Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2017/00168

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын * дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Р ХХК /захирал Н.Б/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын * дугаар багт оршин суух, Б овогт Х ийн Е д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, хариуцагч Х.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ 1362690 төгрөг, алданги 681245 төгрөг, нийт 2044035 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Р ХХК-ийн захирал Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багийн иргэн Х.Е нь манай компанитай 2015 оны 06-р сарын 27-ны өдөр 23 хоногийн хугацаатай "Нефть бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах" тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу мөн өдөр нөөцийн агуулахаас ДТ маркийн 1362690 (421 литр х 1890 төг) төгрөгийн үнэ бүхий түлшийг хүлээж авсан билээ. Зээлийн гэрээний хугацаа дуусаж компанийн зүгээс зээлдэгч Х.Е -аас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч тэр нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж одоо болтол төлбөрөө төлөөгүй. Ингэснээр тус компани нь зохих хэмжээний алдагдал хүлээж байна. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр заасан байдаг. 2015 оны 07-р сарын 20-ны өдрөөс 2016 оны 12-р сарын 16-ны өдөр хүртэл 514 хоног хэтрүүлсний алдангийг тооцоход (1362690 төг х 0,5%=6813,45 х 514 хоног =3502113,3 төгрөг болж байна Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь 681345 төгрөг болж байна. Иймд иргэн Х.Е -аас үндсэн зээл болох 1362690 төгрөг, мөн алданги 681345 төгрөг нийт 2044035 /хоёр сая дөчин дөрвөн мянга гучин тав/ төгрөгийг гаргуулан компанийг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч Х.Е шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Хариуцагч Х.Е миний бие нэхэмжлэгч Р ХХК-ийн нэхэмжилж байгаа нефтийн бүтээгдэхүүний үнэ 1362690 төгрөг, алданги 681245 төгрөг, нийт 2044035 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Би хуульд заасан эрх үүргээ ойлгож мэдлээ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Е д холбогдох зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ 1362690 төгрөг, алданги 681245 төгрөг, нийт 2044035 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагч Х.Е нь нэхэмжлэгч Р ХХК-ийн нэхэмжилсэн зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ 1362690 төгрөг, алданги 681245 төгрөг, нийт 2044035 төгрөгийг төлж өгөхөөр болж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг илэрхийлсэн тухай тайлбараа бичгээр гаргаж өгсөн байна.

Иймд Р ХХК-ийн нэхэмжлэлтэй Х.Е д холбогдох иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Р ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47655 төгрөгийн тал болох 23827 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас 23827 төгрөг, хариуцагч Х.Е аас 23827 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 106 дугаар зүйлийн 106.4 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Х ийн Е нь нэхэмжлэгч Р ХХК-ийн нэхэмжилсэн зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ 1362690 төгрөг, алданги 681245 төгрөг, нийт 2044035 /хоёр сая дөчин дөрвөн мянга гучин таван/ төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Р ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47655 төгрөгийн тал болох 23827 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 тоот данснаас 23827 төгрөг, мөн хариуцагч Х.Е аас 23827 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН