| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2019/0032/З |
| Дугаар | 159ШШ2019/0036 |
| Огноо | 2019-11-18 |
| Маргааны төрөл | Газар, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 159ШШ2019/0036
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх ******* дүгнэлттэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч ******* холбогдох,
2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0172306 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий дүгнэлттэй зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Прокурор: *******
Хариуцагч: *******
Гуравдагч этгээд: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* би, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч *******гийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр *******д холбогдох эрх бүхийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэснийг 2019 оны 09 сарын 25-ны өдөр хүлээн авч хянавал:
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг, 5 толгойн гудамж, 1-06 тоотод оршин суух Түмэнтогтох овогтой Өлзийжаргал нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчилд эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар 500 нэгжээр торгож шийтгэсэн ба хуулийн дээрх хэсэгт заасан учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах... албадлагын арга хэмжээг хэрэглэх тухай заалтыг хэрэгжүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно, 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмыг Улсын ерөнхий прокурор батална гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
Иймд эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан, хохирол, нөхөн төлбөрийг тогтоолгосны үндсэн дээр шийтгэл оногдуулан шийдвэрлэх үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0172306 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив...гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Шаамар сумын иргэн Түмэнтогтох овогтой Өлзийжаргалын эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар 500 нэгжээр торгож, хохирол, нөхөн төлбөрийг тооцоогүй болно. Хуулийн дээрх хэсэгт хохирол, нөхөн төлбөрийг тооцох аргачлал гаргаагүй байна...гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд хэлсэн талбартаа: ... Зөвшөөрөлгүйгээр газар авч байшин барьсан гэдэг үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч *******гийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай байшин барьж байгаа газар дээр ирж тухайн газрыг үзэж 500.000 төгрөгөөр торгож зөрчилтэй эсэхийг, зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байна уу гэж надтай уулзсан.
Тухайн зөвшөөрөлгүй гэдэг газрын манай сумын Засаг дарга М.Баярбаатар, газрын даамал Э.Жаргалбадрах 2 өөрсдөө биеэр ирж байшин барих газрыг зааж өгч энэ газар байшингаа барь гэдэг зөвшөөрлийг амаар өгсөн. Газар авах болсон шалтгаан нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагийн орчим бидний амьдарч байсан байшин цахилгааны улмаас шатсан тул би байшин барих газрыг Засаг дарга М.Баярбаатараас хүсч улмаар барих газрыг минь зааж өгсөн. Гэтэл Шаамар суманд Сэлэнгэ Үндэс ХХК-д 300 га газрыг олгосон үйлдэл буруу гэж иргэд малчидтай хамтарч газрыг эсэргүүцсэний улмаас байшин барих газрыг олгохоо больж намайг санхүүгийн болон эд материал, сэтгэл зүйн хувьд маш их хүнд дарамтад оруулж байна...гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2019 оны 10 дүгээр сарын 01-ний өдрийн 11 дугаартай прокурорын дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчид холбогдох зөрчлийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд дараах зүйлүүд тогтоогдож байна.
Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн улсын байцаагч ******* нь Шаамар сумын 1 дүгээр багийн иргэн *******ыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгож шийтгэжээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас дээрх хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг хянаад Шаамар сумын 1 дүгээр багийн иргэн *******ыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчилд эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар 500 нэгжээр торгож шийтгэсэн ба хуулийн дээрх хэсэгт заасан ...учруулсан хохирол , нөхөн төлбөрийг гаргуулах... албадлагын арга хэмжээг хэрэглэх тухай заалтыг хэрэгжүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Зөрчил , зөрчил үйлдсэн хүн , хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл , албадлагын арга хэмжээний төрөл , хэмжээг хуулиар тогтооно, 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ , Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмыг Улсын ерөнхий прокурор батална гэсэн заалтуудыг зөрчсөн тул эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж , зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулан , хохирол , нөхөн төлбөрийг тогтоолгосны үндсэн дээр шийтгэл оногдуулан шийдвэрлэх үндэслэлтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0172306 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж шүүхэд ирүүлжээ.
Зөрчлийн хэрэгт цугларсан баримтуудаар зөрчилд холбогдогч ******* нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан, ашигласнаа хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд тайлбар өгсөн, мөн уг газрыг ашигласнаас учирсан хохирлыг төлөөгүй, эрх бүхий албан тушаалтны зүгээс учирсан хохирлыг төлүүлэх талаар хууль болон журамд заасан ямар нэг арга хэмжээ аваагүй болох нь тогтоогдож байна.
Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нь дээрх зөрчилд шийтгэл оногдуулсан хэдий ч Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасныг бүрэн хэрэгжүүлээгүй өөрөөр хэлбэл гаргасан зөрчилд хуулийн хариуцлага тооцсон хэдий ч зөвшөөрөлгүй газар ашигласнаас учирсан хохирлыг төлүүлэх талаарх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Монгол улсын Ерөнхий прокурорын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/75 дугаартай тушаалаар Зөрчлийн улмаас учирсан хохирол , нөхөн төлбөрийг тооцох журам-ыг батлан гаргажээ.
Уг журмын 3.3-т Зөрчлийн тухай хууль , бусад хууль , захиргааны хэм хэмжээний актаар зөрчлийн улмаас учирсан хохирол , нөхөн төлбөрийг тогтоох талаар тусгайлан зохицуулаагүй бол эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, холбогдох журмын дагуу шинжээч томилж хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгоно гэж заажээ.
Дээрх журмын дагуу Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь шинжээч томилон Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10-т заасан хохирол , нөхөн төлбөрийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай прокурорын дүгнэлт үндэслэл бүхий байх тул Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 0172306 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох зүйтэй байна.
Энэхүү шүүхийн шийдвэр нь уг зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу дахин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах, прокурорт хянуулахад саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1, 4.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 09 дугаар сарын 20-ны өдрийн 0172306 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 0172306 дугаартай шийтгэлийн хуудасны дагуу иргэн ******* торгуулийн төлбөр 500.000 төгрөгийг төлөөгүй болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт заасны дагуу Сэлэнгэ аймаг дахь Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч нар гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОДБААТАР