Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 47

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ШИЙТГЭХ ТОГТООЛ

 

2016 оны 07 дугаар сарын 04           Дугаар 47                        Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Сугар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон

Улсын яллагч Г.Амарсайхан

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Зулаа

Шүүгдэгч Ч.Энхбаясгалан, Б.Батсонгууль нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Чулуунбаатарын Энхбаясгалан, Ням овгийн Бандийн Батсонгууль нарт холбогдох 2016170000074 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар

 

1.Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 5, ээж, эгч дүү нарын хамт Баруун-Урт сумын 3 дугаар баг, Худалдааны 4-4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, ЛЮ92062832 регистрийн дугаартай, Боржигон овогт Чулуунбаатарын Энхбаясгалан

 

2. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 24  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамт Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Төмөртэйн 11-4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар ЛЮ92062832, Ням овогт Бандийн Батсонгууль 

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Ч.Энхбаясгалан нь Б.Батсонгуультай бүлэглэн 2016 оны 03 сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт оршин суух, иргэн М.Төмөрхүүгийн гэрт нэвтрэн орж 3 ширхэг мөнгөн аягыг хулгайлж бусдад 490.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,  

 

Шүүгдэгч Б.Батсонгууль нь Ч.Энхбаясгалантай бүлэглэн 2016 оны 03 сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт оршин суух, иргэн М.Төмөрхүүгийн гэрт нэвтрэн орж 3 ширхэг мөнгөн аягыг хулгайлж бусдад 490.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

             1.Шүүгдэгч Ч.Энхбаясгалангийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ хэргийн хохирогч М.Төмөрхүү надаас  гар утас  худалдан авчихаад мөнгийг нь өгөхгүй удаад байсан юм. Сүүлдээ бүр утсаа ч авахгүй  мөнгийг маань ч өгөхгүй сурагласан чинь түүнийг хот явсан гэж эгч нь хэлсэн тэгэхээр  миний уур хөдлөөд 2016 оны 3-р сарын 6-ны үед байх  тэдний гэрт орж дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, жижиг гарын  мөнгөн аяга 1 ширхэг нийт 3 аяга авсан. Энэ миний уурнаас л болсон. Үүндээ маш их харамсаж, гэмшиж байна. Аягийг нь буцааж өгсөн.Ээж маань бие муутай учир би л ар гэрээ тэжээх хүн нь учир хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх,

 

             2. Шүүгдэгч Б.Батсонгуулийн  шүүхийн хэлэлцүүлэг өгсөн: Энхбаясгалан бид 2 багын найзууд юм. Тэр өдөр бид 2 зааланд тоглож байгаад 22 цаг  цаг өнгөрөөгөөд Төмөрсүхийн гэр рүү явсан. Миний хувьд хүн харж байсан. Намайг хүн харж байх хооронд  Энхбаясгалан гэрийн болон авдарных нь цоожийг эвдэн орж 3 ширхэг аяга аваад бид 2 гэр гэр рүүгээ явсан. 2 аягийг нь ломбарданд  80.000 төгрөгөөр  тавиад би өөрөө 20.000 төгрөгийг аваад Энхбаясгаланд 60.000 төгрөгийг нь өгсөн. Нэг жижиг аяга нь миний цүнхэнд байсан юм. Аав ээж хоёрыг асуухаар нь  манай найзын аяга гэж худал хэлсэн. Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү. Дахин хэзээ ч гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна гэх,

 

          3. Хохирогч М.Төмөрхүүгийн мөрдөн байцаалтын шатанд: Би Баруун-Урт сумын 5 дугаар баг, Бага Дөрвөлжид эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот руу ажлаар явахдаа үүднийхээ амбаарыг хятад цоожоор цоожлоод гэрийнхээ хаалгыг цоожлохгүй орхиод түлхүүрээ Чинзоригийнд орхиод явсан. Тэгтэл 2016 оны 03 сарын 11-ний өдөр манай гэрийн зурагт байсан байрнаасаа хөдөлчихсөн байна гэж ярьсан бөгөөд манай авдарт байсан 4 ширхэг мөнгөн аяганы 3 нь алга болсон байсан. Хоёр ширхэг мөнгөн аяга нь ёроол хэсэгтээ ногоон цэнхэр өнгийн шүртэй, хээтэй байсан. Мөн хуучны жижиг мөнгөн аяга байсан содон шинж тэмдэг гэх зүйл хэл мэдэхгүй. Манай гэрээр байнга орж гардаг Ч.Энхбаясгалан гэх залууг сэжиглэж байна. Учир нь би Энхбаясгалангаас 2015 оны 12 сард Таб нэртэй гар утас аваад цагаан сараар хонь өгнө гээд өгч чадаагүй байсан, шинэ жилийн үеэр ирээд мөнгө өгч чадахгүй бол зурагтыг чинь авна гэж байсан. Үүнээс хойш намайг мөнгө өг гэж утсаар дарамталдаг болсон.  Би 2 ширхэг мөнгөн аягыг 170.000 төгрөгөөр, жижиг хуучны мөнгөн аягыг 150.000 төгрөгөөр үнэлж байна.  Алдагдсан мөнгөн аягуудыг Ч.Энхбаясгалан, Б.Батсонгууль нар нь 2016 оны 05 сарын 24-ний өдөр авч ирж өгч намайг хохиролгүй болгосон гэх, / хх-н 21-24 х /

 

4. Гэрч А.Ууганцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манайх 2015 оны намар найр хийгээд бэлгэнд ирсэн аяга бөгөөд түүний нэг цулгай нь ямар нэгэн хээ угалз байхгүй, дунд гарын мөнгөн аяга, 1 нь дунд гарын ёроолынхоо ирмэг хэсгээрээ хээ угалзтай, ёроолдоо цэнхэр шүртэй мөн том аяга нь дотроо хээтэй мөнгөн аяганууд байгаа. Ч.Энхбаясгалан гэдэг хүнийг сэжиглэж байна гэх, / хх-н 25-26 х /

 

5. Гэрч Ш.Бандийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Баруун-Урт сумын 1-р багийн нутагт байрлах Тоосгоны үйлдвэрийн хашаанд эхнэр Н.Мөнхбаяр, хүү Б.Батсонгууль, охин Б.Туул нарын хамт амьдардаг юм. Манай хүү Б.Батсонгууль 2016 оны 03 сарын сүүлээр өдрийг нь тодорхой санахгүй байна 1 ширхэг жижиг хээ угалз гэх зүйлгүй цулгуйдуухан мөнгөн аяга авч ирсэн бөгөөд ямар учиртайг нь асуухад манай найзын аяга гэж хэлсэн, хаанаас ирсэн, хэний аяга эсэхийг нь мэдэхгүй гэх,  / хх-н 27 х /

6. Гэрч Н.Мөнхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: Миний төрсөн өдөр 3 сарын 08-ны өдөр болдог бөгөөд 2016 оны 03 сарын 08-ны өдөр гэртээ гэр бүлээрээ төрсөн өдрөө тэмдэглэж байсан юм. Тэгээд дарс уух гээд Б.Батсонгуулийг хундага аваад ир гэсэн чинь жижиг мөнгөн аяга гаргаад ирсэн. Энэ ямар учиртай мөнгөн аяга болох талаар асуухад манай найзын аяга гэж байсан. Тэгээд түүнээс хойш манай гэрт байгаад л байдаг байсан гэх мэдүүлэг, / хх-н 30 х /

 

7. Гэрч Х.Жаргалсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: Манай ломбарданд 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Б.Батсонгууль гэх хүн шинэ цагийн 2 ширхэг мөнгөн аяга 80.000 төгрөгийн барьцаанд тавьсан, эд зүйл барьцаанд тавьж байгаа этгээд нь өөрийн иргэний үнэмлэхтэйгээ ирж үйлчлүүлэх ёстой. Б.Батсонгууль нь иргэний үнэмлэхтэйгээ ирсэн.  Би ямар учиртэй эд зүйл болох талаар асуугаагүй. 2 ширхэг мөнгөн аягаа 2016 оны 05 сарын 20-ны өдөр буцааж авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх, / хх-н 33-34 х /

 

8. Гэрч Д.Ууганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: Би нөхөр М.Чинзориг, охин Алтанцэцэг нарын хамт Баруун-Урт сумын 5 дугаар баг, Бага Дөрвөлжийн 28-02 тоотод оршин суудаг. Манай нөхөр Чинзоригийн нагац дүү М.Төмөрхүү Бага Дөрвөлжийн 34-11 тоотод оршин суудаг бөгөөд 2016 оны 02 сарын 14-ний өдөр гэрийнхээ түлхүүрийг үлдээгээд эргэж байгаарай гэж хэлээд явсан.  Би түүнээс хойш байнга гэрийг нь эргэж тойрч байгаад  2016 оны 03 сарын 05-ны өдөр 12 цагийн үед гэр дотор орж үзчихээд явсан. Түүнээс хойш очоогүй байж байгаад  2016 оны 03 сарын 11-ний өдөр14 цаг 30 минутын орчим гадна амбаарынх нь цоожийг онгойлгоод гэрийн хаалгыг онгойлгох гэтэл цоожны толийг нь хөшсөн, хагас онгорхой байдалтай байхаар нь ороход гэрийн хойморт байдаг телевизорыг баруун орон дээр бүтээлэгтэй нь доош нь харуулаад тавьсан байдалтай байсан бөгөөд өөр мэдэгдэх зүйл байхгүй байсан.  Тухайн үед Баярсайхантай хамт очсон байсан. Би юм алга болоогүй байх гээд бодоод гэртээ очоод  гэрийн эзэн рүү болсон асуудлыг талаар хэлэхэд 4 ширхэг мөнгөн аяга байгаа үз дээ гэхээр нь буцаад 18 цагийн үед гэрт нь ороод авдрыг нь онгойлгоход цоож нь сул, 1 ширхэг мөнгөн аяга байсан гэх, / хх-н 35-36 х /

 

9. Гэрч О.Баярсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2016 оны 03 сарын 11-ний өдөр М.Чинзоригийн гэрт очсон юм. Тэгсэн Ууганбаяр намайг машинтай явж байгаа бол дүүгийнхээсээ нүүрс авах гэсэн юм гээд явсан. Тэгээд Бага Дөрвөлжид амбаартай айл байсан санагдаж байна. Ороход амбаар нь цоожтой гэрийнх нь цоожны толийг хөшиж эвдсэн байсан. Гэр дотор ороход баруунд хойд талын авдар нь онгорхой, зурагтыг нь баруун орон дээр тавьсан байсныг би байранд нь эргүүлэн тавьсан, бид өөр зүйлд хүрээгүй, Ууганбаяр ярихдаа энэ хэд Улаанбаатараас ирсэн юм болов уу, тэгвэл түлхүүрээ авмаар юм даа гэж байсан гэх, / хх-н 37-38 х / мэдүүлгүүд,

 

10. Хэрэг учралын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт / хх-н 18-21 х /

 

11. Гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд зэрэг баримтуудаас болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад 

Шүүгдэгч Ч.Энхбаясгалан нь Б.Батсонгуультай бүлэглэн 2016 оны 03 сарын 06-ны шөнө 22 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт оршин суух, иргэн М.Төмөрхүүгийн гэрт нэвтрэн орж 3 ширхэг мөнгөн аягыг хулгайлж бусдад 490.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,  

 

Шүүгдэгч Б.Батсонгууль нь Ч.Энхбаясгалантай бүлэглэн 2016 оны 03 сарын 06-ны шөнө 22 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт оршин суух, иргэн М.Төмөрхүүгийн гэрт нэвтрэн орж 3 ширхэг мөнгөн аягыг хулгайлж бусдад 490.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Батсонгууль, Ч.Энхбаясгалан нарын үйлдлийг эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Ч.Энхбаясгалан, Б.Батсонгууль нарыг бүлэглэн, орон байранд нэвтэрч 3 ширхэг мөнгөн аягыг хулгайлж бусдад 490.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. 

 

  Шүүхээс шүүгдэгч Ч.Энхбаясгалан, Б.Батсонгууль нарт ял шийтгэл оногдуулахад тэдний анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал  байхгүй болно. 

             

Шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хорих ял оногдуулах, шүүгдэгч Ч.Энхбаясгалан, Б.Батсонгууль нарын  урьд ямар нэг ял шийтгэл эдэлж байгаагүй, хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ч.Энхбаясгалангийн эзэмшилд байгаа АН7908744, АК734443 серийн дугаартай 2 ширхэг 5000-н дэвсгэрт нийт 10.000 төгрөг, шүүгдэгч Б.Батсонгуулийн эзэмшилд байгаа  АС5796640 серийн дугаартай 10.000 төгрөгийг тус тус битүүмжилсэн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс тус тус чөлөөлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.Энхбаясгалан, Б.Батсонгууль нар нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч М.Төмөрхүү гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй  болохыг тус тус дурдав.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283,286,290,294,298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Чулуунбаатарын Энхбаясгаланг бусадтай бүлэглэн, орон байранд нэвтэрч  бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, шүүгдэгч Ням овгийн Бандийн Батсонгуулийг бусадтай  бүлэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ч.Энхбаясгаланг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч Б.Батсонгуулийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ч.Энхбаясгалан, Б.Батсонгууль нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг журамлан Ч.Энхбаясгалан, Б.Батсонгууль нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан Ч.Энхбаясгалан, Б.Батсонгууль нарт хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч Ч.Энхбаясгалан, Б.Батсонгууль нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Төмөрхүү нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Ч.Энхбаясгалангийн эзэмшилд байгаа АН7908744, АК734443 серийн дугаартай 2 ширхэг 5000-н дэвсгэрт нийт 10.000 төгрөг, шүүгдэгч Б.Батсонгуулийн эзэмшилд байгаа  АС5796640 серийн дугаартай 10.000 төгрөгийг тус тус битүүмжилсэн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг  тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс тус тус чөлөөлсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Энхбаясгалан, Б.Батсонгууль нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1,304 дүгээр зүйлийн 304.1.т зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч,хууль ёсны төлөөлөгч,иргэний нэхэмжлэгч,иргэний хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нь зөвхөн нэхэмжлэлтэй холбогдсон хэсэгт, улсын яллагч дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР