Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2023/0278

 

 

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2023/0278

Улаанбаатар хот

Б.О-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Б.О, хариуцагч ШЕЗ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар;

 

Нэхэмжлэгч: Б.О

Хариуцагч: МУЕ

Хариуцагч: ШЕЗ

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 201 дугаартай;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.О,

Хариуцагч ШЕЗ-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0620/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.О-аас МУЕ, ШЕЗ-д холбогдуулан “МУЕ-ийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаар санал буцаан хүргүүлэх тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, шүүгчээр томилохыг МУЕ-д даалгах, Б.О-г шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэхээс татгалзсан ШЕЗ-ийн шийдвэр хууль бус болохыг тогтоон, МУЕ-д дахин өргөн мэдүүлэхийг ШЕЗ-д даалгах”-аар маргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 201 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Тогтоох нь хэсгийн

1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт зааснаар МУЕ-ийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаар санал буцаан хүргүүлэх тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, шүүгчээр томилохыг МУЕ-д даалгах шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,

2 дахь заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5, Шүүхийн тухай /2002 оны/ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Б.О-г шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэхээс татгалзсан ШЕЗ-ийншийдвэр хууль бус болохыг тогтоон, МУЕ-д дахин өргөн мэдүүлэхийг ШЕЗ-д даалгаж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч Б.О давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Б.О би Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр “Б.О намайг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй, хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Монгол Улсын ШЕЗ-ийнэс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон МУЕ-д дахин өргөн мэдүүлэхийг Монгол Улсын ШЕЗ-д даалгуулах МУЕ-ийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/05 дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, Б.О намайг шүүгчээр томилохыг МУЕ-д даалгуулах” гэсэн шаардлагуудыг шийдвэрлүүлсэн. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа болно.

3.1. МУЕ-д холбогдох хэргийг Захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан биш гэж дүгнэж шийдвэрлэснийг эс зөвшөөрсөн гомдлын тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ” гэж хуульд заасан байгаа ба МУЕ нь өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргадаг тухайн бүрэн эрхийг нь хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтан гэж үзэж байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасан “захиргааны байгууллага”-д хамаарна гэж үзэж байна. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улсын Их Хурлаас Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, уг хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.4-т “хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг Улсын Дээд шүүх тогтоох”-оор хуульчлан баталсан. Мөн Үндсэн хуулийн цэцээс 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11 дүгээр магадлалаар Б.О нарын эрх нь зөрчигдсөн тухай маргааныг Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимд анхан шатны журмаар харъяалуулан шийдвэрлүүлэхээр хэргийн болон шүүхийн харъяаллыг тогтоож өгсөн байдаг ба энэхүү Үндсэн хуулийн цэцийн магадлал нь одоо ч хүчин төгөлдөр байгаа. Ийнхүү Шүүхийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны 17 дугаар тогтоолоор МУЕ нь уг маргаантай асуудлыг хянан шийдвэрлэх хэргийн хариуцагч болох талаар шүүхийн харьяаллыг эцэслэн шийдвэрлэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх харьяалан шийдвэрлэхээр тогтоож өгсөн.

3.2. Монгол Улсын Их хурлаас 2021 онд шинэчлэн баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Шүүхийг шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнан байгуулж болох бөгөөд дагнасан шүүхийн үйл ажиллагаа шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно”, хуулийн 23.1-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.4-т “хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоох бүрэн эрхийг Улсын дээд шүүх эдлэнэ” гэж, 26 дугаар зүйлийн 26.1-т “Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар энэ хуулийн 25.7.3, 25.7.4. 25.8-д заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргана” гэж заасан бөгөөд Улсын Дээд Шүүхийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийг анхан шатны шүүхийн шүүгч дагаж мөрдөх зарчмыг тогтоосон зохицуулалт гэж үзэж байна.

Монгол Улсын Дээд шүүхээс МУЕ-ийг захиргааны байгууллага мөн гэж үзээд харъяалан шийдвэрлэх шүүхийг тогтоосон байхад анхан шатны шүүхээс захиргааны байгууллага мөн эсэх, захиргааны хэргийн шүүх харъяалан шийдвэрлэх маргаан мөн эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм.

3.3. МУЕ-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлын тухайд: Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Б.О миний МУЕ-д холбогдуулан гаргасан 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн E/05 дугаартай санал буцаан хүргүүлэх тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, шүүгчээр томилохыг МУЕ-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн үндэслэлээ “Монгол Улсын Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгосон онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлж гаргасан шийдвэр нь Үндсэн хуулийн цэцийн харъяалан шийдвэрлэх маргаан ба Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлэн шийдвэр гаргаж байгаагийнх хувьд захиргааны байгууллага гэж үзэхгүй. Мөн нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрээр Ерөнхийлөгчид холбогдох шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн” гэжээ.

         3.3.1. Нэхэмжлэгч Б.О миний хувьд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрээр “МУЕ-ийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлж, шүүгчдийг буцаан томилсон 199 дүгээр зарлиг гаргахдаа Б.О намайг ямар нэг “хууль зүйн үндэслэл, тодорхой шалтгаангүйгээр” томилоогүй орхигдуулсан тухайн үеийн үйл явцын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлүүлсэн байдаг. Харин 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 0201 дугаартай шүүхийн шийдвэрээр Б.О намайг шүүгчээр томилохоос татгалзсан МУЕ-ийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн E/05 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, шүүгчээр томилуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагатай маргааныг шийдвэрлүүлсэн. Өөрөөр хэлбэл: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрээс хойш үүссэн шинэ нөхцөл байдал үйл явц болон дээрхи шийдвэрээс хойш гаргасан МУЕ-ийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн E/05 дугаартай шийдвэртэй маргаж, энэ талаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гарган тухайн маргаанаа шийдвэрлүүлсэн болно.

         3.3.2. Гэтэл анхан шатны шүүхээс МУЕтэй холбоотой 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаартай шийдвэртэй маргасан нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь шийдвэрлүүлсэн буюу 2022 оны 02 дугаар сарны 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрийн маргаантай адилтган үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан “.... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь дээрхи хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3-т заасан “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасан. Шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцдаа хуульд захирагдан, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шүүхийн шийдвэр гаргах ёстой. Гэтэл анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлээгүйгээс болж нэхэмжлэгч Б.О миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох МУЕ-ийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаартай санал буцаан хүргүүлэх тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, шүүгчээр томилохыг МУЕ-д даалгуулах тухай хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцээгүй хэт нэг талыг барьсан шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

3.4. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 0201 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, Б.О намайг шүүгчээр томилохоос татгалзсан МУЕ-ийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/05 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, шүүгчээр томилохыг МУЕ-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

4. Хариуцагч ШЕЗ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бундсүрэн давж заалдах гомдолдоо:

4.1. Иргэн Б.О-аас ШЕЗ-д холбогдуулан нэхэмжлэгч Б.О-г шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй, хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Монгол Улсын ШЕЗ-ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, МУЕ-д дахин өргөн мэдүүлэхийг Монгол Улсын ШЕЗ-д даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Б.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, 31.1.5 дахь заалт, 36 дугаар зүйлийн 36.4, 36.5, 2002 оны Шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Б.О-г шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа болон хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Монгол Улсын ШЕЗ-ийн эс үйлдэхүй хууль болохыг тогтоож, МУЕ-д дахин өргөн мэдүүлэхийг тус зөвлөлд даалгаж шийдвэрлэсэн.

4.2. Дээрх шийдвэрийг гаргахдаа доор дурдсан үндэслэлийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

       4.2.1. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт “Ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигч энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч энэ тухай Ерөнхий зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ”, мөн зүйлийн 36.5 дахь хэсэгт “Ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин санал болгох, нотлогдсон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан журмаар өөр нэр дэвшигчийг санал болгоно” гэж заажээ. ШЕЗ нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0070 дугаартай шийдвэрийг биелүүлж, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 74 дүгээр тогтоолоор иргэн Б.О-г Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг МУЕ-д өргөн мэдүүлсэн. Энэ шийдвэрийг хүлээн аваад МУЕ-ийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн E/04 дугаартай “Санал буцаан хүргүүлэх тухай” албан бичиг ирүүлсэн. МУЕ-ийн томилохоос татгалзсан шийдвэрийг албан бичгээр мэдэгдэх хэлбэрээр хэрэгжихээр хуулинд заасан. Монгол Улсын Еренхийлөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн E/04 дугаартай “Санал буцаан хүргүүлэх тухай” албан бичгээр мэдэгдэж, татгалзсаны дагуу иргэн Б.О нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлагыг хэрхэн хангаж буй талаар эрх бүхий байгууллагаас тодруулж, лавлагаа, мэдээлэл авсан. Улмаар ШЕЗ-өөс 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар асуудлыг хэлэлцээд Зөвлөлийн 102 дугаар тогтоолоор Б.О-г Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг дахин өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр ШЕЗ нь МУЕ томилохоос татгалзсан тохиолдолд хэрэгжихээр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36.5-д заасан үүргээ бүрэн биелүүлсэн.

4.2.2. “...МУЕ-ийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Е/04 дүгээр албан бичгийн агуулгаас үзвэл Б.О-г томилохоос татгалзаагүй. Харин Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр буцаажээ”.

4.2.3. “Иймээс ШЕЗ-ийн2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 102 дугаар тогтоолоор Б.О-г шүүгчээр өргөн мэдүүлсэн нь хуульд заасан шаардлагыг хангаж, эхний удаа өргөн мэдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

4.2.4. “Харин 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаар албан бичгээр Б.О-г Монгол Улсын Шүүхийн тухай 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй байна гэж томилохоос татгалзсан шийдвэрийг Ерөнхий зөвлөл “сахилгын арга хэмжээ авагдсан” гэсэн үндэслэлээр дахин өргөн мэдүүлэхээс татгалзсан нь хууль бус байна.”, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг “буцаах” гэсэн ойлголт байхгүй ба энэ процессыг зохицуулаагүй. Харин тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт заасны дагуу МУЕ тухайн нэр дэвшигчийг шүүгчид тавих болзол, шаардлага хангаагүй гэж үзвэл “албан бичгээр мэдэгдэх” талаар хуульд зохицуулсан. Бүрдүүлэх ёстой баримт бичгүүд болон түүний жагсаалтыг хуульд заагаагүй тул бүрдүүлбэрийг хангасан, эс хангасан гэж ойлголт байхгүй. МУЕ-ийн бүрэн эрхэд баримт бичгийн бүрдүүлбэр хангаагүй гэж буцаах тухай хуульд тусгагдаагүй. МУЕ томилуулах саналыг хүлээн авч томилоогүй тухай албан бичгээр мэдэгдснийг татгалзсан гэж үзэхийг Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйийн 36.4-т тодорхой заасан. Мөн эхний татгалзал гэдгийг шүүх ямар үндэслэлээр дүгнэж байгаа нь тодорхойгүй байна. ШЕЗ-өөс гаргасан 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 74 дугаартай тогтоол нь хүчин төгөлдөр захиргааны акт бөгөөд үүнийг захиргааны акт биш гэж нотлоогүй. ШЕЗ-ийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 74 тогтоолын хавсралтаар, 2022 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн 102 дугаартай тогтоолоор Б.О-г шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг МУЕ-д өргөн мэдүүлсэн бөгөөд энэ 2 тогтоол нь одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгааг анхан шатны шүүх 1 тогтоол гарсан мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.

 

4.3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт ““Ерөнхий зөвлөлөөс санал нэр дэвшигч энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч энэ тухай Ерөнхий зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ”, мөн зүйлийн 36.5 дахь хэсэгт “Ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин санал болгох, нотлогдсон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан журмаар өөр нэр дэвшигчийг санал болгоно” гэж зааснаас үзвэл ШЕЗ-ийн шүүгчийн албан тушаалд томилуулахаар өргөн мэдүүлсэн саналыг МУЕ албан бичгээр татгалзах, Шүүхийн еренхий зөвлөлийн татгалзсан үндэслэлийг нягталж үзсэний дараа дахин өргөн мэдүүлэх боломжтой байдлаар хуульчилсан. Тухайн иргэнийг шүүгчийн албан тушаалд цаашид өргөн мэдүүлэх талаар зохицуулалт байхгүй.

4.3.1. Дахин өргөн мэдүүлээгүй ШЕЗ-ийнэс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: ШЕЗ нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0070 дугаартай шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Б.О-г Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг МУЕ-д өргөн мэдүүлж, хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлснийг эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй. Тус зөвлөл Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт заасны дагуу нягтлан шалгах ажиллагааг бүрэн хийж, холбогдох материалын хамт 2022 оны 102 дугаар тогтоолоороо иргэн Б.О-г Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг МУЕ-д дахин өргөн мэдүүлсэн тул шүүгчийн албан тушаалд томилохоос татгалзсан шийдвэрийн үндэслэлийг дахин нягтлах хуулийн үндэслэлгүй юм.

4.3.2. МУЕ-д өргөн мэдүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн тухайд: Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар шүүгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулах, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх харилцааг нарийвчилж зааж өгсөн. Гэтэл энэ тохиолдол нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрийг биелүүлэх хүрээнд хийгдсэн ажиллагаа бөгөөд шүүхийн шийдвэрийг нэгэнт биелүүлсэн тул нэхэмжлэгчийг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэх хууль зүйн үндэслэлгүй. Б.О-г шүүгчээр томилуулахаар өргөн мэдээлсэн ШЕЗ-ийн2022 оны 74, 102 дугаар тогтоолууд одоо ч хүчин төгөлдөр байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл, дүгнэлт нь дээр дурдсаны дагуу хуульд нийцээгүй, асуудал бүрт бүрэн дүн шинжилгээ хийлгүйгээр орхигдуулсан, логик болон техникийн алдаатай байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0201 шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзсэний үндсэн дээр хуульд заасан журмын дагуу үнэлж, хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасангүй.Үүнд

 

Маргааны үйл баримтын талаар;

 

3.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, ШЕЗ-өөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/641 дүгээр албан бичгээр “...Таныг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг МУЕ-д хүргүүлсэн. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5-д заасан болзол, шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр саналыг буцаасан тул МУЕ-д дахин өргөн мэдүүлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэж, мөн оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01/715 дугаар албан бичгээр “ШЕЗ-өөс шүүхийн шийдвэрийг биелүүлж 2 удаа таныг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн ...дахин өргөн мэдүүлсэн ... хуулиар 3 дахь удаагаа өргөн мэдүүлэх зохицуулалт байхгүй ...” гэж нэхэмжлэгч Б.Од мэдэгджээ.

3.2. Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 70 дугаар шийдвэрээр Б.О нарын нэр бүхий 12 иргэний нэхэмжлэлтэй, МУЕ, ШЕЗ-д холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, тэдгээрийг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй Монгол Улсын ШЕЗ-ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.О-г Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчээр томилуулах саналыг МУЕ-д өргөн мэдүүлэхийг Монгол Улсын ШЕЗ-д даалгаж, харин “...нэхэмжлэгч нарыг өөрчлөн байгуулсан шүүхийн шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан МУЕ-ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэдгээрийг урьд эрхэлж байсан шүүгчийн албан тушаалд буцаан томилох шийдвэрээ гаргахыг МУЕ-д даалгах”-ын хүссэн шаардлага бүхий  нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзаж,хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба энэхүү шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /1-р хх-ийн 179-192 дахь тал/

3.3. Мөн нэхэмжлэгчийн МУЕ-д холбогдуулан гаргасан “МУЕ-ийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаар санал буцаан хүргүүлэх тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, шүүгчээр томилохыг даалгах” шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасантай нийцжээ.

3.4. Дээрх захиргааны хэргийн анхан шатын  шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч болон нэр бүхий 12 шүүгчийн хамт ШЕЗ 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг МУЕ-д өргөн мэдүүлэх тухай” 74 дүгээр тогтоолын хавсралтаар, мөн зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 102 дугаар тогтоолоор “Борисын Отгонтуяаг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр” томилуулах тухай саналыг өргөн мэдүүлэхээр тус тус шийдвэрлэж, ШЕЗ-өөс түүнийг шүүгчээр томилуулах саналыг МУЕ-д өргөн мэдүүлэхээр 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01/549 дүгээр албан бичгээр хүргүүлсэн байна. /1-р хх-ийн 94-96 дахь тал/

3.5. Үүний дараа МУЕ-ийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Саналыг буцаан хүргүүлэх тухай” Е/05 дугаар албан бичгээр “...2022 оны 102 дугаар тогтоолоор санал болгосон нэр дэвшигч ... Борисын Отгонтуяа нар нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол шаардлагыг хангахгүй байна” гэсэн үндэслэлээр шүүгчид нэр дэвшигчийг санал өргөн мэдүүлэх албан бичгийг буцаажээ. /1-р хх-ийн 235 дахь талд/

 

     4. Хууль зүйн үндэслэлийн талаар;

 

4.1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Шүүгч Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан болзол болон дараах шаардлагыг хангасан байна:”, 31.1.5-д “шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар, ёс зүйтэй байх.”, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т “Ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигч энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч энэ тухай Ерөнхий зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ”, 36.5-д “Ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин санал болгох, нотлогдсон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан журмаар өөр нэр дэвшигчийг санал болгоно.” гэж тус тус заажээ.

4.2. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, ШЕЗ нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүргийн хүрээнд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрийг биелүүлэх зорилгоор нэр бүхий 12 иргэнийг шүүгчээр томилуулахаар санал болгон нэр дэвшүүлж, шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэхдээ Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлагыг хангасан эсэхийг тодруулан тогтоох үүрэгтэй. Хэрэв МУЕ-өөс нэр дэвшигчийг томилохоос татгалзсан тохиолдолд татгалзсан шалтгааны талаар холбогдох ажиллагааг хийж дахин өргөн мэдүүлэх бүрэн эрх хуулиар олгогдсон байна.

4.3. Энэ талаар анхан шатны шүүх “...ШЕЗ-ийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 102 дугаар тогтоолоор Б.О-г шүүгчээр өргөн мэдүүлсэн нь хуульд заасан шаардлагыг хангаж, эхний удаа өргөн мэдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Харин 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаар албан бичгээр Б.О-г Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй байна гэж томилохоос татгалзсан шийдвэрийг Ерөнхий зөвлөл сахилгын арга хэмжээ авагдсан гэсэн үндэслэлээр дахин өргөн мэдүүлэхээс татгалзсан нь хууль бус байна.” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

4.4. Хэдийгээр, Шүүхийн сахилгын хорооны 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Б.Од “тухайн шүүхийн шүүгчдийн өмнө сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх боловч уг үндэслэлээр нэхэмжлэгчийг дахин өргөн мэдүүлэхээс татгалзаж буй нь үндэслэлгүй бөгөөд энэ нь Шүүхийн тухай хууль /2002 оны/-ийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцээгүй байна. Энэ талаарх хариуцагч ШЕЗ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

4.5. Нөгөөтэйгүүр, МУЕ-ийн “Саналыг буцаан хүргүүлэх тухай” 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар Е/04  албан бичгээр нэхэмжлэгч Б.О болон бусад шүүгчид нэр дэвшигч нэр бүхий 12 иргэнийг өргөн мэдүүлсэн саналыг “...санал өргөн мэдүүлэх албан бичигт дээрх нэр дэвшигч тус бүр дээрх болзол шаардлагыг хангаж буй талаарх нотлох баримт тусгагдаагүй байна” гэсэн үндэслэлээр буюу Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Ерөнхий зөвлөл шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадвар болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт тус бүрд өгсөн оноо, тэдгээрийн нийлбэр онооны дарааллаар эрэмбэлэн өөрийн цахим хуудаст байршуулж, нийтэд мэдээлнэ.”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Ерөнхий зөвлөл энэ хуулийн 34.8-д заасан эрэмбийн дагуу нийтэд мэдээлснээс хойш ажлын таван өдрийн дотор зарлагдсан орон тоогоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах саналыг, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулснаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ.” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй талаар дурдаж, саналыг буцаан хүргүүлсэн байна.

4.6. Иймээс нэгэнт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягтлан шүүгчид нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах саналыг өргөн мэдүүлэх бүрэн эрх ШЕЗ-д хадгалагдсан, МУЕ-ийн “Саналыг буцаан хүргүүлэх тухай” 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар Е/04 албан бичгээс үзвэл ШЕЗ-ийн үйл ажиллагаатай холбогдуулан холбогдох баримтыг дутуу ирүүлсэн үндэслэлээр шүүгчийг томилохоос татгалзсан, харин “Саналыг буцаан хүргүүлэх тухай” 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/05  албан бичиг нь нэхэмжлэгчид чиглэсэн, түүнийг хуульд заасан болзол, шаардлагыг хангасан эсэх талаар дүгнэсэн байх тул ШЕЗ дээрх хуулиар тогтоосон бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч Б.О-г шүүгчээр томилуулах шаардлага хангасан эсэхийг нягтлан шалгаж, дахин өргөн мэдүүлэх хууль зүйн боломжтой.

4.7. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0201 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагч ШЕЗ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Т.ЭНХМАА