| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2021/0199/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/274 |
| Огноо | 2021-05-24 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Т.Мижмддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/274
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,
улсын яллагч Т.Мижиддорж,
хохирогч Г.Н-,
шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Т.Л.Эд холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....оны ...дугаар сарын ...ний өдөр .... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Экскаваторын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн гэх Т.Л.Э /РД:.../,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Л.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө 150-3 Эрэлт импекс компани байранд байдаг Гэрэлт Сфен ХХК-с труба, сапуд төмөр түрээслэхээр гэрээ хийж 6м урттай труба 300 ширхэг, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр сапуд в2 400 ширхэг, 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр труба 100 ширхэг, 6м урттай турба, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 4 м урттай труба 166 ширхэг, 3 м урттай 90 ширхэг, 1,2-той труба 152 ширхэг, 10х10-тай дотор булан 40 ширхэг, сапуд в2 300 ширхэг, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 6м урттай труба 25 ширхэг, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр сапуд в2 500 ширхгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж нийт 45.505.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй.” гэв.
Хохирогч Г.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний хохирлыг шүүгдэгч Л.Э бүрэн барагдуулсан, гомдолгүй. Шүүгдэгчийн биеийн байдлыг харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү. Энэ хэрэг 2017 онд хэрэг. Манайх хамгийн эхний хохирогч. 2017 онд манайхаас сапуд авсан. Араас нь хөөцөлдөж байж олж авсан.” гэв
Иргэний нэхэмжлэгч Д.Ууганцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 8 дугаар сард турба, сапуд худалдаж авна гэж зар тавьсан чинь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зах зээлийн үнээс хямдхан туба, сапуд төмөр байна гэж Л.Э нь утсаар залгасан байсан. Тэгээд 26-ны өдрийн өглөө ажилдаа ирсэн чинь захирал энэ хүн турба, сапуд зарна гэж байна гээд, эхлээд 500 сапудны мөнгө болох 4.500.000 төгрөгийг 5059307733 гэсэн хаан банкны данс руу шилжүүлсэн. Дараа нь үлдэгдэл 200 ширхэг сапудны мөнгө 1.000.000 төгрөгийг ахиад 6 метрийн урттай турба 150 ширхэг, 5 метр урттай турба 100 ширхэгийн мөнгө болох 2.380.000 төгрөгийг шилжүүлсэн Нийт 9.280.000 төгрөгийг Л.Эд өгсөн.” гэжээ /1хх-ийн 65-66-р тал/
Хохирогч Г.Н- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр барилгын тулаас төмөр, сапуд түрээсээр авах санал тавьсан. Энэ өдрөөс эхлэн 6м урттай турба 300 ширхэг дараа нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр сапуд в2 400 ширхгийг тус тус авсан. Тэгээд түрээсийн төлбөрөө өгөөгүй тул манай байгууллагаас ашиглана гэж авсан газарт очиж үзтэл байхгүй байсан. Тээвэрлэж очсон жолооч болон туслах ажилчидтай уулзаж хаана буулгасныг асуухад зарим материалыг нь дэнжийн мянгад, зуун айлд бизнес эрхэлдэг хүн дээр аваачин зах зээлийн үнээс доогуур үнээр худалдан борлуулсан. “... Л.Этай уулзаад ямар учраас зарж байгаа юм бэ гэхэд би найзуудтайгаа нийлж Сэлэнгэ аймгийн Зүүн хараад найзуудтайгаа алтны ордыг хятадуудад зарах гэж байгаа тэр ажилд мөнгө хэрэг болоод зарцан удахгүй алтны уурхайгаа зараад мөнгийг чин буцаагаад өгнө... удаа дараа худлаа хэлсэн сүүлдээ явдаг юмаараа яваад олж ав гэх мэтээр харьцах болсон. гэжээ /хх-ийн 61-62-р тал/
Гэрч Ж.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Л.Э гэгч барилгын сапуд авах уу гэж манай ажил дээр орж ирсэн”. ... хулгайн бараа биш биз дээ гэх үед тийм зүйл байхгүй ажилчдынхаа цалинг тавих гээд манай компанийнх асуудалгүй гэж хэлээд миний утасны дугаарыг аваад явсан. Түүнээс хойш 7 хоногийн дараа зарах гэсэн юм аа гэж дахин залгахаар нь асуудалгүй бол авъя гээд орой 19 цагийн орчимд 500-600 ширхэг сапуд төмөр ачиж ирсэн. 1 ширхгийг нь 7500 төгрөгөөр худалдаж авсан. Буулгаж дуусаад дансаар 3.000.000 сая төгрөг, бэлнээр 500.000 төгрөг өгсөн. Үлдэгдлээ маргааш өгөхөөр тохироод маргааш нь 1.000.000 сая төгрөг дансаар шилжүүлсэн. “... 20 орчим хоногийн дараа Таван Богд ХХК-д ажилладаг гэх 2 залуу ирээд манай компаниас түрээсэлнэ гэж авч явсан Сапудийг зарсан байна та битгий зараарай удахгүй тэр хүнээс мөнгөө авч ирээд сапудаа авна гэж хэлээд явсан. “...таны мөнгийг өгнө заралгүй 1 сар хүлээчих гээд тэрнээс хойш 2 сарын дараа би сапудийг зарчихсан гэхэд та яагаад зарчваа нөгөө хүн чинь мөнгөө өгдөггүй утсаар хаяа холбогдоод өгнө гэж хэлдэг гээд тэрнээс хойш 2,3 сар болохоор нь би мөнгө өгчихвөл сапудийг чин худалдаад аваад өгнө гэж хэлсэн... ” гэжээ /1хх-ийн 78-79-р тал/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-47-50/, Эд мөрийн баримтаар тооцох тухай /1хх-51/, СД-ийд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-52-53/, Хөрөнгө үнэлгээний тайлан /1хх-90-91/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-114/, ял шалгах хуудас /1хх-165/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1хх-168-172, 178-189/, Гэрэл Сфен ХХК-ийн талаарх баримтууд буюу Турба түрээслэх тухай гэрээ, бусад /1хх-211-233/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгч Л.Эд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцлээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч Л.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө 150-3 Эрэлт импекс компани байранд байдаг Гэрэлт Сфен ХХК-с труба, сапуд төмөр түрээслэхээр гэрээ хийж 6м урттай труба 300 ширхэг, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр сапуд в2 400 ширхэг, 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр труба 100 ширхэг, 6м урттай турба, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 4 м урттай труба 166 ширхэг, 3 м урттай 90 ширхэг, 1,2-той труба 152 ширхэг, 10х10-тай дотор булан 40 ширхэг, сапуд в2 300 ширхэг, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 6м урттай труба 25 ширхэг, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр сапуд в2 500 ширхгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж нийт 45.505.920 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-47-50/, Эд мөрийн баримтаар тооцох тухай /1хх-51/, СД-ийд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-52-53/, Хөрөнгө үнэлгээний тайлан /1хх-90-91/, Гэрэл Сфен ХХК-ийн талаарх баримтууд буюу Турба түрээслэх тухай гэрээ, бусад /1хх-211-233/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийг удаа дараа үйлдсэн нь Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...гэмт хэрэг үйлсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид учруулсан хохирлыг төлсөн. Шүүгдэгчийн эрүүл мэнд, ар гэр, хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр торгох ял оногдуулж өгнө үү...” гэснийг дурдаж, шүүх торгох ял оногдуулах боломжгүй гэж үзэв.
Шүүгдэгч нь Гэрэлт Сфен ХХК-с труба, сапуд төмөр түрээслэхээр гэрээ байгуулж, өөртөө ашиг олох, эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор бодит байдал дээр барилга, байгууламжийн ажилд хэрэглээгүй бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэргийн шинжтэй.
Шүүгдэгч Л.Эы үйлдсэн дээрх хэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Л.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид хорих оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Л.Э нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.04-ний өдрийн 2020/ШЦТ/436 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 3 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан бөгөөд энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ял дээр нэмж нэгтгэх нь зүйтэй байна.
Хохирол төлбөрийн талаар:
Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Л.Э нь хохирол төлбөрийг барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн гомдол саналгүй, хохирлыг бүрэн барагдуулсан талаарх хүсэлт зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Эд хөрөнгө битүүмжилсэн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Э нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.04-ний өдрийн 2020/ШЦТ/436 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 3 жилийн хорих ял авч энэ өдрөөс цагдан хоригдож, мөн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 17 дугаар шүүгчийн захирамжаар Яллагдагчаар шилжүүлэн цагдан хорьсон дээрх нийт 382 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолох нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т.Л.Эыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусад байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Л.Эд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.04-ний өдрийн 2020/ШЦТ/436 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 3 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялын үлдэх 1 жил, 11 сар, 13 хоногийн ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил, 11 сар, 13 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эы урьдчилан цагдан хоригдсон 382 /гурван зуун наян хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.04-ний өдрийн 2020/ШЦТ/436 дугаар шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй заалт хэвээр болохыг дурдсугай.
8. Эд хөрөнгө битүүмжилсэн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Л.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ И.ГАНБАТ