Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/253

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,

улсын яллагч Б.Гүнсэл,

хохирогч Ч.Л-

шүүгдэгч Г.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Ц.Г.Б-од холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...ны өдөр ... төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамтаар ........... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Ц.Г.Б- /РД:......./,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г.Б- нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, иргэн Т.О-ийг сургуульд оруулж өгнө гэж иргэн Ч.Л-агаас Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан цамхагт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкнаас 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 2.150.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 2.500.000 төгрөгийн Хаан банкны 5070261849 дугаарын данаар шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

Яллагдагчаар Г.Б- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Ч.Л-агийн охин Т.О-ийг сургуульд оруулж өгнө гэж мөнгө авсан. Тухай үед авсан мөнгөө өөрийн хэрэгцээнд зарцуулсан...” гэжээ /хх-ийн 65-р тал/

 

Хохирогч Ч.Л-а шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч нь надад танай хүүхдэд диплом авч өгнө гэж хэлэн анх мөнгө авсан бөгөөд сургуульд оруулж өгөөгүй. Одоо үлдэгдэл хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. Шүүгдэгч 5,000,000 төгрөгийн хохирол барагдуулсан Одоо үлдэгдэл 1,500,000 төгрөг дутуу байгаа” гэв

 

Гэрч Т.О- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Г.Б- гэх хүн манай Тэшүүгийн холбооны нарийн бичиг байсан. Ингээд манай ээж намайг тэмцээнд ороод ЕЭШ-ийн шалгалт өгч чадаагүй юм, одоо их сургуульд оруулмаар байна гэхэд Г.Б- гэх хүн мөнгөөр МУБИС-ийн тэшүүрийн багш, дасгалжуулагч мэргэжлээр 4 жил сурах ёстой, 2 жилээр төгсгөөд өгье мөнгийг өгчих гэж хэлсэн...” гэжээ /хх-ийн 23-р тал/

 

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-13-15-р тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа бусад хх-43, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас хх-41 зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.Б-од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Б- нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, иргэн Т.О-ийг сургуульд оруулж өгнө гэж иргэн Ч.Л-агаас Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан цамхагт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкнаас 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 2.150.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 2.500.000 төгрөгийн Хаан банкны 5070261849 дугаарын данаар шилжүүлэн авч, залилсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-13-15-р тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Б-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Б-од хуурч мэхлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад үлэмж хэмжээний хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Б-од нийтэд тустай ажил хийлгэх ялаас ноцтойгоор зайлсхийвэл найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн хувьд     

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Л-ад 7.150.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 5.000.000 төгрөгийг хохирогчид төлсөн гэснийг хохирогч нь үгүйсгээгүй бөгөөд хохирол төлбөр төлсөн болох нь тогтоогдож байна.

Иймд шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-оос 1.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Л-ад олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2110000770176 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Г.Б-ыг хуурч мэхлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдыг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-од 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Б-од нийтэд тустай ажил хийлгэх ялаас ноцтойгоор зайлсхийвэл найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-оос 1.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Л-ад олгосугай. 

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ