Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/98

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгч Г.О,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Г-ын О-т холбогдох 2128000000091 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, .....................................   

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Г.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар баг, Шивээхүрэн хилийн боомтын нүүрс тээврийн замын 21 дэх километрт хохирогч С.Э-тай маргалдан харилцан зодолдож, сандлаар толгой руу нь цохиж, эрүүл мэндэд нь дагзанд шарх, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.О-ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр миний унадаг машиныг Ж унаж БНХАУ руу оруулсан. Би 15 цагийн орчимд ТН-185 гаалийн дугаартай Ж-гийн машиныг нүүрсний замын 11 дэх километрээс 20 дахь километр хүртэл урагш нь шахсан намайг машиныг нь шахсан Ж машин дотор хүний захисан 4 шил архи байгаа шүү ууж болохгүй гэж хэлсэн. Би машиныг нь шахчхаад оочирт зогсож байхдаа өөрийн компанийн Ба, Б нартай уулзаад юм ярьж сууж байгаад нэг юм уух уу гэхэд тэгье гэхээр нь би Ж-гийн машинд байсан архинуудаас нэг шил Хараа нэртэй 0,75 литрийн багтаамжтай архийг нь задалж гурвуулаа хувааж ууж дууссан. Дараа нь дахиж нэг шил архи гаргаад ууж байхад Ц, О нар бид гурав дээр ирсэн. Бид нар бөөндөө уг архийг хувааж уугаад дууссан. Машинаас би дахиж нэг шил архи гаргаж уусан. Би сүүлийн шилтэй архи дууссан эсэхийг сайн мэдэхгүй согтоод тасарсан. Тухайн үед би О-тай муудалцаж зодолдсон ба бид хоёрыг хамт байсан хүмүүс салгасан. Тухайн үед О нь намайг сандлаар цохисон байсан. Би тухайн үед юунаас болж О-тай маргалдсанаа санахгүй болсон зүйлийг тодорхой мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд манай компанийн менежер ирсэн хилийн цэргийн хүмүүс бас байсан. Манай менежер намайг авч яваад боомтын эмчээр толгойд оёдол тавиулсан. Дараа нь сумын эмнэлэгт авч ирсэн. Миний толгой зүүн ар хэсэгт хагарсан 6 оёдол тавиулсан байгаа. Баруун нүдний доод хэсэгт шалбарсан шархтай өөр гэмтэл шарх байхгүй... Би тухайн үед тодорхой санахгүй би О-тай зууралдаад зодолдож байхад хамт байсан хүмүүс салгасан. Би эргээд нөгөө тийшээ харахад араас миний толгой руу тас гээл юмаар цохисон. Тухайн үед толгой аймар их өвдөөд тэгээд цус гарсныг мэдсэн. Тэнд байсан жолооч нар ирж даавуугаар миний толгойны цусыг тогтоох гэж дарж боосон... Одоо надад гомдол санал байхгүй байна. О-тай тохирч эвлэрсэн.” /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/  

Гэрч Я.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би нэг компанид ажилладаг О гэх хүнтэй хамт нүүрс тээврийн замын 19 дэх км орчимд машинтайгаа ирж зогссон. Тэгээд машинаасаа буугаад О-тай хамт миний өмнө зогсож байсан  машины жолооч дээр очиход тэнд архи уугаад сууж байсан. Бид хоёрыг очиход архи аягалж өгсөн тэрийг нь уусан. О, Э, Б, Ба нартай уусан. Би тэнд сууж байхдаа нэг шил архи тэд нартай хувааж уусан байх тэгээд машин руугаа очоод хэвтсэн. Би машиндаа 1 цаг гаруй хэвтэж байхад гэнэт гаднаас онцгой байдлын нэг алба хаагч ирээд машинаасаа буугаад ир гэж хэлсэн. Машинаасаа буухад Э нь толгойгоо хагалуулчихсан байсан. Намайг эд нартай хамт архи уусан уу гэж асуусан би уусан л гэж хэлсэн. Би юунаас болж эд нар хоорондоо маргалдаж зодолдсон болохыг мэдэхгүй байна... Эгийн толгой нь хагарсан байсан хэн цохисныг нь тухайн үед хараагүй, мэдээгүй. Дараа нь О сандлаар цохисон гэж байсан.” /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Шивээхүрэн хилийн боомтын 18 дахь километрт машинаа шахаж дуусаад машиныхаа эвүүрийг хийж байтал ард зогсож байсан машины жолооч машиныхаа хажууд зогсож байхаар нь /Э/ яваад очиход Э архи уух уу гэхээр нь чамд архи байгаа юм уу гэхэд миний унаж яваа машинд 4 шил Хараа байна гэхээр нь ууя гэж хариулсан. Бид хоёр тухайн машинаас архиа аваад зогсож байтал Ба гээд жолооч ирсэн. Бид гурав 0,75 литр Хараа архийг машиныхаа гадаа хувааж уусан. Нэг шил архи ууж дуусгаад дахиж давраад нэг шил архи машинаас аваад уугаад сууж байтал хоёр зүс мэдэх залуу ирсэн. Тэр хоёр залууг ирэхээр нь бид нар мэнд ус мэдээд ууж байсан архинаасаа хийгээд өгсөн. Тухайн ууж байсан архи дуусгаад нэмээд машинаас 0,75 литр Хараа архи аваад тавуулаа хувааж уусан. Тухайн архийг би ууж дуусгаад машин руу алхаад замаараа юм харсан шиг явж байтал хүмүүс чанга дуугараад хашхираад байхаар нь эргээд хартал хүмүүс зодоон хийж, хажуугаар нь байсан хүмүүс салгаад байсан. Би тухайн зодоон хийж байгаа хүмүүсээс 40 орчим метр зайтай байсан.” /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/

Гэрч М.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Шивээхүрэн хилийн боомтын 19 дэх километрт машинаа шахаад зогсож байтал Э миний машинд архи байна гэж чатаар хэлээд хүрээд ир гэхээр нь машинаасаа алхаад явж байхад урд Б алхаад явж байсан учраас бид хоёр таараад хамт очсон. Эгийн машин дээр очиход Э машинаасаа 0,75 литрийн хараа архийг гаргаж ирээд задлаад тойруулсан. Эхний архи ууж дуусгаад хоёр дахь архи задлаад уух гэж байхад хойд талын машины хоёр жолооч /Тэрийг хоёрыг нэрийг Ц, О нар/ хүрээд ирсэн. Ц, О нар ирээд тойруулж байсан архийг хувааж уусан. Машинаас дахиад нэг шил архи үлдсэн гээд тэр архийг бид тавуулаа хувааж ууж дуусгасан. Би тэндээсээ яваад өөрийнхөө жижиг тэрэг дээр очоод машинаа аваад ирэх хооронд зодоон болоод дууссан байсан. Намайг ирэхэд цагдаа ирсэн байсан... Би тухайн газраас яваад машин дээрээ очсон. Машин дээрээ хоол хийж, цай чанасан. Хоол, цай хийж дуусгаад нөгөө хэд дээр очиход зодон болоод дууссан байсан. Намайг очиход Э, О хоёр зодоон хийгээд Э оёдол хийлгэхээр явсан гэж Б ярьсан.” /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/

Гэрч Г.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 08 дугаар сарын 08-ны өглөө би Э-тай машинаа сольж БНХАУ руу нүүрс тээвэрт гарсан юм. Э миний ачаатай машин дээр очиж оочрын шахаа хийсэн. Би өглөө БНХАУ руу орохдоо миний машинд архи байгаа хүн ярьж байгаад очиж авах байх ярина шүү гэж хэлсэн. Э нь миний машинд байсан архинаас 3 шилийг нь аваад уучихсан байсан. Тэгээд согтоод хүнээр толгой руугаа цохиулсан гэж сонссон.” /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/

Шүүгдэгч Г.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Шивээхүрэн хилийн боомтын нүүрс тээврийн замын 21 дэх километрийн орчимд өөрийн унаж явсан 21-47 УБТ дугаартай автомашиныг нүүрсний оочерын төгсгөлд байрлуулсан. Машиндаа дотроо байж байгаад Ц бид 2 хамт машиныхаа тоосыг хийгээр үлээлгээд байж байхад миний таньдаг жолооч нар машины сүүдэрт замын голд сууж байсан. Тэгэхээр нь бид хоёр хамт очсон. Тэгэхэд Б, Ба, Э 3 архи хувааж уугаад сууж байсан. Бид хоёрыг очиход архи хийж өгсөн. Тэрнээс нь хамт уусан. Тухайн үед Хараа нэртэй 0,75 литрийн архи уусан. Эхний архи ууж дуусахад Э нь өөрийн унаж явсан нүүрсний машинаас дахиж Хараа нэртэй 0,75 литрийн архи гаргаж ирээд бид нар хувааж уусан. Уг архи дуусч байх үед би согтоод Э-тай маргалдаж муудалцсан. Би тухайн үед согтчихсон болоод болсон зүйлийг тодорхой сайн мэдэхгүй байна. Э нь намайг цохиж зодоод байхаар нь би уурлаж Эгийн толгой руу өөрийн сууж байсан сандлаар нэг удаа цохиж авсан. Болсон зүйлийг нарийн тодорхой санахгүй зарим зүйлийг нь санаж байгаа. Э-г сандлаар цохиод шууд машиндаа ороод хэвтчихсэн байсан. Удаагүй манай компанийн менежер ирээд намайг хүн зодсон байна гэж хэлсэн. Тухайн үед Э нь миний нүүр рүү цохиод зүүн нүд хөхөрч, дух шанаа хэсэг халцарсан байсан. Өөр гэмтэл шарх байхгүй. Яг ямар шалтгаанаар намайг зодож эхэлснийг мэдэхгүй. Би Э-д эмчилгээний зардлыг нь 155,000 төгрөгийг өөрийн утсаар интернет банк ашиглаж шилжүүлж хохиролгүй болгосон. Би Э-тай харилцан тохирч эвлэрсэн. Одоо бид хоёрын хооронд хохирол төлбөрийн асуудал, гомдол саналгүй болсон.” /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 400 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “С.Э-гийн биед дагзанд шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон хугацаанд учирсан байх боломжтой. С.Э-гийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтад нөлөөлөхгүй. С.Э-гийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 401 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Г.О-ын биед зүүн нүдэнд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон хугацаанд учирсан байх боломжтой. Г.О-ын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтад нөлөөлөхгүй. Г.О-ын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дугаар хуудас/

Согтууруулах ундаа, мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 41-44 дүгээр хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/   

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 60-65, 67, 69-72 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч Г.О-аас өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.  

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.О-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: 

Шүүгдэгч Г.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар баг, Шивээхүрэн хилийн боомтын нүүрс тээврийн замын 21 дэх километрт хохирогч С.Э-тай маргалдан харилцан зодолдож, сандлаар толгой руу нь цохиж, эрүүл мэндэд нь дагзанд шарх, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.Эгийн “...Би машиныг нь шахчхаад оочирт зогсож байхдаа өөрийн компанийн Ба, Б нартай уулзаад юм ярьж сууж байгаад нэг юм уух уу гэхэд тэгье гэхээр нь би Ж-гийн машинд байсан архинуудаас нэг шил Хараа нэртэй 0,75 литрийн багтаамжтай архийг нь задалж гурвуулаа хувааж ууж дууссан. Дараа нь дахиж нэг шил архи гаргаад ууж байхад Ц, О нар бид гурав дээр ирсэн. Бид нар бөөндөө уг архийг хувааж уугаад дууссан. Машинаас би дахиж нэг шил архи гаргаж уусан. Би сүүлийн шилтэй архи дууссан эсэхийг сайн мэдэхгүй согтоод тасарсан. Тухайн үед би О-тай муудалцаж зодолдсон ба бид хоёрыг хамт байсан хүмүүс салгасан. Тухайн үед О нь намайг сандлаар цохисон байсан. Би тухайн үед юунаас болж О-тай маргалдсанаа санахгүй болсон зүйлийг тодорхой мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд манай компанийн менежер ирсэн хилийн цэргийн хүмүүс бас байсан.” /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/, 

гэрч Я.Ц-гийн “...Би нэг компанид ажилладаг О гэх хүнтэй хамт нүүрс тээврийн замын 19 дэх км орчимд машинтайгаа ирж зогссон. Тэгээд машинаасаа буугаад О-тай хамт миний өмнө зогсож байсан  машины жолооч дээр очиход тэнд архи уугаад сууж байсан. Бид хоёрыг очиход архи аягалж өгсөн тэрийг нь уусан. О, Э, Б, Ба нартай уусан. Би тэнд сууж байхдаа нэг шил архи тэд нартай хувааж уусан байх тэгээд машин руугаа очоод хэвтсэн. Би машиндаа 1 цаг гаруй хэвтэж байхад гэнэт гаднаас онцгой байдлын нэг алба хаагч ирээд машинаасаа буугаад ир гэж хэлсэн. Машинаасаа буухад Э нь толгойгоо хагалуулчихсан байсан. Намайг эд нартай хамт архи уусан уу гэж асуусан би уусан л гэж хэлсэн. Би юунаас болж эд нар хоорондоо маргалдаж зодолдсон болохыг мэдэхгүй байна... Эгийн толгой нь хагарсан байсан хэн цохисныг нь тухайн үед хараагүй, мэдээгүй. Дараа нь О сандлаар цохисон гэж байсан.” /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,

гэрч Б.Б-ийн “...2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Шивээхүрэн хилийн боомтын 18 дахь километрт машинаа шахаж дуусаад машиныхаа эвүүрийг хийж байтал ард зогсож байсан машины жолооч машиныхаа хажууд зогсож байхаар нь /Э/ яваад очиход Э архи уух уу гэхээр нь чамд архи байгаа юм уу гэхэд миний унаж яваа машинд 4 шил Хараа байна гэхээр нь ууя гэж хариулсан. Бид хоёр тухайн машинаас архиа аваад зогсож байтал Ба гээд жолооч ирсэн. Бид гурав 0,75 литр Хараа архийг машиныхаа гадаа хувааж уусан. Нэг шил архи ууж дуусгаад дахиж давраад нэг шил архи машинаас аваад уугаад сууж байтал хоёр зүс мэдэх залуу ирсэн. Тэр хоёр залууг ирэхээр нь бид нар мэнд ус мэдээд ууж байсан архинаасаа хийгээд өгсөн. Тухайн ууж байсан архи дуусгаад нэмээд машинаас 0,75 литр Хараа архи аваад тавуулаа хувааж уусан. Тухайн архийг би ууж дуусгаад машин руу алхаад замаараа юм харсан шиг явж байтал хүмүүс чанга дуугараад хашхираад байхаар нь эргээд хартал хүмүүс зодоон хийж, хажуугаар нь байсан хүмүүс салгаад байсан. Би тухайн зодоон хийж байгаа хүмүүсээс 40 орчим метр зайтай байсан.” /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,

гэрч М.Ба-ийн “...2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Шивээхүрэн хилийн боомтын 19 дэх километрт машинаа шахаад зогсож байтал Э миний машинд архи байна гэж чатаар хэлээд хүрээд ир гэхээр нь машинаасаа алхаад явж байхад урд Б алхаад явж байсан учраас бид хоёр таараад хамт очсон. Эгийн машин дээр очиход Э машинаасаа 0,75 литрийн хараа архийг гаргаж ирээд задлаад тойруулсан. Эхний архи ууж дуусгаад хоёр дахь архи задлаад уух гэж байхад хойд талын машины хоёр жолооч /Тэрийг хоёрыг нэрийг Ц, О нар/ хүрээд ирсэн. Ц, О нар ирээд тойруулж байсан архийг хувааж уусан. Машинаас дахиад нэг шил архи үлдсэн гээд тэр архийг бид тавуулаа хувааж ууж дуусгасан. Би тэндээсээ яваад өөрийнхөө жижиг тэрэг дээр очоод машинаа аваад ирэх хооронд зодоон болоод дууссан байсан. Намайг ирэхэд цагдаа ирсэн байсан... Би тухайн газраас яваад машин дээрээ очсон. Машин дээрээ хоол хийж, цай чанасан. Хоол, цай хийж дуусгаад нөгөө хэд дээр очиход зодон болоод дууссан байсан. Намайг очиход Э, О хоёр зодоон хийгээд Э оёдол хийлгэхээр явсан гэж Б ярьсан.” /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/

гэрч Г.Ж-гийн “...2021 оны 08 дугаар сарын 08-ны өглөө би Э-тай машинаа сольж БНХАУ руу нүүрс тээвэрт гарсан юм. Э миний ачаатай машин дээр очиж оочрын шахаа хийсэн. Би өглөө БНХАУ руу орохдоо миний машинд архи байгаа хүн ярьж байгаад очиж авах байх ярина шүү гэж хэлсэн. Э нь миний машинд байсан архинаас 3 шилийг нь аваад уучихсан байсан. Тэгээд согтоод хүнээр толгой руугаа цохиулсан гэж сонссон.” /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 400 дугаартай шинжээчийн С.Эгийн биед дагзанд шарх, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Г.О-ын хохирогч С.Эгийн биед дагзанд шарх, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.О-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.   

Шүүгдэгч Г.О нь хохирогч С.Э-гийн эрүүл мэндэд нь дагзанд шарх, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байх ба хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад “Г.О нь миний эмчилгээний зардал болох 155,000 төгрөгийг төлж гомдолгүй болгосон” талаар хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

Шүүгдэгч Г.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 155,000 төгрөгийг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хохирогчид 155,000 төгрөг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ. 

Шүүх шүүгдэгч Г.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.       

Шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Э-д 155,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг эвхдэг ногоон сандлыг устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Г-ын О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.О нь шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

5. Шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Эд 155,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг эвхдэг ногоон сандлыг устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                       

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ