээрээ байсан. Би маргааш нь гадагшаа явах байсан учир бухимдлаа буруу байдлаар илэрхийлж, тэр машины хоёр талын толийг тэнд байсан төмрөөр цохиж хугалсан.

Ийм хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Энэ асуудал надад маш их сургамж боллоо. Цаашид асуудалд зөв дүгнэлт хийж, нийгэмд хор уршигтай зүйл хийхгүй. Надад оногдох ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч О.Болд нь 2016 оны 02 дугаар сарын 27-ны шөнө 01 цаг 20 минутын орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “ Саруул тэнгэр “ хотхоны доор байрлах гражид өөрийн зогсоолд байрлуулсан иргэн Ц.Алтансүхийн эзэмшлийн 28-86 УНА улсын дугаартай “Верна аксент” маркийн автомашины хоёр талын толийг санаатайгаар сууриар нь хугалан гэмтээж,  200.000 төгрөгийн хохирол учруулан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … орон сууцны доор гражид өөрийн эзэмшлийн 28-86 УНА улсын дугаартай “Верна” маркийн автомашиныг зогсоол дээр байрлуулсан. Хоёр дахь өдрийн өглөө ирээд машинаа авах гэтэл 2 талын толийг хугалчихсан байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Ц.Алтансүхийн мэдүүлэг  / хх 16 /, … О.Болд бид хоёр өөрсдийн худалдаж авсан зогсоол дээр машинаа тавьж чадахгүй байна. Зогсоол гаргаж өг “ гэхэд зогсоол зааж өгөхөөр нь би машинаа тавьчихаад иртэл О.Болд нөгөө машины 2 толийг хугалчихсан байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Х.Оюунхандын мэдүүлэг / хх 17 /, … Манай зогсоол дээр машин тавьсан байна гэхээр нь зогсоол зааж өгөөд эхнэрийнх нь машиныг тавиулаад иртэл тэр автомашины 2 толийг хугалчихсан байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Б.Ховдолын мэдүүлсэн мэдүүлэг / хх 18 /,  …эд зүйлийн үнэлгээ / хх 8 / зэрэг болно.  

Шүүхээс шүүгдэгч О.Болдыг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуулинд заасан хорих ялыг оногдуулах  үндэслэлтэй  байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн, хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогчийн буруутай ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                      

                           ТОГТООХ нь:                                                                                    

1. Отгонбаатарын Болдыг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар О.Болдын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, О.Болд нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар О.Болдод оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

5. О.Болдод авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               С.ОЮУНЧИМЭГ