| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00599/И |
| Дугаар | 00599 |
| Огноо | 2017-06-09 |
| Маргааны төрөл | Садан төрлийн холбоо тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 00599
| 2017 оны 06 сарын 09 өдөр | Дугаар 155/ШШ2017/00599 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багт оршин суух, РЦ47051264 дугаар регистртэй, эмэгтэй, Улаан хуулар овогт Дамдингийн Булдуугийн
Садан төрлийн холбоо тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 155/2017/00368/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишиг-Өндөр нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Булдуу шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд 1947 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төрсөн. Анх төрөхөд Дамдины Лхамсүрэн гэсэн нэр өгсөн боловч бие ороож байнгын өвчин тусаж байсан учир Булдуу гэх болсон юм. Миний төрсөн эцэг Ядамын Дамдинг 1938 оны 5 дугаар сард баривчлан хилс хэрэгт буруутган 10 жил хорих ял авсан юм. Одоо миний бие төрсөн эцэг Я.Дамдингийн ар гэрийнхэнд улсаас олгож буй цагаатгалын мөнгийг авахад Үндэсний төв архивын 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн архивын магадлагаанд Дамдингийн Лхамсүрэн гэж анх өгсөн нэрээр бүртгэгдсэн байдаг. Иймд Дамдингийн Булдуу нь Ядамын Дамдинтай төрөл садангийн холбоотой болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 1976 онд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багт оршин суух, РЦ76101165 дугаар регистртэй, Улаан хуулар овогт Даржаагийн Хишиг-Өндөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Булдуу нь миний ээж юм. Миний эхийг анх төрөхөд Лхамсүрэн гэсэн нэр өгсөн боловч бие нь өвдөөд байсан тул Булдуу гэж нэрлэсэн гэсэн. Түүний эцгийг Ядамын Дамдин гэдэг лам хүн байсан бөгөөд 1938 онд хилс хэргээр шийтгүүлж, 10 жилийн хорих ял эдэлсэн боловч сүүлд цагаатгасан байсан. Манай эх Д.Булдуу цагаатгалын нөхөн олговор авахаар материал бүрдүүлсэн боловч овог болон нэрний зөрчилтэй байна. Тухайн үеийн баривчилгааны материалд Ядамын Дамдин, Мядагийн Дамдин гэсэн хоёр нэр байгаа бөгөөд үүнийг сайн ойлгохгүй байна. Мөн хүн амын тооллогын бүртгэлд Дамдингийн Лхамсүрэн, Дамдингийн Булдуу гэж бичигдсэн байсан. Холбогдох материал гаргуулахаар Үндэсний төв архив болон аймгийн архив, улсын бүртгэлийн хэлтсээс шүүлгэсэн боловч шаардлагатай баримт гарч ирээгүй. Мөн гэрчийн мэдүүлэг өгөх хүн байхгүй. Дахиж баримт бүрдүүлэх боломжгүй тул хэрэгт авагдсан баримтыг үндэслэн Дамдингийн Булдуу нь Ядамын Дамдингийн төрсөн охин мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Булдуу нь садан төрлийн холбоо тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар шаардах эрхтэй.
Шүүх хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэлмэгдэгч Ядамын Дамдин нь 1938 онд баривчлагдан, Онцгой бүрэн эрхэт комиссын 1938 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр хурлын тогтоолоор Шүүх Цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 112 дугаар магадлалаар цагаатгагдсан болох нь
Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн “Ядамын Дамдин нь Хөвсгөл аймгийн Эрэнчинлхүмбэ сумын харъяат, нас 27, Зөөлөнгийн хүрээнд сууж байсан, гэвхүй, умзад, гүрэмч. Хөрөнгө гэр 1, урьд ял шийтгэгдэж байгаагүй, баригдахын өмнө хөдөө байсан гэжээ. Я.Дамдин нь 1938 оны 5 дугаар сарын 15-ны өдөр баривчлагдан Онцгой бүрэн эрхэт комиссын 1938 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр хурлын тогтоолоор Шүүх Цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгджээ. Хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 112 дугаар магадлалаар цагаатгагджээ” гэх бичилттэй 02/4469 дугаартай лавлагаа,
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Прокурорын 1992 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Монгол Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегид: Очир овогтой Самбуу нарын 246 хүний хэргийн тухай” “...173. Ядамын Дамдин, нас 27, Хөвсгөл Эринчинлхүмбэ сум, гэвхүй, умзад, гүрэмч байсан... Хянавал: УАБХЗГазар эдний хэргийг шинээр шалгаад Ёнзонхамбын хувьсгалын эсэргүү байгууллага болон түүний Хөвсгөл аймаг дахь салбар бүлэг гэж байгаагүй бөгөөд удирдагчид нь цагаадсаныг тодорхойлон, эдний гэм бурууг нотлох баримтгүй учир прокурорын эсэргүүцлийг хангах нь үндэслэлтэй гэж үзнэ. БНМАУ-ын ЭБШ-ийн 369-р зүйлийн 3-ыг удирдлага болгон ТОГТООХ нь: Онцгой бүрэн эрхэт комиссын 1938 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 21-р хурлын тогтоолоос энэ магадлалд дурдсан 246 хүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож тэднийг цагаатган, хэргийг нь ЭБШ хуулийн 6-р зүйлийн 2-г баримтлан хэрэгсэхгүй болгосугай” гэх бичилттэй №3/130 дугаартай эсэргүүцлийн архивын хуулбар,
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1992 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “...173. Ядамын Дамдин, нас 27, эрэгтэй, Хөвсгөл, Эрэнчинлхүмбэ сум, Зөөлөнгийн хүрээнд сууж байсан, гэвхүй, умзад, гүрэмч. Хөрөнгө гэр 1, ялгүй, баригдахын өмнө хөдөө байсан, 1938 оны 5 дугаар сарын 15-нд баригдсан, мөрдөн байцаалтын хэргийн дугаар олдоогүй, повескийн дугаар 16326, шүүх заацын бичгийн 43, 47-д зааснаар 10 жил хорьж хөрөнгийг хураах ялаар, хөрөнгө хураасан акт бий эсэх нь тодорхойгүй... “ гэх бичилттэй №112 дугаартай магадлалын архивын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо.
Гэвч хэлмэгдэгч Ядамын Дамдингийн төрсөн охин Д.Булдуу мөн болох нь нотлогдохгүй байна. Түүний шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Үндэсний төв архивын 1947 он, 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Иргэний баримтын архивын хэлтсийн нас барсны бүртгэлийн лавлагаа, 1 дүгээр маягтын лавлагаа-А зэрэг баримтуудад “Мядагийн Дамдинд холбогдох бүртгэл, лавлагаа” байх бөгөөд мөн бусад баримтууд тухайн үйл баримтыг нотлож чадахгүй байна. Өөрөөр хэлбэл “Ядамын Дамдин”-д холбогдох баримтгүй байна.
Иймд нэхэмжлэгч Д.Булдуугийн хэлмэгдэгч Ядамын Дамдинтай садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг үнэлээгүй болно. Үүнд: Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “М.Дамдины тухай лавлагаа”, Үндэсний төв архивын “1956 оны хүн амын, 2000 оны хүн амын орон сууцны улсын тооллогын бүртгэлийн тухай лавлагаа”, ОБЭК-ийн 1938 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр хурлын тогтоолын 2 дугаар дэвтрийн 15-726-16401 тоот баримтын хуулбар зэрэг баримтууд нь хэрэгт ач холбогдолгүй, нотлох браимтын шаардлага хангахгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар хэлмэгдэгч Ядамын Дамдинтай садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох тухай Улаан хуулар овогт Дамдингийн Булдуугийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА