Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 24

 

Р.Эрдэвийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 153/ШШ2017/00221 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 01-01 тоотод оршин суух, ПН49071006 регистрийн дугаартай, Алаг адуу овогт Раднаагийн Эрдэвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюуны нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай.

           

Нэхэмжлэлийн агуулга: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга нь 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.Дэмчигтэй 39 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгосон барьцаат зээлийн гэрээг байгуулсан байна. Гэтэл уг гэрээнд хамтран хариуцагчаар Б.Дэмчигийн эхнэр Р.Эрдэв гэх гарын үсэг зурагдсан байна. Энэхүү гэрээг Р.Эрдэв огт мэдээгүй, гэнэт саяхан зээл төл гэсэн зүйл яригдсан тул Р.Эрдэв гайхаад энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Р.Эрдэвийн нөхөр Б.Дэмчиг нь тус зээлийг авсан байж болно. Энэ талаар маргахгүй. Гэтэл Б.Дэмчиг 2015 онд нас барсан. Харин Р.Эрдэв энэ гэрээ байгуулагдсан талаар огт мэдээгүй.

Иймд Р.Эрдэв нь Сум хөгжүүлэх сангаас зээл аваагүй, гэрээ байгуулаагүй тул 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгосон барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгосон барьцаат зээлийн гэрээгээр олгосон 6,000,000 төгрөгийг жилийн 1 хувийн хүүтэйгээр иргэн Б.Дэмчиг авсан байдаг. Б.Дэмчиг нас барсан ч хамтран зээлдэгчид зээлдэгч Б.Дэмчигийн эрх үүрэг шилжинэ, мөн гэрээний үүргийг биелүүлээгүйгээс үүсэн гарах бүхий л зардлыг хариуцах ёстой гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 153/ШШ2017/00221 дугаар шийдвэрээр:“1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.4-д заасныг баримтлан Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга, иргэн Б.Дэмчиг, Р.Эрдэв нартай байгуулсан Сум хөгжүүлэх сангаас олгосон 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч Р.Эрдэв нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: “Жаргалант сумын Засаг дарга Д.Баасандорж болон жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн З.Уянга, Тахилт багийн иргэн Б.Дэмчиг болон түүний хамтран зээлдэгч Р.Эрдэв нарын хооронд байгуулсан 2013 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн 39 дугаартай сум хөгжүүлэх сангаас олгох барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шүүх шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасны дагуу хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэлцэл юм.

 Мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 “нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан этгээдээр гэрчлүүлнэ тухайн үед тус гэрээнд иргэн Р.Эрдэв нь гарын үсэг зурсныг нотариат баталсан нь хүчин төгөлдөр гэрээ болохыг баталж байгаа юм.

Иргэн Б.Дэмчиг болон түүний хамтран зээлдэгч Р.Эрдэв нарын байгуулсан сум хөгжүүлэх сангаас олгох барьцаат зээлийн гэрээг эхнэр Р.Эрдэв нь огт мэдээгүй гэж шүүхэд тайлбар гаргасан нь зориудаар эргэн төлөлтийг төлөхгүй гэсэн худал тайлбар гаргасан байна.

Сум хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтэн З.Уянга мэдэгдэх хуудсыг хоёр удаа гэрт нь өөрийн биеэр танилцуулахад эхнэр нь хажууд нь байсан, утсаар удаа дараа зээлийн эргэн төлөлтийг хийх талаар мэдэгдэж байсан. 2013 оноос хойш зээлийн эргэн төлөлтийг 19 удаагийн үйлдлээр 2.000.000 төгрөгийг хийсэн байна.

Иргэний хуулийн 129 дугаар зүйлийн 129.7-д заасны дагуу Гэр бүлийн гишүүдийн хамтран олсон, эсхүл гэр бүлийн гишүүний хэн нэгний хүлээх үүргийн дагуу олсон ашиг орлогыг гэр бүлийн хэрэгцээнд ашигласан нь нотлогдсон бол гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс төлбөр гаргуулж болох бөгөөд уг эд хөрөнгө хүрэлцэхгүй бол гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгөөс гаргуулна, мөн Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дүгээр зүйлд заасны дагуу Р.Эрдэв нь хууль ёсны өвлөгч тул өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ энэхүү заалтын дагуу иргэн Б.Дэмчиг хэдийгээр нас барсан ч түүний хүлээх үүргийн дагуу зээлийн эргэн төлөлтийг эхнэр Р.Эрдэв нь төлөх үндэслэлтэй байх тул сум хөгжүүлэх сангаас олгосон 4.290.000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг иргэн Р.Эрдэвээс гаргуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Р.Эрдэвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгосон барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвөөрөхгүй үндэслэлээ “... Иргэд төслөө өгөөд 7 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл хуралдаад, зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу гэрээ байгуулагдаад, Засаг дарга захирамж гаргадаг. Р.Эрдэв гэдэг хүний гарын үсэг мөн байна уу биш байна уу гэдгээс хамаараад барьцаат зээлийн гэрээнд нөлөөлөхгүй гэж тайлбарлажээ.
            Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор гаргаж өгсөн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэвэл,

Сум хөгжүүлэх сангаас олгох барьцаат зээлийн гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, уг гэрээн дээрх “хамтран зээлдэгч Р.Эрдэв гэх гарын үсэг нь криминалистикийн шинжилгээнд ирүүлсэн чөлөөт загвар буюу “Төрийн банк”-ны Тэтгэвэрийн өргөдөлд зурагдсан /зээлдэгч Р.Эрдэв/-ийн гарын үсэг, Р.Эрдэвийн гарын үсгийн туршилтын загваруудтай тохирохгүй байна” гэх Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн албаны 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 50 тоот шинжээчийн дүгнэлт, үндсэн зээлдэгч Б.Дэмчигийн нас барсаны гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар үндсэн зээлдэгч Б.Дэмчиг нас барсан, 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох барьцаат зээлийн гэрээнд хамтран зээлдэгч Р.Эрдэв  өөрөө гарын үсэг зураагүй, түүний гарын үсгийг өөр хүн зурсан гэх үйл баримт тогтоогдсон байна.

            Гэвч хамтран зээлдэгч зээлийн гэрээнд өөрөө гарын үсэг зураагүй гэх үйл баримт нь уг зээлийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй юм.

            Гэтэл анхан шатны шүүх зээлийн гэрээн дээрх хамтран зээлдэгчийн гарын үсэг  Р.Эрдэвийн гарын үсэг биш болох нь нотлогдож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хууль тогтоогч Иргэний хуулийн 24 дүгээр бүлэгт зээлийн гэрээний эрх зүйн зохицуулалтыг хуульчлахдаа зээлийн гэрээг бичгээр хийнэ, эсхүл нотариатаар гэрчлүүлнэ гэх мэт хэлбэрийн шаардлага тогтоогоогүй бөгөөд зөвхөн хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх хэлбэрийн шаардлагыг хуульчилсан байна. Иймд 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох барьцаат зээлийн гэрээнд хамтран зээлдэгч Р.Эрдэв өөрөө гарын үсэг зураагүй гэх үйл баримт нь “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн” гэж үзэх үндэслэлгүй юм.     

Иргэн Б.Дэмчиг нь төсөл бичиж Сум хөгжүүлэх сангаас “мод модон эдлэл үйлвэрлэх зориулалтаар[1] Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргатай Иргэний хуулийн 281-286 дугаар зүйлд заасныг үндэслэн 6 сая төгрөгийн зээл авч зээлийн гэрээ байгуулахад[2] иргэн Р.Эрдэв нь зөвшөөрөл өгөх эрхтэй этгээд биш юм. Иймд 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох барьцаат зээлийн гэрээнд хамтран зээлдэгч Р.Эрдэв  өөрөө гарын үсэг зураагүй гэх үйл баримт нь “хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч тал давж заалдсан гомдолдоо анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтуудыг хавсаргаж ирүүлсэнийг анхан шатны шүүх хүлээн авч хэрэгт хавсаргасан бөгөөд тэдгээрийг давж заалдах шатны шүүх үнэлээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Хуульд зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 153/ШШ2017/00221 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

                                  

 

                                                                                               М.НЯМБАЯР

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 5 дугаар хуудас зээлийн гэрээний 2.2.1 дэх заалт

[2] Хавтаст хэргийн 4 дүгээр хуудас зээлийн гэрээний 1.3 дахь заалт