Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/88

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Э.Дөлгөөн,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,       

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Ту-ийн Н-т холбогдох 2028000300070 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Булган суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бага боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1 дүгээр баг, Гурвансайханы 11-33 тоотод оршин суух, Т овгийн Ту-ийн Н, регистрийн дугаар КВ 79021806,  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Т.Н нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн үед Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Уламжлалт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгээд гарахдаа Л.Ө-ын эзэмшлийн “Самсунг жи-6 плас” загварын гар утас, гар утасны гэрэнд байсан иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэх зэрэг эд зүйл хулгайлж виза картнаас 350,500 төгрөгийг гарган авч нийт 736,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.Н-ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Л.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 311 тоот өрөөнд уламжлалт бариа засал хийлгэж байгаад өөрийн “Самсунг жи-6 плас” загварын гар утас, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, хаан банкны картаа өрөөний гол хэсэгт байх ширээн дээр тавьж орхиод мартаад гараад ирсэн байсан. Би эргээд 30 орчим минутын дараа очиж 311 тоотын эмчээс асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Тухайн эмчийн утсаар залгаж үзэхэд хаачихсан байсан. Миний хаан банкны картны нууц код миний төрсөн өдрөөр буюу 0402 гэж тохируулсан байсан. Миний бичиг баримтаас харж байгаад таамгаар хийж картнаас мөнгө авсан байх боломжтой. Би өөрийнхөө бичиг баримтыг хаячихлаа олсон хүнд шагналтай гэж фейсбүүк орчинд 2 удаа зар тавиад сураг гараагүй... Би “Самсунг жи-6 плас” загварын гар утсаа Улаанбаатар хотын мобикомын теди төвөөс 1 жилийн өмнө 1 сая төгрөгөөр лизингээр авч байсан. Би дэлгэцэн дээр нь хурууны хээгээр нээгддэг байсан. Мөн 0000 гэсэн кодоор нээж, унтраадаг байсан. 99174361, 89674361 дугаартай, 2 сим карттай утас байсан. Хаан банкны дансанд нийт 1 сая төгрөг байснаас 350,000 төгрөгийг нь авсан байсан. Миний данснаас мөнгө авахаар нь би картаа идэвхгүй болгочихсон. Буруутай этгээдийг олж хохирлоо барагдуулж авахыг хүсэж байна... Тухайн үед би ширээн дээр тавьсан гэж бодож байгаа боловч яг хаана тавьснаа санахгүй байна. Олон удаа эмчилгээ хийлгэж байсан болохоор аль ойр байгаа ор болон ширээ, сандал дээр утсаа тавьдаг байсан. Надтай хамт ихэр хүүхэдтэй эмэгтэй, нэг 50 гаран настай эмэгтэй, нэг эрэгтэй хүн байж байгаад эмчилгээ хийлгээд гарсан... 2020 оны 03 дугаар сард байх таньдаг хүн утсаар яриад таны бичиг баримтыг хүн олоод фейсбүүк дээр тавьсан байна гэхээр нь утасны дугаарыг нь олоод ярьж байгаад уулзаж иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхээ авсан. Тухайн залуутай уулзахдаа асуухад худалдааны төв хавиас олсон гэж хэлсэн. Би тухайн үед эд зүйлээ алдчихаад фейсбүүк зар дээр зар тавьсан байсан. Виза картаа олоогүй. Олсон бичиг баримтаа үзүүлж болно... Би гар утас, бичиг баримт, бэлэн мөнгө алдсан асуудалд орсон бөгөөд би бэлнээр алдагдсан 350,000 төгрөг, гар утасны үнэ болох 350,000 төгрөг, нийт 700,000 төгрөгийг өөрийн дансаараа хүлээн авсан. Би хохирлоо төлүүлэн авсан учраас одоо санал хүсэлт байхгүй. Үнэлгээтэй танилцлаа санал хүсэлт байхгүй. Би жолооны, иргэний үнэмлэх зэргийг тухайн үед нь олсон, мөн виза картаа дахин авчихсан учраас энэ мөнгийг нэхэмжлэхгүй. Би үнэлгээгээр нь мөнгийг нь буруутай хүнээс авчихсан учраас тэр гар утсыг буцааж авахгүй. Санал хүсэлт гомдол байхгүй.” /хавтаст хэргийн 27-29, 30-31, 36 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч О.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай хадам эх Н-ын төрсөн өдөр 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр болсон. Төрсөн өдрөөр нь гар утас авч өгөх талаар нөхөр У-тай ярилцаж тохироод найз О-тай фейсбүүк чатаар холбогдоод гайгүй хэрэглэсэн гар утас байна уу гэхэд 2 ширхэг гар утас байна ирээд үзэж байгаад ав гэхээр нь найзын ажлын газар болох Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд байрлах “Бишрэлт” төвийн байранд байдаг ломбардад очсон. Очиход 2 ширхэг гар утас үзүүлэхээр нь хар өнгөтэй, Samsung гэсэн бичигтэй гар утсыг 300,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр өдрөө хадам эхэд бэлэглэсэн. Гар утсыг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр худалдаж авсан. Би хадам дүү Н-тэй хамт явсан. Тооцоог бэлэн мөнгөөр би хийсэн. Би өөрөөсөө мөнгө гаргаж худалдаж авсан миний мөнгө байсан. Хар өнгөтэй, ар талдаа Samsung гэсэн бичигтэй, ар талдаа 2 ширхэг камертай, 1 ширхэг гэрэлтэй, 2 хажуу талдаа 3 ширхэг товчлууртай, 2 ширхэг сим ордог гар утас байсан. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр авахад шинэвтэр утас байсан... Цагдаагийн байгууллагад хураалгасан гар утсыг авч эхдээ хэрэглүүлэх хүсэлтэй байна. Нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/

Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд уламжлалт эмчилгээний сувилагчаар ажиллаж байсан. 2020 оны 08 дугаар сарын сүүлээр суралцах шалтгаанаар ажлаасаа гарсан... Ө гэдэг хүн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цаг өнгөрч байх үед ирж шарлага хийлгэж бумба тавиулсан. Хамт эрүүл мэндийн газрын дарга байсан Ө, халдвартын эмч байсан М, эмчилгээ хийлгэж байсан бага насны хүүхдийн ээж, Н гээд эмээ нар нь байсан. Ээжийнх нь нэрийг санахгүй байна. Ө гуайг гарсны дараа Ө эмч, М эмч нар цувраад гарсан. Би шарлага хийлгэж байсан хүүхдийн шарлагын аппаратыг салгаж өгчхөөд эмчилгээний өрөөнөөс ажлаар гарахад Н гуай, охин нь мөн шарлага хийлгэж дууссан хүүхэд 3 үлдсэн. Удалгүй эргээд өрөөндөө орох гээд явж байхад 3 давхрын шатан дээр Н гуай, охин нь, бага насны хүүхэд гуравтай таарсан. Ө гуайг эмчилгээний өрөөнд эд зүйл үлдээгээд гарсныг анзаараагүй. Эмчилгээ хийлгэж дуусаад яваад удалгүй ойролцоогоор 30 орчим минутын дараа эргэж ирээд миний гар утсыг харсан уу, ширээн дээр утас байсан уу гэж асуусан. Би мэдэхгүй гэж хэлсэн. Ө гуайг эргэж ирээд надтай уулзахад эмчилгээний өрөөнд надаас өөр хүн байгаагүй, эмчлүүлж байсан иргэд явсан байсан. 310 дугаартай эмчилгээний өрөө миний өрөө байсан. 311 дугаартай өрөө нь лабораторийн өрөө болохоор уламжлалт эмчилгээнд хамааралгүй. Ө гуай өрөөнийхөө дугаарыг андуурч хэлсэн байсан. Ө гуай эмчилгээ хийлгэж байхдаа гар утсаа ашиглаагүй байх. Эмчилгээ хийлгэж байх хугацаанд гар утас ашиглахыг хориглодог. Н манай эмнэлэгт үйлчлэгчээр ажилд ороод удалгүй ажлаасаа гарсан...” /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/

Гэрч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг 2020 оны 01 дүгээр сарын эхээр ажлаа хийж байхад Ө гуай үйлчлүүлэх гэж ирэхдээ эмнэлэг дээр үзүүлж явж байхдаа бичиг баримтаа гээгдүүлсэн талаар хэлж байсан. Ойролцоогоор 20 орчим хоногийн дараа найз С.М-тай фейсбүүк чатаар дүрсээ харж ярьж байхад нэг бичиг баримт олсон талаар хэлээд дүрсээр зургийг нь харуулахад Ө гуайн бичиг баримт байсан. Би найздаа наад хүнийг чинь таньдаг хүн байна чамайг холбуулж өгье гээд Ө гуайд найзынхаа утасны дугаарыг өгсөн.” /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/

Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би загварыг нь мэдэхгүй байна. Ар талдаа Samsung гэсэн бичигтэй хар өнгөтэй утас хэрэглэж байгаа. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр манай хүүхдүүд төрсөн өдрөөр надад бэлэглэсэн. Шинэ, хуучин байсан эсэхийг санахгүй байна. Ямар ч байсан бэлэгний уутаар боосон байсан. Надаас өөр хүн миний гар утсыг ашиглаагүй. Би гар утсаа анх аваад 89162799, 99578149 дугаарыг хийж ашигласан. Надад гар утас бэлэглэсэн гэх иргэд нь манай хүүхдүүд байгаа юм. Н.У Өмнөговь аймаг Даланзадгад сум 6 дугаар баг Их-Уулд байдаг. Хаягийг нь мэдэхгүй байна. 88049866, Н.Б хамт амьдарч байгаа 88055450, охин Н Улаанбаатар хотод амьдардаг 99120570 дугаарын утастай. Миний ашиглаж байгаа гэх утас хар өнгөтэй, урд талын дээд талд 1 ширхэг камертай, 2 хажуу талдаа нийт 3 товчлууртай, ар талын дээд хэсэгт 2 ширхэг камертай, Samsung гэсэн бичигтэй, ар талын баруун доод буланд будаг нь халцарсан, доод талдаа цэнэглэгчтэй 1 ширхэг, чихэвчний 1 ширхэг оролттой утас байгаа. Би гар утсаа буцааж авах саналтай байна. Манай хүүхдүүд бэлгэнд өгөөд түүнээс хойш байнга ашигласан болохоор надад хэрэгтэй бүх мэдээлэл, зурагнууд байгаа. Өөр санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/

Гэрч Э.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд “Бишрэлт” төвд гар утас барьцаалан зээлдүүлэх ажлыг хувиараа хийж байсан. Хулантай найз. Хулан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр надаас “Жи-6 плас” загварын гар утас худалдаж авсан. Хэдэн төгрөгөөр худалдсан гэдгээ санахгүй байна. Х эмэгтэй дүүтэйгээ хамт явж байсан. Бэлнээр тооцоо хийсэн шиг санагдаж байна. Барьцаанд авсан эд зүйлийн бүртгэлээс харахад 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Ту-ийн Н гэдэг эмэгтэй хүн 100,000 төгрөгийн барьцаанд тавьсан байна. Манай барьцаалдан зээлдүүлэх газрын журамд тухайн иргэн бараа барьцаанд тавьснаас хойш 7 хоногийн дотор бараагаа аваагүй болон хугацааг сунгуулаагүй тохиолдолд иргэний гар утас руу залгаж хугацаа дуусаж байгааг сануулж хэлдэг. Тэгээд барааны сунгалтаа хийхгүй 2 хоног хэтрүүлсэн тохиолдолд тухайн барааг худалдаалдаг. Н гэдэг хүн ирж сунгалтаа хийгээгүй учраас гар утсыг худалдсан. Н 80487198 дугаарын утас, КВ79021806 регистрийн дугаар бүртгүүлсэн байна. Хуланд худалдсан гар утас хар өнгөтэй, ар талдаа Samsung гэсэн бичигтэй, гадна талдаа гэргүй утас байсан... Надад хохирол учраагүй... Би тухайн үед Даланзадгад сумын 3 дугаар багт байрлах “Бишрэлт” төвд гар утасны ломбард ажиллуулж байсан бөгөөд 2020 оны 11 дүгээр сард Даланзадгад суманд Ковид-19 карантин тогтоох үеэс энэ үйл ажиллагааг явуулахаа зогсоосон. Би Н гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Н гэдэг хүн намайг ломбард ажиллуулж байхад “Жи-6 плас” загварын гар утас ломбардад тавьж байсныг л санаж байна. Тухайн утсыг авахдаа бүгдийг нь шалгаж үзсэн. Тухайн утас нь дэлгэцдээ кодгүй байсан санагдаж байна. Би тухайн гар утсыг 100,000 төгрөгөөр барьцаанд аваад О.Х-д 300,000 төгрөгөөр худалдсан. Би хэргийн хүрээнд өөрийн бүртгэж байсан бүртгэлээсээ энэ гар утсыг барьцаанд авсан болон худалдсан тухай тэмдэглэлийг гаргаж өгсөн байгаа. Өөр надад ямар нэгэн баримт байхгүй. Хулан надаас тухайн утсыг бэлэн мөнгөөр нь авсан санагдаж байна.” /хавтаст хэргийн 49, 51 дүгээр хуудас/

Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 01 дүгээр сарын эхээр байсан өдрөө санахгүй байна. Худалдааны төвийн баруун талд хуучин микроны зогсоолд такси үйлчилгээнд явах гээд машинтайгаа зогсож байгаад машинаасаа буухад замын хашлагны хажууд жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх байхаар нь аваад орой гэртээ очоод хүү М-т бичиг баримт оллоо гэхэд зургийг нь аваад фейсбүүк дээр тавьсан. Сүүлд М-аас асуухад бичиг баримтын эзэн нь холбогдоод авсан гэж хэлж байсан.” /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/

Шүүгдэгч Т.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 1979 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Булган суманд төрсөн. Би бага насаа Өмнөговь аймгийн Булган сумын Дал багт хөдөө өвөө, эмээгийн хамтаар өнгөрөөгөөд 1986 оноос 1989 онд Булган сумын Ерөнхий боловсролын сургуульд сурч 3 дугаар анги төгсөөд хөдөө мал дээр өвөө, эмээ дээрээ мал маллаж амьдарч байгаад Ц.Г гэдэг хүнтэй гэр бүл болж мал маллаж амьдарч байгаад 2004 онд Даланзадгад суманд шилжиж ирж амьдрах болсон. Даланзадгад суманд шилжиж ирээд гэрийн бүрээс оёх гэх мэт ойр зуурын ажил хийж байгаад 2010 онд Цогтцэций суманд шилжиж би “Тавантолгой” ХК-д үйлчлэгчээр ажилласан. Тухайн байгууллагад 2013 он хүртэл ажилласан. 2015-2016 онд “Энержи ресурс” ХК-д үйлчлэгчээр ажиллаж байгаад 2016 онд Даланзадгад суманд шилжиж ирж амьдрах болсон. Даланзадгад сумын төвд ирээд Даланбулаг хүнсний үйлдвэрт үйлчлэгчээр ажиллаж байгаад ажлаасаа гараад ойр зуурын айлын мал самнах гэх мэт ажил хийж амьдарч байгаа юм. Би 3 хүүхэдтэй том охин Н.Э 1995 онд төрсөн, дунд хүү Г.М 1999 онд төрсөн, 2010 онд бага охин Г.Н нар төрсөн. Манай нөхөр Ц.Г 2015 онд зам тээврийн ослоор нас барсан бөгөөд түүнээс хойш би хүүхдүүдийн хамтаар амьдарч байгаа. 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр миний бие өвдөөд байсан учраас өөрийн төрсөн охин Но-ын хамтаар Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн уламжлалт бариа заслын тасагт очиж бумба тавиулж бариулсан. Тухайн үед бумба тавиулж бариа засал хийлгэж дуусгаад хувцсаа аваад тухайн өрөөнөөс гарах гэж байхад хувцасны хажууд байх ширээн дээр хар өнгийн хавтсан гэртээ утас байхаар нь аваад халаасандаа хийгээд өрөөнөөс гарсан. Би эмнэлгээс гараад гар утсыг унтраачхаад харсан чинь хавтсанд нь одоо нэрийг нь санахгүй байна жолооны үнэмлэх, хаан банкны виза карт, иргэний үнэмлэх зэрэг байсан. Би охинтойгоо хамт яваад Хайрхан дэлгүүрийн гадаа очоод Хаан банкны виза картыг нь Төрийн банкны АТМ-д хийгээд тухайн хүний төрсөн он, сар, өдрөөр нь хийж үзэхэд код нь мөн байсан бөгөөд би мөнгөний үлдэгдлийг нь үзэлгүйгээр 350,000 төгрөг авахаар хүсэлт өгтөл 350,000 төгрөг гараад ирсэн. Тухайн мөнгийг аваад такси бариад охиноо гэртээ хүргэж өгөөд буцаж төв рүү ороод Худалдааны төвийн ард байх хогийн саванд утасны гэр, виза карт хоёрыг нь хийж орхисон. Доошоо эмнэлэг рүү алхаад баруун талд “Бишрэлт” ломбардад гар утсыг 100,000 төгрөгийн барьцаанд тавиад эргэж худалдааны төв орж ойр зуурын хоол хүнс, хувцас аваад такси бариад Гурвансайханд байх гэртээ очсон. Ийм зүйл болсон... Би тэр гар утсыг “Бишрэлт” ломбардад 100,000 төгрөгөөр тавиад явсан. Түүнээс хойш дахин уг ломбардаар ороогүй. Би тэр утсыг хаана байгааг мэдэхгүй байна. Би тэр мөнгийг хоол хүнс, хувцас зэргийг аваад дуусгасан.” /хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас/

“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ӨМ-20/13 дугаартай үнэлгээнд: “Samsung G6 плас” гар утас, 1 ширхэг, нэг бүрийн үнэ 350,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 350,000 төгрөг, нийт 350,000 төгрөг.” /хавтаст хэргийн 58-63 дугаар хуудас/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 166 дугаартай үнэлгээнд: “Хаан банкны виза карт, 1 ширхэг, нэгжийн үнэ 5000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 5000 төгрөг /хэвийн/, иргэний үнэмлэх, 1 ширхэг, нэгжийн үнэ 18,500 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 18,500 төгрөг /хэвийн/, жолооны үнэмлэх, 1 ширхэг, нэгжийн үнэ 12,500 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 12,500 төгрөг /хэвийн/, нийт дүн: 36,000 төгрөг.” /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/

Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 83 дугаар хуудас/

Барааны бүртгэлийн хуулбар /хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 80-82 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч Т.Н-ээс өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.Н-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Т.Н нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн үед Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Уламжлалт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгээд гарахдаа Л.Ө-ын эзэмшлийн “Самсунг жи-6 плас” загварын гар утас, гар утасны гэрэнд байсан иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэх зэрэг эд зүйл хулгайлж виза картнаас 350,500 төгрөгийг гарган авч нийт 736,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч Л.Ө-ын “...Би 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 311 тоот өрөөнд уламжлалт бариа засал хийлгэж байгаад өөрийн “Самсунг жи-6 плас” загварын гар утас, иргэний үнэмлэх жолооны үнэмлэх, хаан банкны картаа өрөөний гол хэсэгт байх ширээн дээр тавьж орхиод мартаад гараад ирсэн байсан. Би эргээд 30 орчим минутын дараа очиж 311 тоотын эмчээс асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Тухайн эмчийн утсаар залгаж үзэхэд хаачихсан байсан. Миний хаан банкны картны нууц код миний төрсөн өдрөөр буюу 0402 гэж тохируулсан байсан. Миний бичиг баримтаас харж байгаад таамгаар хийж картнаас мөнгө авсан байх боломжтой. ...Би “Самсунг жи-6 плас” загварын гар утсаа Улаанбаатар хотын мобикомын теди төвөөс 1 жилийн өмнө 1 сая төгрөгөөр лизингээр авч байсан. Хаан банкны дансанд нийт 1 сая төгрөг байснаас 350,000 төгрөгийг нь авсан байсан. Миний данснаас мөнгө авахаар нь би картаа идэвхгүй болгочихсон... 2020 оны 03 дугаар сард байх таньдаг хүн утсаар яриад таны бичиг баримтыг хүн олоод фейсбүүк дээр тавьсан байна гэхээр нь утасны дугаарыг нь олоод ярьж байгаад уулзаж иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхээ авсан. ...Би гар утас, бичиг баримт, бэлэн мөнгө алдсан асуудалд орсон бөгөөд би бэлнээр алдагдсан 350,000 төгрөг, гар утасны үнэ болох 350,000 төгрөг, нийт 700,000 төгрөгийг өөрийн дансаараа хүлээн авсан. Би хохирлоо төлүүлэн авсан учраас одоо санал хүсэлт байхгүй. Би жолооны, иргэний үнэмлэх зэргийг тухайн үед нь олсон, мөн виза картаа дахин авчихсан учраас энэ мөнгийг нэхэмжлэхгүй.Санал хүсэлт гомдол байхгүй.” /хавтаст хэргийн 27-29, 30-31, 36 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч О.Х-гийн “...найзын ажлын газар болох Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд байрлах “Бишрэлт” төвийн байранд байдаг ломбардад очсон. Очиход 2 ширхэг гар утас үзүүлэхээр нь хар өнгөтэй, Samsung гэсэн бичигтэй гар утсыг 300,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр өдрөө хадам эхэд бэлэглэсэн. Гар утсыг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр худалдаж авсан. Хар өнгөтэй, ар талдаа Samsung гэсэн бичигтэй, ар талдаа 2 ширхэг камертай, 1 ширхэг гэрэлтэй, 2 хажуу талдаа 3 ширхэг товчлууртай, 2 ширхэг сим ордог гар утас байсан. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр авахад шинэвтэр утас байсан... Цагдаагийн байгууллагад хураалгасан гар утсыг авч эхдээ хэрэглүүлэх хүсэлтэй байна. Нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,

гэрч А.Б-гийн “...Ө гэдэг хүн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цаг өнгөрч байх үед ирж шарлага хийлгэж бумба тавиулсан. Хамт эрүүл мэндийн газрын дарга байсан Ө, халдвартын эмч байсан М, эмчилгээ хийлгэж байсан бага насны хүүхдийн ээж, Н гээд эмээ нар нь байсан. Би шарлага хийлгэж байсан хүүхдийн шарлагын аппаратыг салгаж өгчхөөд эмчилгээний өрөөнөөс ажлаар гарахад Н гуай, охин нь мөн шарлага хийлгэж дууссан хүүхэд 3 үлдсэн. Удалгүй эргээд өрөөндөө орох гээд явж байхад 3 давхрын шатан дээр Н гуай, охин нь, бага насны хүүхэд гуравтай таарсан. Ө гуайг эмчилгээний өрөөнд эд зүйл үлдээгээд гарсныг анзаараагүй. Эмчилгээ хийлгэж дуусаад яваад удалгүй ойролцоогоор 30 орчим минутын дараа эргэж ирээд миний гар утсыг харсан уу, ширээн дээр утас байсан уу гэж асуусан. Би мэдэхгүй гэж хэлсэн...” /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,

гэрч Б.Н-ын “...2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр манай хүүхдүүд төрсөн өдрөөр надад бэлэглэсэн. Шинэ, хуучин байсан эсэхийг санахгүй байна. Ямар ч байсан бэлэгний уутаар боосон байсан. Надаас өөр хүн миний гар утсыг ашиглаагүй. Би гар утсаа анх аваад 89162799, 99578149 дугаарыг хийж ашигласан. ...Миний ашиглаж байгаа гэх утас хар өнгөтэй, урд талын дээд талд 1 ширхэг камертай, 2 хажуу талдаа нийт 3 товчлууртай, ар талын дээд хэсэгт 2 ширхэг камертай, Samsung гэсэн бичигтэй, ар талын баруун доод буланд будаг нь халцарсан, доод талдаа цэнэглэгчтэй 1 ширхэг, чихэвчний 1 ширхэг оролттой утас байгаа. Би гар утсаа буцааж авах саналтай байна. Манай хүүхдүүд бэлгэнд өгөөд түүнээс хойш байнга ашигласан болохоор надад хэрэгтэй бүх мэдээлэл, зурагнууд байгаа. Өөр санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,

гэрч Э.О-ын “...Хулан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр надаас “Жи-6 плас” загварын гар утас худалдаж авсан. Хэдэн төгрөгөөр худалдсан гэдгээ санахгүй байна. Барьцаанд авсан эд зүйлийн бүртгэлээс харахад 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Ту-ийн Н гэдэг эмэгтэй хүн 100,000 төгрөгийн барьцаанд тавьсан байна. ...Би Н гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Н гэдэг хүн намайг ломбард ажиллуулж байхад “Жи-6 плас” загварын гар утас ломбардад тавьж байсныг л санаж байна. Тухайн утсыг авахдаа бүгдийг нь шалгаж үзсэн. Тухайн утас нь дэлгэцдээ кодгүй байсан санагдаж байна. Би тухайн гар утсыг 100,000 төгрөгөөр барьцаанд аваад О.Х-д 300,000 төгрөгөөр худалдсан. Би хэргийн хүрээнд өөрийн бүртгэж байсан бүртгэлээсээ энэ гар утсыг барьцаанд авсан болон худалдсан тухай тэмдэглэлийг гаргаж өгсөн байгаа. Өөр надад ямар нэгэн баримт байхгүй. Хулан надаас тухайн утсыг бэлэн мөнгөөр нь авсан санагдаж байна.” /хавтаст хэргийн 49, 51 дүгээр хуудас/,

гэрч Д.С-гийн “...Би 2020 оны 01 дүгээр сарын эхээр байсан өдрөө санахгүй байна. Худалдааны төвийн баруун талд хуучин микроны зогсоолд такси үйлчилгээнд явах гээд машинтайгаа зогсож байгаад машинаасаа буухад замын хашлагны хажууд жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх байхаар нь аваад орой гэртээ очоод хүү М-т бичиг баримт оллоо гэхэд зургийг нь аваад фейсбүүк дээр тавьсан. Сүүлд М-аас асуухад бичиг баримтын эзэн нь холбогдоод авсан гэж хэлж байсан.” /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ӨМ-20/13 дугаартай үнэлгээ, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 166 дугаартай үнэлгээ, Барааны бүртгэлийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.     

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.

Ийнхүү шүүгдэгч Т.Н нь дээрх бусдын өмчид халдсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.

“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд шүүгдэгч Т.Н нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн үед Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Уламжлалт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгээд гарахдаа Л.Ө-ын эзэмшлийн Самсунг жи-6 плас загварын гар утас, гар утасны гэрэнд байсан иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэх зэрэг эд зүйл хулгайлж виза картнаас 350,500 төгрөгийг гарган авч нийт 736,500 төгрөгийн хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шинжээчийн үнэлгээ нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж үнэлгээг гаргасан байх тул шүүх шинжээчийн үнэлгээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Н-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Өд 736,500 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ӨМ-20/13 дугаартай үнэлгээ, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 166 дугаартай үнэлгээ болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Л.Ө-д 700,000 төгрөгийн хохирол төлбөрийг барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байхын зэрэгцээ хохирогч нь “нийт 700,000 төгрөгийг өөрийн дансаараа хүлээн авсан. Би жолооны, иргэний үнэмлэх зэргийг тухайн үед нь олсон, мөн виза картаа дахин авчихсан учраас энэ мөнгийг нэхэмжлэхгүй” гэж мэдүүлж байна.

Мөн иргэний нэхэмжлэгч О.Х-д 350,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утасны хохирол учирсан ба уг гар утсыг иргэний нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагч болон өмгөөлөгч нарын зүгээс Т.Н-т холбогдох эрүүгийн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсгийг журамлан 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох тухай дүгнэлт гаргаж оролцсон.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэж заасан байх бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хамаарч байх тул өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор заасан байх ба энэхүү заалтад ялтны гэж тодотгосноос үзвэл Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдахаас өмнө шүүхээр ял шийтгүүлсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж ялаа эдэлж буй ялтанд хамаарахаар байх тул шүүгдэгч Т.Н-т холбогдох хэргийг өршөөн хэлтрүүлэх, хорих ял оногдуулж уг ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих боломжгүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Н-т холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргахаар заасан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Н-ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хохирогчид биет байдлаар төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.  

Шүүх шүүгдэгч Т.Н-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-ийг 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Н-т зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н нь тэнсэгдсэн 8 /найм/ сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.Өд 700,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Самсунг Жи-6 плас” загварын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч О.Х-д буцаан олгохоор шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

 1. Шүүгдэгч Т овгийн Ту-ийн Н-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-ийг 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Н-т зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.              

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н нь тэнсэгдсэн 8 /найм/ сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Т.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.Өд 700,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Самсунг Жи-6 плас” загварын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч О.Х-д буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ