Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2019/00231

 

С.Отгонжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/00709 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2042 дугаар магадлалтай,

С.Отгонжаргалын нэхэмжлэлтэй,

“Седарс” ХХК-д холбогдох,

724.452.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Л.Баярхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Магнай, өмгөөлөгч Ж.Очирхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баярхүү, өмгөөлөгч З.Алтангэрэл, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч С.Отгонжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би өөрийн өмчлөлийн Анагсархиа ХХК-ийн 100 хувийн хувьцааг тус компанийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 889 м.кв талбай бүхий газрын хамт гадаадын хөрөнгө оруулалттай Седарс ХХК-д шилжүүлэхээр 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хувьцаа худалдах-худалдан авах гэрээг хавсралт болон хувьцаагаар гэрчлэгдсэн эрх шилжүүлэх гэрээний хамт байгуулсан. Ингэхдээ Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 889 м.кв талбайтай газарт барилга барьж ашиглалтад оруулж түүнээс харилцан бие биедээ ашиг хүртээж хамтран ажиллах зорилготой байсан.  Гэтэл  Седарс ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ байгуулснаас хойш 3 дахь жилдээ ороод байхад шилжүүлэн өгсөн 889 м.кв газар дээр ямар ч барилга угсралтын ажил хийгээгүй, барилга барих зөвшөөрөл аваагүй, авахыг ч оролдоогүй.  2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бичиг хүргүүлэхэд Седарс ХХК нь “тухайн газар барилгын ажлыг эхлүүлээгүй байгаа бөгөөд гэрээнд заасан хугацаанд барилгын ажлыг эхлүүлэн барьж ашиглалтад оруулах боломжгүй тул  хувьцаа худалдах-худалдан авах гэрээний хавсралтын 2.1.4-т хэрэв Б тал энэхүү гэрээний хавсралт байгуулагдсанаас хойш 3 жилийн хугацааны дотор барилга барьж ашиглалтад оруулж чадаагүй тохиолдолд А талд 320 м.кв талбай бүхий орон сууцны оронд 300.000 ам.долларыг шилжүүлнэ гэж заасан. Уг хавсралт 2014 оны 9 дүгээр сарын 22-нд хийгдсэн бөгөөд тухайн 3 жилийн хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр дуусгавар болно. Иймээс бид хувьцаа худалдах-худалдан авах гэрээний хавсралт 2.1.4-т заасан үүргээ биелүүлж тухайн төлбөрийг шилжүүлнэ” гэсэн хариу өгсөн. Седарс ХХК нь Анагсархиа ХХК болон түүний эзэмшлийн газрыг ашиглан үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгыг өөрийн хөрөнгөөр барьж 320 м.кв талбай бүхий орон сууцыг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө хүлээлгэн өгөх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй болжээ. Өнөөдрийн байдлаар тухайн газарт ямар нэг орон сууц, барилга байгууламж баригдаагүй, барилгын ямар нэг ажил явагдаагүй. Иймд 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан гэрээнээс татгалзаж, “Анагсархиа” ХХК-ийн 100 хувийн хувьцаа болон тус компанийн эзэмшлийн 889 м.кв газрын хамтаар буцаан шилжүүлэхийг “Седарс” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, “Седарс” ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01/17 тоот албан бичгээр хувьцаа худалдах-худалдан авах гэрээний хавсралт 2.1.4-т заасан үүргээ биелүүлж 300.000 ам.долларыг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн дотор шилжүүлнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл уг үүргээ биелүүлээгүй. Иймд тус компаниас 300.000 ам доллар буюу 724.452.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч “Седарс” ХХК шүүхэд тайлбар гаргаагүй байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/00709 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Седарс ХХК-аас 723.876.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Отгонжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 576.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.781.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Седарс ХХК-аас 3.777.330 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Отгонжаргалд олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2042 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/00709 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.777.330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Баярхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 102/ШШ2018/000709 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Ц.Цэцэнбилэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ямар ч боломжгүй бөгөөд түүнд олгогдсон итгэмжлэл нь энэхүү иргэний хэрэгт оролцоход олгогдоогүй. Итгэмжлэлд зөвхөн компанийн үйл ажиллагаанд оролцох талаар өгөгдсөн болохоос биш С.Отгонжаргалын гаргасан нэхэмжлэлтэй хэрэгт тусгайлан хариуцагчаар компанийг төлөөлөх талаар хийгдээгүй болох нь уншихад ойлгомжтой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар ямар хэрэгт ямар эрх хэмжээтэй оролцох талаар заасан баримт бичгийг шүүхэд үзүүлэх ёстой. Гэтэл түүнд энэ талаар ямар ч баримт бичиг буюу итгэмжлэл байхгүй байсан, талаар тайлбар хийсэн байхад нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Шүүхэд нотлох баримтаар авагдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын лавлагаанаас итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.Баярмагнай мөн болох, түүнийг Монгол улсын хилээр гарч явсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын харьяа Нийтийн хэв журам хамгаалах газрын албан тоот бичгээр нотлогдож байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу. Мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх биднийг шүүх хуралдаанд оролцуулаагүй хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчсөн. Шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтээ бичгээр гаргасан,  шүүх хуралдааны зарыг шүүх хурал болсны 2 өдрийн дараа мэдэгдсэн. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэх боломж олгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч С.Отгонжаргал нь хариуцагч “Седарс” ХХК-д холбогдуулан гаргасан “...гэрээнээс татгалзаж, ...хувьцаа болон 889 м.кв газрыг буцаан шилжүүлэхийг даалгах” тухай шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж, “...300.000 ам доллар буюу 724.452.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

С.Отгонжаргал нь 2012 онд “Анагсархиа” ХХК-ийг үүсгэн байгуулсан, хувьцаа эзэмшигч бөгөөд тус компанид  Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/204 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 889 м.кв газрыг эзэмшүүлжээ. Нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн 100 ш хувьцааг нэг бүрийг нь 5.516.520 төгрөгөөр тооцож нийт 551.652.000 төгрөгөөр худалдах, “Седарс” ХХК уг төлбөрийг төлөхөөр талууд харилцан тохиролцож, 2014 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулж, улмаар хувьцаагаар гэрчлэгдэх бүх эрхийг  хариуцагчид шилжүүлэхээр тохирч мөн өдөр Хувьцаагаар гэрчлэгдсэн эрх шилжүүлэх гэрээг байгуулжээ /хэргийн 1 дүгээр хавтас 6-23, 28-30, 33-35, үгээр тал/.

Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 4.2.-т “худалдагч тал нь худалдан авагч талд энэхүү гэрээнд заасан хувьцааг бүрэн шилжүүлж, ийнхүү шилжсэнийг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлд шилжүүлснээр “Анаг сархиа” ХХК болон тус компанийн өмчлөл, эзэмшилд байдаг бүхий л хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, эрх нь худалдан авагчид шилжинэ. Монгол улсын хуулийн дагуу худалдан авагч талын нэрийг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлж хувьцааг шилжүүлэх ба худалдан авагч талын төлбөрийг төлснөөр гэрээ дуусгавар болно” гэж заасан, “Седарс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2014 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн тогтоолоор “Анагсархиа” ХХК-ийн нийт хувьцааг худалдан авч охин компани болгож, дүрмийг шинээр баталж, Э.Энхлүүнийг гүйцэтгэх захирлаар томилж, уг өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлжээ /хэргийн 2 дугаар хавтас 58-88 дугаар тал/. Үүнээс үзвэл нэхэмжлэгч хувьцааг худалдан авагч талд шилжүүлэх үүргээ биелүүлжээ.

Худалдан авагч нь төлбөрийг гэрээнд гарын үсэг зурснаас хойш 45 хоногийн дотор төлөхөөр гэрээний 5.2.-т заасан, тохирсон төлбөрийг төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хавсралтад зааснаар “Седарс” ХХК нь уг газар дээр үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилга барьж, баригдсан барилгын 4-14 давхарт 320 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчид өгөх, хэрэв гэрээ байгуулснаас хойш 3 жилийн дотор барилга барьж, ашиглалтад оруулж чадахгүй байх тохиолдолд дээрх орон сууцны оронд 300.000 ам доллар өгөхөөр тохирсон ба нэхэмжлэгч уг заалтыг нэхэмжлэлийн үндэслэлд дурджээ.

Гэвч хариуцагч барилга барьсан нь тодорхой бусаас гадна гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу газрыг 2 жилээс дээш хугацаанд ашиглаагүй тул уг газар эзэмших эрхийг  хүчингүй болгосон талаар Нийслэлийн газрын албаны 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 03/304 тоот албан бичигт заасан байна.

Мөн “Седарс” ХХК нь нэхэмжлэгчид  2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр өгсөн 0/17 дугаар албан бичигтээ тухайн газар барилгын ажил эхлүүлээгүй, барилгыг барьж ашиглалтад оруулах боломжгүй тул гэрээний 2.1.4-т заасан хугацаа дуусах  2017 оны 9 дүгээр сарын 22-нд дуусгавар болоход төлбөрийг шилжүүлнэ гэжээ /хэргийн 1 дүгээр хавтас 39, 2 дугаар хавтас 119 дүгээр тал/.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Б.Баярмагнайг “Седарс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсныг улсын бүртгэлд 2015 оны 6 дугаар сарын 4-ний өдөр бүртгэсэн байх тул тэрээр Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8.-т зааснаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байна.

“Седарс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баярмагнай  2017 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 04/17 дугаар тушаал гаргаж, Ц.Цэцэнбилэгт  “...компани болон түүний охин компаниудыг дотоод, гадаадад төлөөлөх, хөдөлмөрийн гэрээ байгуулах, шүүх,  арбитрын  хуралдаанд  оролцох, санхүүгийн баримтад гарын үсэг зурах, банкинд данс нээх, банкинд гүйлгээ хийх, итгэмжлэл олгох, тушаал гаргах болон гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээний хүрээнд багтах бүхий л үйлдлийг хийх эрх”ийг олгожээ.

Дээрх итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2., 64.2.1-т заасан “...хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх”  шаардлагыг хангасан байна. 

Анхан шатны шүүх хариуцагчид нэхэмжлэлийг гардуулах, эрх үүрэг танилцуулах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэнбилэг нэхэмжлэлийг гардан авах, холбогдох баримтад гарын үсэг зурахаас татгалзаж, энэ талаар бичгээр тайлбар гаргажээ /хэргийн 1 дүгээр хавтас 58, 2 дугаар хавтас 29, 53-54 дүгээр тал/.

Төлөөлөгч бүрэн эрхээсээ татгалзсан тохиолдолд төлөөлөл дуусгавар болохоор Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2., 67.2.1.-т заасан, энэ тохиолдолд мөн зүйлийн 67.4.-т зааснаар төлөөлөгч нь итгэмжлэлийг төлөөлүүлэгчид буцаан өгөх үүрэгтэй ба  Ц.Цэцэнбилэг итгэмжлэлийг буцаан өгсөн нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, харин уг итгэмжлэлээр тус компанитай холбоотой тодорхой үйл ажиллагаа явуулж  байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.  

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа зохигчийн хооронд үүссэн харилцааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээ гэж тодорхойлсон бол мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээхээр байгуулсан гэрээг хамтран ажиллах гэрээ гэнэ.

Хамтран ажиллах гэрээ нь оролцогчдын хураамж, хамтын үйл ажиллагаанаас бүрдэх бөгөөд хураамж нь талуудаас хамтын үйл ажиллагаанд зориулж байгаа хөрөнгө юм.

Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хавсралтын 1.1-т “Анаг сархиа ХХК нь нийт хувьцаа болон компанийн эзэмшлийн газрыг шилжүүлэх, Седарс ХХК нь уг газарт барилга барих зардлыг хариуцна” гэж заасныг хамтран ажиллах нөхцөл гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, талууд “Анаг сархиа” ХХК-ийн хувьцааг худалдах-худалдан авахаар тохирч гэрээг бичгээр байгуулсан, уг гэрээний дагуу нэхэмжлэгч хувьцаа болон компанийн эзэмшлийн газрыг шилжүүлсэн, хариуцагч тус компанийн үүсгэн байгуулагчаар улсын бүртгэлд бүртгэгдсэн байх тул зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх ба гэрээний 2.1.4 дэх заалтад заасан 300.000 ам доллар нь хувьцааны үнэ тул хариуцагч уг төлбөрийг төлөх үүрэгтэй.  

Ц.Цэцэнбилэг нь бүрэн эрхээсээ татгалзсан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй, тэрээр “Седарс” ХХК-ийг бүрэн төлөөлж гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгчийн “...өмгөөлөгчтэй оролцох” хүсэлтийг давж заалдах шатны шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан боловч хариуцагч 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.  

Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2042 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/00709 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...219 дүгээр зүйлийн 219.1...” гэснийг “...243 дугаар зүйлийн 243.1..” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Л.Баярхүүгийн гомдлыг хангахгүй орхисугай.     

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 3.777.330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ