Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/757

 

 

 

 

 

 

 

 

     2021           06          30                                         2021/ШЦТ/757                                 

                                                        

 

                                                            

                                     МОНГОЛ УСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Б.Ундрах,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Онцгойбямба, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Ц.Баасанжаргал,

иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Ганбат,

шүүгдэгч Б.Баасанжав, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Баасанжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2008012400465 дугаартай, гурван  хавтас хэргийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Тэмээчин овогт Бадамсүрэнгийн Баасанжав (РД:ЧВ74042074), Монгол Улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Арвижих гал” ХХКомпанид өрлөгчин ажилтай гэх, ам бүл-5, эхнэр, хүүхдүүд, хадам эхийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоотын задгай тоотод түр оршин суух /Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 57 дугаар гудамжны 4 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй/,

- Октябрийн районы ардын шүүхийн 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 271 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял,

- Октябрийн районы ардын шүүхийн 1993 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 296 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 239 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийт 2 жилийн хугацаагаар хорих ял,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 241 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Баасанжав нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байрны В2 тоот өрөөнд иргэн Б.Тулгаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний баруун шанаа тус газар гараараа цохиж, биед нь баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, дух, зулай, чамархайн тархины эдийн няцрал, баруун хажуу ховдлын их бие болон арын эвэр, зүүн хажуу ховдлын арын эвэр 3.4-р ховдлын цус иврэлт, зүүн зулайн тархины эдийн цусан хураа, лямбда заадаснаас зүүн чамархай яс хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, зулайн орой, баруун чамархай, дух, дагзны хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагчийн төлөөлөгч нараас мэдүүлэхдээ:

 

- Шүүгдэгч Б.Баасанжаваас “... 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр утас алга болоод цагдаа дуудсан. Утас алга болсон учир шалтгаанаа хэлэхэд намайг шууд эрүүлжүүлэх байр руу авч явсан. Би эрүүлжүүлэх байрны камерт ороод унтаад өгсөн. 5 цагийн үед сэрээд камерт байсан хүмүүс бие засаж орж ирээд бүх хүмүүс нааран дээр сууж байсан. Гэтэл нэг залуу надтай хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би “ахын дүү ингээд гаргахгүй шүү дээ. Олон хүн байна, торгуулна гэж хэлсэн. Сүүлд нь нэрийг нь мэдсэн. Тулгаа гэх нэртэй хүн байсан. Гэтэл эрүүлжүүлэх байрны камерт хамт байсан Сүхзаяа, Баатар гэх 2 залуу хоорондоо маргалдаад байсан. Тэгэхээр нь би “юун сүртэй юм. Бүгдийг нь дэвсээд нөмрөөд бүгдээрээ сайхан унтахгүй юу” гэхэд Баатар гэх залуу намайг “чи муу, юу гээд байгаа хөшин банди вэ” гэж хэлсэн. Тэгээд би Баатартай барьцалдаад байж байтал Тулгаа ирсэн. Тэгээд бид нар маргалдахаа болиод би бүтээлгээ дэвсээд байж байтал Тулгаа миний хажууд ирээд “лалар минь, хөгшин банди минь, чамайг ална шүү” гэж хэлээд, тэгээд ийм зүйл болсон...” гэв.

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Онцгойбямбаас “...2020 оны 03 дугаар сарын 05-нд энэ хэрэг болсон. 8 сард манай нөхөр Тулгаа бид хоёр эмнэлгээр явсан. Би шүүх эмнэгийн дүгнэлтэд эргэлзэж байна. Манай нөхөр Тулгаа нь эрүүлжүүлэх байранд байхдаа Баасанжавт цохиулаад ухаангүй байсны улмаас олон сар хоолойдоо гуурс тавиулаад 3 сарын хугацаанд юм яриагүй. 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зүгээр байсан. Тэгээд гэнэт нэг өдөр зүрх нь зогссон. Сүүлд гарсан шүүх эмнэлгийн дүгнэлтэд талийгаачийн үхлийн шалтгааныг гэмтэлтэй хамааралгүй гэсэн байсан. Би цагдаагийн байгууллагад маш их гомдолтой байна. Манай нөхрийг эрүүлжүүлэх байранд байхдаа архи согтууруулах ундаа хэрэглээд тасарсан буюу ухаангүй байсан гэж хэлээд байгааг зөвшөөрөхгүй. Би эрүүлжүүлэх байрны бичлэгийг үзсэн. Манай нөхөр Б.Тулгаа тухайн өдөр куртикээ гартаа бариад, хоёр хөлөөрөө өөрөө явж эрүүлжүүлэх байранд орж байсан. Гэтэл “манай нөхрийг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж тасарсан гэх дуудлагын дагуу” гэж бичсэн байсан. Би нөхрийнхөө гадуур хувцсыг цагдаагийн хэлтсээс хүлээж авахад зүгээр байсан. Согтож тасраад гудамжинд байсан хүний хувцас тоос, шороо болсон байх ёстой, гэтэл зүгээр байсан. Харин хүнд зодуулсан гэсний дараа нь өмсөж байсан хувцсыг нь хүлээж авахад цус болсон байсан. Цагдаа нарын энэ хэрэгт өгсөн мэдүүлгээс харахад “...хоёр хүн гудамжинд архи уугаад тасарсан байсан...” гэчхээд нэг хүнийг нь гэрт нь хүргэж өгөөд, нэг хүнийг нь буюу манай нөхөр Б.Тулгааг эрүүлжүүлэх байр руу авч явсан байсан. Би маш их гомдолтой байна. Хохиролд 9.656.531 төгрөгийг нэхэмжилж байна. ...манай нөхөр Б.Тулгаа 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан. 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр талийгаачийг оршуулсан гэв.

 

- Иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Ганбатаас “...улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Тухайн эрүүлжүүлэх байрны алба хаагч нарын ажилдаа хайхрамжгүй хандсан, хяналт муу тавьсан үйл ажиллагаанд арга хэмжээ авсан. Гэмт хэрэг үйлдсэн хүн нь байхад түүнийг төлбөрийн чадваргүй гэсэн үндэслэлээр иргэний хариуцагчаас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулна гэж байгааг гайхаж байна. Хүний биед гэмтэл учруулсан хүн нь энд байна...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

            - Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Ө.Хусбекийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас),

            - гэрч Г.Батбаярын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),

            - гэрч Д.Баатарын мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар хуудас),

            - гэрч Э.Сүхзаяагийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 42 дугаар хуудас),

            - Б.Баасанжавын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 114 дүгээр хуудас),

- Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн тархины гэмтлийн их эмч А.Чинцэцэгийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудас),

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3495 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 61-63 дугаар хуудас),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 47-49 дүгээр хуудас),

- Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 183-184 дүгээр хуудас),

- Хохирогч Б.Тулгаагийн Гэмтэл Сонгог судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүх (1 дүгээр хавтаст хэргийн 127-168 дугаар хуудас),

- Хохирлын баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 171-179, 2 дугаар хавтас хэргийн 20-27, 117-127 дугаар хуудас),

- Арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэг эсэх лавлагаа хүссэн мөрдөгчийн тогтоолууд (1 дүгээр хавтаст хэргийн 96-98 дугаар хуудас),

- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 1681 дугаартай “Улсын Ерөнхий Прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архиваас лавлагаа хүссэн албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 187 дугаар хуудас),

- Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 82 дугаартай “хүсэлт хангахаас татгалзах тухай” тогтоол, хариу мэдэгдэх хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 212-213, 223 дугаар хуудас),

            -  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 239 дугаартай дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 36-47 дугаар хуудас),

            - Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 92 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 183-184 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 26 дугаар тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (1 дүгээр хавтаст хэргийн 188-198 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Баасанжавт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Баасанжав нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байрны В2 тоот өрөөнд иргэн Б.Тулгаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний баруун шанаан тус газар гараараа цохиж, биед нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

            - Гэрч Ө.Хусбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 13:30 цагт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байранд ээлжийн ажлаа авч эмч ахмад Д.Баярмагнай, жижүүрийн цагдаа дэд ахлагч Г.Батбаяр, Б.Баяр-Эрдэнэ, цагдаа жолооч ахлах ахлагч О.Хонгор нартай үүрэг гүйцэтгэсэн. 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад манай саатуулах байрны утсаар гаднаас эмэгтэй хүн залгаад “танай камерт Мөнх-Очирын Мөнхбаяр гэж хүн байна уу” гэж асуухаар нь “байхгүй гэж” хэлсэн, дахин залгаад байхаар нь би эмчийн өрөөнд ороод тухайн хүний картыг шүүж үзээд зогсож байхад ард тас хийх чимээ гарсан. Батбаяр түрүүлж гүйгээд би араас нь гүйгээд камерын өрөө рүү орж камер харахад В2 камерт байсан Тулгаа гэгч наарны урд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь бид хоёр эмчийг дуудсан. Эмч ирж үзээд 103-т дуудлага өгсөн. 103-ийн эмч 18 цаг 05 минутын ирээд үзээд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явсан. 103-ийн эмчийг ирэх хооронд манай эмч анхны тусламж үзүүлж байсан. Тухайн хохирогчийн биеийн байдал нүд нь хараатай байсан ба, гарыг нь хөдөлгөөд юм асуухад хариулахгүй байсан. Би камераасаа холдоогүй ба намайг хянаж байхад тийм асуудал болоогүй. Эмчийн өрөөнд би удаагүй, тэр хооронд л тас хийх чимээ гарсан...” гэсэн мэдүүлэг (1хх13-14),

            - Гэрч Г.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр В2 камерт байсан хүмүүс бие засах гээд байхаар нь 17:40 цагийн үед бие засуулчхаад буцааж оруулан цоожлоод камерын өрөөндөө иртэл Хусбек байгаагүй эмчийн өрөөнд ороход эмч Баярмагнай өрөөндөө ширээнийхээ ард суусан, Хусбек өрөөнд нь эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн карт үзээд зогсож байсан. Тэгтэл тас хийх чимээ гарсан, би камерын өрөөндөө ортол В2 камерт хохирогч болох Тулгаа наарны урд талд пилтан дээр дээш харсан байдалтай хэвтэж байхаар нь гүйж очин камерыг онгойлгож Тулгааг очоод хартал ухаангүй хэвтэж байхаар нь эмч Баярмагнайг дуудаж үзүүлсэн. Эмч ирж үзээд 103 яаралтай дууд гэж хэлэхээр нь 103 дуудуулсан. 18:05 минутад 103 ирж үзээд ГССҮТ-рүү Тулгааг аваад явсан. Хохирогч Тулгаа нь 17:00 цагт согтуугийн дуудлагаар гудамжинд тасарсан гэх зөрчлөөр орж ирсэн. Холбогдогч 12:50 цагийн үед ээлж хүлээн авч байхад хулгайн хэрэгт сэрдэгдсэн зөрчлөөр орж ирсэн. Тэр хугацаанд ямар нэгэн хэрүүл маргаан гараагүй...” гэх мэдүүлэг (1хх17-18),

            - Гэрч Д.Баатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн саатуулах байранд ирээд камерт нь орсон. Намайг ороход нааран дээр зөндөө хүн унтаж байсан. Тэгээд байж байтал цагийн дараа гаднаас хохирогч залуу орж ирсэн. Тэр залуутай би ойр зуурын юм ярьж нэлээн суусан, тэгээд би болон надтай хамт байсан нөхдүүд гарч бие засчхаад буцаад орж иртэл нааран дээр хамт нэг бүтээлэг доор унтаж байсан хоёр хамаг бүтээлэг аваад дэвсэхийг нь дэвсээд нөмрөхийг нь нөмрөөд байхаар нь би очоод өөрийн бүтээлгээ авах гээд тонгойтол Баасанжав миний толгой руу 1-2 удаа цохих үед надтай хамт ярьж суусан залуу болох Тулгаа намайг өмөөрч надаас Б.Баасанжавыг холдуулсан чинь Тулгааг Б.Баасанжав гараараа зүүн шанаанд нь нэг удаа цохиод унагаасан...” гэсэн мэдүүлэг (1хх33),

            - Гэрч Э.Сүхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баасанжав ахын хамт Сонгинохайрхан дүүргийн эрүүлжүүлэх байранд ирээд нэг бүтээлгэ дэвсээд нөгөөхөө нөмрөөд хамт унтаж байгаад сэртэл эрээн хувцастай өндөр залуу бид хоёроос бүтээлэг нэхээд байхаар нь би чамд яахаараа бүтээлгээ өгдөг юм гэж хэрэлдсэн. Б.Баасанжав ах тэр залуутай маргалдаж байтал хажуугаас хар куртиктэй залуу Б.Баасанжав ахыг бариад автал Б.Баасанжав ах тэр залуугийн шанаанд нэг удаа цохитол нөгөө залуу хойш саваад шалан дээр унаад дахиж босож ирээгүй, удалгүй 103 ирээд аваад явсан. Цохиулдаг залуу /Тулгаа/ өөрөө лалрын бандиа чамайг ална шүү гээд байхаар нь Б.Баасанжав ах нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (1хх42),

- Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн тархины гэмтлийн их эмч А.Чинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тулгаа сэхээн амьдруулах тасагт ухаангүй байдалтай хүргэгдэж ирээд тархины томографынхны зураг авхуулж тасагт хэвтүүлсэн. Тухайн үед зургийг нь харахад цус хуралтын хэмжээ бага байсан. Өглөө дахиж имрай шинжилгээ хийж үзэхэд цус том хэмжээтэй, тархины эдийн доторх цусан хураа байсан тул тархины эмч нарын хамтарсан зөвлөгөөн хийж яаралтай журмаар тархины хагалгаанд орсон. 2 хоногийн дараа зураг авахад өвчтөн цусны бүлэгнэлтийн өөрчлөлттэй байсан тул зөвлөх эмч нарийн шийдвэрийн дагуу дахин тархины хагалгаанд орсон, цус хуралтыг байхгүй болгосон. Өвчтөний зүүн rap, хөл саажилттай, энэ нь баруун тал бөмбөлөгт зүүн талын гар, хөлийг хариуцдаг төвийн гэмтэлтэй холбоотой. Энэ саажилт бол сэргэхгүй. Сүүлд гэмтлээс гарахаас өмнө гавлын ясны нөхөн хагалгааг хийсэн. Гэмтлийн үлдэц болох зүүн талын гар хөлийн саажилт сэргэх магадлал бага учраас хэвийн хэмжээнд очих боломж муу, тархины үйл ажиллагаа бол эмчилгээний явцад сайжирна...” гэх мэдүүлэг (1хх118-119),

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 3495 дугаартай “...Б.Тулгаагийн биед баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, дух, зулай, чамархайн тархины эдийн няцрал, баруун хажуу ховдлын их бие болон арын эвэр, зүүн хажуу ховдлын арын эвэр 3.4-р ховдлын цус иврэлт, зүүн зулайн тархины эдийн цусан хураа, лямбда заадаснаас зүүн чамархай яс хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, зулайн орой, баруун чамархай, дух, дагзны хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.  Дээрх шинэ гэмтлүүд байна...” гэсэн дүгнэлт (1хх61-63),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1хх47-49),

            - Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 239 дугаартай “Шарил шинжилгээний онош: Мөгөөрсөн хоолойд гуурс тавьсны дараах сорвижилт, нарийсалт, хүчилтөрөгчийн цочмог дутагдлын тархины эмгэгшил, үхжил. Гавал тархины битүү гэмтэл: баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, дух, зулай, чамархайн тархины эдийн няцрал баруун хажуу ховдлын их бие болон арын эвэр, зүүн хажуу ховдлын арын эвэр 3,4-р ховдлын цус иврэлт, зүүн зулайн тархины эдийн цусан хураа лямбда заадаснаас зүүн чамархай яс хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, зулайн орой, баруун чамархай, дух, дагзны хэсгийн зөөлөн эдийн няцрал. Цогцсын хожуу үеийн өөрчлөлт, ялзрал, зүүн талын мөчдийн саажилт, Зүүн уушгины доод дэлбэнгийн хэвтрийн хатгалгаа. ууцны холголт-шарх.

            1 Талийгаач Б.Тулгаа нь мөгөөрсөн хоолойд гуурс тавьсны дараах сорвижилт, нарийсалт, хүчилтөрөгчийн цочмог дутагдлын тархины эмгэгшил, үхжин нас барсан.

            2. Б.Тулгаагийн үхлийн шалтгаан болох хүчил төрөгчийн цочмог дутагдлын тархины эмгэгшил, үхжил нь мөгөөрсөн хоолойд гуурс тавьсны дараах нарийсалт, сорвижилтын улмаас амьсгалын цочмог дутагдлын улмаас үүсжээ. Иймээс энэ нь гэмтэлтэй шууд шалтгаант холбоогүй байна.

3. Б.Тулгаад үхэлд хүргэх өвчин эмгэг үгүй байна...” гэх дүгнэлт (3хх-36-47) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Баасанжав нь шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Тулгаагийн баруун шанаан тус газар гараараа цохиж, биед нь “баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, дух, зулай, чамархайн тархины эдийн няцрал, баруун хажуу ховдлын их бие болон арын эвэр, зүүн хажуу ховдлын арын эвэр 3.4-р ховдлын цус иврэлт, зүүн зулайн тархины эдийн цусан хураа, лямбда заадаснаас зүүн чамархай яс хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, зулайн орой, баруун чамархай, дух, дагзны хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт (3495)-ээр, мөн гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, улсын яллагчаас Б.Баасанжавыг тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг Шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймээс шүүгдэгч Б.Баасанжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй юм.

Шүүгдэгч Б.Баасанжав, түүний өмгөөлөгч нар “хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлттэй маргаж, мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн”, “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцсон.  

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хохирогч Б.Тулгааг /талийгаач/ 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байранд байхад шүүгдэгч Б.Баасанжав нь хохирогчийг цохисноос үүдэн түүний биед хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь хохирогчийн нас барсан үйл явдалтай шууд шалтгаант холбоогүй байна.

Тодруулбал: Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 239 дугаартай “Талийгаач Б.Тулгаа нь мөгөөрсөн хоолойд гуурс тавьсны дараах сорвижилт, нарийсалт, хүчилтөрөгчийн цочмог дутагдлын тархины эмгэгшил, үхжин нас барсан. Б.Тулгын үхлийн шалтгаан болох хүчил төрөгчийн цочмог дутагдлын тархины эмгэгшил, үхжил нь мөгөөрсөн хоолойд гуурс тавьсны дараах нарийсалт, сорвижилтийн улмаас амьсгалын цочмог дутагдлын улмаас үүсжээ. Иймээс энэ нь гэмтэлтэй шууд шалтгаант холбоогүй байна. Б.Тулгаад үхэлд хүргэх өвчин эмгэг үгүй байна” гэх дүгнэлт (3хх36-47)-ээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Ц.Баасанжаргалын саналыг хүлээн авах үндэслэлгүй юм.  

 

 - Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

 Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Тулгаад хүнд гэмтэл учирсан, тэрээр 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан болох нь 0000256812 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээ /2хх-98/-гээр тогтоогдож байна.

Талийгаач Б.Тулгаа нь гэмт хэрэг гарсан /2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр/ өдрөөс хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эм тариа, хоол ундны зардал болон оршуулгын зан үйлийн зардалд баримт /1хх171-179, 2хх20-27, 117-127/-аар нийт 9.656.351 төгрөгийг нэхэмжилсэн.

            Шүүхээс хохирлын тооцоог талийгаач Б.Тулгаагийн нас барсан өдөр хүртэлх /2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс хойших, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл/ хугацааны эмчилгээ, эм тариа, хоол унд, ахуйн хэрэглээний зүйлс худалдан авсан зардлыг тооцон, шүүгдэгчээс өгсөн 300.000 төгрөгийг хасаж /4.335.931+508.861/ нийт 4.844.792 төгрөгийн бодит хохирол учирсан гэж үзлээ.

            Харин талийгаачийг оршуулгын зан үйл болон нас барсны дараах эм тариа, хоол хүнс авсан баримттай 4.811.559 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

             Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Эрүүлжүүлэх байр нь цагдаагийн байгууллагын харьяалалд ажиллах бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, захиргааны удирдлага, ажилтан, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, харуул, хамгаалалтыг хэрэгжүүлэх чиг үүргийг цагдаагийн байгууллага хариуцна.” гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч нь эрүүлжүүлэх байранд дэг журам сахиулж, эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа болон ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, байрны хамгаалалтыг хариуцна." гэж тус тус заажээ.

Гэтэл тус эрүүлжүүлэх, саатуулах байр хариуцсан цагдаагийн алба хаагч нар гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд “үйлчлүүлж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах" хуульд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн болох нь Цагдаагийн Ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс явуулсан албаны шалгалтын үр дүн /1хх-245/-ээр тогтоогдсон байх тул гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хариуцан арилгавал зохих этгээд буюу Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газраас /иргэний хариуцагч/-аас 4.844.792 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Онцгойбямбад олгох нь хууль ёсны бөгөөд шударга ёсонд нийцнэ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /239/ гаргахтай холбогдуулан эксгумаци хийсэн 300.000 төгрөг /3хх-1-2/-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож, шүүгдэгч Б.Баасанжаваас гаргуулж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд олгож шийдвэрлэлээ.

 

I. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Баасанжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэр хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн гэмт хэргийн улмаас бусдад төлөх  төлбөргүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэсэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “хэлэх зүйлгүй”, түүний өмгөөлөгчөөс “...эрүүгийн хариуцлагын талаар саналгүй...” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Шүүгдэгч Б.Баасанжавт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч Б.Баасанжавыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундааны зүйл хэрэглэн эрүүлжүүлэх байранд саатуулагдсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан, шууд санаатай үйлдлээр бусдын эрх, эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /гэмт хэргийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учруулсан, шалтгаант холбоогүйгээр тархины эмгэгшил, үхжин нас барсан/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй уулзах, уучлалт хүсэх, тусламж, туслалцаа, үзүүлээгүй/-ийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баасанжавыг 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг дээр дурдсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Баасанжавт 3 жил 5 сарын хорих ял оногдуулах”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж, ялын доод хэмжээний  хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтүүдийг хүлээх авах боломжгүй юм.

Тодруулбал: Шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” заасан эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон ба ингэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэдэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шударга ёсны зарчмыг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилсан.

Шүүх хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан нийтлэг зарчим нэг бүрийн шаардлагад нийцсэн дүгнэлтийг хийж, түүнд Эрүүгийн хуулийн болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхүй, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирсон хорих ялыг оногдуулсан болно.

 

Шүүгдэгч Б.Баасанжавыг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 2 хоног /1хх46/, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 163 хоног /2хх67-73,105-106/, шүүхийн шатанд 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 09 хоног, нийт цагдан хоригдсон 174 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг ...хорих ялын нэг хоногоор...тооцож эдлэх ялаас хасна.” гэж заасны дагуу түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж тооцов.

 

Бусад асуудлаар.

Эрүүгийн 2008012400465 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гурван ширхэг камерын бичлэг бүхий компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Баасанжавт авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Тэмээчин овогт Бадамсүрэнгийн Баасанжавыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баасанжавт 4 (дөрвөн) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Баасанжавт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баасанжавын цагдан хоригдсон 174 (нэг зуун далан дөрөв) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хариуцагч Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газраас 4.844.792 (дөрвөн сая найман зуун дөчин дөрвөн мянга долоон зуун ерэн хоёр) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Онцгойбямбад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.811.559 (дөрвөн сая найман зуун арван нэгэн мянга таван зуун тавин ёс) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

6. Эрүүгийн 2008012400465 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Баасанжаваас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 300.000 (гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд олгож, тэрээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 300.000 (гурван зуун мянга) төгрөгийг төлсөн, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гурван ширхэг бичлэг бүхий компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд  хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Баасанжавын эдлэх хорих ялыг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Баасанжавт авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.БЯМБААБААТАР