| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2016/00470/И |
| Дугаар | 182 |
| Огноо | 2017-02-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 182
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 19 дүгээр байрны 20 тоотод оршин суух, “Зоонозын өвчин судлал”-ын төвийн дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Олгод овогт Нямдоржийн Эрдэнэбат / РД:/МЭ64130335/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: “Монгол эмимпекс концерн” ХХК-ний Сэлэнгэ аймаг дахь салбарт холбогдох “Бусдын хууль бус эзэмшлээс өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг бүрэн чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Н.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Н.Эрдэнэбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Нэхэмжлэлийн шаардлага: Бусдын хууль бус эзэмшлээс өөрийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг бүрэн чөлөөлүүлэх тухай.
Сэлэнгэ аймгийн ЗӨСТөв (хуучин нэрээр Байгалийн Голомтот Халдварт Өвчинтэй Тэмцэх Газар) МУ-ын ЭМС-ын 2003 оны 04-р сарын 16-ны өдрийн 84 тоот тушаалаар Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган аймгийн нутаг дэвсгэрт хамрагдах байгалийн голомтот халдварт өвчин болон Зоонозийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үзүүлж байхаар анх байгуулагдсан юм. Уг байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах шаардлагын үүднээс Сэлэнгэ аймгийн ИТХТ-дийн 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 53 тоот тогтоолоор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн хөрөнгөнд бүртгэлтэй 38.2 сая төгрөгний үнэтэй 2 давхар тоосгон барилгыг тус аймагт шинээр байгуулагдсан БГХӨТГ-ын хөрөнгийн бүртгэлд шилжүүлсэн байдаг юм. Одоо манай байгууллагын үндсэн хөрөнгө болох тоосгон барилгад “Сэлэнгэ эмимпекс” ХХК ямар ч зөвшөөрөлгүй, ямар нэгэн түрээсийн төлбөр төлөхгүй үйл ажиллагаагаа явуулсаар байгаа тул тус байгууллагыг өөрийн байрнаас чөлөөлж өөрсдөө ашиглах хүсэл шаардлага тулгараад байна. Иймд “Сэлэнгэ эмимпекс” ХХК-ийг манай өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг цаашид ашиглуулахыг зогсоосон, албадан нүүлгэн гаргуулах тухай шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гарган шүүхэд хандаж байна. Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэх
Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Сэлэнгэ аймгийн Зооноз өвчин судлалын төв (хуучин нэрээр Байгалийн Голомтот Халдварт Өвчинтэй Тэмцэх Газар) МУ-ын ЭМС-ын 2003 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 84 тоот тушаалаар Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган аймгийн нутаг дэвсгэрт хамрагдах байгалийн голомтот халдварт өвчин болон Зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үзүүлж байхаар анх байгуулагдсан юм. Уг байгууллагын хэвийн үйл ажиллагааг явуулах шаардлагын үүднээс Сэлэнгэ аймгийн ИТХТ-дийн 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 53 тоот тогтоолоор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн хөрөнгөнд бүртгэлтэй 38.2 сая төгрөгийн үнэтэй 2 давхар тоосгон барилгыг тус аймагт шинээр байгуулагдсан БГХӨТГ-ын хөрөнгийн бүртгэлд шилжүүлсэн байдаг юм. Тухайн үед бид хувийн хэвшлийн эмийн үйлдвэр ажиллаж байсан тухайн барилгыг манайд суллаж өгч байна гэсэн ойлголтоор тэр үедээ шууд засвар хийгээд ажлаа эхэлсэн. 2013 оноос эхлээд Монголын эмимпекс компаний Сэлэнгэ аймаг дахь салбараас надад албан тоот болон амаар төв байгууллагынх нь хэлтсийн хүмүүс ирээд “манайх байгууллагынхаа гэрчилгээг авах гэтэл газрын асуудал дээр тохиролцож болохгүй байна” гэж хэлсэн. Иймд уг барилгыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж нэхэмжлэгч талын өмчлөлд шилжүүлж өгнө үү гэх.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хариуцагч болж байгаа Монголын “Эмимпекс”-ХХК-ны Сэлэнгэ салбарын 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1629 тоот албан бичгээр хариу тайлбараа өгсөн байгаа. Энэ тайлбар нь хуульзүйн үндэслэлтэй төдийгүй уг тайлбарыг дэмжиж байгаагаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хэлмээр байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Учир нь 1992 онд Сэлэнгэ аймгийн ардын депатутын шийдвэрээр Нэгдсэн эмнэлэг шинэ байранд нүүн орсонтой холбогдуулж хуучин байрыг нь тухайн үеийн эмийн сангуудын удирдах газар хүлээж авсан. Эмийн сангуудын удирдах газар нь Монгол улс зах зээлийн харилцаанд орж олон шинэ хууль батлагдан гарсантай холбогдуулж “Монгол Эмимпекс” нэртэйгээр Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж байгаа тухайн үеийн аймаг болгонд байсан эмийн сангуудын удирдах газар нь тус “Монгол Эмимпекс” компаний салбар болсон. Н.Эрдэнэбат дарга болон энэ орон нутагт амьдарч байгаа хүмүүс надаар хэлүүлэлтгүй энэ түүхийг сайн мэднэ. 2006 онд Өмч хувьчлалын тухай хууль гарч уг барилгын 49 хувь нь “Монгол Эмимпекс” ХХК-ы мэдэлд 51 хувь нь төрийн мэдэлд шилжсэн. 2006 онд Төрийн өмчийн хорооны шийдвэрээр төрийн мэдэлд байсан 51 хувийг хаалттай дуудлага худалдаагаар “Инс Фарм” ХХК 1.7 тэрбум төгрөгөөр худалдаж авсан. Уг компани худалдаж авснаар аймаг болгонд байсан эмийн сангуудын удирдах газар уг компаний мэдэлд очсон. Манай компани энэ барилгыг улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд удаан хугацаанд маш олон хуудас баримт бичгүүд бүрдүүлж өгсөн. Бүрдүүлж өгсөн баримтууд дотор “Монгол Эмимпекс компанид хөрөнгө шилжсэн талаарх төрийн өмчийн хорооны шийдвэр, засгийн газрын тогтоол, холбогдох бусад баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. “ИнсФарм” ХХК уг 51 хувийг худалдан авснаар “Монгол Эмимпекс” нэр нь хэвээр үлдэж ХХК болсон. Хаалттай дуудлага худалдаагаар худалдан авсан 51 хувийг хууль ёсоор эзэмшиж байгаа. Нэхэмжлэгчийн маргаан болгож байгаа уг барилгыг бүрэн хэмжээгээр хаалттай дуудлага худалдаагаар худалдан авсан. Үүний үндсэн дээр улсын бүртгэлийн газарт бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Хаалттай дуудлага худалдаагаар худалдаж аваад улсын бүртгэлд бүртгүүлснээрээ уг барилгыг бид бүтнээр нь авах ёстой байсан. Гэвч “Монгол Эмимпекс” ХХК-ы удирдлагууд нөхцөл байдлыг харгалзаад Зоонозын өвчин судлалын төвд нэг давхар 7 цонх бүхий хэсгийг үлдээсэн. Манай компани өөрийнхөө өмчид авч болох л байсан. Хэрэв энэ байдлаар яриад байх юм бол манай компаний удирдлагууд уг нэг давхар 7 цонх бүхий талбайн үнийг төлүүлэх арга хэмжээ авч болох талаар анхааруулсан байгаа гэдгийг хэлмээр байна. Энэ барилга болон барилгын эргэн тойрны газрыг эзэмших эрхийн гэрчилгээгээ авчихсан байгаа. Гэрчилгээнийхээ хуулбарыг хавтаст хэрэгт гарган өгсөн байгаа. Энэ гэрчилгээг 2002 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 15 жилийн хугацаатай авсан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хугацаа нь дуусна. Хугацааг нь дуусахаар дахин сунгах ажлыг бид хийж байгаа гэдгээ хэлмээр байна. Нэхэмжлэгч тал болох Зонозын өвчин судлалын төв нь өөрийн эзэмшлийн хэсэг мөн эргэн тойрны газрыг хашаалж хамгаалаад эзэмшиж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Манай тал нэхэмжлэгч талын эзэмшиж байгаа хэсэгийг нэхэхгүй байгаа. Зоонозын өвчин судлалын төв нь тус барилгад явуулж байгаа “Монгол Эмимпекс” ХХК-ы Сэлэнгэ аймаг дахь салбарын үйл ажиллагааг зогсоох албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байгаа тул уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд зохигч, түүний төлөөлөгч нарын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судалж үзээд ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Зооноз өвчин судлалын төвын дарга Н.Эрдэнэбатын шүүхэд гаргасан ... Монгол эмимпекс концерн ХХК-ний Сэлэнгэ аймаг дахь салбарт холбогдуулан ... бусдын хууль бус эзэмшлээс өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өгсөн тайлбар, хавтаст хэрэгт талуудын гаргаж өгсөн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаж үзээд; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар ... нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Нэхэмжлэгч нь дээр дурьдсан 2 давхар тоосгон барилгыг 2004 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн /хавтаст хэргийн 5 дугаар тал / 53 дугаар тогтоолоор тус аймагт /тухайн үеийн нэршлээр/ байгуулагдсан Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газрын хөрөнгийн бүртгэлд шилжүүлсэн тул манай эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө / барилга / хэмээн үзэж уг барилгыг чөлөөлүүлэхээр маргаж байгаа боловч тухайн обьектыг одоог хүртэл өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэлжүүлж, албан ёсоор өөрийн эзэмшил / өмчлөл / -д авсан гэх газрын болон үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, баримтгүйн гадна шүүхэд энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байна.
Мөн үүнээс гадна нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ... 2004.07.09-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 53-р тогтоолоор уг объект /2 давхар барилга/-ыг тухайн үеийн 2 байгууллага хооронд блансаас блансд шилжүүлснийг мэдэж байсан / эрхээ зөрчигдсөнийг мэдэж байсан / гэж байгаа боловч түүнээс хойш шүүхэд энэхүү зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар ямар нэгэн байдлаар хандаж байгаагүй, өдий хүртэл явж ирсэн тухай мэдүүлж байгаа нь Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.2, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт тус тус зааснаар ... шүүхэд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хуулийн хугацаа / ерөнхий хугацаа 10 жил, тусгай хугацаа 6 жил / - нь өнгөрсөн гэж үзэхээр байна.
Харин хариуцагч “Монгол эмимпекс концерн” ХХК-ний Сэлэнгэ дэх салбар нь маргаж буй обьектыг албан ёсоор эзэмших / өмчлөх / эрхтэй болох нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 3 дугаар хэсэгт байрлах 1391 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-1317004177 дугаартай , 000401468 дугаартай /хавтаст хэргийн 16-18 дугаар талд/ гэрчилгээ болон 1992 оны 05 сарын 15-ны өдрийн үндсэн хөрөнгө хүлээн авах, шилжүүлэх тухай акт баримтаар дээрх барилгыг тухайн үеийн аймгийн нэгдсэн эмнэлэгээс аймгийн эм хангамжийн газарт шилжүүлсэн тухай, мөн / хавтаст хэргийн 84 – 87-р тал / тус концерний салбараас газар эзэмших эрхийн 2002.04.12-ны өдрийн 171200568 дугаартай гэрчилгээний нотариатаар батлагдсан хуулбар, гэрэл зургийн баримт, салбарын гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.
Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн хэргийн 29-83, 135-136 дугаар талд авагдсан бичгийн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дахь хэсгүүдийг зөрчиж ... бичгийн нотлох баримтад тавигдах хуулийн шаардлага хангаагүйгээс гадна мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар ... шүүх / хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь / үнэлэх боломжгүй гэж үзэж мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар ... нотлох баримтаас хасах нь зүйтэй гэж үзэв.
Хууль зүйн үүднээс дүгнэхэд: нэхэмжлэгч нь ... маргаан бүхий 2 давхар барилгыг хууль ёсоор эзэмших / өмчлөх / эрхтэй тул бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэж маргаж байгаа боловч ... уг обьектыг өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, хууль ёсоор эзэмших / өмчлөх / эрхтэй болохоо тэрээр шүүхэд нотлоогүйгээс гадна Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 89.3, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар ... уг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шууд буюу шударгаар эзэмших эрх нь “Монгол эмимпекс концерн” ХХК-ний Сэлэнгэ дэх салбарт байгаа тул мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Зооноз өвчин судлалын төв”-ийн захирал Н.Эрдэнэбат нь хариуцагчаас ийнхүү шаардах эрхгүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд түүний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт тус тус зааснаар Сэлэнгэ аймгийн Зооноз өвчин судлалын төвын дарга Н.Эрдэнэбатын тус шүүхэд гаргасан ... Монгол эмимпекс концерн ХХК-ний Сэлэнгэ аймаг дахь салбарт холбогдуулан ... бусдын хууль бус эзэмшлээс өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус зааснаар нэхэжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, түүний тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хэргийн 29-83, 135-136 дугаар талд авагдсан бичгийн баримтуудыг нотлох баримтаас хассугай.
4. Энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-д заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН