| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00612/И |
| Дугаар | 00612 |
| Огноо | 2017-06-13 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 00612
| 2017 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 155/ШШ2017/00612 | Хөвсгөл аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 17 дугаар байрны 4-59 тоотод оршин суух, РЮ75061779 дугаар регистртэй, эмэгтэй, Барнууд овогт Батмандахын Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 17-03 тоотод оршин суух, РЭ83120111 дугаар регистртэй, Дайртан овогт Туулын Тамирт холбогдох
2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 155/2017/00502/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Мягмарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Чандмань-Өндөр сумаас 500 ширхэг палк Тамираа жолоочоор ачуулахаар болж, урьдчилгаа болгож 1.000.000 /нэг сая/ төгрөг өгч, хот оруулаад ачаагаа буулгахдаа үлдэгдэл тээврийн хөлс 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Гэтэл Тамираа нь Чандмань-Өндөрөөс 8 дугаар сарын 25-ны өдөр ачаагаа ачих байсан ч хот руу 10 хоногийн дараа очсон байгаа юм. Тэгээд хот ороод палкыг хүлээж авах хүнд нь аваачиж өгөх гэтэл чадахгүй, тээврийн хөлсөө авчихаад палкаа ав гээд утсаар надтай хэрэлдсэн. Би чи ачаагаа очих газарт нь бүрэн бүтэн, тосож авах эзэнд нь хүлээлгэж өгчихөөд мөнгөө ав гэж хэлсэн. Гэтэл палкыг зарчихсан гэж дур зоргоороо аашилсан. Палкны мөнгө төгрөгийг тээврийн зардалдаа суутгаж аваад илүү мөнгө төгрөгийг нь данс руу шилжүүлээрэй гэж хэлэхэд чадахгүй гэж хэлээд утсаа таслаад таг болсон. Араас нь 9 сард Улаанбаатар хот орж уулзаад дансны дугаараа өгөөд явсан. Т.Тамирааг шүүхэд өгчихье гэхэд түүний хаяг, хаана оршин сууж байгааг нь мэдэхгүй байсан тул холбогдох байгууллагад нь хандаж чадахгүй явсаар өдий хүрлээ. Уулзсанаас хойш 8.000.000 /найман сая/ төгрөг өгөхөөс нэг удаа 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийг данс руу хийсэн. Үлдэгдэл мөнгө 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг өгөхгүй утас руу нь залгахаар утсаа огт авахгүй, зугтаад олдохгүй байна. Өвөл нэг удаа уулзсан боловч өгөх талаар санаачилга гаргахгүй байсаар байна. Иймд иргэн Т.Тамираас 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Тамир шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Надаас 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулна гэжээ. Би Мягмарсүрэнгийн палкыг зарахад нийт 8.750.000 төгрөг болсон. Үүнээс би 1.000.000 төгрөгийг тээврийн хөлсөнд авсан. 7.750.000 төгрөг үлдсэн. Үүнээс 5.500.000 төгрөгийг явуулсан. Одоо үлдэгдэл 2.250.000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.Мягмарсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Би Т.Тамираас 2.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд 250.000 төгрөг гаргуулахаас татгалзаж байна. Иймд Т.Тамир 2.250.000 төгрөг төлнө гэснийг зөвшөөрч эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Мягмарсүрэн нь хариуцагч Т.Тамирт холбогдуулан 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Мягмарсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагаас 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг нэхэмжлэхээс татгалзан, хариуцагч Т.Тамир 2.250.000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч зохигчид эвлэрсэн байна. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54.950 төгрөгийн тал хувь 27.475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Тамираас 2.250.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 50.950 төгрөгийн тал хувь 25.475 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Б.Мягмарсүрэнд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг Т.Тамираас гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн зохигч 2.250.000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээрзүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.950 төгрөгөөс 27.475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Тамираас улсын тэмдэгтийн хураамж 25.475 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Мягмарсүрэнд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА