Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,                                   

улсын яллагч М.Гантулга,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Дашдорж,

шүүгдэгч М.Амгалансүлдийн хууль ёсны төлөөлөгч И.Азжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дашбаярын Дөлгөөн, Мөнхбатын Амгалансүлд нарт холбогдох эрүүгийн 201625020536 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

1. Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эцгийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 29-р гудамж 458 тоотод оршин суух,  ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УИ98041218 / Монгол овогт Дашбаярын Дөлгөөн,

2. Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эх, ах, эгч, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 11 дугаар хороо, Зүүн сэлбийн 4-р гудамж 48 тоотод оршин суух,  ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УК99022473 / Монголмууд овогт Мөнхбатын Амгалансүлд нар нь: 

- 2016 оны 02 дугаар сарын 18-ны орой 23.00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 32 дугаар байрны гадаа зогсоолд байрлуулсан иргэн Т.Цолмонхүүгийн эзэмшлийн 00-78 ӨМА улсын дугаартай автомашинд түлхүүр тааруулан орж, Пеонер маркийн GPS, хөөрөгний даалин, шинэ цагийн цагаан хаш хөөрөг, хар өнгийн машины МП-3 тоглуулагч, даавуун цүнх зэрэг эд зүйл хулгайлж 2.350.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                        

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Т.Цолмонхүүгийн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 02 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 32Б байранд амьдрах эцэг Тогоохүүгийн гэрт очсон. Байрны гадаа өөрийн эзэмшлийн 00-78 ӨМА улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн автомашинаа тавьсан. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын 19-ний өглөө 10 цагийн үед гэрээс нь гараад автомашиндаа суух гэтэл автомашины жолоочийн талын хаалга онгорхой байсан ба автомашин дотроос шинэ цагийн Оюу суурьтай алтан хаж, алтан нуухтай цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, хар өнгийн даавуун цүнх, Пеонер маркийн GPS, ногоон өнгийн даалин зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан. Би алдагдсан эд зүйлсээ эргүүлэн авсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. / хх 25 /

Гэрч Г.Болдсүхийн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Урт цагаан корпусын 2 давхарт ажил үүргээ гүйцэтгээд явж байхад 15-16 орчим насны 2 эрэгтэй хүүхэд цагаан өнгийн шүрэн хөөрөг, даалингийн хамт зарна гээд явж байхаар нь очиж шалгахад хулгайн эд зүйлс болох нь тогтоогдсон. Уг хоёр хүүхдээс хаанаас авсан талаар асуухад автомашинд түлхүүр тааруулан хөөргийг хулгайлсан гэж мэдүүлснийг шалгаж үзэхэд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёр дугаар хэлтсийн нутаг дэвсгэрээс тухайн эд зүйлсийг хулгайлсан нь тогтоогдсон тул Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёр дугаар хэлтэст нэн даруй шилжүүлсэн гэжээ. / хх 30-31/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 24-25 /

Эд зүйлд үзлэг хийж, түр хураан авсан тэмдэглэл / хх 20-21 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1429 тоот дүгнэлт / хх 33-34 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 03/152 тоот дүгнэлт / хх 37-39 /

Эд зүйлийн үнэлгээ / хх 61-62 /,

Шүүгдэгч  Д.Дөлгөөнийг 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 46-50 /,  2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 55-57 /,

Насанд хүрээгүй шүүгдэгч  М.Амгалансүлдыг 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 51-54 /, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 58-60 /,

Шүүгдэгч Д.Дөлгөөн, М.Амгалансүлд нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 64, 66  / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Дөлгөөн мэдүүлэхдээ: Тэр орой намайг гэртээ байж байхад 23.00 цагийн үед М.Амгалансүлд ирээд бид хоёр писи тоглохоор хамт явсан. Тэгээд замдаа намайг “ Энд байж бай “ гээд яваад өгсөн. Би бие засах гэж байгаа юм байх л гэж бодсон. Тэгээд цүнхтэй юм авчрахаар нь асуухад хулгайн юм гэж хэлсэн. Бид хоёр писиний газарт тоглож байгаад тэндээ хоносон. Маргааш нь өлсөөд хулгайлсан юмыг нь зарах гэж яваад цагдаад баригдсан. Би хулгай хийгээгүй. Эрүүгийн төлөөлөгч  Болдсүх намайг айлгаад хүн харж байсан гэж хэлүүлсэн.

Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч М.Амгалансүлд  мэдүүлэхдээ: Би хүний машинд түлхүүр тааруулж ороод хулгай хийж байгаа бичлэг үзсэн юм. Тэгээд санаандгүй кондуктор хийдэг микроныхоо жолоочийн урд хайрцагт байсан илүү түлхүүрийг авсан. Тэр орой Д.Дөлгөөнтэй хамт писи тоглох гэж яваад халаасандаа гараа хийтэл нөгөө түлхүүр баригдахаар нь Д.Дөлгөөнийг байрны гадаа үлдээгээд явсан. Тэгээд гадаа байсан машины хаалгыг түлхүүрээрээ онгойлгоод дотор нь байсан үүргэвчтэй юмыг авсан. Тэгээд өвөртөлж яваад писиний газарт очсон. Тэнд тоглож байхад өврөөс унахад Д.Дөлгөөн “ Юу юм бэ “ гэхээр нь хулгайлсан гэдгээ хэлсэн. Би ганцаараа хулгай хийсэн. Тэгээд тэндээ хоноод маргааш нь зарах гэж яваад баригдсан. Дахин хулгай хийхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Д.Дөлгөөн, М.Амгалансүлд нар нь бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шөнө 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 32 дугаар байрны гадаа зогсоолд байрлаж байсан иргэн Т.Цолмонхүүгийн эзэмшлийн 00-78 ӨМА улсын дугаартай автомашинд түлхүүр тааруулан орж, Пеонер маркийн GPS, хөөрөгний даалин, шинэ цагийн цагаан хаш хөөрөг, хар өнгийн машины МП-3 тоглуулагч, даавуун цүнх зэрэг эд зүйл хулгайлж, 2.350.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 24-25 /, эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл / хх 20-21 /, эд зүйлийн үнэлгээ / хх 61-62 /, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр орой 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 32 Б байрны гадаа өөрийн эзэмшлийн 00-78 ӨМА улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн автомашинаа байрлуулчихаад 19-ний өглөө 10 цагийн үед гэрээс нь гараад автомашиндаа суух гэтэл автомашины жолоочийн талын хаалга онгорхой байсан ба автомашин дотроос шинэ цагийн Оюу суурьтай алтан хаж, алтан нуухтай цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, хар өнгийн даавуун цүнх, Пеонер маркийн GPS, ногоон өнгийн даалин зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан гэж мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Цолмонхүүгийн мэдүүлэг / хх 25 /, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагаан корпусын 2 давхарт ажил үүргээ гүйцэтгээд явж байхад 15-16 орчим насны 2 эрэгтэй хүүхэд цагаан өнгийн шүрэн хөөрөг, даалингийн хамт зарна гээд явж байхаар нь очиж шалгахад хулгайн эд зүйлс болох нь тогтоогдсон гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Болдсүхийн мэдүүлсэн мэдүүлэг  / хх 30-31 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Д.Дөлгөөн, М.Амгалансүлд нарыг бүлэглэн бусдын агуулах саванд нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Дөлгөөн, М.Амгалансүлд нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохиролгүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь хулгайн гэмт хэргийг М.Амгалансүлд ганцаараа үйлдсэн гэж мэдүүлж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна. Шүүгдэгч Д.Дөлгөөн нь Цагдаагийн байгууллагад анх тайлбар өгөхдөө “ 2016 оны 02 дугаар сарын 18-ны шөнө 01 цагийн орчим М.Амгалансүлдийн хамт хулгай хийхэд хүн харж, гэмт хэрэг хамтран үйлдсэн болохоо мэдүүлсний гадна эрүүгийн төлөөлөгч айлгаж мэдүүлэг авсан болох нь нотлогдохгүй байна. Мөн цагдаагийн ажилтанд баригдаад хулгай хийсэн болохоо хэлсэн болох нь гэрч Г.Болдсүхийн мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                                                             ТОГТООХ нь:

1. Дашбаярын Дөлгөөн, Мөнхбатын Амгалансүлд нарыг бүлэглэн бусдын агуулах саванд нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д  зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр Д.Дөлгөөнийг 2 жилийн хугацаагаар хорих, М.Амгалансүлдийг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Дөлгөөний эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар М.Амгалансүлдийн эдлэх ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4.5 см урттай хар өнгийн автомашины нэг ширхэг түлхүүрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Д.Дөлгөөн, М.Амгалансүлд нар нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Д.Дөлгөөнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс хоёр дугаар хэлтэст даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-д зааснаар М.Амгалансүлдэд 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнийг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг эх И.Азжаргал болон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст  хариуцуулсугай.

6. Д.Дөлгөөн, М.Амгалансүлд нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    С.ОЮУНЧИМЭГ