Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр

Улсын яллагч: Г.Цогтмагнай

Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхжаргал/онлайнаар/,

Шүүгдэгч: Ч.Ш, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Шт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000630053 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар: *******-тай.

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Ч.Ш нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг 2-33-5 тоотод 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэн Ч.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар Ч.Бгийн нуруун тус газарт хутгаар хутгалж шарх бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Ч.Шийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2 найзтайгаа 2 шил архи хувааж уучихаад гэртээ ирээд байж байтал найз Ш залгаад гудамжны үзүүр дээр байна яваад очих уу гэхээр нь тэг гэхэд Ш нь 2 танихгүй залуугийн хамт 2 шил архи барьсан манайд орж ирсэн. Би тавагтай идээ авч өгөхөд Ч.Б нь тавигтай идээ амсахгүй шууд газар тавихаар нь чи монгол хүн байж идээ амсахгүйгээр газар тавьлаа би чамайг танихгүй чи гар гэхэд намайг барьж аваад түлхээд гэрийн зуух түлхээд би барилцаж авч байснаа санаж байна. Би архи уусан байсан болохоор тодорхой санахгүй байна. Нэг мэдсэн Ш намайг дараад суусан байсан. Тэгээд удаагүй цагдаа ирсэн...гнх мэдүүлэг / хх-ийн 98-100/,

Хохирогч Ч.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ...2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр би машинаа янзлах гээд өглөө 10 цагийн үед гэрээсээ гарсан. Машин дээрээ Д.Шын хамт очиж машинаа янзалсан. Тэгээд машинаа янзлаад байж байхад 14 цагийн үед манай найз ******* 1 шил архи авч ирээд тэр архиа 3 уулаа хувааж ууж дуусаад 16 цагийн үед Д.Ш, ******* бид хоёрыг нэг айлд хамт очъё гэсэн. Тэгээд бид 3 хамт Хөх толгойд нэг танихгүй айлд очсон. Тэр айлын хүнийг нь Ч.Ш гэдэг . Тэр айлд ороод тавагтай юм авч өгөхөөр нь би тавагтай юмыг нь амсаад газар тавьсан чинь Ч.Ш гэх залуу намайг чи хүний идээ газар тавьдаг хэн бэ гэж хэрүүл гуйсан. Тэгэхээр нь би танай гэрт чинь л тавилаа өөр хаана тавих юм гэхэд Ч.Ш гэх залуу бид хоёр хоорондоо маргасан. Тэгээд над руу чи яасан том пизда гээд гал тогооныхоо тавилгын шургуулгыг нь онгойлгоод хутга аваад шууд миний цээж хэсэг рүү далайхаар нь би гар луу өшиглөсөн. Тэгээд барилцаж аваад байж байхад *******, Д.Ш хоёр бид хоёрын голоор ороод болиулсан. Тэгээд би зугтаах гээд гэрээс нь гарах гэхэд л намайг араас хутгалсан юм би тэр чигтээ гэрээс нь гараад эхнэр лүүгээ яриад ирээд аваадахаа хүнд хутгалуулчихлаа гэж хэлсэн тэгээд байгаа газраа зааж өгөөд манай эхнэр намайг ирж авсан. Тэгээд эмнэлэг дээр ирсэн. Би эмчилгээний мөнгө 300000 төгрөг, сум хооронд явсан бол 2100000 төгрөг олсон байсан. Иймд нийт 2400000 төгрөг нэхэмжилж байна..” гэх мэдүүлэг / хх-ийн 43-46/

Гэрч С.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэртээ амарч байхад нөхөр Ч.Б нь 17 цагийн үед над руу залгаад Хөх толгойд нэг айлд байна хүнд хутгалуулчихлаа ар нуруу хүйт даагаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би байгаа газрыг нь заалгаад яваад очтол нөхөр Ч.Б нь гудамжны үзүүр дээр ганцаараа зогсож байхаар нь очоод хувцсыг нь үзтэл куртикны ар тал нь нил цус болсон байсан. Тэгээд нөхрийнхөө хамт архи уусан гэх айлд нь очиход гэрт 4 хүн архи уугаад сууж байсан. Би уг айлын хаягийг тэмдэглэж аваад нөхрөө аваад эмнэлэг явах замдаа цагдаад дуудлага өгсөн. Нөхөр Ч.Б хэлэхдээ Д.Шын хамт Ч.Ш гэх айлд очоод архи ууж байгаад Ч.Штэй маргалдах үед хутгалсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,

Гэрч Д.Шын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Ч.Б гээд манай найз өөрийнхөө машиныг янзална гээд бид хоёр өглөө 09 цаг гэж уулзаад Ч.Бгийн машин дээр очиж машиныг нь янзалсан.Тэгээд өдөр13 цагийн бид хоёр байж байхад ******* гээд манай найз 1 шил архи авч ирсэн тэрийг бид 3 хувааж уусан. Тэгээд байж байхад Ч.Ш над руу залгаад хаана байгаа юм манай гэрт хүрээд ир ганц юм ууя гэж хэлэхээр нь би найз Ч.Б, ******* нарын хамт Ч.Шын гэрт нь очсон. Ч.Ш гэртээ ганцаараа нэг шил архи авсан байсан бид 4 тэр архийг задлаад уух гэж байхад Ч.Ш, Ч.Б хоёр хоорондоо маргалдаад барилцаад авахаар нь ******* бид хоёр салгах гээд очиход Ч.Ш хутга барьсан байсан. Тэгээд би хутгыг нь булаагаад авахад Ч.Б гэрээс нь гараад явсан. Тэгээд бид хэд архиа уугаад байж байхад гаднаас удаагүй Ч.Бгийн эхнэр нь орж ирээд та нар манай нөхрийг хутгалсан байна гэхээр нь би Ч.Ш, Ч.Б хоёр хоорондоо маргалдсан гэж хэлсэн. Ч.Шт чи Ч.Бг хутгаар хатгалцан уу гэсэн чинь биед нь ороогүй байхаа гэж байсан тэгээд удаагүй цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан. Би Ч.Бтэй маргасан зүйл байхгүй. Ч.Ш тэр хоёр л хоорондоо маргасан. Би Ч.Шыг Ч.Бг хутгалцсаныг хараагүй салгах гээд очиход л хутга барьсан байсан. Тэгээд би тэр хутгыг нь аваад шүүгээнд нь хийсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 56-57/,

Гэрч Н.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ...би гэртээ ганцаараа нэг шил архи уусан унтаж байгаад 17 цагийн үед сэрээд хажуу айлынхаа Ч.Ш гэх айлд ороход гэртээ 2 залуугийн хамт 3 лаа архи уугаад сууж байсан. Тэгээд би хамт тэр 3-тай архи уугаад сууж байхад гаднаас нэг хүүхэн орж ирээд та нар манай нөхрийг хутгалсан байна гэж хэлсэн. Тэгээд араас нь цагдаа нар орж ирээд бид нарыг аваад гараад явсан. Юу болсон гэдгийг нь би мэдэхгүй байна. Намайг байхад хэн ч маргалдаагүй зүгээр л сууж байсан намайг орохоос өмнө тийм зүйл болсон байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 60-61/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 75 дугаартай шинжээчийн...

1.Ч.Баасансүрэнгийн биед нуруунд шарх гэмтэл гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3.Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт / хх-ийн 80-81/,        

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 405 дугаартай

1.Хохирогч Ч.Бгийн биед учирсан нурууны баруун талд 7-8 дугаар хавирганы түвшин дэх шарх нь цээж, хэвлийн хөндий рүү нэвтрээгүй байна.

2.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

3.Хохирогч Ч.Бгийн биед учирсан нурууны баруун талд 7-8 дугаар хавирганы түвшин дэх хатгагдаж зүсэгдсэн шарх цээж хэвлийн хөндий рүү нэвтрээгүй, цээж, хэвлийн хөндийд сул хий, шингэн хуралдаагүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д хамаарахгүй.

4.Хохирогч Ч.Бгийн биед учирсан нурууны баруун талд 7-8 дугаар хавирганы түвшин дэх хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 75 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна... гэх дүгнэлт

-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 12/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 04-06/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 13-18/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 103/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 104/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 105/, депозит дансны хуулгууд /хх-ийн 107-110/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.Ш нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг 2-33-5 тоотод 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэн Ч.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар Ч.Бгийн нуруун тус газарт хутгаар хутгалж шарх бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ч.Шийн / хх-ийн 98-100/, хохирогч Ч.Бгийн / хх-ийн 43-46/, гэрч С.Жгийн /хх-ийн 48-49/, гэрч Д.Шын /хх-ийн 56-57/, Гэрч Н.Хийн /хх-ийн 60-61/, нарын мэдүүлгүүд, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ний өдрийн 75 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 80-81/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 405 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Ч.Шийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Ч.Ш нь хохирогч Ч.Бг нуруун тус газар хутгалсан үйлдэл нь хохирогчийн биед нь ... . биед нуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 80-81/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэрэг учрал болсон гэх өдөр хохирогч Ч.Б, шүүгдэгч Ч.Ш нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийг нуруунд хутгалсан зодсон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч Ч.Ш нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Ш нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ч.Ш нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.Ш нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ч.Бд эмчилгээний зардалд нотлох баримтгүйгээр 200000 төгрөг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Ч.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 24000000 төгрөгөөс уг гэмт хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн 100000 төгрөг, мөн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 6 удаагийн орон нутгийн зорчигч тээвэрлэж олох байсан орлого 2100000 төгрөг нийт 2200000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар/ Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан бол холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Ч.Шийн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Шт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн 24 см урттай хутгыг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгаж, шүүгдэгч Ч.Шийн эзэмшлийн ...Самсунг Нөт 4... маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч Ч.Шт буцаан олгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Шийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Шт холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Ч.Шт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

4. Хохирогч Ч.Б нь уг гэмт хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн 100000 төгрөг, мөн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 6 удаагийн орон нутгийн зорчигч тээвэрлэж олох байсан орлого 2100000 төгрөг нийт 2200000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн 24 см урттай хутгыг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгасугай.

6.Шүүгдэгч Ч.Шийн эзэмшлийн ...Самсунг Нөт 4... маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч Ч.Шт буцаан олгосугай.

7. Шүүгдэгч Ч.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Шт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА