| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2021/0254/э |
| Дугаар | 2021/ШЦТ/252 |
| Огноо | 2021-05-17 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/252
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Н.Уранбайгаль,
хохирогчийн өмгөөлөгч Б.Тэнгис,
шүүгдэгч Ө.С, түүний өмгөөлөгч Д.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Г.Ө.С-д холбогдох эрүүгийн ....... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...оны ...дүгээр сарын ...-ны өдөр ......хотод төрсөн, .... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа, хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .........
2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хан- Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр 99.2 дахь хэсэгт зааснаар 251 / хоёр зуун тавин нэг/ цаг албадан ажил хийлгэх ялаар,
2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 606 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Г.Ө.С- /РД: ........../
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ө.С нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02 цаг 20 минутын орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7- д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1.37 % согтолттой үедээ Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Нүхтийн 29 дүгээр гудамж 3-2 тоот хашааны урд замд “Авто Прайм” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота” маркийн “Приус” загварын 64-63 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч 21 настай, эмэгтэй С.А-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед хохирогч миний автомашины доогуур орсон гэж жаахан дэгсдүүлсэн гэж үзэж байна.” гэв.
Яллагдагч Ө.Сийн мэдүүлэг: ... Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн хойно гудамжаар орж зааж өгсөн газар нь очиход Уртнасан, Батцэцэг хоёр айлаас гарч ирсэн. Бид 4-лээ миний машинд сууж байхдаа архи пивоо задлаад хувааж уусан. Гансүх бид 2 архиа ихэнхийг нь уусан. ... би согтуу байсан болохоор болсон асуудлыг бүдэг бадаг санаж байгаа. Намайг Уртнасангийн хашааны гадаа очоод зогсох үед хохирогч гээд байгаа эмэгтэй хүрч ирээд хэрүүл өдөөд янз бүрийн юм яриад жолооч талын хаалганы хажууд зогсоод байсан санагдаж байна. Гэхдээ яг юу гэж хэлснийг нь санахгүй байгаа. Би тэр эмэгтэйгээс холдох санаатай хөдлөх үед машины зүүн талын толинд шүргүүлж унаж байгаа харагдсан. Би тэр үеэс хойш юу болсныг сайн санахгүй байгаа. /хх- ийн 112-113-р тал/
Хохирогч С.А- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...намайг шүргэх гээд өнгөрсөн машин манай хашааны баруун талд зогсчихсон байхаар нь тэр машины урд талын улсын дугаарыг харах гээд урд нь очих үед намайг мөргөж байсныг санаж байна тэрнээс хойш юу ч санахгүй байна. Сүүлд гэмтлийн эмнэлэгт оччихсон байснаа мэдэж байгаа. Миний биед олон хавирганы хугарал, нүдний ухархайн хана цуурсан, духны баруун хажуу хэсэг зулгаралттай, баруун гар хайрагдсан, тархи хавантай гэмтэлтэй гээд Гэмтлийн эмнэлэгт 10 хоног, Мөнгөн гүүр эмнэлэгт 12 хоног хэвтэн эмчлүүлээд гарсан. /хх-ийн 44-р тал/
Гэрч С.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...шууд мөргөөд С.А- эгчийг мөргөж унагаагаад дээгүүр нь гараад машины доогуураа чирээд явахаар нь бид 2 хажуунаас нь хүн мөргөчихлөө гэж хэлээд цонхыг нүдэж зогсоогоод машин доогуур тонгойж харахад С.А- эгч уг автомашины гол хэсэгт хажуу талаараа харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь урд хашааны хүмүүс болон хамт явж байсан хүмүүстэй хамжиж байгаад машины хойд хэсгийг өргөж байгаад татаж гаргаад Оюун-Эрдэнэ эгчийн утсаар түргэн болон цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ... тэр ах нэлээн согтуу байдалтай байсан. /хх-ийн 46-47-р тал/
Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...манай дүү удаагүй гэрт орж ирээд бид хоёр С.А- эгчийн байгаа газар руу /манай гэрээс ойрхон/ алхаад очиход С.А- эгч хашааныхаа гадаа 2 найзтайгаа хамт зогсож байсан. ... тэгээд намайг машин мөргөчихлөө мөргөсөн машин тэнд байна гээд гудамжны үзүүрт зогсож байсан хар өнгийн Тоёота Приус маркийн машиныг заасан. ... жолоочтой ярих гээд хаалганых нь хажууд очоод “чи яагаад хүн дайрчихаад зугтаадаг юм. Гэхэд жолооч нь нэлээн согтуу байсан, хуцаад бай пизда минь гэж хэлээд явах гээд байсан. Тэо үед С.А- машиныг явуулахгүй гээд хаагаад зогсоход ухас ухас хийж байснаа мөргөж унагаад ухраад дахиж урагшлаад дайраад явахад С.А- эгч машины доогуур орчихсон. Тэр жолооч машинаа зогсоогүй цаашаа чирээд хэсэг яваад зогссон. Бид нар хамжиж байгаад уг автомашины арын хэсгийг өргөж С.А- эгчийг татаж гаргасан, /хх-ийн 49-50-р тал/
Гэрч Д.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гадуур архи ууж яваад 16.00 цагийн үед танил ах С- руу залгаж дуудаад хамт гэрт нь орсон. ... С- ах машинаасаа 1 шил 0.75 литрийн савлагаатай Аураг нэртэй архи болон 1 ширхэг 2.5 литрийн савлагаатай пиво гаргаж ирээд 4-лээ машинд хувааж уучхаад нэг эмэгтэй нь тэндээ буугаад нөгөө эмэгтэйг нь ойрхон байдаг гэхээр нь хүргэж өгөх гээд явж байгаад нэг гудамжинд зогсоод байж байхад хэд хэдэн хүн ирчихсэн хүн алчихлаа ш дээ гээд намайг машинаас буух үед зодоод машинаа өргөөч ээ гээд орилолдоод байхаар нь өргөөч ээ гэж орилж байснаа санаж байна харин өргөлцөж тэр хүнийг гаргасан эсэхээ сайн санахгүй байна. /хх-ийн 52-53-р тал/
Гэрч Л.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...тэгээд шөнө /цаг анзаарч хараагүй/ 01:00 цаг өнгөрч байсан байж магадгүй эхнэр бид 2 явахаар болж С.А- бид 2-ыг гаргаж өгөхөөр хашааныхаа үүд рүү хамт яваад хашааны гадаа юм яриад зогсож байхад гудамжны баруун талаас машин ирж байгаа харагдсан. Тэр үед манай эхнэр С.А-ийг нааш нь татах шиг болохоор нь яасан бэ гэж асуухад С.А- “энэ машин намайг шүргэчихлээ” гэж хэлсэн. Тэр машин овгор шорооны цаана очоод зогсохоор нь очиж уулзахаар жолоочийн хаалганы цонхыг нь тогшиход хаалгаа нээхээр нь “чи хүн шүргэчихлээ болгоомжтой яваач” гэж хэлэхэд “би дүрмээрээ явж байна, би мэдэж байна” гээд над руу уурлаад согтуу байдалтай байхаар нь та согтуу машин бариад яваа юм биш үү цагдаа дуудаж шалгуулна гэж хэлэхэд арын цонх онгойгоод хойно эрэгтэй, эмэгтэй хоёр сууж явснаас эрэгтэй нь “чамд ямар хамаатай юм бэ гээд над руу уурлахаар нь утсаа гаргаад цагдаа дуудах гэхэд нь жолооч машинаасаа бууж ирээд над руу дайрах шинжтэй болох үед цаанаас манай найз, эхнэр хоёр хүрч ирээд намайг цааш нь болгоод “уучлаарай бид нарын буруу ингээд явцгаачихъя” гэж хэлэхэд нь жолооч нь машиндаа суугаад цаашаа яваад өгсөн. ... Би эхнэртэйгээ хамт цаана Мөнх- Эрдэнийн машины хажууд зогсож байхад гэнэт “хүн дайрчихлаа” гээд орилохоор нь гүйгээд очиход манай найз С.А- уг автомашины доогуур орчихсон жолоочийн хаалганы харалдаа доор толгой нь харагдаж байсан. ... /хх-ийн 61-62-р тал/
Гэрч А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...бид нар С.А-ийг мөргөсөн машин энэ байна гэж хэлэхийн завдалгүй С.А- машины урд очиж байгаа харагдсан хүүе гэхийн завдалгүй машин урагшаа хөдөлж С.А-ийг мөргөж унагаасан. ... бид нарын хооронд хэрүүл маргаан зодоон цохион болоогүй. Бид гурав тийм их согтоогүй гайгүй байсан. С.А-ийн хашааны гадна гэрэлтүүлэгтэй гудамжны гэрэл асаж байсан болохоор үзэгдэх орчин хэвийн байсан. ... /хх-ийн 64-65-р тал/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 974 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...С.А-ийн биед баруун 2, 3, 4-р хавирганы зөрөө ихтэй, ,5,6-р хавирганы зөрөөгүй хугарал, цээжний баруун хөндий дэх бага хэмжээний хий хуралдалт, тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, дух, баруун нүдний зовхи, шанаа, цээж, баруун гарын сарвуу, зүүн гуя, өгзөгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн зүүн доод 3-р шүдний сулрал, завжинд язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 70-72-р тал/
Шинжээч эмч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цээжний гэмтэл, хавирганы хугарал гэмтлүүд нь цээжийг дарах, шахагдах үед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, мөн, нүүр болон гар хөлийн зулгаралт цум хуралт шүдний суларал гэмтлүүд нь мохоо зүйлээр цохих, цохигдох, унах, нидрэгдэх, үрэлцэх зэргийн аль алинд нь үүсэх боломжтой юмаа. /хх-ийн 128-129-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-16-р тал/, хохирлын баримтууд /хх-23-38/, хохирогчийн өвчний түүх /хх-74-83/, Мөрдөгчийн магадлагаа: /хх-ийн 95-96-р тал/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнийн тодорхойлолт: гар утас 1 ширхэг-нийт үнэ 420.000 төгрөг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 101-106-р тал/, Өлзийжаргал овогтой С-ыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /драйгер багаж ашиглан шалгахад 1.37%/ /хх-ийн 120-р тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-122/, шийтгэх тогтоол /хх-126-127/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ө.Сд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ө.С нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02 цаг 20 минутын орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7- д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1.37 % согтолттой үедээ Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Нүхтийн 29 дүгээр гудамж 3-2 тоот хашааны урд замд “Авто Прайм” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота” маркийн “Приус” загварын 64-63 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч 21 настай, эмэгтэй С.А-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний шинжээчийн 974 тоот дүгнэлт, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-16-р тал/, хохирлын баримтууд /хх-23-38/, хохирогчийн өвчний түүх /хх-74-83/, Мөрдөгчийн магадалгаа: /хх-ийн 95-96-р тал/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож, шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Өнөржаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7- д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1.37 % согтолттой үедээ тээврийн хэрэгслийг жолоодон мөн дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж С.А-ийг мөргөж, биед баруун 2, 3, 4-р хавирганы зөрөө ихтэй, ,5,6-р хавирганы зөрөөгүй хугарал, цээжний баруун хөндий дэх бага хэмжээний хий хуралдалт, тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, дух, баруун нүдний зовхи, шанаа, цээж, баруун гарын сарвуу, зүүн гуя, өгзөгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн зүүн доод 3-р шүдний сулрал, завжинд язрал бүхий гэмтэл учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Ө.Сд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ө.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч Ө.Сын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй ба Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Хохирол төлбөрийн хувьд
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.А- нь эмчилгээнд зарцуулагдсан баримттай 3.619.222 төгрөгийг, баримтгүй 940.000 төгрөг нийт 4.559.222 төгрөг нэхэмжилсэн ба хавтас хэрэгт эмчилгээний зардалд зарцуулсан 21 ширхэг буюу 1.611.450 төгрөгийн, түлшинд зарцуулсан зардалд 8 ширхэг буюу 158.200 төгрөгийн, автомашины зогсоолд 4 ширхэг баримт буюу 4000 төгрөг, гар утасны 420.000 төгрөг гэж нийт 2.193.650 төгрөгийн баримт тус тус гаргаж өгч байжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан бөгөөд энэ нь бодит хохирлыг шаардана.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын баримтаас нотлох баримтын шаардлага хангасан 2.193.650 төгрөгийг хангаж, хавтаст хэргийн 30-34-р талд авагдсан нийт 534.012 төгрөгийн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй /хохирогч өөртөө зарцуулсан, хэрэглэсэн талаар тодорхой баримтгүй/ учир хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 1.620.000 төгрөгийг хохирогчид төлсөн болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Саас 573.650 төгрөгийг гаргуулж хохирогч С.А- олгох нь зүйтэй байна.
Хохирогч нь цаашид гаргах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй.
Хууль зүйн туслалцаа авсан өмгөөллийн хөлсний хувьд Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 2.6.6 дахь хэсэгт “...насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр... гэж зохицуулсан бөгөөд хохирогчийн биеийн байцаалт, мэдүүлэгт авагдсан хувийн мэдээллээр насанд хүрсэн болох нь тогтоогдож байна.
Иймд өмгөөлөгчийн хөлс болох нийт 700.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн Ө.Сын №........ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г.Ө.С-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар Өлзийжаргалын С-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Сд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ө.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Ө.Сын №.......... дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх зэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Саас 573.650 төгрөгийг гаргуулж хохирогч С.А- олгосугай.
7. Хохирогчийн өмгөөллийн хөлсөнд 700.000 /долоон зуун мянга/ төгрөг, нотлох баримтын шаардлага хангаагүй нийт 534.012 төгрөгийн баримтуудыг хэрэгсэхгүй болгосугай.
8. Хохирогч нь цаашид гаргах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Ө.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ