| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2019/0536/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/287 |
| Огноо | 2021-05-31 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2021/ШЦТ/287
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,
улсын яллагч Б.Хурц,
хохирогч К.Ю.Ж, түүний өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо, орчуулагч Г.Ядамсүрэн,
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Мэргэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Ч.Б.Гэд холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ...дугаар сарын ...-ний өдөр .... төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт .......... тоотод оршин суух гэх, Ч.Б.Г /РД:....../
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Г нь К.ХХК-ийг төлөөлж тус компани өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 79 дүгээр байрны 39 тоот, 51,45 м2 байрыг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэн Ш.Лхагважавтай 75.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, гэрээний дагуу 13.000.000 төгрөгт тооцон худалдан авагч Ш.Лхагважаваас шилжүүлэн өгсөн Хьюндай Портер маркийн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, бусдад борлуулсан атлаа компани орлогод авалгүй, өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан,
Гэрээнд заасан хуваарийн дагуу худалдан авагч Ш.Лхагважаваас Б.Гийн Хаан банк дахь 5082059779 дугаарын данс руу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 01-ний хооронд 37.830.000 төгрөг шилжүүлснээс 12.830.000 төгрөгийг компанийн орлогод авалгүй, өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан буюу Кэмистар ХХК-иас итгэмжлэн хариуцуулсан орон сууцыг компанийн нэрийн өмнөөс бусдад худалдан борлуулсан атлаа албан тушаалын байдлаа ашиглаж 13.000.000 төгрөгийн автомашин, 12.830.000 төгрөгийг тус тус завшиж, К.ХХК-нд 25.830.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Тус компанийн ажилтнаар 2013 оноос хойш ажиллаад бартерт нь байр, машин авдаг байсан. Тухайн компанийнхаа бүхий л асуудлыг зохицуулж ажилласаар ирсэн. Лхагважавт 75.000.000 төгрөгөөр худалдсан байр нь тухайн компанид борлуулсан бартертаа хамгийн хямддаа ордог. Тус компанид ажиллаж байх хугацаанд 12 ширхэг үл хөдлөх хөрөнгийг зарж, тэрбум 500 сая төгрөгтэй үнэтэй дүйцэхээр борлуулалт хийж, байр орон сууц борлуулсан. Үүний хажуугаар нь бэлэн мөнгөнд автомашин зарснаа бодох юм бол миний тооцоолсноор нийт 3 тэрбум төгрөгийн борлуулалт хийж өгсөн. Тухайн үед Лхагважавт байр худалдахаар тохиролцоод эхний 15.000.000 төгрөгийг бэлнээр өгч байсан. Тухайн мөнгийг нь бэлнээр аваад үлдэгдэл төлбөрийг нь сар бүр Солонгосоос Хаан банкны дансаар шилжүүлсэн. Тухайн үед К.Ю.Ж худалдаа хөгжлийн банкны данстай байгаад Хаан банкны данс байхгүй байсан. Лхагважавтай хоорондоо тохиролцоод Солонгосоос миний 5082.... дугаартай данс руу сар бүр төлөлтийг нь хийж нийт 12 удаагийн шилжүүлгээр авч байсан бөгөөд шилжиж ирсэн мөнгийг банкнаас бэлэн мөнгөөр авч К.Ю.Жд сар бүр төлөлтийг нь хийдэг байсан. Төлөлтөд нь портер автомашины талаар ярьдаг. Намайг портер автомашин болон 12.000.000 төгрөгийг завшсан гэж байна. Би хувьдаа авсан зүйл байхгүй. Би К.Ю.Жд портер машиныг урамшуулалд авна гэж хэлж байгаад авсан. Компанид мөнгө төгрөг хэрэгтэй боллоо, урамшууллын асуудлыг хойш нь тавих хэрэгтэй байна гэхээр нь урамшууллаа авдаггүй байсан үе байгаа. Бэлэн мөнгөний хувьд орж ирсэн мөнгийг нь өөрт өгдөг байсан гэв.
Хохирогч К.Ю.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч Б.Г нь байхгүй зүйлийг байсан болгоод ярьж байгаад гайхаж байна. Өгөөгүй мөнгийг өгсөн гэж ярьж байна. Зараагүй зүйлийг зарсан гэж хэлж, болоогүй зүйлийг болсон гэж ярьж байна. Байхгүй зүйлийг бодит болгож байгаад гайхаж байна. Улаанхуранд байсан байрыг Б.Г зараад тухайн байрны мөнгөний тодорхой хувь орж ирээгүй болохоор Лхагважавт тухайн байрыг шилжүүлж өгөх боломжгүй гэж манай зүгээс иргэний шүүхэд хандсан. Тус шүүхийн шийдвэрээр Лхагважавт байрны нэрийг шилжүүлж өгсөн. Тухайн байрны мөнгө надад орж ирсэн бол Лхагважавыг хохироох шаардлага байхгүй. Анх энэ хэрэг эхлэхэд Лхагважаваас авсан 13.000.000 төгрөгийн үнэ бүхий портер машиныг надад мэдэгдээгүй. Лхагважав нь өөрөө 13.000.000 төгрөгийн портер машин өгсөн гэж хэлсэн болохоор мэдсэн. Өмнөх шүүх хуралдаан дээр шүүгдэгч би аваад идсэн гэж хэлсэн атлаа одоо урамшуулалд авах ёстой байсан гэж мэдүүлэг өгч байна. Үлдсэн 12.830.000 төгрөгөөс нэг ч төгрөг ч аваагүй. Б.Г нь надад өгсөн гэж байна. Надад хэлэх зүйл алга. Гэрээн дээр 13.000.000 төгрөгийн үнийн дүнд бодож портер машин өгнө гэж байсан. Б.Гээс машин яасан бэ гэхэд орж ирээгүй гэж хэлсэн. Түүнээс би өгнө гэж хэлээгүй тул гомдолтой байна гэв.
Гэрч Ш.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зарын дагуу К.ХХК-ны захирал Солонгос улсын иргэн К.Ю.Ж, менежер Б.Г нартай уулзаж Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн 79 дүгээр байрны 39 тоот орон сууцыг 75 сая төгрөгөөр авахаар тохиролцож “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-г менежер Б.Г, захирал Солонгос улсын иргэн К.Ю.Ж нартай хамт гэрээг байгуулж урьдчилгаа болгож 20 сая төгрөг бэлнээр захирал Солонгос улсын иргэн К.Ю.Ж, менежер Б.Г нарт өгч 13 сая төгрөгд бодож Солонгос улсаас оруулж ирсэн “Нyundai Porter” 2 маркийн машиныг өгнө гэж тохиролцож үлдэгдэл мөнгөө график гаргаад 1 жилийн хугацаатай төлөхөөр болсон. Уг байрыг худалдаж авах асуудлыг Б.Гтэй тулж ярилцаж шийдсэн, захирал К.Ю.Ж гэрээ хийхэд ирсэн. Машины гэрээ хийх өдөр Б.Гэд өгсөн байрны сар болгон төлөх мөнгө менежер Б.Г болон Кемистарын дансанд хийхээр болсон. Тэгээд би байрны төлбөрөө Б.Гийн 5082059779 дугаарын дансанд интернэт банкаар шилжүүлж төлбөрийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулсан. Нэг удаа К.ХХК-ны өөрийнх нь дансанд 4.170.000 төгрөг шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг/1хх-ийн 15-17, 4хх-ийн 11/,
Гэрч Г.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би К.ХХК-д 2018 оны 01 дүгээр сарын 23- ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд нягтлан бодогчоор ажиллаж байна...БЗД-ийн 8 дугаар хороо 79-39 тоот орон сууцыг Лхагважав гэх хүнтэй зээлийн гэрээ байгуулан худалдан борлуулсан. Бартераар авсан бараа материалаа захиралтай ярилцаж байгаад борлуулагч нар нь худалдан борлуулчихдаг. Ингээд баримт үлддэггүй учраас шүүх шинжилгээнд өгөх анхан шатны баримт байгаагүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 122-124, 4 хх-ийн 9-10/,
Гэрч Б.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би К.ХХК-иас Б.Гээс өөр ямар нэг хүн танихгүй мөн дээрээс нь Б.Гэд НӨТ авъя, танай захиралтай очиж уулзъя, нягтлантай чинь очиж тооцоо нийлье гэж хэлэх болгонд би өөрөө зохицуулчихъя гэж хэлээд огт уулзуулдаггүй байсан. Нэг бол Солонгос захирлууд байхгүй байна, ирээгүй байна гээд байдаг байсан...” гэх мэдүүлэг/2хх-ийн 65/
Гэрч Г.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2014 оноос хойш К.ХХК-тай хамтарч ажиллаж байгаа. К.ХХК-ийг төлөөлж Б.Гтэй уулзаж бараа бүтээгдэхүүнээ авдаг байсан...үлдэгдэл төлбөр болох 14 сая төгрөгийг Б.Гэд төлбөр тооцоогоо бүрэн төлж барагдуулсны дараа автомашины эзэмшлийг шилжүүлэн өгнө гэж тохиролцоод би машинаа аваад явсан. Үүнээс хойш нэг орчим сарын дараа би үлдэгдэл төлбөр мөнгийг хоёр хувааж Б.Гэд өгөөд тэдний компаний Хүрэлбаатартай уулзаж тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан. Үлдэгдэл 14 сая төгрөгийгби Б.Гэд бэлнээр 2 хувааж өгсөн. Он сар өдрийг нь сайн санахгүй байна ямар ч байсан 120-н мянгатын Ганнам ресторанд нэг удаа харин дараа нь манай гэрийн гадаа буюу төмөр замд ирж надаас авч байсан..." гэх мэдүүлэг /2хх- ийн 68-70/
Б.Гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /4хх-ийн 12-13/,
К.ХХК болон иргэн Ш.Лхагважав нарын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ /1хх-ийн 67-70/,
Б.Г, Ш.Лхагважав нарын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Автомашин худалдах, худалдан авах тухай гэрээ /1 хх-ийн 72-74/,
Ш.Лхагважавын Хаан банкны 5018137893 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 75-82/,
Тэнцвэр эстимейт ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн гудамж 79 дүгээр байр 39 тоот 51.45 м2 2 өрөө орон сууцыг үнэлсэн 74 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 44-50/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шинжилгээ бүртгэл мэдээллийн хэлтсийн эдийн засгийн шинжээч Д.Баяраагийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 24 дугаартай дүгнэлт /4хх-ийн 146-149/,
Дабль Аксиом аудти ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/1214 дугаартай аудитын тайлан /4хх-ийн 153-158/,
Кэмистар ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа /4хх-ийн 184-
186/,
Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн Б.Гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн байдлын талаарх лавлагаа /5хх-ийн 63-64/
Б.Гийн 468006303 дугаартай, Худалдаа хөгжлийн банкны харилцах дансны 2014 оны 01 дүгээр сарын 01-ээс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн гүйлгээний хуулга /1хх-ийн 136-145/,
Б.Гийн 5082059779 дугаартай, Хаан банкны харилцах дансны 2014 оны 04 дүгээр сарын 16-аас 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн гүйлгээний хуулга /Зхх-ийн 9-108/,
Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 8/1203 дугаартай “...Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо 13301, Улаанхуарангийн гудамж 79 дүгээр байр 39 тоот орон сууцны анхны өмчлөгчөөр К.ХХК /5576431/-нь бүртгэлтэй...” гэсэн албан бичиг /1хх-ийн 192/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч талаас гаргасан 10 хуудас баримт зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгч Б.Гэд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцлээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Гэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Г нь К.ХХК-ийг төлөөлж, тус компани өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 79 дүгээр байрны 39 тоот, 51,45 м2 байрыг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэн Ш.Лхагважавтай 75.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, гэрээний дагуу 13.000.000 төгрөгт тооцон худалдан авагч Ш.Лхагважаваас шилжүүлэн өгсөн Хьюндэй Портер маркийн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, бусдад борлуулсан атлаа компани орлогод авалгүй, өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан,
Гэрээнд заасан хуваарийн дагуу худалдан авагч Ш.Лхагважаваас Б.Гийн Хаан банк дахь 5082059779 дугаарын данс руу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 01-ний хооронд 37.830.000 төгрөг шилжүүлснээс 12.830.000 төгрөгийг компанийн орлогод авалгүй, өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан буюу Кэмистар ХХК-иас итгэмжлэн хариуцуулсан орон сууцыг компанийн нэрийн өмнөөс бусдад худалдан борлуулсан атлаа албан тушаалын байдлаа ашиглаж 13.000.000 төгрөгийн автомашин, 12.830.000 төгрөгийг тус тус завшиж, К.ХХК-нд 25.830.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, мөн хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр, К.ХХК болон иргэн Ш.Лхагважав нарын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ /1хх-ийн 67-70/, Б.Г, Ш.Лхагважав нарын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Автомашин худалдах, худалдан авах тухай гэрээ /1 хх-ийн 72-74/,
Ш.Лхагважавын Хаан банкны 5018137893 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 75-82/, Тэнцвэр эстимейт ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн гудамж 79 дүгээр байр 39 тоот 51.45 м2 2 өрөө орон сууцыг үнэлсэн 74 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 44-50/ болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж, харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, мөн бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.
Шүүгдэгч Б.Гийн бусдад учруулсан 25.830.000 төгрөгийн хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.2-д зааснаар үлэмж хэмжээний хохиролд хамаарна.
Шүүгдэгч Б.Г “…Тус компанийн ажилтнаар 2013 оноос хойш ажиллаад бартерт нь байр, машин авдаг байсан. Тухайн компанийнхаа бүхий л асуудлыг зохицуулж ажилласаар ирсэн. ...мөнгийг нь бэлнээр аваад үлдэгдэл төлбөрийг нь сар бүр Солонгосоос Хаан банкны миний 5082.... дугаартай данс руу сар бүр төлөлтийг нь хийж нийт 12 удаагийн шилжүүлгээр авч байсан бөгөөд шилжиж ирсэн мөнгийг банкнаас бэлэн мөнгөөр авч К.Ю.Жд сар бүр төлөлтийг нь хийдэг байсан. Төлөлтөд нь портер автомашины талаар ярьдаг. Намайг портер автомашин болон 12.000.000 төгрөгийг завшсан гэж байна. Би хувьдаа авсан зүйл байхгүй. Би К.Ю.Жд портер машиныг урамшуулалд авна гэж хэлж байгаад авсан. ...Бэлэн мөнгөний хувьд орж ирсэн мөнгийг нь өөрт өгдөг байсан. гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлжээ.
Эрүүгийн эрх зүй дэх өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй байх зарчим нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрх учир түүнийг буруутгах, зөвтгөх үндэслэл болохгүй юм.
Шүүгдэгч Б.Г нь К.ХХК-д ажилтнаар ажиллаж байхдаа эрхэлж буй ажил, үүргийн дагуу үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны төлбөрийг дансаар, эсхүл бэлнээр хүлээн авах боломжийг ашиглан зарим төлбөрийг компанийн данснаас гадуур, эсхүл бэлнээр хүлээж авахдаа анхан шатны баримт үйлдэхгүйгээр мөнгө завшсан нөхцөл байдал нотлогдсон байх тул Б.Гийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг.
Завших гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг.
Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгож болно.
Дээрх гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой.
Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байна.
Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг баримтлан Б.Гэд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Г торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Б.Гэд оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн хувьд
Хохирогч К.Ю.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөр барагдсан, санал хүсэлтгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Б.Гийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б.Гэд 10000 нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Б.Гэд оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ