Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/87

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч Н.Ё, түүний өмгөөлөгч Э.Д,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Н-ын Ё-д холбогдох 2028002220078 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, 13-159б тоотод оршин суух, Б овгийн Н-ын Ё, регистрийн дугаар УУ 90022798,   

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Н.Ё нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Ш.Т-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж, өшиглөж халдан, зүүн шанаа, зүүн нүдний орчмын зөөлөн эд, хамрын уг, 2 гарын бугалганы зөөлөн эд, цээжний зүүн урд хэсэг, зүүн гуяны гадна хэсгүүдийн няцралт, нурууны гол, зүүн мөрний дээд хэсгүүдийн шалбаралт, доод талын 2 үүдэн шүд унасан, нэг үүдэн шүд углуургаараа 3 тийш ганхсан хөдөлгөөнтэй болсон гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.Ё-г яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Ё шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Ш.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 08 дугаар сарын 10-ны үед найзтайгаа 1 шил архи хувааж уучхаад Даланзадгад сумын төвд байр “Аз” барилгын материалын дэлгүүрийн гадаа хүргүүлээд буусан. Би тэндээсээ Шүүхийн шийдвэрийн урд талын хашаанд байх ангийн найзындаа очихоор явж байх замд буюу 90 ортой эмнэлгийн зүүн хойд талд баригдаж буй барилгын араар нь тойроод урагшаа гараад явж байтал хашааны гадаа 2 нөхөр зогсож байснаа нэг нь надаас тамхилаач гэж асуусан. Би эргэж хараад зогсоход тэр хоёрын намхан шар залуу нь хүрч ирээд надаас тамхи авсан. Би энэ юун барилга юм бэ гэсэн чинь цаанаас нь бас нэг намхан бор залуу ирээд /сүүлд нэрийг нь мэдсэн Ё гэх залуу байсан/ надтай юм ярьж байгаад танд ямар хамаатай юм, яв зайл гэж хөөсөн. Маргалдаж байгаад тэр бор залуу нь миний зүүн хөл рүү өшиглөөд газар унагаад дээрээс нүдэж зодсон. Ноцолдоод байж байхад нь цагдаагийн машин ирээд бид нарыг авч явж эрүүлжүүлсэн. Тухайн үед би архи уучихсан согтуу байсан. Одоо бас нэлээдгүй хугацаа өнгөрчихсөн учраас болсон зүйлүүдийг хойно урд нь оруулаад мартаж санах асуудал байна. Урьд нь миний өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв ярьсан зүйлүүд байгаа... Тухайн үед намайг өшиглөөд газар унах үед дээрээс нүүр нүдгүй зодож эхэлсэн. Яг тэр үед цаанаас нь 2 хүн гүйж ирж байгаа харагдсан. Тэр хоёрыг би ирээд намайг зодчихлоо гэж ойлгосон. Гэтэл тэр хоёр нь ирээд салгасан юм билээ. Би яг намайг олуулаа ирээд тойроод өшиглөөд цохиод байхыг хараагүй. Би нүүрээ дараад доошоо хараад хэвтсэн байсан учраас хараагүй... Миний нүд, зүүн хөл, хамар, хөхөрч гэмтсэн. Мөн нуруу орчим шалбарсан байсан. Дээр нь 2 шүд унасан. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа... Би хүний мууг үзэх гээд яахав хэрэг төвгийг нь хаачхаж болохгүй юм болов уу гэж бодож байгаа. Надад ямар нэг санал гомдол байхгүй. Мөн нэхэмжлэх зүйл байхгүй... Би Ё гэх хүнд зодуулж гэмтсэн. Тэгж зодуулсны улмаас миний 2 шүд хугарч унасан. Түүний төлбөр гэж би 1 сая төгрөг нэхэмжилсэн. Түүнийг Ё надад өгсөн тул одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй. Баримт гэх зүйл байхгүй. Би хиймэл шүд хийлгэчихсэн байгаа.” /хавтаст хэргийн 20-21, 24 дүгээр хуудас/

Гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Ё-той хамт Д дэлгүүрээс тамхи аваад гараад явж байхад дэлгүүрийн хойд талд модны сүүдэрт нэг хүн сууж байхаар нь бид хоёр хажуугаар нь өнгөрөөд явахад хоёр бандиа тамхи байна уу гэхээр нь байхгүй гэж хэлчхээд цааш явсан чинь араас тоосго шидсэн чинь Ё очиж яаж байна та хүн алах гэж байна шүү дээ гээд хоорондоо зууралдаж газар унасан. Зууралдаад газар унахдаа нөгөө хүн доор нь ороод унасан. Тэгэхээр нь би очиж салгаад байж байхад манай бригадын дарга ирээд байрандаа ор гээд загнаад байж байхад цагдаагийн машин ирээд нөгөө хүнийг, Ё бид хоёртой хамт авч явсан... Т Ё-той зууралдаж байхдаа нүүрэнд нь цохих шиг болсон. Ё-гоос асуухад дээд талын үүдэн шүдэнд хөдөлгөөн орчихсон байна гэж байсан. Ё болон бас нэг залуугийн хамт амрах гэртээ нэг 0,5 литрийн Хараа нэртэй архи ууцгаачхаад Ё-той хамт Д дэлгүүрээс тамхи авчхаад буцаад явж байсан. Би тухайн хүний бие эрх чөлөөнд халдсан зүйл байхгүй. Ёг тухайн хүнтэй зууралдаад газар унаад босоход нь би салгасан. Тэгэхэд манай бригадын дарга Л ирсэн. Өөр хүн байгаагүй.” /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/

Гэрч Д.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд барилга барихаар 8 хүн авч очоод эмнэлгийн ард 5 давхар зочид буудлын барилга барьж эхлүүлээд 10 сард Улаанбаатар хотод буцаж орсон гэхээр 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байсан. Би тухайн өдөр барилгын хашаан дотор өдрийн хоолны цагаар буюу 13 цагаас 13 цаг 30 минутын хооронд гэртээ байж байтал манай төрсөн дүү Д.О, мөн манайд ажиллаж байсан залуу Энхтайван хоёр гэр рүү орж ирээд гадаа манай ажлын Да, Ё ах хоёр нутгийн нэг хүнтэй зодолдоод байна гэж хэлсэн. Би хашаанаас гүйгээд гарсан чинь Да Ё-г чирээд хашаа руу алхаж байсан. Тэгсэн цаана нь нэг 50 гаран насны хүн траншейны таган дээр сууж байсан. Би тэр хүн дээр нь очоод та яасан бэ юу болов гэсэн чинь чамд ямар хамаатай юм п... минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би буцаад хашаа руу алхаад орох гэж байтал цагдаа ирээд Д, Ё, цаана сууж байсан нутгийн ах гурвыг аваад явсан. Маргааш өдөр нь нөгөө хоёр эрүүлжүүлэгдээд ирсэн. Би юу болсон юм гээд Ёг загнасан. Тэгсэн чинь тэр хүн чинь явж байтал араас тоосго шидсэн тэгэхээр нь маргалдсан юм гэж л хэлсэн.” /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/

Шүүгдэгч Н.Ё мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 08 дугаар сарын эхээр Өмнөговь аймагт барилга дээр арматур зангидах хүн ажилд авна гэсэн зарын дагуу утсаар нь нэг хүнтэй холбогдоод /сүүлд нэрийг нь мэдсэн Л гэж хүнтэй хамт/ Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ирсэн. Би эндхийн хүн биш учраас баригдаж байгаа барилгыг хаана байдаг талаар хаягаар нь зааж мэдэхгүй байна. Уг барилга дээр ажиллаж байгаад 7 хоноод буюу 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр цалингаа авсан. Цуг ажиллаж байсан, би одоо нэрийг нь санахгүй байна. Махлаг шар ах хүү байсан. Тэр хүнтэй хамт 1 шил 0,75 литрийн архи хувааж уусан. Нөгөө махлаг ахтай хамт хоёулаа уг барилгын урд талд байдаг Д дэлгүүр рүү тамхинд явсан. Тамхиа авчхаад буцаад барилга руугаа орохоор явж байсан чинь одоо хохирогч гээд байгаа ах таарсан. Тэгээд юм асуусан. Би одоо яг юу асуусан талаар санахгүй байна. Би байхгүй гэж хэлчхээд цаашаа явсан чинь яг миний ард тас гээд явчихсан. Харсан чинь тоосго шидсэн байсан. Би та хүн алах нь уу гэсэн чинь нөгөө ах та нар хаанахын хүмүүс юм гээд намайг бариад авсан би ч зөрүүлээд барилцсан. Хоёулаа зууралдаад ноцолдоод хэд хэдэн удаа цохиж уг хүнийг гэмтээсэн. Би одоо яг тэнд энд нь тэгж цохиод ингэж цохиод гэмтээсэн гэдгээ сайн санахгүй байна. Ямар ч байсан би уг хүнийг зодож гэмтэл учруулсан нь үнэн. Тэгээд байж байхад надтай хамт явж байсан махлаг шар ах бид хоёрыг ирж салгасан. Тэгээд байж байтал манай захирал Л ирсэн, мөн цагдаа ирж таарсан. Хохирогч болон махлаг шар ах бид гурвыг эрүүлжүүлэхэд хийсэн. Ингээд маргааш нь мэдүүлэг өгчхөөд эхнэрийн бие өвдөөд би байцаагчдаа хэлэхгүйгээр хот руу гэр рүүгээ яваад өгсөн. Манай эхнэр тухайн үед жирэмсэн байсан. Тэгээд аргагүй мөнгөний хэрэг гараад би мөнгө олох шаардлагатай болоод самарт явсан. Самарт явж ирээд хотод барилгын туслах ажил гэх зэрэг ажил хийгээд Өмнөговь аймгийн цагдаа дээр очоогүй байж байтал сая хотод цагдаагаас хүмүүс ирээд би энд ирсэн... Махлаг шар ах Тийн бие эрх чөлөөнд нь халдаагүй. Би л ганцаараа зодчихсон юм. Тэр ах харин бид хоёрыг салгасан. Тэр үед яг эргүүлийн цагдаа ирж таараад эрүүлжүүлэхэд оруулсан... Би ийм асуудал гаргасандаа гэмшиж байна. Хохирогчийн хохирлыг нь барагдуулсан. Хэргээ хурдан шийдвэрлүүлмээр байна.” /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 454 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Ш.Т-ийн биед зүүн шанаа, зүүн нүдний орчмын зөөлөн эд, хамрын уг, 2 гарын бугалганы зөөлөн эд, цээжний зүүн урд хэсэг, зүүн гуяны гадна хэсгүүдийн няцралт, нурууны гол, зүүн мөрний дээд хэсгүүдийн шалбаралт, доод талын 2 үүдэн шүд унасан, нэг үүдэн шүд углуургаараа 3 тийш ганхсан хөдөлгөөнтэй болсон гэмтлүүдтэй байна. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ш.Т-ийн биед учирсан гэмтлүүд нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, 3 шүд унасан гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг 10 хувиар алдагдуулах, бусад гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Ш.Т-ийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/

Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/   

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 53, 80-81 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч Н.Ё-гоос өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Ё-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Н.Ё нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Ш.Т-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж, өшиглөж халдан, зүүн шанаа, зүүн нүдний орчмын зөөлөн эд, хамрын уг, 2 гарын бугалганы зөөлөн эд, цээжний зүүн урд хэсэг, зүүн гуяны гадна хэсгүүдийн няцралт, нурууны гол, зүүн мөрний дээд хэсгүүдийн шалбаралт, доод талын 2 үүдэн шүд унасан, нэг үүдэн шүд углуургаараа 3 тийш ганхсан хөдөлгөөнтэй болсон гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч Ш.Т-ийн “...Шүүхийн шийдвэрийн урд талын хашаанд байх ангийн найзындаа очихоор явж байх замд буюу 90 ортой эмнэлгийн зүүн хойд талд баригдаж буй барилгын араар нь тойроод урагшаа гараад явж байтал хашааны гадаа 2 нөхөр зогсож байснаа нэг нь надаас тамхилаач гэж асуусан. Би эргэж хараад зогсоход тэр хоёрын намхан шар залуу нь хүрч ирээд надаас тамхи авсан. Би энэ юун барилга юм бэ гэсэн чинь цаанаас нь бас нэг намхан бор залуу ирээд /сүүлд нэрийг нь мэдсэн Ё гэх залуу байсан/ надтай юм ярьж байгаад танд ямар хамаатай юм, яв зайл гэж хөөсөн. Маргалдаж байгаад тэр бор залуу нь миний зүүн хөл рүү өшиглөөд газар унагаад дээрээс нүдэж зодсон. Ноцолдоод байж байхад нь цагдаагийн машин ирээд бид нарыг авч явж эрүүлжүүлсэн. Тухайн үед би архи уучихсан согтуу байсан. Миний нүд, зүүн хөл, хамар, хөхөрч гэмтсэн. Мөн нуруу орчим шалбарсан байсан. Дээр нь 2 шүд унасан.” /хавтаст хэргийн 20-21, 24 дүгээр хуудас/,

гэрч Ц.Да-гийн “...2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Ё-той хамт Д дэлгүүрээс тамхи аваад гараад явж байхад дэлгүүрийн хойд талд модны сүүдэрт нэг хүн сууж байхаар нь бид хоёр хажуугаар нь өнгөрөөд явахад хоёр бандиа тамхи байна уу гэхээр нь байхгүй гэж хэлчхээд цааш явсан чинь араас тоосго шидсэн чинь Ё очиж яаж байна та хүн алах гэж байна шүү дээ гээд хоорондоо зууралдаж газар унасан. Зууралдаад газар унахдаа нөгөө хүн доор нь ороод унасан. Тэгэхээр нь би очиж салгаад байж байхад манай бригадын дарга ирээд байрандаа ор гээд загнаад байж байхад цагдаагийн машин ирээд нөгөө хүнийг, Ё бид хоёртой хамт авч явсан...” /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

гэрч Д.Л-гийн “...Би 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд барилга барихаар 8 хүн авч очоод эмнэлгийн ард 5 давхар зочид буудлын барилга барьж эхлүүлээд 10 сард Улаанбаатар хотод буцаж орсон гэхээр 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байсан. Би тухайн өдөр барилгын хашаан дотор өдрийн хоолны цагаар буюу 13 цагаас 13 цаг 30 минутын хооронд гэртээ байж байтал манай төрсөн дүү Д.О, мөн манайд ажиллаж байсан залуу Энхтайван хоёр гэр рүү орж ирээд гадаа манай ажлын Да, Ё ах хоёр нутгийн нэг хүнтэй зодолдоод байна гэж хэлсэн. Би хашаанаас гүйгээд гарсан чинь Да Ё-г чирээд хашаа руу алхаж байсан. Тэгсэн цаана нь нэг 50 гаран насны хүн траншейны тагтан дээр сууж байсан. Би тэр хүн дээр нь очоод та яасан бэ юу болов гэсэн чинь чамд ямар хамаатай юм п... минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би буцаад хашаа руу алхаад орох гэж байтал цагдаа ирээд Да, Ё, цаана сууж байсан нутгийн ах гурвыг аваад явсан. Маргааш өдөр нь нөгөө хоёр эрүүлжүүлэгдээд ирсэн. Би юу болсон юм гээд Ёг жоохон загнасан. Тэгсэн чинь тэр хүн чинь явж байтал араас тоосго шидсэн тэгэхээр нь маргалдсан юм гэж л хэлсэн.” /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 454 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Ё нь мөрдөн байцаалтын шат болон прокурорын хяналтын шатанд өөрийн холбогдсон гэмт хэргийг ойлгосон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, прокуророос санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрсөн боловч шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байна гэж үзлээ.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн ...хамаарна.” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

Ийнхүү дээрх хуульд заасны дагуу ялыг өршөөн хэлтрүүлэхэд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх шаардлагыг тавьсан байна.

Шүүгдэгч Н.Ё нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан өршөөн хэлтрүүлэхгүй байхаар зохицуулсан 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 дугаар зүйлүүдэд тусгагдсан гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд ороогүй гэж үзлээ.

Түүнчлэн шүүгдэгчийн хувьд гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Т-т учруулсан 1,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогчийн прокурорт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байх тул хуульд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэв.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд хууль хэрэглэх журмыг зохицуулж, уг зүйлийн 12.8 дахь хэсэгт “энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.

Шүүх 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тул дээрх хууль хэрэглэх журмыг баримтлан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.Ёд холбогдох эрүүгийн 2028002220078 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Ё нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ш.Т-т 1,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Ё-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Н-ын Ё-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ё-д холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Н.Ё нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ш.Т-т 1,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шүүгдэгч Н.Ё-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Ё-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг мэдэгдсүгэй. 

 

 

                    

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ