Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/99

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч Н.Т,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,       

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Н-ын Т-д холбогдох 2128001690089 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1967 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, Ногоочдын 2-22 тоотод оршин суух, Б овгийн Н-ын Т, регистрийн дугаар СФ 67061002,  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Н.Т нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт байрлах “Цогжавхлан 6” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс Б.С-ын эзэмшлийн iphone 7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 360,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.       

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.Т-г яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Цогжавхлан 6 дэлгүүрт худалдагчийн ажил хийдэг. 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 08 цагийн орчимд би ажилдаа очиж дэлгүүрт худалдагчийн ажлаа хийсэн. Тухайн үед би өөрийн гар утсаа гоймон тавьдаг лангуун дээр тавьж орхисон юм. Тэгээд 10 цаг болж байх үед би гар утсаа авахаар гоймонгийн лангуун дээр ирэхэд миний гар утас алга болсон байсан. Би дэлгүүрийн камер шүүж үзэхэд улаан өнгийн цамцтай, цэнхэр эрээн өнгийн юүбкатай, цагаан өнгийн углааж тавчигтай үсээ дээш овоолж боосон таргандуу биетэй эгч миний гар утсыг хулгайлж аваад гарч байгаа бичлэг бичигдсэн байсан. Дэлгүүрийн гаднах хяналтын камерыг шүүж үзэхэд миний гар утсыг авсан эгч манай дэлгүүрээс гараад таксины зогсоол руу явсан байсан. Дараа нь 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр намайг амарч байх үед миний гар утсыг хулгайлж авсан эгч Цогжавхлан 6 дэлгүүрт нэг ахтай хамт орж ирж картаар гүйлгээ хийгээд гарч явсан байсан. Тухайн үед наадмын амралтын өдрүүдэд байсан болохоор цагдаагийн байгууллагад хандаагүй байсан юм. 2021 оны 05 дугаар сард өөрийн дүүгээс 500,000 төгрөгөөр худалдаж авсан... Би өчигдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Цогжавхлан 6 дэлгүүрт ажил дээрээ байж байхад өдөр 15 цагийн үед нэг эгч орж ирээд миний гар утсыг нэг танихгүй эгч манай дүүг цагдаагаас дуудаад утас авсан гээд байна энэ гар утсыг надад танихгүй хүн барьцаанд тавьчхаад явсан утас гээд миний гар утсыг өгсөн. Би гар утсаа бүрэн бүтэн хүлээгээд авчихсан. Миний гар утас эвдэрч гэмтсэн зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 16, 19 дүгээр хуудас/

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай эхнэр Н 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрөөд эмнэлэгт хэвтэж байсан. Би 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр манай ээжийн төрсөн Т эгчтэй хамт Худалдааны төв дээр байдаг Цогжавхлан дэлгүүрт орж худалдан авалт хийгээд гарсан.” /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/

Шүүгдэгч Н.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр би Худалдааны төвд байдаг Цогжавхлан дэлгүүрээс юм авах гэж орсон чинь будаа, гурилын лангуун дээр цагаан өнгөтэй гар утас байхаар нь аваад цүнхэндээ хийсэн. Тэгээд дэлгүүрээс шилтэй ногоо аваад кассан дээр бичүүлчхээд таксинд суугаад гэртээ ирсэн. Над руу манай дүү Эрдэнэчулуун залгаад намайг цагдаагаас дуудсан гэхээр нь би айгаад 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Цогжавхлан дэлгүүр дээр очоод гар утасны эзэнд гар утсыг нь өгсөн. Гар утсыг нь өгөхдөө гар утасны эзэнд “Энэ гар утсыг танихгүй хүн надад барьцаанд тавьсан юм” гэж худлаа хэлээд өгсөн. Би гэртээ очоод нөгөө гар утсанд симээ хийсэн чинь цоожтой байсан. Тэгээд цоожийг нь тайлж чадахгүй болохоор симээ гаргаж аваад гэртээ үлдээсэн.” /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 232 дугаартай үнэлгээнд: “iphone 7 гар утас 1 ширхэг, нэгжийн үнэ 360,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 360,000 төгрөг /хуучин/, нийт дүн: 360,000 төгрөг.” /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дугаар хуудас/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 06-09 дүгээр хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 57, 59-60 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч Н.Т-гаас өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Т-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Н.Т нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт байрлах “Цогжавхлан 6” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс Б.С-ын эзэмшлийн “iphone 7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 360,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С-ын “...Би Цогжавхлан 6 дэлгүүрт худалдагчийн ажил хийдэг. 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 08 цагийн орчимд би ажилдаа очиж дэлгүүрт худалдагчийн ажлаа хийсэн. Тухайн үед би өөрийн гар утсаа гоймон тавьдаг лангуун дээр тавьж орхисон юм. Тэгээд 10 цаг болж байх үед би гар утсаа авахаар гоймонгийн лангуун дээр ирэхэд миний гар утас алга болсон байсан. Би дэлгүүрийн камер шүүж үзэхэд улаан өнгийн цамцтай, цэнхэр эрээн өнгийн юүбкатай, цагаан өнгийн углааж тавчигтай үсээ дээш овоолж боосон таргандуу биетэй эгч миний гар утсыг хулгайл ж аваад гарч байгаа бичлэг бичигдсэн байсан. Дэлгүүрийн гаднах хяналтын камерыг шүүж үзэхэд миний гар утсыг авсан эгч манай дэлгүүрээс гараад таксины зогсоол руу явсан байсан. Дараа нь 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр намайг амарч байх үед миний гар утсыг хулгайлж авсан эгч Цогжавхлан 6 дэлгүүрт нэг ахтай хамт орж ирж картаар гүйлгээ хийгээд гарч явсан байсан.” /хавтаст хэргийн 16, 19 дүгээр хуудас/,

гэрч Б.Э-ы “...Манай эхнэр Н 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрөөд эмнэлэгт хэвтэж байсан. Би 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр манай ээжийн төрсөн Т эгчтэй хамт Худалдааны төв дээр байдаг Цогжавхлан дэлгүүрт орж худалдан авалт хийгээд гарсан.” /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд болон “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 232 дугаартай үнэлгээ /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 06-09 дүгээр хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.

Ийнхүү шүүгдэгч Н.Т нь дээрх бусдын өмчид халдсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.

“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд шүүгдэгч Н.Т нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт байрлах “Цогжавхлан 6” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс Б.С-ын эзэмшлийн “iphone 7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 360,000 төгрөгийн хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шинжээчийн үнэлгээ нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж үнэлгээг гаргасан байх тул шүүх шинжээчийн үнэлгээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Т-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.С-д 360,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 232 дугаартай үнэлгээ болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.С-д 360,000 төгрөгийн үнэ бүхий “iphone 7” загварын гар утсыг биет байдлаар буцаан өгсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Н.Т-д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргахаар заасан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Т-гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хохирогчид биет байдлаар төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.  

Шүүх шүүгдэгч Н.Т-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-г 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Т-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т нь тэнсэгдсэн 8 /найм/ сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг Ди ви ди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б овгийн Н-ын Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-г 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Т-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.              

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т нь тэнсэгдсэн 8 /найм/ сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Н.Т нь хохирогч Б.С-д 360,000 төгрөгийн үнэлгээ бүхий “iphone 7” загварын гар утсыг биет байдлаар буцаан өгсөн болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Н.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг Ди ви ди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэсүгэй.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ