Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2023/0315

 

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2023/0315

Улаанбаатар хот

 

 

 

 

 

                                “К*** к***” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                          захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:             

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Э***, Г.Д***,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Т***,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “К*** к***” ХХК,

Хариуцагч Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг дарга,

Гуравдагч этгээд “Э***” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 59, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/39, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/41, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/121 дүгээр захирамжуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 127/ШШ2023/0003 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц***, өмгөөлөгч К.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х***, өмгөөлөгч Н.Э***, Г.Д***, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М***, өмгөөлөгч М.Т*** нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж,

Хэргийн индекс: 127/2020/0023/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “К*** к***” ХХК-иас Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргад холбогдуулан “Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 59, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/39, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/41, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/121 дүгээр захирамжуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 127/ШШ2023/0003 дугаар шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн  17.1, 24 дүгээр зүйлийн 24.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “К*** к***” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 59, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/39, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/41, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/121 дүгээр захирамжуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

 3.1 Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн буюу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 523 дугаар тогтоолд дурдсан асуудлыг тодруулалгүйгээр захиргааны хэрэг үүсгэж, хэргийг шийдвэрлэсэн,

3.2 Хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу нэхэмжлэгч нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болохоос газар эзэмшигч биш байтал Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дах хэсгүүдийг үндэслэн шийдвэр гаргах үндэслэлгүй,

3.3 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч нотлох баримт гаргуулах, шинжээч томилох хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ гомдол гаргах эрхгүй гээд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн,

3.4. гуравдагч этгээд нь газраа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд барьцаалж, тоног төхөөрөмж авсан талаар шүүх хуралдаанд тайлбар гаргасан боловч шүүх дүгнэлт хийгээгүй,

3.5. 2005 онд “Т*** М***” ХХК-нд олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий газар нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 131 дүгээр тогтоолоор тариалангийн бүсээр тогтоосон газар тул Засгийн газрын тогтоолыг зөрчиж байна.

3.6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр  шүүх хуралдааныг хийж, шүүгчээс татгалзсан хүсэлтийг өөрөө шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлүүд гаргасан зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

                                                                 ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. Хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр нь үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасангүй.

3.1. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, анх маргаан бүхий газар болох Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн, Өмнөдэлгэр сумдын нутагт байрлах “Т*** 2” нэртэй газарт Хэнтий аймгийн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 582 дугаар “дэмжиж байна” гэх саналыг дагуу Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газар /хуучин нэрээр/-ын даргын 2005 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 892 дугаар шийдвэрээр “Т*** М***” ХХК-д 26346 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын 10144Х дугаар тусгай зөвшөөрлийг олгосон.

“Т*** М***” ХХК-иас 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тухайн талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч, өргөдөл гаргасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 435 дугаар шийдвэрээр 11690.18 гектар талбайд MV-017399 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус компанид олгожээ.

Улмаар, “Т*** М***” ХХК-иас ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөө “К*** к***” ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 14 дүгээр шийдвэрээр MV-017399 дүгээр тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч “К*** к***” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн бүртгэсэн.

3.2. Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг дарга 2008 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Газрын дуудлага худалдаа явуулах тухай” 20 дугаар захирамжаар Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг, Чандганы уурхайн баруун хойд тал 2500 га газрыг үр тариа, тэжээлийн ургамал тариалах чиглэлээр дуудлага худалдаа зохион байгуулахаар шийдвэрлэж, улмаар сумын Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 59 дүгээр захирамжаар 2000 га газрыг “Э***” ХХК-д эзэмшүүлж,  газар эзэмшүүлэх гэрээг байгуулан, гэрчилгээг олгосон. Улмаар сумын Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/39 дүгээр захирамжаар 103 га газрыг, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/41 дүгээр захирамжаар 205.5 га газрыг, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/121 дүгээр захирамжаар 172.5 га газрыг тус тус гуравдагч этгээд “Э***” ХХК-д эзэмшүүлсэн.

3.3. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын шинжээчийн дүгнэлтийн зураглал болон холбогдох бусад нотлох баримтаар нэхэмжлэгч “К*** к***” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын ашиглалтын MV-17399 дүгээр тусгай зөвшөөрөл бүхий газарт гуравдагч этгээд  “Э***” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, тариалангийн зориулалтаар олгогдсон 9 нэгж талбар давхцалтай байгаа болох нь тус тус тогтоогдож байх бөгөөд гуравдагч этгээд “Э***” ХХК-иас нэхэмжлэгч “К*** к***” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 435, 436 дугаар шийдвэр, мөн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 14, 15 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн гаргасныг анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 202 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 422 дугаар магадлалаар хэвээр үлдээн, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 370 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тус тус тогтоогдож байна.

            4. Дээрх үйл баримттай холбогдуулан анхан шатны шүүх, “нэхэмжлэгчийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмших эрх нь гуравдагч этгээд “Э***” ХХК-ийн тариалангийн зориулалтаар газар эзэмших эрхээс түрүүлж үүссэн... Мөрөн сумын Засаг даргын гаргасан маргаан бүхий захиргааны актууд нь нэхэмжлэгч “К*** к***” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрсөн болох нь тогтоогдож байна” гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй”, 26 дугаар зүйлийн 26.3.2-т “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх”, 26.3.3-т “хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй бол уурхайн талбай олгож...” хэмээн,  Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” хэмээн тус тус заасан бөгөөд тухайн тохиолдолд маргаан бүхий газар анх 2005 онд ашигт малтмалын хайгуулын зориулалтаар олгогдож, кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн байхад хариуцагчаас тухайн үйл баримтыг нягтлан тогтоолгүй гуравдагч этгээд “Э***” ХХК-д 2008 онд үр тариа, газар тариалангийн зориулалтаар тухайн газарт газар эзэмших эрхийг олгосон нь хуульд бус буюу Ашигт малтмалын тухай болон Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна..

5. Хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчдөөс гаргасан давж заалдах гомдолд дурдсан “нэхэмжлэл гаргах хугацаа”-ны тухайд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан гомдолд Хэнтий аймгийн Засаг дарга 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 9/927 дугаар албан бичгээр “гомдлоо шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжтой” хэмээн хариуг өгсний дагуу нэхэмжлэгч нь 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. “Нотлох баримт гаргуулах, шинжээч томилох хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ гомдол гаргах эрхгүй гээд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн” гэх үндэслэлийн тухайд Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 18 дугаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсгийг “ ... анхан шатны шүүхийн нотлох баримт цуглуулах, гаргуулахтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд давж заалдах шатны шүүх оролцохгүй, зөвхөн цугларсан нотлох баримтаас хассан тохиолдолд гомдлыг үндэслэн хянахаар зохицуулсан хэмээн тайлбарласан. “Шүүгчээс татгалзсан хүсэлтийг өөрөө шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил” гаргасан гэх үндэслэлийн тухайд гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Т*** нь өөрийн гаргасан татгалзлын үндэслэлийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 127/ШШ2023/0003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БААТАРХҮҮ

                         ШҮҮГЧ                                             Д.ОЮУМАА

 

                                    ШҮҮГЧ                                             Г.МӨНХТУЛГА