Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 130/ШШ2017/00169

 

 

Гэрлэгчдийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын * дугаар багт оршин суух, С овогт Р ийн Ж гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух, Ж овогт Х ийн Е д холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Х.Е аас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох, хуваарьт болон дундын хөрөнгийн оногдох хувийг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Р.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Ж би Х.Е тай 2000 онд гэр бүл болж гэрлэлтийн баталгааг 2006 оны 3 дугаар сарын 21-ний өдөр бүртгүүлж авсан. Х.Е бид хоёрын дундаас:

1.А охин 2001 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр, 2.А охин 2003 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр, 3. Н хүү 2006 оны 6 дугаар сарын 08-ны өдөр, 4.А охин 2008 оны 5 дугаар сарын 05-ны өдөр, 5.А охин 2010 оны 3 дугаар сарын 18-ны өдөр, 6.А охин 2012 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, 7.Н охин 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус тус төрсөн. Охин А ыг Миний хадам аав, ээж болох Х, З нар төрсөн үед нь өөрсдийн асрамжид үрчилж авсан юм. Хадам аав 2001 онд, 2008 онд хадам ээж маань тус тус нас барж охин А ыг бид буюу төрсөн ах нь гэж тооцогдож байгаа Х.Е Өлгий сумын Засаг даргын захирамжаар асрамжид авсан юм. Охин А нь хадам аав, ээж нарын нэр дээр үрчлэгдсэн хэдий ч төрүүлсэн эцэг, эх нь болох Х.Е бид хоёрын хүмүүжилд байж хамт амьдарч өссөн бөгөөд одоо ч бидэнтэй хамт амьдарч байна.

Дундын хөрөнгийн талаар:

1.Бид тус 8 дугаар багт модон материалаар 5 өрөө өвлийн сууцанд амьдарч байгаа бөгөөд үнэлгээг 16.000.000 төгрөг гэж үнэлж байна. 2.Казах үндэсний иж бүрэн тоноглогдсон 80 толгой эсгий гэр-1ш. Үнэлгээг 2.000.000 төгрөг гэж үнэлнэ. 3. 4х6м.кв талбайтай блокоор барьсан амбаар байшин-1ш 800.000 төгрөг, 4. 4хЗ м.кв талбайтай модоор барьсан амбаар байшин-1ш 600.000 төгрөг, 5. 5х6м.кв талбайтай блокоор барьсан. гараж үнэлгээ 500.000 төгрөг, 6 Блок хашаа-738м.кв талбайтай газрын хамт. Үнэлгээ -5.000.000 төгрөг болно.

Тавилга :

1. 3 хаалгатай тавиур шкаф -1ш үнэлгээ -500.000 төгрөг,

2. Хувцасны шкаф 3 хаалгатай 250.000 төгрөг,

3. Хавтгай телевизор антены хамт -1ш үнэ 650.000 төгрөг,

4. Хөлдөөгч 1ш -250.000 төгрөг,

5. Угаалгын машин -2ш үнэлгээ 550.000 төгрөг,

Гурав: Хуваарьт хөрөнгө

1. Диван ор-1ш 300.000 төгрөг,

2. Суурьтай 3 хаалгатай толь-1 ш үнэ 150.000 төгрөг зэрэг болно.

Дөрөв: Гэрлэлт цуцлах болсон шалтгаан:

1. Х.Е нь тасралтгүй 10 хэдэн жил архи ууж байна. Урьд нь хааяа уудаг байснаа сүүлийн 10 жилд байнга архи ууж согтуурдаг болсон.

2. Байнга согтуу байхдаа үргэлж гэр оронд агсам тавьж бидний амгалан тайван байдлыг алдагдуулдаг, намайг болон хүүхдүүдийг харааж зүхэх, муухай үг хэлэх, доромжлох, алах, талах шатаах гэх мэтээр заналхийлэх зэргээр дарамтлан, улмаар миний болон хүүхдүүдийн эрх чөлөөнд халдаж зодож цохидог болсон. Миний биед урьд нь гэмтэл учирч байсан ч би уучилж өнгөрөөдөг байсан.

3. Х.Е нь архи ууж согтуурсан үедээ гэртээ ирж агсам тавьж танхайрахад бид Цагдаагийн Газарт олон удаа дуудлага өгч байсан. Х.Е нь өнгөрсөн 2 жил гэхэд хэд хэдэн удаа эрүүлжүүлэгдэж, 2 удаа баривчлагдсан юм. Гэр бүлийн гишүүдтэй ойртохгүй, харьцахгүй гэж нэг сараар эрхээ хасуулж байсан. Түүнээс гадна эвлэрүүлэн зуучлах албанд 2 ч удаа хандаж тус аймгийн сум дундын Иргэний Хэргийн Анхан шатны Шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 4 дугаартай захирамжаар гэрлэгчдийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож байсан юм. Одоо Цагдаагийн газарт ЗХТ хуулийн 21 дүгээр заалтаар гэр бүлдээ согтуугаар эр танхайрсан гэсэн үндэслэлээр 25 хоногоор /давтан/ баривчлагдаад байгаа болно. Дээрх байдлууд нь зөвхөн Цагдаа, Шүүхээр шийдвэрлүүлсэн байдал бөгөөд ах, дүү, найз нөхөд болон гэр бүлийн хүрээнд олон удаа Х.Е тай эвлэрч байсан. Одоо цаашид тэсэх, тэвчээр маань барагдсан. Х.Е ы үйлдэл хэтэрсэн тул гэрлэлтээ цуцлуулахаар Шүүхэд хандаж байна. Х.Е нь энэ байдлыг хүлээн зөвшөөрч ухамсартай хандана гэж итгэж байна. Гэрлэлт цуцлуулсны дараа Х.Е нь архиа хаяж уучлалт гуйж ирвэл дахин гэрлэх боломжтой гэдгийг хүүхдүүдийг бодож амлаж байна. Иймд Гэрлэлт цуцлуулах хүүхдүүдийг өөрийн асрамждаа авах, хуваарьт хөрөнгө болон дундын хөрөнгийн оногдох хэсгийг авах хүүхдүүдэд тэтгэлэг төлүүлэх тухай миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Р.Ж шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд: Миний бие Р.Ж шүүхэд Х.Е аас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийг өөрийн асрамжид авч, тэтгэлэг төлүүлэх, хуваарьт болон дундын хөрөнгийн оногдох хувийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан билээ. Нөхөр Х.Е нь архи ууж гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулах, архи уухгүй гэр бүлийн хэрэгцээний мөнгийг үрэгдүүлэхгүй гэж надад ам тангараглаж уучлалт гуйсан тул би нөхөр Х.Е тай сайн дурын үндсэн дээр эвлэрч, цаашид нэг гэр бүлд хүүхдүүдийн хамт сайн сайхан амьдрахыг хүсэж байна. Иймд шүүхээс Х.Е бид хоёрын эвлэрснээр шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна. Би хуульд заасан эрх, үүргээ ойлголоо гэжээ.

Хариуцагч Х.Е шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд: Миний бие Х.Е эхнэр Р.Ж тай сайн дурын үндсэнд эвлэрч байна. Би цаашид эхнэр, хүүхдүүдийнхээ амар тайван амгалан байдлыг алдагдуулахгүй, архи уухгүй, хүүхдүүдийг сайн хүн болгож хүмүүжүүлж нэг гэрт сайн сайхан амьдрах болно. Эхнэр Ж нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш өөрийн буруугаа ухамсарлан ойлгож, эхнэрээсээ уучлалт гуйсан. Иймд Ж бид хоёр сайн дураар хоорондоо эвлэрч байгаа тул бид хоёрын эвлэрснээр шийдвэрлэж өгөхийг хүсье. Би цаашид эхнэр хүүхдүүдийн хамт нэг гэр бүл болж сайхан амьдарна. Хуульд заасан эрх, үүргээ ойлгосон гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Ж гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Е д холбогдох гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох, хуваарьт болон дундын хөрөнгийн оногдох хувийг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан шалгах явцад гэрлэгчид болох Р.Ж , Х.Е нар нь хоорондоо сайн дураараа эвлэрч, энэ талаар хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна. Иймд гэрлэгчид болох Р.Ж , Х.Е нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Р.Ж гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365900 төгрөгийн тал нь болох 182950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 182950 төгрөг, мөн хариуцагч Х.Е аас 182950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Р.Ж д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1, 132 дугаар зүйлийн 132.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэгчид болох Р.Ж , Х.Е нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Ж гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365900 төгрөгийн тал нь болох 182950 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 182950 төгрөг, мөн хариуцагч Х.Е аас 182950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Р.Ж д олгосугай.

3. Энэ захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Х.ЖАРХЫНГҮЛ