Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвын Энхтайван |
Хэргийн индекс | 148/2017/00076/И |
Дугаар | 154 |
Огноо | 2017-02-13 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан /захиргааны албан хаагч/, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 154
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б.Цогтбаярын нэхэмжлэлтэй
Хариуцагч: “Сэлэнгэ АЗЗА”ТӨХК-ний гүйцэтгэх захирал Л.Ганболдод холбогдох “Ажлаас халсан тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Б.Цогтбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Цогтбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Баатарцогт овогтой Цогтбаяр миний бие нь анх “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-д 2011 оны 08 дугаар сарын 26-нд Замчин тушаалаар ажиллаж байх хугацаандаа Асфальт бетон заводын туслах найруулагчаар томилогдон ажиллаж удаагаар Авто замын газрын сургалтын төвд эксковатор, автогридрийн оператирчнаар байгууллагаас суралцан төгсөөд асфальт дэвсэгчийн операторчинаар ажиллаж улмаар 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Б/45 тоот тушаалаар үйлчилгээний автомашины жолоочоор томилогдсон. Миний бие “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-д нийт 5 жил 04 сар ажилласан. Энэ хугацаанд ажиллахдаа урьд өмнө нь сахилга болоод захиргааны арга хэмжээ авахуулж байгаагүй мөн ажлын хариуцлага алдаж байгаагүй. 2016 оны 10 дугаар сарын 19-нд ажлын 8 цаг ажиллад тарсан. Удалгүй 20 цагт механик Ганзориг утсаар дуудан ажилд ирсэн орой 22 цаг 40 минутанд СБ-Дарханы чиглэлийн замын цас цэвэрлэж ажилд гарцгаасан. Ажлаас буугаад ирэх байх үе зүүрмэглэн замын хажуугийн хайлаас мод мөргөн байгууллагын авто машинд эвдрэл учруулсан. Эвдрэлийг 100 хувь өөрийн зардлаар засварлаж хэвийн байдалд нь оруулсан. Энэхүү зүүрмэглэх байдал нь ажилтны амрах завдалгүй ажилд гаргасан нь байгууллагын хариуцлагагүй байдал юм. Мөн ажилд гарахад Хөдөлмөр хамгаалалын зааварчилгааг надад болон ажилчдад өгөөгүй үйлдэл нь байгууллагын буруу гэж үзэж байна.
Гүйцэтгэх захирал Л.Ганболд нь LEXUS 470 автомашин бариулж хамт явах үедээ урьд болоод өнгөрсөн явдлыг сөхөн /чи намайг ядаж явах үед муухай загнасан даа гээд эр хүний замын хүзүү урт гэж үнэн үг байгаа би” гэж хэлж байсан. Энэхүү хэлж байсан үг болон гаргаж байгаа үйлдэл нь тухайн хүний үзэл хамт байж надаас шалтаг хайн надаас салсан гэж үзэж байна. Намайг ажлаас халсан үйлдэл нь шаардлага хангахгүй буюу компаний дотоод журмын 7.3 дахь заалт нь ямар а, в гэсэн зүйлгүй байдаг. Мөн ажлаас халсан гэсэн толгой байгаа мөртлөө тушаал дотроо чөлөөлсүгэй гэсэн нь мөн учир дутагдалтай байна.
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Тушаалыг бүхэлд нь хүчингүйд тооцож өгөх
2. Ажилд эгүүлэн томилохыг даалгаж өгөх
3. Ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэх
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б.Цогтбаярын нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна. Б.Цогтбаяр нь 2 удаа асуудал гаргасан.
1.2016 оны 10 сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө өөрийн хариуцдаг Истана маркийн 24-90 СЭА улсын дугаартай автомашиныг мод мөргүүлэхэд нь тухайн үедээ ярилцаад л өнгөрөөсөн.
2. Захирал Л.Ганболдыг замын үзлэгээр явж байхад нь Б.Цогтбаяр нь байнга л машиндаа сууж харагддаг. 2016 оны 12 сарын эхний 7 хоногт захирал замын үзлэгээр явж байгаад Арангатын даваан дээр автозамын цас цэвэрлэж байгаад ажилчиддаа очиж уулзаж Б.Цогтбаяр нь бас л машинаа нармалдаад сууж байсан. Захирал чи бусадтайгаа цас цохь бусад чинь цас цэвэрлэж байхад чи яагаад зүгээр суугаад ажил хийдэггүй хүн бэ? гэхэд өөдөөс нь би ажлаа хийж байна гээд удирдлагын өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэхийн оронд өөдөөс нь элдвээр хэлж хэрэлдсэн нь ажилтны ёс зүйг харуулж байна. Мөн байгууллагын Дотоод журам дээр удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаварыг зөрчиж, эсэргүүцвэл ажлаас халах үндэслэл болно гэдэг заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Захирал Л.Ганболд нь үйлчилгээний жолооч ажилтай Б.Цогтбаярыг эхлээд ажлаас халаагүй 3 сарын хугацаатай замчин хийлгэхээр тушаал төлөвлөж байсан боловч Б.Цогтбаяр нь замчин хийхгүй намайг ажлаас халчих гэж өөдөөс нь дахин хэрэлдэхэд захирал Л.Ганболд нь би чамайг ажлаас халахгүй ээ чи замчин хий бусад нь хийж болоод байхад чи яагаад хийж болдоггүй юм дээр нь наад зан авираа зас гэж хэлсэн. Б.Цогтбаярыг 3 сарын хугацаатай замчин хийлгэ гэсний үндсэн дээр авто гражийн эрхлэгч Д.Ганзориг нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажилд хуваарилаад ахлаж яваа мастер Н.Наранхүүд нэрийг нь өгөхөд Б.Цогтбаяр нь би замчин хийхгүй ажилд гарахгүй гэсэн. Мөн ЧХХ-н инженер Д.Нямдулам нь замчны аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөхөөр очсон гэх.
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 8 дугаар баг, Буур хээр 2 дугаар хэсэг 0201 тоотод оршин суух, ам бүл-2, ээжийн хамт, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Боржигон овогт Баатарцогтын Цогтбаяр /РД: МЭ74030338/ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Би 2016 оны 12 дугаар сарын 19-20-ны өдөр шилжих шөнө ажилчидаа ажилд авч гараад замын цас цэвэрлэгээнд авч яваад үүрийн 4 цагийн үед машинтайгаа ажилчидаа аваад наашаа ирж явж байхдаа замын хажуугийн хайлаас мөргөсөн. Тэгээд машиныхаа би эвдэрсэн бүх зүйлийг нь өөрөөсөө мөнгө гаргаж засаж янзалсан. Мөн ажилчидаа аваад зам дээр өдөр цас цэвэрлэгээнд авч яваад манай ажилчид зам дээр цас цэвэрлэж байхад би машинаа халаагаад машин дотроо сууж байхад манай захирал Ганболд ирээд намайг “зам дээр гарч цас цохь” гэж хэлсэн. Тэр үед нь би яагаад цас цохих ёстой юм бэ гэж хэлтэл манай захирал Ганболд надад хэлэхдээ “чамайг цас цохидог болгоноо, машиныг чинь грашд тавиулаад чамайг цас цохидог болгоно” гэж хэлсэн. Түүнээс хойш бид хоёрын дунд маргаан үүссэн. Манай ажилчид зам дээр цас цохиж замын аюулгүйн тэмдэг тавьдаг. Түүнээс хойш би захиралын тушаал гарахыг хүлээж байсан. Өмнө нь манай компанийн захирал Ганболд болоогүй байхад шүүх хурал дээр би Ганболдын нөгөө эсрэг талынх нь хүний хүсэлтээр гэрчээр оролцож мэдүүлэг өгч байсан. Тэр үед Ганболд захирал надад хэлэхдээ “чи намайг ядарч явахад муухай загналаа даа” гэж хэлсэн. Сүүлд манай компанийн захирал болоход нь би Ганболд захиралд та хувийн ажил төрлөө ялгаж салгаарай гэж хэлсэн. Намайг бол Ганболд захирал 2 өдөр ажил тасалж машин зам мөргүүлсэн гэдэг үндэслэлээр ажлаас халсан. Намайг 2016 оны 12-р сарын 14-нд ажлаас шууд халсан нь учир дутагдалтай гэж үзэж байна. Надад арга хэмжээ авах байсан бол шат дараалсан арга хэмжээ авах ёстой байсан. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлага болох ажлаас үндэслэлгүй халагдсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны 2 сарын цалинг гаргуулах хүсэлтэй байна гэх.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 17-53 тоотод оршин суух, грашын нягтлан ажилтай, ам бүл-5, эхнэр хүүхдийн хамт, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Боржигон овогт Долгорсүрэнгийн Ганзориг /РД: МО74041211/ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2016 оны 2 дугаар сарын 19-20-ны өдөр шилжих шөнө Цогтбаяр нь ажилчидаа машинаар тээвэрлэж явж байгаад үүрийн 4 цагт машинтайгаа явж байгаад машиныхаа урд талыг замын хажуу тал руу орж мөргөсөн. Цогтбаяр нь машиныхаа эвдрэл гэмтлийг өөрөө хувиараа машиныхаа эвдрэл гэмтлийг зассан. Манай компанийн зүгээс уг үйлдэлд нь арга хэмжээ авагдаагүй. Дараа нь Ганболд захирал ажил шалгаад явж байх үед нь Цогтбаяр нь машиндаа сууж байхад нь ажилчид цас цэвэрлээд байж байхад манай захирал Цогтбаярыг “цас цэвэрлэ” гэж хэлэхэд нь Цогтбаяр “би машинаа барьж байна, тооцоогоо хийж байна” гэж хэлсэн гэж байсан. Тэр үед манай замын мастер Наранхүү гэх хүн хажууд нь байсан. Тэгээд захирал Ганболд надад хэлэхдээ “Цогтбаярын машиныг нь грашд тавиулаад гараар нь цас цохиул” гэж хэлсэн. Тэр үед би даргын үүрэг болгосны дагуу Цогтбаярын машиныг нь грашд тавиулж Цогтбаярт дарга чамайг гараараа цас цохь гэж байна гэж хэлсэн. Дараа нь Цогтбаяр нь ажил дээрээ ирээд ажлаа хийгээгүй. Тэр үед манай байгууллагын хөдөлмөр хамгааллын инженер Нямдуламд би тушаалаа харсаны дараа ажлаа хийнэ гэж хэлсэн байсан. Мөн манай байгууллагын ажилтан Наранхүүг ажилдаа явъя гэж хэлэхэд нь би ажилдаа явахгүй гэж хэлсэн гэж байсан. Ийм байдлаар ажлаас халагдах нөхцөл байдал үүссэн. Захиралын зөвлөлийн хурлаар Цогтбаярыг ааш зангаа засаад ирвэл ажилд нь авна гэж байсан. Цогтбаяртай 2016 онд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй юм. Иймд ажлаас шууд халсан нь буруу болж таараад байна, иймд ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нь зүйтэй байх гэж үзэж байна гэх.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн төлөөлөгчийн
шүүхэд бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нарын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Б.Цогтбаярын тус шүүхэд гаргасан ... 2016 оны 12 сарын 14-ний өдрийн компаний гүйцэтгэх захирлын Б/56 дугаар тушаалаар тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн тогтоолгохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах хууль зүйн бодит үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Б.Цогтбаяр нь 2015 оны 08 сарын 13-ны Б/45 тоот тушаалаар тус компаний үйлчилгээний автомашины жолоочоор томилогдсон ба 2016 оны 12 сарын 14-ний өдрийн компанийн гүйцэтгэх захирлын Б/56 дугаар тушаалаар ... Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1 - 131.1.3 дахь заалт, Байгууллагын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.3-ын а,в заалтыг үндэслэн түүнийг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө хариуцлага алдаж өөрийн хариуцдаг машинаараа мод мөргүүлсэн мөн 12 сарын 12,13-ны өдөр ажил тасалж өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй тул мөн өдрөөс ажлаас нь чөлөөлсөнийг үндэслэлгүй хэмээн маргаж тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ... би 04 цагийн үед зүүрмэглэн замын хажуугийн мод мөргөж байгууллагын автомашинд эвдрэл учруулсан боловч эвдрэлийг 100 хувь өөрийн зардлаар засаж хэвийн байдалд оруулсан, энэ нь ажилтны амрах завдалгүй ажилд гаргасан нь байгууллагын хариуцлагагүй байдал мөн хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгөөгүй нь буруутай, гүйцэтгэх захирал Л.Ганболдын хэлж байсан үг, гаргаж байгаа үйлдэл нь шалтаг хайн намайг ажлаас халсан, чөлөөлсөн нь учир дутагдалтай, ... чи цас цохь гэхэд нь жолоочийн үүрэгт ажлаа хийж байна цас цохихгүй гэхэд “чамайг цас цохьдог болгон оо” гэж занасан, мөн намайг замчин хий гэхэд тушаалыг нь гарахыг харж байгаад ажилдаа орноо гэж хэлээд 2 өдөр ажилд очсон боловч ажилд гаргаагүй тул шат дараалсан арга хэмжээ авалгүй шууд халсан, ... 2016 онд байгууллага надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь үнэн гэх.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ... жолооч Б.Цогтбаяр нь ажилчид тээвэрлэх үүрэгтэй бөгөөд 2015 оны 08 сараас энэ ажлыг хийж байгаа юм. Б.Цогтбаяртай 2015 онд хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба 2016 онд гэрээ байгуулаагүй тул ажлаас үндэслэлгүй халсанд байгууллагын буруу болж таараад байна, иймд ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэх тайлбар болон хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан 2016 оны 12 сарын 14-ний өдрийн Б/56 дугаартай “ажлаас халах тухай” тушаалд ... байгууллагын автомашинаар мод мөргүүлсэнээ жолооч Б.Цогтбаяр хүлээн зөвшөөрч байгаа боловч энэхүү зөрчлийн улмаас байгууллагад хэр, хэдий хэмжээний эд материалын хохирол учруулсан болох, жолочийн буруутай эсэхийг албан ёсоор шалгаж тогтоолгосон зүйлгүй бөгөөд харин жолооч Б.Цогтбаяр машины эвдрэлийг өөрийн зардлаар бүрэн засаж, хэвийн байдалд оруулсаныг талууд тайлбарлаж байгаа, мөн түүнийг 2 өдрийн ажил тасалсан гэх боловч энэ байдлыг нь мөн албан ёсоор шалгаж нотолгоожуулсан баримтгүй, гүйцэтгэх захирлаас Б.Цогтбаярыг жолоочийн үүрэгт ажлаас өөр ажилд буюу “Замчин”-ы ажилд томилсон албан ёсны тушаал шийдвэр гаргаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа түүнээс уг ажлыг гүйцэтгэхийг шаардсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан ... хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас үүрэг гүйцэтгэлийг шаардаж болохгүй гэснийг ажил олгогч зөрчсөн гэж үзнэ. Мөн компанийн гүйцэтгэх захиралаас дээрх ажлаас халах тухай Б/56 тоот тушаалаа гаргахдаа ... Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ... ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсэхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан ... гэснийг үндэслэсэн боловч жолооч Б.Цогтбаяр нь хөдөлмөрийн ямар, ямар сахилгын зөрчлийг, хэрхэн яаж, ямар хугацаанд гаргасан болохыг шалган тогтоосон хийгээд уг зөрчил нь ямар учраас давтан зөрчилд тооцогдох болсон талаар тодорхой бус байхаас гадна, мөн уг зөрчил нь ажилтны хөдөлмөрийн харилцааг шууд / халах / зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчил мөн эсэх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл: Байгууллагын зүгээс ажилтантай хөдөлмөрийн гэрээг 2016 онд байгуулаагүй гэдгийг талууд шүүхэд өгсөн тайлбартаа хүлээн зөвшөөрсөн нь энэ талаар ажилтантай хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн тушаалдаа ... Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3 дахь хэсэгт заасан ... ажлаас халах заалтыг баримталсан нь ... тухайн ажилтныг ажлаас халах болон шалтгаан, ажилтны гаргасан гэх зөрчлийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, үр дагавар зэрэгт тохирсон гэж үзэх боломжгүй юм.
Иймд Б.Цогтбаярыг тус компаний үйлчилгээний автомашины жолоочийн үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэв. Мөн нэхэмжлэгчийн ... ажлаас халсан тушаалыг хүчингүй болгох шаардлага гаргасан ба шүүх уг тушаалыг хэргийн үйл баримт хийгээд нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэх явцад уг тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзсэн тул нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох боломжгүй гэж үзнэ. Харин Б.Цогтбаярын ... ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулах шаардлагыг энэ удаад хангах боломжгүй байна. Учир нь: жолооч Б.Цогтбаярын сард хичнээн төгрөгийн цалинтай болох талаархи баримт шүүхэд ирүүлээгүй тул энэхүү шаардлагаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 70200 төгрөг нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Б.Цогтбаярыг “Сэлэнгэ авто зам засвар арчлалт” төрийн өмчит хувьцаат компаний үйлчилгээний автомашины жолоочийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.3 дахь хэсэгт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас 70200 төгрөгийг нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Энэхүү шийдвэрийг хариуцагч тал сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН