| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалбаагийн Бурмаа |
| Хэргийн индекс | 159/2019/0030/З |
| Дугаар | 159/ШШ2019/0035 |
| Огноо | 2019-11-18 |
| Маргааны төрөл | Бусад, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 159/ШШ2019/0035
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Бурмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч ******* хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Зам-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдолтой,
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох
Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* бичсэн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0172267 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус захиргааны актад тооцуулах тухай шаардлага бүхий гомдолтой зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Машбат
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б. Мөнхзул нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
******* хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Зам-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан гомдолдоо: ...Улаанбаатар төмөр зам ХНН-ээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт ...Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, ...илт хууль бус болох, ...нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна... гэх үндэслэлээр мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт ...Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно... гэж заасан журмын дагуу Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт ...Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана... гэж заасны дагуу УБТЗ" ХНН-ээс 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10/2017 дугаартай албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №0172267 дугаартай шийтгэлийн хуудсыг Илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор хандсан боловч тус газраас 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 03/2806 дугаартай албан бичгээрээ хүсэлтийг шийдвэрлэлгүй, шууд шүүхэд хандах тухай хариу өгсөн.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтад ...дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол... гэж заасны дагуу Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Учир нь Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Машбат Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Сүхбаатар өртөөн дээр хяналт шалгалт хийх явцдаа ...ачиж буулгах хэсэг дээр ажиллаж буй оосорлогчдыг тушаалаар томилж ажиллуулаагүй..." гэх зөрчлийг илрүүлжээ. Ингээд тухайн зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт ...хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журам хангаж ажиллаагүй... гэсэн зүйл ангиар зүйлчилж шийтгэлийн хуудас бичсэн нь үндэслэлгүй болжээ.
Энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан хэлбэр болон агуулгын дараах шаардлагыг хангаагүй байна. Үүнд: Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт ...Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна..., 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь заалтад ...захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах... 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалт ...утга агуулгын илэрхий алдаатай... болон 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт ...Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна... гэж заасан хуулийн шаардлагуудыг хангаагүй байна. Иймд маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус захиргааны актад тооцож өгнө үү...гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Сэлэнгэ аймгийн Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Сүхбаатар өртөөнд 2019 оны 04 дүгээр сарын 8-нд шалгалт хийж, зөрчлийн 0172267 дугаартай шийтгэлийн хуудсаар, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч О.Машбат нь ачиж буулгах хэсэг дээр ажиллаж буй оосорлогчдыг тушаалаар авч ажиллуулаагүй гэх зөрчлийг илрүүлж, тухайн зөрчилдөө Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан байдаг. Үүнийг няцаах 2 үндэслэл байна.
1. Зөрчлийн тухай хуулийн 10.15 зүйл нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль зөрчих гэсэн зүйл анги байгаа үүнд ямар хууль хамаардаг вэ гэхээр Зөрчлийн тухай хууль зөрчиж, сахин хангах үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандарт норм, журмыг сахин ажиллуулаагүй, үйлдвэрлэлийн осол гэмтэл нуун дарагдуулсан, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай машин механизм, тоног төхөөрөмж суурилуулах, тэдгээрийг өргөтгөх шинэчлэх ажилд аюулгүй байдал эрүүл ахуйг хангаж ажиллуулаагүй бол хуулийн этгээдийг 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгоно гэсэн санкц байдаг. Зохицуулж байгаа харилцаа нь ийм харилцааг тодорхойлсон. Гэтэл манай гаргасан зөрчил нь ачиж буулгах хэсэг дээр байгаа оосорлогчдыг тушаалаар томилж ажиллуулаагүй гэсэн. Өөрөөр хэлбэл тушаалаар авч ажиллуулаагүй зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн Хөдөлмөрийн тухай хууль зөрчих гэсэн зүйл ангийн 8 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн иргэнийг ажилд авах гээд тушаал гаргаагүй. Үндсэн орон тоонд ажиллаж байгаа ажилчныг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулах гэж энэ зүйл ангиар шийдэх ёстой байсан хэрэглэх ёстой хуулиа хэрэглээгүй өөр зүйл ангиар шийтгэл оногдуулсан нь илт хууль бус гэж үзэж байна.
2. Торгууль тавьсан шийтгэлийн хуудсанд ачиж буулгах хэсэгт авсан оосорлогчдыг томилж ажиллуулаагүй гэж байна. Өөрөөр хэлбэл манайд оосорлогч гэсэн албан тушаал байсан уу байсан эдгээр оосорлогчдыг томилсон тушаал нь 2017 оны 65 дугаартай Сүхбаатар өртөөний ажилд авах тухай гэсэн нотлох баримт байгаа. Энэ тушаал байсаар байтал үүнийг нягталж шалгалгүй, тушаалаар авч ажиллаагүй гэсэн шийтгэл оногдуулсан нь зохимжгүй тул илт хууль бус захиргааны актад тооцож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...О.Машбат байцаагчийн тавьсан шаардлага нь зам тээврийн барилга, байгууламжийн сайдын 234 дугаартай тушаалаар батлагдсан Ачаа өргөх краны төхөөрөмжийг Б6 заалтын 8.4 зүйлийг зөрчсөн гэдэг. Энэ заалтад ачих буулгах машин механизмд ажиллаж буй кранчин, цахилгаанчин, түүний туслах кранчийн оосорлогч нь тухайн байгууллагын тушаалаар томилогдсон байна гэж заасан. Манай байгууллагын хувьд Кранчин, кранчийн оосорлогч, кранчийн жолооч гэсэн 3 үндсэн ажилчин байдаг. Энэ 3 үндсэн ажилчдыг тушаалаар томилон ажиллуулаагүй гэж зөрчил тавьсан. Манай байгууллагад хувь хүний цемент болон хувь хүний нүүрс гэсэн ачааг буулгадаг. Үүнийг буулгах зориулалттай 4 гэрээт ачигч байдаг. Эдгээр 4 хүн нь хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажилладаг. Үндсэн оосорлогчдыг тушаалаар томилуулан ажиллуулж байгаа гэв.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүү шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Улаанбаатар Төмөр замын ХНН-ээс Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын байцаагчийн 0172267 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус захиргааны актад тооцуулахаар гаргасан нэхэмжлэлтэй танилцаад Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүү би дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэлд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ...ачих буулгах хэсэг дээр ажиллаж буй оосорлогчдыг тушаалаар томилж ажиллуулаагүй... гэх зөрчлийг илрүүлэн тухайн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журам хангаж ажиллаагүй гэсэн ... зүйл ангиар зүйлчилж шийтгэлийн хуудас бичсэн нь үндэслэлгүй болжээ.
Энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан хэлбэр болон агуулгын шаардпагыгхангаагүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр 39.1 дэх хэсэгт "... Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах ..., 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалт ... утга агуулгын илэрхий алдаатай ... болон 47 дугаар зүйлийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт "... Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна ... гэж заасан шаардлагуудыг хангаагүй байна. Иймд маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус актад тооцож өгнө үү гэж шүүхэд ханджээ.
Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Машбат нь МХЕГ-ын хяналт шалгалтын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсан Орос Монголын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН-т хийх хяналт шалгалтыг орон нутаг дахь байцаагчдаар хийлгэхээр Хөдөлмөр, Нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын даргын 2019 оны 05/970 тоотыг үндэслэн Сүхбаатар өртөөнд дарга *******, Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженер Наранбаатар нарыг байлцуулан хяналт шалгалт хийхэд ачиж буулгах хэсэг дээрээ байгууллагаас томилсон тушаалгүй иргэдээр оосорлогчийн ажил үүрэг гүйцэтгүүлж байсан. Энэ нь Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 8 дугаар зүйлийн 8.4.23-т заасан Кранчин түүний туслах, ослоос хамгаалах төхөөрөмжийг тохируулагч, засварчин, цахилгаанчин, оосорлогчийг тухайн байгууллагын тушаалаар томилж ажиллуулна. гэсэн заалтыг зөрчиж байсан тул Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2-т заасан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журам хангаж ажиллаагүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. заалтаар зүйлчилж хариуцлага тооцоход Өртөөний дарга ******* хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхэд хандан шийдвэрлүүлсэн.
Гэвч Улаанбаатар төмөр замын ХНН-ийн Сүхбаатар өртөөний дарга ******* нь ... ачих буулгах хэсэг дээр ажиллаж буй оосорлогчдыг тушаалаар томилж ажиллуулаагүй гэсэн заалттай 2019 оны 18-06-018/268 дугаартай улсын байцаагчдын хамтарсан албан шаардлагыг утга агуулгын алдаагүй, хууль зүйн үндэслэлтэй хэмээн хүлээн зөвшөөрч 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гарын зурж хүлээн авсан бөгөөд улмаар уг зөрчил дутагдлыг арилгасан талаар албан тоотыг ирүүлсэн.
Иймд Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаас үйлдсэн 0172267 шийтгэлийн хуудсаар оногдуулсан 3.0 сая төгрөгийн торгуулийг хүчингүй болгох үндэслэлгуй байна... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Машбат шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Энэ өдрийн мэнд хүргэе. Энэхүү шүүх хуралдаанд их ач холбогдол өгч хариу тайлбар бичсэн. Үүнийгээ нэг бүрчлэн уншин танилцуулъя. Улсын байцаагчид шийдвэр гаргахдаа сэтгэл хөдлөлийн асуудлыг шийддэггүй. Миний ажил үүргийн хувьд шүүх хяналтын байгууллагад Эрүүгийн болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр оролцдог. 2017 оны иргэн Нэргүйбаатар Сүхбаатар өртөөний ачих буулгах хэсэгт ачих буулгах хэсгийн дээврийн ажлыг пронтоныг нь будаж байгаад унаж нас барсан. Энэ хэрэг дээр энэхүү зөрчил давтагдаж байсан. Яагаад гэвэл тухайн үед шийдвэр гаргаагүй, хөдөлмөрийн гэрээгүй хүн амь насаа алдсан. Мөн шүүхийн шийдвэр гараад энэ шийтгэлийн хуудаст зурна зурахгүй гэж маргаан гарсан. ... 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шийтгэлийн хуудсаа бичсэн. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Сүхбаатар өртөөний дээврийн ажил буулгаж аваад бас л хөдөлмөрийн гэрээгүй, ажилд авсан тушаал нь гараагүй, ажилчин унаад хүнд гэмтсэн байдаг үүнтэй холбоотой бас Эрүүгийн хэрэг үүссэн байдаг. Би шийтгэлийн хуудсаа бичихдээ ******* даргын хажууд сууж байгаад хөдөлмөрийн аюулгүйн ажиллагааны дүрэм-ийг харж байгаад бичсэн. Утга найруулгын хувьд алдаатай гэснийг гайхаж байна. Мөн Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын Прокурор энэ шийтгэлийн хуудсыг үндэслэлтэй гэж хянасан байдаг. Хэрэв үндэслэлгүй гэж үзвэл прокурор шийдвэрээ гаргаж, шийтгэлийн хуудас цуцалдаг. Хэдхэн хоногийн өмнө аймгийн Прокурорын газарт Улсын ерөнхий прокуророос шалгалт орсон байдаг. Энэ шалгалтаар бидний шийтгэлийн хуудаснуудыг татаж авч үзсэн байдаг. Миний шийтгэлийн хуудсыг үндэслэлгүй гэсэн албан тоот, бичиг одоогоор ирээгүй. Хуулийг буруу хэрэглэсэн гэж яриад байна. Ачаа өргөх краныг төхөөрөөмжлөх, өргөх аюулгүй ашиглах дүрэм гэж байдаг. Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2-т Аюулгүй ажиллагааны стандарт, заавар дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд шийтгэлийн хуудсыг бичиж торгоно гэсэн заалт байгаа. Би зүйлчлэхдээ үндэслэлтэй зүйлчилсэн гэж үзэж байна.
Хяналт шалгалтын явцад ******* дарга өөрөө хяналтын хуудсанд баталгаажуулан, оосорлогчийн тушаал шийдвэр байгаа юу гэхэд байхгүй, тухайн үед надад нотлох баримт үзүүлээгүй. Шийтгэлийн хуудсаа хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурж, тамга дарсан. Хэргийн материалд хавсаргасан байгаа. Албан шаардлага өгсөн ачаа өргөх оосорлогчийг тушаалаар томилоогүй гэсэн шаардлага бүхий агуулгын зөрчилд утга агуулга алдаатай хууль эрх зүйн үндэслэлгүй гэж ******* яриагүй, гарын үсэг зураад хүлээгээд авсан. Мөн тухайн байгууллагаас албан шаардлагын биелэлтийг тавьсан. Гэтэл ******* дарга энэ зөрчлөө арилган ажиллаж байгаа, ингэж албан тоот ирүүлсэн.
Иймд шийтгэлийн хуудас хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх гомдлын шаардлагын хүрээнд, гомдол гаргагч нар, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт өгч дараах үндэслэлээр шийдвэрлэлээ.
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2019 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан Улаанбаатар Төмөр замын ХНН-д хийх хяналт шалгалтыг орон нутгийн хяналтын газрын байцаагчдаар хийлгэхээр ирүүлсэн 05/970 албан тоотыг үндэслэн гаргасан газрын даргын баталсан 18-06-018/17 дугаар хяналт шалгалтын удирдамжийн дагуу тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч С.Мөнхдаваа, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Машбат нар нь гомдол гаргагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын Сүхбаатар өртөөнд хяналт шалгалт хийж, Сүхбаатар өртөө нь ачих буулгах хэсгийнхээ ачаа өргөх краныхаа оосорлогчийг байгууллагын тушаалаар томилоогүй нь Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрмийн 8 дугаар зүйлийн 8.4.23-т заасан Кранчин түүний туслах, ослоос хамгаалах төхөөрөмжийг тохируулагч, засварчин, цахилгаанчин, оосорлогчийг тухайн байгууллагын тушаалаар томилж ажиллуулна гэж заасныг зөрчсөн буруутай гэж Сүхбаатар өртөөг Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0172267 дугаар шийтгэлийн хуудас үйлдсэн нь Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журам хангаж ажиллаагүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасантай нийцээгүй, хууль бус захиргааны акт байна.
Гомдол гаргагч Монгол Оросыг хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч тус шүүхэд гаргасан гомдлын хууль зүйн үндэслэлээ тухайн зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт ...хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журам хангаж ажиллаагүй... гэсэн зүйл ангиар зүйлчилж шийтгэлийн хуудас бичсэн нь үндэслэлгүй. Энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан хэлбэр болон агуулгын дараах шаардлагыг хангаагүй байна. Үүнд: Захиргааны ерөнхий хуулинд заасан. Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна, захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, утга агуулгын илэрхий алдаатай... болон Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна... гэж заасан хуулийн шаардлагуудыг хангаагүй байгаа гэж үзнэ хэмээн тайлбарлан маргаж байна.
Хариуцагчийн төлөөлөгчөөс утга агуулгын хувьд алдаатай гэснийг гайхаж байна. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын Прокурор энэ шийтгэлийн хуудсыг үндэслэлтэй гэж хянасан байдаг. Хэрэв үндэслэлгүй гэж үзвэл прокурор шийдвэрээ гаргаж, шийтгэлийн хуудсыг цуцалдаг.
Хуулийг буруу хэрэглэсэн гэж яриад байна. Ачаа өргөх краныг төхөөрөөмжлөх, өргөх аюулгүй ашиглах дүрэм гэж байдаг. Зөрчлийн тухай хуулийн 10.15. дугаар зүйлийн 1.2-т Аюулгүй ажиллагааны стандарт, заавар дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд шийтгэлийн хуудсыг бичиж торгоно гэсэн заалт байгаа. Би зүйлчлэхдээ үндэслэлтэй зүйлчилсэн гэж тус тус маргажээ.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно 47.1.1-д ...утга агуулгын илэрхий алдаатай... 47.3-т ...Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ хууль бус байна... гэж тус тус заажээ.
2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлд Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн үйлдлүүдийг жагсаасны дотор мөн зүйлийн 4.3, 4.5-д хүнийг ажилд авахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулахгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн ... бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шинжийг агуулсан байхад хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Машбат нь Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2-т заасан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журам хангаж ажиллаагүй бол ... гэсэн зөрчил тогтоогдсон гэж үзэж энэ үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь буруу байна.
Тодруулбал хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл Улаанбаатар Төмөр замын Сүхбаатар өртөөний даргын 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ажилд авах тухай 65 дугаар тушаалын 1 дүгээр заалтад Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр зам нийгэмлэгийн даргын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А-94, 95 дугаар тушаалаар Тээвэр зохион байгуулалтын албаны бүтцэд өөрчлөлт орж Тээврийн үйлчилгээний төвийн Сүхбаатар салбар, Зорчигч үйлчилгээний буудлын Сүхбаатар хэсэг, Тасалбарын төвийн Сүхбаатар хэсгийн ажилтан нар Сүхбаатар өртөөнд шилжсэн тул 91 ажилтан болон М.Мөнх-Эрдэнийг кранчингаар, Н.Бат-Эрдэнийг кранчин жолоочоор, Х.Мөнхбаатарыг кранчин оосорлогчоор тус тус ажиллуулахаар шийдвэрлэжээ. Мөн ачаа буулгах хэсэг ба 20, 21 дүгээр зам дээр автомашин болон вагоноос ачилт буулгалтын ажил гүйцэтгүүлэхээр иргэн Л.Батцолмон, Д.Минжинбаяр, М.Батзолбоо, Л.Ганчулуун нартай хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулан ажиллуулж байсан болох нь тогтоогдож байна.
Дээрхээс дүгнэн үзвэл, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглээгүй хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил нь хууль зүйн үндэслэлийг зөв заагаагүй байх тул 0172267 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус гэж үзэх үндэслэл болно гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.2, 106.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 47 дугаар зүйлийн 47.3.3, Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2-д заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* бичсэн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0172267 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 / далан мянга хоёр зуун / төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээж хариуцагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын төсвөөс 70200 / далан мянга хоёр зуун / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БУРМАА