Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 37

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн зөрчил хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Ж.Бурмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунзаяагийн дүгнэлттэй,

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Баярмаад холбогдох,

Гомдлын шаардлага: Улсын байцаагчийн 2019 оны 09 дугаар сарын 20-ны өдрийн 0172307 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлт бүхий гомдлыг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Прокурор: А.Ариунзаяа,

Хариуцагч: Б.Баярмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газар шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ... Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунзаяа би, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Баярмаагийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ж.Отгондэмбэрэлд холбогдох эрх бүхийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэх гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэснийг 2019 оны 09 сарын 25-ны өдөр хүлээн авч хянавал:

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг, Дэлгэрхаан дэнж-2 гудамж, 3-03 тоотод оршин суух Жумба овогтой Отгондэмбэрэл нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчилд эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар 500 нэгжээр торгож шийтгэсэн ба хуулийн дээрх хэсэгт заасан учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах... албадлагын арга хэмжээг хэрэглэх тухай заалтыг хэрэгжүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно, 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмыг Улсын ерөнхий прокурор батална гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

Иймд эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан, хохирол, нөхөн төлбөрийг тогтоолгосны үндсэн дээр шийтгэл оногдуулан шийдвэрлэх үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0172307 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив...гэжээ.

Прокурор шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Мэргэжлийн хяналтын газрын Байгаль, орчин газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Баярмаагийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан Ж.Отгондэмбэрэлд холбогдох зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэснийг хүлээн авч хянаад Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг, Дэлгэрхаан дэнжийн 2 дугаар гудамж 3-3 тоотод оршин суух Ж.Отгондэмбэрэл нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан зөрчил Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-т зааснаар 500 нэгжээр торгож, шийдвэрлэсэн байна. Хуулийн дээрх хэсэгт заасан учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулах албадлагын арга хэмжээ хэрэглэх заалтыг хэрэгжүүлээгүй. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүлийн 2 дахь хэсэгт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээ төрөл хэмжээг энэ хуулиар тогтооно 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээд учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулахаар уршгийг гаргуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвттөвлөрүүлнэ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийн улмаас учирсан хохирол нөхөн төлбөрийг тооцох журмыг Улсын Ерөнхий прокурор батална гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Иймд эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулан хохирол нөхөн төлбөрийг тогтоолгосны үндсэн дээр шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0172307 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэж дүгнэлт бичсэн гэв.

Хариуцагч Б.Баярмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа : Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Баярмаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Шаамар сумын 1 дүгээр багт оршин суух Жумба овогтой Отгондэмбэрэлийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар 500 нэгжээр торгож, хохирол, нөхөн төлбөрийг тооцоогүй болно. Хуулийн дээрх хэсэгт хохирол, нөхөн төлбөрийг тооцох аргачлал гаргаагүй байна...гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Шаамар суманд хяналт шалгалт хийх явцад Ж.Отгондэмбэрэлд холбогдох зөвшөөрөлгүй газар ашигласан тул Зөрчлийн тухай хуулийн дагуу 500 нэгжээр торгох арга хэмжээ авсан. Газарт учрах хохирол, нөхөн төлбөрийг тооцох аргачлал өнөөдрийг хүртэл Төрийн захиргааны төв байгууллагаас гараагүй учраас торгуулийн арга хэмжээ авч ажилласан байгаа. Аргачлал нь байхгүй болохоор прокуророос чиглэл ирсэн. Байгаль орчны тухай хуулийн дагуу газар, хэвлий, ус агаарт хохирол нөхөн төлбөрийг тооцно гэсэн байдаг. Үнэлгээ төлбөрийг тооцох боломжтой, хохирол нөхөн төлбөрийг аргачлалгүй тул тооцох боломжгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2019 оны 10 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаар дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Баярмаад холбогдох зөрчлийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд дараах зүйлүүд тогтоогдож байна.

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Баярмаа нь Шаамар сумын 1 дүгээр баг Дэлгэрхаан дэнж 2 гудамж 3-03 тоотод оршин суух иргэн Ж.Отгондэмбэрэлийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянган / төгрөгөөр торгож шийтгэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас дээрх хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг хянаад иргэн Ж.Отгондэмбэрэлийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчилд эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар 500 нэгжээр торгож шийтгэсэн боловч дээрх хэсэгт заасан ...учруулсан хохирол , нөхөн төлбөрийг гаргуулах...албадлагын арга хэмжээг хэрэглэх тухай заалтыг хэрэгжүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Зөрчил , зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг хуулиар тогтооно, 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмыг Улсын ерөнхий прокурор батална гэсэн заалтуудыг зөрчсөн тул эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулан, хохирол, нөхөн төлбөрийг тогтоолгосны үндсэн дээр шийтгэл оногдуулан шийдвэрлэх үндэслэлтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0172307 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж шүүхэд ирүүлжээ.

Зөрчлийн хэрэгт цугларсан баримтуудаар зөрчилд холбогдогч Ж.Отгондэмбэрэл нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан, ашигласнаа хүлээн зөвшөөрч торгуулийн 500.000 төгрөгийг төлсөн, мөн уг газрыг ашигласнаас учирсан хохирлыг төлөөгүй, эрх бүхий албан тушаалтны зүгээс учирсан хохирлыг төлүүлэх талаар хууль болон журамд заасан ямар нэг арга хэмжээ аваагүй болох нь тогтоогдож байна.

Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нь дээрх зөрчилд шийтгэл оногдуулсан хэдий ч Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасныг бүрэн хэрэгжүүлээгүй өөрөөр хэлбэл гаргасан зөрчилд хуулийн хариуцлага тооцсон хэдий ч зөвшөөрөлгүй газар ашигласнаас учирсан хохирлыг төлүүлэх талаарх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Монгол улсын Ерөнхий прокурорын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/75 дугаартай тушаалаар Зөрчлийн улмаас учирсан хохирол , нөхөн төлбөрийг тооцох журам-ыг батлан гаргажээ.

Уг журмын 3.3-т Зөрчлийн тухай хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тогтоох талаар тусгайлан зохицуулаагүй бол эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, холбогдох журмын дагуу шинжээч томилж хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгоно гэж заажээ.

Дээрх журмын дагуу Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь шинжээч томилон Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10-т заасан хохирол, нөхөн төлбөрийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байсан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д Дараах тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй, 1.4-т зөрчил үйлдсэн хүн нас барсан гэж тус тус заажээ.

Зөрчил үйлдсэн иргэн Ж.Отгондэмбэрэл нь өвчний улмаас 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан болох нь Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Баярмаад холбогдуулан Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 09 дугаар сарын 20-ны өдрийн 0172307 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт заасны дагуу Сэлэнгэ аймаг дахь Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч нар гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.БУРМАА