Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 693

 

                                                         Г.Г-эд холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор С.Оюунжаргал,

хохирогч В.Ганбаатар,

шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 823 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Г.Г-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1803001980169 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Халх овгийн Г.Г, 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Баясах Трейд” ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

            Г.Г- нь 2018 оны 3 дугаар сарын 6-ны шөнө 03 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Намъянжүгийн гудамж “Баясах Трейд” ХХК-ийн хойд талын явган хүний гарцан дээр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1,27 хувийн согтолттой үедээ “Фүжи Капитал” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота Альфард” загварын 58-23 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”, 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчин гарцаар гарч явсан явган зорчигч В.Ганбаатарыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт,

            мөн дээрх авто тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас Г.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Г-ийг согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн дээрх Авто тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 7 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Г.Г-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 7 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хоногт шилжүүлэн 30 хоног буюу 1 сарыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 8 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Г-ээс шүүхийн Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан 2.000.000 төгрөгийг хохирогч В.Ганбаатарт олгож, Г.Г-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорихоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ба үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг нөхөн төлж барагдуулсан. Миний бие тодорхой ажил эрхэлж, ар гэрээ тэжээн тэтгэж амьдарч байсан. Иймд хуулийн энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэн харгалзаж, үүрэг хүлээлгэж өгнө үү. Дахин ямар нэгэн гэмт хэрэгт холбогдохгүй амьдарч чадна...” гэв.   

            Шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Г.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Тэрээр анх удаа тохиолдлын шинж чанартай хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн гэмшиж, хохирлыг нөхөн төлж барагдуулсан ба хохирогч нь цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон. Эдгээр нөхцөл байдлыг болон түүний ар гэр, хувийн байдлыг харгалзан үзнэ үү...” гэв.

            Хохирогч В.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Эрүүл мэндийн байдал дээрдсэн. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Шүүгдэгч Г.Г-ийн хувьд бага насны 2 хүүхэдтэй, ажил эрхэлж ар гэрээ ганцаараа тэжээн тэтгэдэг тул залуу хүний ирээдүйг бодолцож түүнд хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсье...” гэв.

            Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

            Г.Г- нь 2018 оны 3 дугаар сарын 6-ны шөнө 03 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Намъянжүгийн гудамж “Баясах Трейд” ХХК-ийн хойд талын явган хүний гарцан дээр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1,27 хувийн согтолттой үедээ “Фүжи Капитал” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота Альфард” загварын 58-23 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, мөн дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”, 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчин, явган хүний гарцны орчим хурдаа тохируулан яваагүйн улмаас гарцаар гарч явсан явган зорчигч В.Ганбаатарыг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, улмаар жолоодон явсан тээврийн хэрэгслээ зогсоож, осолд нэрвэгдсэн хүнд зохих тусламжийг үзүүлэлгүйгээр ослын газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Г.Г- нь зам тээврийн осол гарсан нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлж /хх-ийн 88-89/, өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд энэ нь хохирогч В.Ганбаатар /хх-ийн 20-22/, гэрч Г.Уянга /хх-ийн 67/ нарын мэдүүлэг, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11/, жолооч болон явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 14-15/, хохирогчийн биед учирсан гэмтлийн шинж чанар, хэр хэмжээг тогтоосон Шүүх эмнэлгийн шинжээчийн №3411 дугаартай дүгнэлт /хх-ийн 69/, осол гаргасан тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийсэн шинжээчийн №012981 дугаартай дүгнэлт /хх-ийн 82-83/ зэргээр нотлогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Г.Г-ийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн дээрх авто тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлүүдэд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэлийг тус тус оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоосон нь хуульд нийцжээ.

Гэвч хохирогч В.Ганбаатарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан  “...шүүгдэгчээс хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон, түүнд хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн хүсэлт, түүний эрүүл мэндийн байдлыг үндэслэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэх боломжтой байна.

Шүүгдэгч Г.Г- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, хохирогчоос түүнд хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ нь “Нэгдсэн Үндэстний байгууллага”-ын хорихоос өөр төрлийн арга хэмжээнд холбогдох наад захын жишиг дүрэм /Токиогийн дүрэм/-ийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан “Хорихоос өөр төрлийн арга хэмжээнүүдийг сонгох бололцоотой нөхцөлд шүүхийн байгууллага шийдвэр гаргахдаа эрх зүйн зөрчил үйлдэгчийг засан хүмүүжүүлэх шаардлага, нийгмийн болон хохирогчийн ашиг сонирхлыг хамгаалах асуудлыг анхааралдаа авбал зохих бөгөөд хохирогч этгээдтэй шаардлагатай тохиолдолд зөвлөлдөж байгууштай.” гэсэн зөвлөмжид нийцэх ба Монгол Улсын Эрүүгийн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хуульд харшлахгүй юм.

Ингэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Г.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 823 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4, 7 дахь заалтыг тус тус хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Г.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулсугай.” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Г.Г-эд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэрээр 43 хоног цагдан хоригдсоныг дурьдаж, нэн даруй сулласугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                                   М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                     Н.БАТСАЙХАН