Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2023/0353

 

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2023/0353

Улаанбаатар хот

 

Б.Т-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А;

Нэхэмжлэгч: Б.Т

Хариуцагч: УБЕГ-ын ХЭБГ

Нэхэмжлэлийн шаардлага: “УБЕГ-ын ХЭБГ-т 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн “Ц” ХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгэсэн үйлдлийг хүчингүй болгуулах” тухай;

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 209 дугаартай;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Л;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0646/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Т-аас Орхон аймгийн УБЕГ-ын ХЭБГ-т холбогдуулан “УБЕГ-ын ХЭБГ-т 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн “Ц” ХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгэсэн үйлдлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 209 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг удирдлага болгон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан Б.Т-ын нэхэмжлэлтэй, УБЕГ-ын ХЭБГ-т холбогдуулан гаргасан УБЕГ-ын ХЭБГ-т 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн “Ц” ХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгэсэн үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлүүдээр хуульд нийцээгүй бөгөөд үндэслэлгүй гэж үзэж байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай:

 

3.1. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д “Улсын бүртгэлийн хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас гаргасан бусад шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих, ...”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ.” гэж заасны дагуу хийгдсэн байх тул нэхэмжлэгч Б.Т-ын УБЕГ-ын ХЭБГ-ын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн “Ц” ХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгэсэн үйлдлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэжээ. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ” гээд үүнд:

22.1.3 дахь заалтад “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл”,

22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ.” гээд 22.3.2 дахь заалтад “эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл”,

18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана:”, 18.1.1 дэх заалтад “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу” гэж тус туссан.

Мөн Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах болон компанийн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор батална”, 3 дахь хэсэгт “Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ”, 17.3.1 дэх заалтад “нийт дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх тухай компанийн эрх бүхий этгээдийн гарын үсэг бүхий өргөдөл” гэж 6 дахь хэсэгт “Энэ хуулийн 17.3-т заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд бүртгэх байгууллага компанийн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхээс татгалзана” гэж заасан.

 

3.2. Тодруулбал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Компанийн тухай хуулийн зохицуулалтын дагуу компанийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд заавал хувьцаа эзэмшигчийн шийдвэр, хурлын тэмдэглэл, хүсэлт шаардлагатай байх бөгөөд Монгол Улсын Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын нь “Ц” ХК-ийн хувьцаа эзэмшигч биш тул тус баримтуудыг гарган өгөх боломжгүй. “Ц” ХК-ийн хувьцаа эзэмшигчийн зүгээс компанийн дүрэм, хувьцаа эзэмшигчийг өөрчлөх талаар аливаа хүсэлт гаргаагүй байхад УБЕГ-ын ХЭБГ 2022 оны 03 дугаар 31-ний өдөр “Ц” ХК-ийн хувьцаа эзэмшигчээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг бүртгэжээ.

 

3.3. Иймд, УБЕГ-ын ХЭБГ т 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн “Ц” ХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгэсэн үйлдэл нь хууль бус байтал захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д “Улсын бүртгэлийн хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас гаргасан бусад шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих ёстой” хэмээн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож байгаа нь хууль бус юм.

 

3.4. Түүнчлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Компанийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчиж хууль бусаар Монгол Улсын Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь “Ц” ХК-ийн хувьцааг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байхад анхан шатны шүүх дээрх нөхцөлийн талаар огт дүгнэлт өгөөгүй бөгөөд хэрэглэх ёстой хуулийг буруу дүгнэж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0209 дүгээр шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Т ас УБЕГ-ын ХЭБГ-т холбогдуулан “УБЕГ-ын ХЭБГ-т 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн “ЦШ” ХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгэсэн үйлдлийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3. Уг нэхэмжлэлийн үндэслэлээ “...миний бие “Х” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч асан М.Б-О-ын төрсөн хүү юм. “Х” ХХК нь “Ц” ХК-ийн /одоогийн улсын бүртгэлд “Ц” ТӨХК/ хувьцаа эзэмшигч. Б.Т миний бие эцэг М.Б-О-ыг нас барсны дараа иргэний хуулийн өвлөх эрхийн зохицуулалтын дагуу өвийг хүлээн авч нотариатчид хандан өвлүүлэгчийн өмчлөлд байсан “Х” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг өвлөн авч, өвлөх эрхийн гэрчилгээ авсан. ...”Ц” ХК-ийн хувьцаа эзэмшигчийн зүгээс компанийн дүрэм, хувьцаа эзэмшигчийг өөрчлөх талаар аливаа хүсэлт гаргаагүй байхад УБЕГ-ын ХЭБГ 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “ЦШ” ХК-ийн хувьцаа эзэмшигчээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг бүртгэжээ” гэж, хариуцагчаас “...2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр компанийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхдээ ...Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ““ХЦШ” ТӨХК-ийг хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай” 124 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Хувьчлалыг хүчингүйд тооцох, компанийн эрх, эд хөрөнгийг хүлээн авах тухай” 108 дугаар тогтоол, мөн өдрийн “Төрийн өмчийн төлөөлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийг томилох тухай” 109 дүгээр тогтоол, 3 дугаар сарын 29-ний өдрийн 110 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ц” ХК-ийн дүрэм зэрэг бусад холбогдох материалыг үндэслэн улсын бүртгэлийн мэдээллийн санд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн бүртгэсэн” гэж эс зөвшөөрч маргажээ.

4. Анх Төрийн өмчийн хорооны 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 608 дугаар тогтоолоор “ХЦШ” ТӨХК-ийн төрийн эзэмшлийн 119 452 690 ширхэг хувьцааг 39 706 294 230 төгрөгийн өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр “Б” ХХК-д худалдахаар санал болгож, түүнийг үндэслэн мөн өдөр 15/19-2015 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, улмаар 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 617 дугаар тогтоолоор дээрх “ХЦШ” ТӨХК-ийн хувьцааг өмчлөх эрхийг “Б” ХХК-д шилжүүлсэн байна.

5. Улмаар “Б” ХХК нь нэрээ өөрчилж “Х” ХХК болсныг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж, тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар М-ийн Б-О /нэхэмжлэгч Б.Т-ын эцэг/ байсан болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа болон хариуцагчийн “...“Х” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч М.Б-О одоог хүртэл улсын бүртгэлд хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байна” гэх тайлбаруудаар нотлогдож байна. Энэ талаар хэн аль нь маргадаггүй.

6. Нэхэмжлэгч Б.Т-д Нийслэлийн тойргийн нотариатч 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “...М-н Б-О 2018-11-15-нд нас барж, нас барсны бүртгэлийн 0000219996 дугаарт бүртгэгдсэн учир Монгол Улсын Иргэний хуулийн 520, 531 дүгээр заалтыг үндэслэн өвлүүлэгчийн хүү болох ...Б-О-ийн Т-д өвлүүлэгчийн өмчлөл-д байсан Үнэт цаас, хувьцаа эзэмших эрх, “Х” ХХК, ... өөрийн хөрөнгийн хэмжээ 200,000,000.00 Хоёр зуун сая төгрөг, ...Өвлөгчид оногдох хэсэг 100 % ...” гэсэн өвлөх эрхийн гэрчилгээ олгожээ.

7. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “Ц” ХК-иас хуулийн этгээдийг улсын бүртгэлт бүртгүүлэх өргөдөл, бүртгэлийн хураамж, хуулийн этгээдийн нэр баталгаажуулалт /”Ц” ХК байсныг “Ц” ТӨХК болгож өөрчилсөн/, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ олгох тухай” А-1/565 дугаар албан бичиг, мөн 03 дугаар сарын 30-ны өдрийн А/4/565 дугаар албан бичгээр гаргасан хүсэлт, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “ХЦШ” ТӨХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай” 124 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Хувьчлалыг хүчингүйд тооцох, компанийн эрх, эд хөрөнгийг хүлээн авах тухай” 108 дугаар тогтоол, мөн өдөр “Ц” ХК-ийн гүйцэтгэх захирлыг эрх бүхий этгээд томилох хүртэлх хугацаанд гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Л.Наранбаатарыг томилсон 109 дүгээр тогтоол, мөн газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Ц” ТӨХК-ийн дүрмийг батлах тухай 110 дугаар тогтоол, компанийн дүрэм, “...Ц” ХК-ийн дүрэм, гэрчилгээ хүчингүй болсон” талаар мэдэгдсэн сонины зар, Монголын татварын албаны аж ахуй нэгж, байгууллагын тодорхойлолт /хх-ийн 96-126/ зэрэг баримтуудыг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр УБЕГ-ын ХЭБГ “Ц” ХК-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул улсын бүртгэлд бүртгэсэн болох нь нотлогдож байна.

8. Энэ нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д “улсын бүртгэлийн хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас гаргасан бусад шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих, тэдгээрийг боловсронгуй болгох талаар саналаа холбогдох байгууллагад гаргах;”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:”, 22.1.1-д “нэр өөрчлөх тохиолдолд шинээр олгосон нэрийн баталгаажуулалт, өдөр тутмын сонинд зарлуулсан зар;”, 22.1.2-т “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;”, 22.1.3-т “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл;”, 22.1.4-т “үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт;” 22.1.5-т “шаардлагатай тохиолдолд итгэмжлэл;”, 22.1.6-д “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;”, 22.1.7-д “хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулах тохиолдолд баталгаажсан санхүүгийн тайлан, тэнцэл;”, 22.1.8-д “хуулийн этгээдийн хаягийн нотлох баримт;”, 22.1.9-т “улсын бүртгэлийн гэрчилгээ.”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл “Улсын бүртгэлийн зарчим”, 4.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;”, 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх;”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2-т “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах;” гэж тус тус заасантай нийцжээ.

9. Дээрх үйл баримтуудаас дүгнэвэл, УБЕГ-ын ХЭБГ  нь “Ц” ХК-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгэсэн үйлдэл нь улсын бүртгэлийн зарчимд нийцсэн, холбогдох хууль тогтоомж, журмыг зөрчөөгүй байх бөгөөд маргаан бүхий бүртгэлийн улмаас нэхэмжлэгч Б.Т-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээр тогтоогдохгүй байна.

10. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 209 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                     Н.ХОНИНХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                     Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                     Т.ЭНХМАА