Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/97

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч Д.Ч,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,    

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Д-ийн Ч-д холбогдох 2128000260081 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, ..........................................    

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Д.Ч нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн 5 дугаар байрны 06 тоотод орших гэртээ 2021 оны 01 дүгээр сарын 18-наас 2021 оны 01 дүгээр сарын 19-нд шилжих шөнө 02 цагийн үед Г.Б-той эхнэрээ хардсаны улмаас маргалдаж, түүний биед халдан, зүүн зулай-чамархай ясны хугарал, зүүн тархины хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, баруун чамархайн тархины эд дэх цусан хураа, баруун нүдний дээд зовхины цус хуралт, 2 талын шанаа, чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Ч-ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Ч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их эрхт марал транс” ХХК-д жолооч ажилтай юм. Би “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн уурхайгаас “Цагаан хад” хүртэлх хооронд нүүрс тээвэрт явдаг. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Цогтцэций суманд миний машин эвдрээд засварын газарт янзлуулах гээд байж байсан юм. Би найз Ч машины сэлбэг аваад ир гэж утсаар ярьж дуудсан. Ч тэр өдрөө намайг аваад Өмнөговь аймгийн төв рүү Ч-ийнд очсон. Ч-ийнд очиход гэрт нь эхнэр, хүүхэд нь байсан. Өөр хүн байгаагүй. Ингээд Ч надад нэг шил архи гаргаж өгч хамтдаа ууцгаасан. Нэг мэдсэн чинь Улаанбаатар хотод эмнэлэгт ухаан орсон. Тухайн үед найз Ч-ийн гэрт яг юу болсныг би огт санахгүй байна. Миний оюун ухаанд юу болсон дүрслэл нь орж ирэхгүй байна... Тухайн хэрэг учрал болсон үед би болон Ч бид хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний толгойн ар дагз хэсэгт 2 удаа хагалгаа хийлгэсэн ба толгойн ард хэсэгт цусан хураа үүссэн байсан болохоор хагалгаанд орсон. Тархины цууралттай, няцралттай байна гэж хэлсэн. Миний 2 нүд солир харч байгаа. Миний биед хэн хэрхэн гэмтэл учруулсныг мэдэхгүй, санахгүй байна... Д.Ч бид хоёрын хооронд урьд нь өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Ер нь бол хоорондоо муудалцаж байгаагүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би яг зодуулсан аль эсвэл унасан эсэхээ санахгүй байна. Миний бодоход би унасан байх гэж бодож байна... Миний эмчилгээний зардал, эмнэлэг, гэр хооронд явсан унааны зардал гээд нийтдээ 9,500,000 төгрөг орчим болсон. Энэ мөнгийг Д.Ч бүгдийг нь төлж барагдуулсан. Энэ мөнгөнүүдийг тухай бүрд нь төлөөд явсан болохоор баримт бол надад байхгүй. Ч-д өөрт нь байж магадгүй.” /хавтаст хэргийн 32-34, 40 дүгээр хуудас/

Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай нөхөр Б Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүрс тээврийн жолоочоор ажилладаг юм. Цогтцэций сумаас аймгийн төв рүү машиндаа сэлбэг авахаар ирсэн байна, одоо Ч-ийнд байна гэж 2021 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө 23 цаг өнгөрч байхад утсаар над руу залгаж ярьсан. Тэгээд маргааш Ч-аар буцаад Цогтцэций рүү хүргүүлнэ гэж ярьж байсан. Түүнээс хойш холбогдоогүй байсан. Маргааш өглөө нь Ч-ийн эхнэр нь над руу мессеж бичээд танай хүний бие муу байна гэсэн байхаар нь би 88123039 гэсэн дугаар руу нь утсаар яриад асуусан чинь Ч-ийн эхнэр нь байна гээд нэг эмэгтэй “танай нөхөр чинь манай нөхөртэй маргалдаад намайг гарсан хойгуур манай нөхөр танай нөхрийг цохчихсон байна, нөхрийн чинь бие муу байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь хаана болсон юм бэ гадаа болсон юм уу гэж асуусан чинь үгүй гадаа болоогүй манай гэр дотор болсон гэж хэлсэн. Би өөр юм асуугаагүй. Улаанбаатараас аавтайгаа хамт ирсэн. Ч нь манай нөхрийн найз гэдгээр нь танина, хот орохоороо манайхаар орж гараад явдаг. Б надтай утсаар ярихдаа Ч бид хоёр нэг шил архи уугаад сууж байна одоо унтлаа гэж ярьж байсан. Тэгэхэд бол их согтоогүй байсан. Өмнө нь энэ хоёр муудалцаж байгаагүй. Би Ч-тай уулзаад юу болчихов та хоёр гэсэн чинь Ч харин ёстой балай юм болчихлоо л гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй. Б ухаангүй байдалтай, биеийн байдал нь их тааруу, одоо Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэхээн амьдруулах тасагт хэвтэж байна. Энэ хүн ажил хийж ар гэрээ тэжээж явдаг хүн байгаа юм, би өөрөө бие муутай ажил хийж чаддаггүй юм. Буруутай хүнээр эмчилгээний төлбөрийг нь гаргуулахыг л хүсч байна. Гомдолтой байна.” /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/

Гэрч Б.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай нөхөр Ч Завхан аймгийн Их Уул суманд төрсөн. Эцэг, эхээс гурвуулаа, айлын том хүүхэд байгаа юм. Завхан аймагтаа бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн, би Ч-тай 2002 онд гэр бүл болж амьдарсан. Дундаасаа 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Улаанбаатар хотод байхдаа хувиараа ажил хийж байгаад автобус баазад жолоочоор ажиллаж байсан. Өмнөговь аймагт 2010 онд шилжиж ирсэн. Одоо хувиараа нүүрс тээврийн автомашины жолоочийн ажил хийж явдаг. Манай нөхөр архи уугаад байдаггүй, хааяа найз нөхөдтэйгөө уулзахаараа архи уудаг. Архи уучихаараа агсам согтуу тавиад байдаггүй, даруухан зан ааштай хүн байгаа юм... Ч бид хоёр том өрөөндөө буйдан дээр унтаж байсан. Бод бид хоёр орныхоо толгой талд буюу зүүн талд газраар ор засаж унтуулсан байсан. Би буйдан дээр Ч-ийн зүүн талд буюу Б-ын талаар унтаж байсан юм, хүүхдүүд тусдаа жижиг өрөөнд унтаж байсан. Тэр шөнө Ч, Б хоёр нийлж архи уугаад нэлээн согтсон байсан. Тэр хоёрыг тус тусад нь оронд нь унтуулсан байсан. Хэвтээд удаагүй байтал Б мань чинь унтъя л даа гэж хэлээд миний хажуугаар орон дээр хэвтсэн. Тэгэхээр нь би Б-ыг их согтуу болохоороо хаана байгаагаа мэдэхгүй болчихсон байна даа гэж бодоод Ч-ийг дуудчихаад би өөрөө босоод хүүхдүүдийн унтаж байсан жижиг өрөө рүү ороонд унтах гээд хэвтсэн. Ч бид хоёрыг унтаж байхад Б мань чинь унтъя л даа гэж хэлээд миний хажуугаар хэвтэх гэснээс болоод хоорондоо муудалцаад Ч Б-ыг чи манай гэрт байна шүү дээ яагаад байгаа юм бэ гэж байсан. Гэхдээ намайг хүүхдийн өрөө рүү ороход бол тэр хоёр учраа олчихсон Ч нь Б-ыгоо одоо унтаж амар гээд байж байсан. Би орон дээрээс босохдоо Ч-ийг дуудаж сэрээсэн. Тэгэхэд Ч босоод сууж байсан. Б-той юм ярилцаад суусан. Би жижиг өрөөнд хоёр хүүхэд дээрээ ороод хаалгаа хаачхаад унтахаар хэвтсэн чинь том өрөөнд юм түжгэнээд явчихсан. Тэгэхээр нь би том өрөө рүү ороод харсан чинь Б буйдангийн баруун талд палкон буйдан хоёрын гол хэсэгт паарны хажууд толгойноос нь цус гарчихсан хэвтэж байсан.” /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/

Шинжээч С.Шүрцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...зүүн зулай-чамархай ясны хугарал, зүүн тархины хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, баруун чамархайн тархины эд дэх цусан хураа, баруун нүдний дээд зовхины цус хуралт, 2 талын шанаа, чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлчлэлээр буюу түлхэгдээд унах үед хатуу зүйл мөргөсний улмаас үүсэх боломжтой байдаг, хүний тархинд хүч үйлчилсний эсрэг талд гэмтэл үүсэх боломжтой.” /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 18-ны орой 22 цагийн үед Г.Б-ын хамт Цогтцэций сумаас Даланзадгад сумын төвд байх өөрийн гэртээ ирцгээсэн. Бид нар аймаг руу ирэх замдаа архи ууцгаасан байсан. Гэрт ирсний дараа 1 шил архи, 4 лааз пиво Г.Б-той хувааж уусан. Тэгээд унтахаар хэвтэцгээсэн. Тухайн үед манай эхнэр бид хоёр орон дээр, Г.Бод газар ор засаж өгч унтуулсан байсан. Шөнө манай эхнэр энэ Г.Б-ыгоо аваач оронд ороод ирлээ гэж хэлсэн. Би Б-ыг загнаад зүгээр унтаач гээд цааш нь түлхээд газар орон дээр нь хэвтүүлсэн. Тэгсэн чинь эхнэр хажуу өрөөнд ороод хүүхдүүдтэй хамт унтлаа гээд хүүхдийн өрөөнд орсон. Тэгэхэд Б босож ирээд элдэв зүйл яриад агсам тавиад байсан. Тэгэхээр нь би унтуулах гэсэн чинь намайг Б түлхээд гараараа миний цээж, гар руу цохисон. Би зөрүүлээд цээж рүү нь гараараа цохисон. Тэгж байхад эхнэр гарч ирээд биднийг боль гээд салгасан. Би Б-ыг чи битгий балайраад байгаач гэж хэлсэн чинь би чамайг алчхаад эхнэр, хүүхдийг нь шаачихна шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь юу яриад байгаа юм бэ гэсэн чинь Б босож яваад хүүхдийн өрөөний хаалга нээх гээд байсан. Би Б-ыг чирээд орон дээр нь авч очиж суулгачхаад одоо унт гэж хэлээд өөрөө орон дээрээ хэвтсэн чинь Б босож над дээр ирээд миний дээр гарч суугаад нүүр рүү гараараа цохиод хэд хэдэн удаа цохисон. Би Б-ыг өөрөөсөө холдуулах гээд цааш нь түлхсэн чинь Б цаашаа орон дээрээс унаад паарны хаалтын ирмэг мөргөөд шал мөргөөд уначихсан. Өндийгөөд боссон чинь Б-ын толгойноос цус урсаад гарсан. Тэгэхэд эмнэлэг, цагдаа нар орж ирээд Б-ыг эмнэлэг рүү, намайг цагдаа руу авч явсан... Б миний дээрээс даржчихаад миний толгой нүүр рүү цохиод байхаар нь би өөрөөсөө холдуулах гээд цааш нь хүчтэй түлхсэн. Тэгэхэд Б хажуу тийшээ саваад унахдаа паарны хаалтын тавцангийн ирмэг мөргөөд уначихсан. Тэгэхэд л гэмтэл учирсан байх гэж бодож байна, би тухайн үед болсон зүйлийг сайн санаж байгаа, надад Б-ыг зодож цохих гэмтээх санаа зорилго байгаагүй, өөр дээрээсээ холдуулах гээд л түлхсэн чинь санамсаргүй уначихсан... Би найз Б-ын эмчилгээний зардлыг төлж барагдуулсан, тодорхой хэмжээгээр миний буруутай үйлдлээс болж Б гэмтсэн болохоор би найздаа эмчилгээний зардлыг нь төлсөн.” /хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас/ 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 81 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Г.Б-ын биед зүүн зулай-чамархай ясны хугарал, зүүн тархины хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, баруун чамархайн тархины эд дэх цусан хураа, баруун нүдний дээд зовхины цус хуралт, 2 талын шанаа, чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” /хавтаст хэргийн 66-68 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 18-24 дүгээр хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 189-192 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 86 дугаар хуудас/

Өвчний түүх /хавтаст хэргийн 126-187 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 89-94, 113-117, 120-121 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Д.Ч-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон тул Д.Ч-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Ч нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн 5 дугаар байрны 06 тоотод орших гэртээ 2021 оны 01 дүгээр сарын 18-наас 2021 оны 01 дүгээр сарын 19-нд шилжих шөнө 02 цагийн үед Г.Б-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний биед халдан зодож эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч болон гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Хохирогч Г.Б-од шүүгдэгчийн зүгээс 9,500,000 төгрөгийг хэргийг шүүхэд шилжүүлэх шатанд төлж барагдуулсан байсан. Өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн өмнө хохирогчийн зүгээс 14,000,000 төгрөгийн хохирлыг Д.Ч-ийн зүгээс төлж барагдуулсан учраас гомдол санал байхгүй гэх тайлбар хүсэлтийг гаргасан учраас шүүгдэгчийн зүгээс хохирогчид нийт 14,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна гэх дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч Д.Ч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа талаар тайлбар гаргав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Ч-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Ч нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн 5 дугаар байрны 06 тоотод орших гэртээ 2021 оны 01 дүгээр сарын 18-наас 2021 оны 01 дүгээр сарын 19-нд шилжих шөнө 02 цагийн үед Г.Б-той эхнэрээ хардсаны улмаас маргалдаж, түүний биед халдан, зүүн зулай-чамархай ясны хугарал, зүүн тархины хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, баруун чамархайн тархины эд дэх цусан хураа, баруун нүдний дээд зовхины цус хуралт, 2 талын шанаа, чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б-ын “...Би найз Ч машины сэлбэг аваад ир гэж утсаар ярьж дуудсан. Ч тэр өдрөө намайг аваад Өмнөговь аймгийн төв рүү Ч-ийнд очсон. Ч-ийнд очиход гэрт нь эхнэр, хүүхэд нь байсан. Өөр хүн байгаагүй. Ингээд Ч надад нэг шил архи гаргаж өгч хамтдаа ууцгаасан. Нэг мэдсэн чинь Улаанбаатар хотод эмнэлэгт ухаан орсон. Тухайн үед найз Ч-ийн гэрт яг юу болсныг би огт санахгүй байна. Миний оюун ухаанд юу болсон дүрслэл нь орж ирэхгүй байна.” /хавтаст хэргийн 32-34, 40 дүгээр хуудас/,

гэрч М.Б-ийн “...Маргааш өглөө нь Ч-ийн эхнэр нь над руу мессеж бичээд танай хүний бие муу байна гэсэн байхаар нь би 88123039 гэсэн дугаар руу нь утсаар яриад асуусан чинь Ч-ийн эхнэр нь байна гээд нэг эмэгтэй “танай нөхөр чинь манай нөхөртэй маргалдаад намайг гарсан хойгуур манай нөхөр танай нөхрийг цохчихсон байна, нөхрийн чинь бие муу байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь хаана болсон юм бэ гадаа болсон юм уу гэж асуусан чинь үгүй гадаа болоогүй манай гэр дотор болсон гэж хэлсэн. Би өөр юм асуугаагүй. Улаанбаатараас аавтайгаа хамт ирсэн. Ч нь манай нөхрийн найз гэдгээр нь танина, хот орохоороо манайхаар орж гараад явдаг. Б надтай утсаар ярихдаа Ч бид хоёр нэг шил архи уугаад сууж байна одоо унтлаа гэж ярьж байсан. Тэгэхэд бол их согтоогүй байсан. Өмнө нь энэ хоёр муудалцаж байгаагүй. Би Ч-тай уулзаад юу болчихов та хоёр гэсэн чинь Ч харин ёстой балай юм болчихлоо л гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй.” /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,

гэрч Б.Ч-ийн “...Тэр шөнө Ч, Б хоёр нийлж архи уугаад нэлээн согтсон байсан. Тэр хоёрыг тус тусад нь оронд нь унтуулсан байсан. Хэвтээд удаагүй байтал Б мань чинь унтъя л даа гэж хэлээд миний хажуугаар орон дээр хэвтсэн. Тэгэхээр нь би Б-ыг их согтуу болохоороо хаана байгаагаа мэдэхгүй болчихсон байна даа гэж бодоод Ч-ийг дуудчихаад би өөрөө босоод хүүхдүүдийн унтаж байсан жижиг өрөө рүү ороонд унтах гээд хэвтсэн. Ч бид хоёрыг унтаж байхад Б мань чинь унтъя л даа гэж хэлээд миний хажуугаар хэвтэх гэснээс болоод хоорондоо муудалцаад Ч Б-ыг чи манай гэрт байна шүү дээ яагаад байгаа юм бэ гэж байсан. Гэхдээ намайг хүүхдийн өрөө рүү ороход бол тэр хоёр учраа олчихсон Ч нь Б-ыгоо одоо унтаж амар гээд байж байсан. Би орон дээрээс босохдоо Ч-ийг дуудаж сэрээсэн. Тэгэхэд Ч босоод сууж байсан. Б-той юм ярилцаад суусан. Би жижиг өрөөнд хоёр хүүхэд дээрээ ороод хаалгаа хаачхаад унтахаар хэвтсэн чинь том өрөөнд юм түжгэнээд явчихсан. Тэгэхээр нь би том өрөө рүү ороод харсан чинь Б буйдангийн баруун талд палкон буйдан хоёрын гол хэсэгт паарны хажууд толгойноос нь цус гарчихсан хэвтэж байсан.” /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 81 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Д.Ч нь хохирогч Г.Б-ын эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Ч-ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Ч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Ч нь 2021 оны 01 дүгээр сарын 18-наас 2021 оны 01 дүгээр сарын 19-нд шилжих шөнө 02 цагийн үед Г.Б-той эхнэрээ хардсаны улмаас маргалдах явцад түүний биед халдаж, улмаар хүчтэй түлхсэнээр хохирогч паарны хаалтын ирмэгийг мөргөж зүүн зулай-чамархай ясны хугарал, зүүн тархины хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, баруун чамархайн тархины эд дэх цусан хураа, баруун нүдний дээд зовхины цус хуралт, 2 талын шанаа, чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх ба хохирогчийн эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзнэ.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Д.Ч нь хохирогч Г.Б-ын биед зүүн зулай-чамархай ясны хугарал, зүүн тархины хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, баруун чамархайн тархины эд дэх цусан хураа, баруун нүдний дээд зовхины цус хуралт, 2 талын шанаа, чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан ба хохирогчийн эмчилгээний зардалд нийт 14,000,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн мэдүүлэг болон шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй тус тус заасны дагуу хохирогч Г.Б нь цаашид дээрх гэмтэлтэй холбоотойгоор дахин эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжилж болохыг дурдаж, уг эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Ч нь хүнд ангиллын гэмт хэрэг үйлдсэн. Бусдад төлөх төлбөргүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй байна. Мөн гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Д.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй зэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах нөхцөл шаардлагыг хангасан байна. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Д.Ч-д оногдуулсан хорих ялаас 2 жилийг өршөөн хасах саналыг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан пивоны шил, архины шил, пивоны аяга зэрэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналтай байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хориулах саналтай байна гэх дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч Д.Ч нь гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна, ар гэрийн байдал, хувийн байдлыг минь харгалзан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү гэх тайлбар гаргав.

Шүүгдэгч Д.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 14,000,000 төгрөгийг нөхөн төлсөн, 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Д.Ч-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй байдал, бусдад төлөх төлбөргүй болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ буюу 2 жил хорих ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан ...гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг хасна” гэж зааснаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул шүүгдэгч Д.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Бод 14,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сэрүүн нэртэй ногоон өнгийн пивоны 2 ширхэг хоосон шил, Соёрхол нэртэй 0,75 граммын хоосон шил 1 ширхэг, Нийслэл гэх улаан өнгийн бичигтэй шилэн грушиг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Д-ийн Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.    

4. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хассугай.

5. Шүүгдэгч Д.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Бод 14,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Б нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сэрүүн нэртэй ногоон өнгийн пивоны 2 ширхэг хоосон шил, Соёрхол нэртэй 0,75 граммын хоосон шил 1 ширхэг, Нийслэл гэх улаан өнгийн бичигтэй шилэн грушиг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ