Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 00617

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2017/00617

Хөвсгөл аймаг

 

         

          Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Хас банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 17-04 тоотод оршин суух, РН76070669 дугаар регистртэй, эмэгтэй, Шарнууд овогт Одгэрэлийн Мягмарренчинд холбогдох

Зээлийн үлдэгдэл төлбөр 10.909.368,05 /арван сая есөн зуун есөн мянга гурван зуун жаран найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 155/2017/00531/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбарын захирал Т.Доржпүрэв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хас банк болон зээлдэгч М.Ганзориг, хамтран үүрэг гүйцэтгэгч О.Мягмарречнин нар 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1170015626 тоот зээлийн гэрээ байгуулж 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн зээлийг 60 сар /5 жил/-ын хугацаатай олгосон. Зээлдэгч М.Ганзориг нь 2016 оны 2 дугаар сард нас барсан бөгөөд түүнээс хойш хамтран үүрэг гүйцэтгэгч О.Мягмарренчин нь гэрээний үүргийг гүйцэтгэж 2016 оны 12 дугаар сар хүртэл зээлийг хуваарийн дагуу төлж байсан боловч түүнээс хойш зээлийг төлөхгүй 108 хоног хугацаа хэтрээд байна. Банкны зүгээс зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн тухай, зээлээ төлөхийг шаардаж утсаар болон биечлэн уулзаж шаардаж байсан ба 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр мэдэгдэх хуудас өгсөн. Хамтран үүрэг гүйцэтгэгч О.Мягмарренчин зээлийг төлөх боломжгүй, барьцааны хөрөнгөөс барагдуулах сонирхолтой байгаагаа банкинд илэрхийлсэн болно. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.3.1-т “хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн энэ гэрээний дагуу хүлээсэн үүргийг хамтран гүйцэтгэхийг зөвшөөрч байна”, 3.3.4-т “хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчтэй адил /3.2.3, 3.2.4-т зааснаас бусад/ эрх үүрэгтэй байна” гэж тус тус заасан. Гэрээн дээрх заалтууд болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу 1170015626 дугаар зээлийн гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр болох 10.909.368,05 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг хангах аргаар М.Ганзоригийн өмчлөлийн Ү-1723001935, ГД-000084129 дугаартай байшин, эзэмших эрхийн ГД-0257721 дугаартай 640 м.кв газрыг барьцаалж 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1170015626 дугаар баталгаат ипотекийн гэрээ байгуулсан. О.Мягмарренчин хамран үүрэг гүйцэтгэгчээс гадна зээлдэгч, барьцаалуулагч М.Ганзоригийн хууль ёсны өвлөгч болох төрсөн хүү Г.Батдоржийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд барьцааны буюу өвийн хөрөнгөд 2008 оноос хойш одоог хүртэл амьдран сууж байгаа, нотариатчид өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар хүсэлт  гаргасан тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3-ын дагуу хүлээн авсан хөрөнгийн хэмжээнд өвлүүлэгчийн үүргийг мөн хуулийн 515.2, 535.1, 536 дугаар зүйлийн дагуу зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд зээлийн гэрээний үүрэг болох 10.909.368,05 төгрөгийг гаргуулан, үүргийг сайн дураар гүйцэтгэхгүй бол Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасны дагуу барьцааны зүйлээр үүргийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Мягмарренчин шүүхэд гаргасан тайлбартаа: Би нөхөр Ганзоригтой гэр бүл болж нэг хүүхэдтэй болсон ч гэрлэлтээ батлуулаагүй байсан. Нөхөр маань гутал оёх жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг байсан бөгөөд үүнийхээ шугамаар жижиг дунд үйлдвэрлэлийн 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг Хас банкаар дамжуулан авч байсан. Зээлийг нөхөр бид хоёр хугацаандаа төлж байсан ч нөхөр маань 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр нас барсны улмаас би хүүхэдтэйгээ хоёулаа үлдэж орлогогүй болоод 1 жил орчим 4.000.000 төгрөгийн зээлийг төлж байсан ч цаашид яагаад ч зээлийг үргэлжлүүлэн төлж чадахааргүй болсон. Би зээлийг нь цаашид төлөх үнэхээр боломж байхгүй, энэхүү зээл нь зээлдэгч манай нөхрийн өөрийнх нь хувийн ур чадвар /гутал хийж орлого олох төслийн зээл/-тэй салшгүй холбоотой тул цаашид зээлийн хүүг төлөх боломжгүй юм. Иймд би зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 10.909.368,05 төгрөгийг хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 Нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбарын захирал Т.Доржпүрэв шүүхэд гаргасан тайлбартаа: Хас банкны Хөвсгөл 117 дугаар салбар нь зээлдэгч М.Ганзориг нас барсан тул хамтран зээлдэгч О.Мягмаррегчингээс зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэл гаргасан. О.Мягмарренчин нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Б.Мягмарренчинд холбогдуулан зээлийн үлдэгдэл төлбөр 10.909.368,05 /арван сая есөн зуун есөн мянга гурван зуун жаран найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Мягмарренчин нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр, нэхэмжлэгч нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбартай танилцсан тухай тайлбарыг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр тус тус шүүхэд ирүүлсэн байна.

Зохигчийн дээрх тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 189.500 төгрөгийн тал хувь болох 94.750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Мягмарренчингээс улсын тэмдэгтийн хураамж 94.750 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбараас зээлийн үлдэгдэл төлбөр 10.909.368,05 /арван сая есөн зуун есөн мянга гурван зуун жаран найм/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.Мягмарренчин хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189.500 төгрөгөөс 94.750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Мягмарренчингээс улсын тэмдэгтийн хураамж 94.750 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

           

 

 

ШҮҮГЧ                              Б.ОТГОНБЯМБА