| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00608/И |
| Дугаар | 00608 |
| Огноо | 2017-06-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 00608
| 2017 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 155/ШШ2017/00608 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 1 дүгээр багт оршин суух, РС64053103 дугаар регистртэй, эмэгтэй, Мянган овогт Пүрэвжавын Батсайханы
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2017/00586/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Батсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1981 онд 8 дугаар анги төгсөөд мал аж ахуйд мал маллах болсон. Тус аймгийн Цэцэрлэг сумын 1 дүгээр бригадад малчнаар 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тасралтгүй ажиллаж ирсэн. Тэр үед миний цалин хөлсийг аав, ээжийн нэр дээр бичиж ирсэн байдаг ба мөн гэр бүлтэй болсноос хойш нөхөр Ц.Баярлахын нэр дээр бичиж тэмдэглэж ирснээс миний бие ажилласан жилээрээ хохироод байна. Иймд 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус аймгийн Цэцэрлэг сумын “Энх амьдрал” нэгдлийн 1 дүгээр бригадад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1969 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, өмгөөлөгч ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 22 дугаар байрны 109 тоотод оршин суух, РЭ69071111 дугаар регистртэй, Барнууд овогт Цэвэгдоржийн Баасанбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 1981 онд 8 дугаар анги төгсөх үедээ 16 настай байсан. Тухайн үедээ нэгдлийн гишүүн болж илгээлтээр мал маллахаар хөдөө гарсан бөгөөд ажил хийж байх үедээ аав, ээжийнхээ нэр дээр цалин авч ажиллаж байсан байдаг. Эцэг, эх болон гэр бүлийн хүний хамт хоньчин, саальчнаар ажиллаж байсан. Мөн нэгдлийн албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж цалин хөлсний бичилт нь дутуу бичигдэж, үрэгдэж алга болсноос ажиллаж байсан байдал нь бүрэн тооцогдохгүй байгаа юм. Тиймээс 1990 оноос хойшхи 10 жилийн ажиллаж байсан байдлыг улсаас нөхөн тооцсон байдаг. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл өмнөх ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд шүүхэд ирүүлсэн баримтуудыг үндэслээд нэхэмжлэгч П.Батсайханы Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх амьдрал” нэгдэлд 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
П.Батсайхан нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч П.Батсайхан Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх амьдрал” нэгдэлд 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар,
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн П.Батсайханы 1981 оны 8 дугаар сар, 1986 оны 10 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,
Гэрч Б.Сэрээтэргочоогийн “...П.Батсайхан нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх амьдрал” нэгдэлд 1981 оны 08 сараас 1989 оныг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар... тасрахгүй ажиллаж байсан... 1982 оноос 1985 онд малчнаар ажиллаж байсан нь үнэн. Яагаад цалин хөлсөө бичүүлээгүй талаар мэдэхгүй байна...тэр үед 8-р анги төгсдөг байсан, тэгээд л мал дээр гарсан байх учиртай... мал маллаж байхдаа гэр бүл болсон. Бид найр хуримд нь очиж л байсан. Цэвээндоржийн Баярлах гэж хүнтэй гэр бүл болсон... би “Энх-Амьдрал” нэгдэлд 1962 оноос 1990 он хүртэл хугацаанд мал маллаж, сааль сааж байсан... хөдөлмөрийн дэвтэр хувьчлалаар тарах үед алга болсон байсан. Захиргаанд л байдаг байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Төмөрийн “...П.Батсайхан 1981 онд 8 дугаар анги төгсөөд илгээлт аван Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх амьдрал” нэгдэлд 1981 оны 08 сараас 1989 оныг дуустал хугацаад хоньчин, саальчнаар... тасрахгүй ажиллаж байсан... 1982 оноос 1985 онд, 1986 онд тасрахгүй ажиллаж байсан нь үнэн. 1985 онд Баярлах гэж хүнтэй гэр бүл болсон юм. 1986 онд том хүүхэд нь төрсөн байх, яагаад тасарч бичигдсэн талаар мэдэхгүй юм... П.Батсайхан тэр үед 8-р анги төгссөн. Би 1980 оноос 1987 он хүртэл тус сумын Эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Илгээлтийн эздийг хариуцан илгээлт өгөн мал дээр гаргадаг ажилтай байсан. 1988 оноос 1990 он хүртэл “Энх амьдрал” нэгдлийн боловсон хүчний эрхлэгч, 1990 оноос 2000 онд Засаг даргын тамгын газрын түшмэл хийж байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
П.Батсайханы ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Тус аймгийн Цэцэрлэг сумын “Энх амьдрал” нэгдлийн боловсон хүчинтэй холбогдох буюу Б тушаал манай архивт шилжиж ирээгүй тул П.Батсайханд холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх бичилттэй 10/305 дугаартай тодорхойлолт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Мянган овогт Пүрэвжавын Батсайханы Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх амьдрал” нэгдэлд 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА