Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 25

 

 

 

 

Д.Ганхуягийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 153/ШШ2017/00257 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 08-05 тоотод оршин суух Түмэн овогт Доржийн Ганхуягын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие Д.Ганхуяг нь Ховд аймгийн засаг даргын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 тоот тушаалаар нийтлэг үйлчилгээний албаны жолоочоор томилогдсон. Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй.

Гэтэл Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 тоот тушаалаар Аймгийн засаг даргын тамгын газрын 2016 оны А/50 тоот тушаалаар Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн орон тоог цөөрүүлсэнтэй холбогдуулан надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Би Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны 0003 ХОА дугаарын автомашины жолоочоор буюу аймгийн Засаг даргын орлогчийн жолоочоор ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д зааснаар миний ажлын байр нь байнгын ажлын байр төдийгүй, байнгын ажлын байрыг цөөрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 Иймд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний Албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваад хариу тайлбар болон нотлох баримтаа гаргаж өгсөн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Засаг даргын Тамгын газрын нийтлэг үйлчилгээний алба маань Засаг даргын Тамгын газарт харьяалагддаг. Засаг даргын ажлын албаны цэвэрлэгээ, үйлчилгээ, халаалт, сантехник гэх мэт аж ахуйн үйл ажиллагаа хариуцдаг улсын төсвөөс санхүүждэг, төсөвт байгууллага юм. Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын 2014 оны 01 сарын 03-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар нийтлэг үйлчилгээний бүтцийг баталсан байсан. Нийт 32 орон тоотой байсан ба үүнээс жолоочийн орон тоо 8, үйлчлэгчийн орон тоо 8 гэж тогтоосон байдаг. Тухайн үеийн Нийтлэг үйлчилгээний албаны дарга нь жолооч 9, үйлчлэгч 10 ажиллуулж байсны улмаас хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн их хэмжээний өр үүссэн байгууллагыг хүлээж авсан. Төсвийн тухай хуульд заасан төсвийг үр ашигтай зарцуулна, төсвийг зохистой зарцуулж, өр төлбөр үүсгэхгүй ажиллуулах шаардлага тулгарсан. Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаар 2016 оны 10 сарын 01-ний өдрийн байдлаар 14 сая төгрөг, 2016 оны 11 сарын 31-ний өдөр гэхэд 17 сая төгрөгийн өр үүсэж явж байсан. Төсвийн тухай хуулиар анх төсөвлөөд ирсэн төсөв нь дуусаад өр үүсээд явсан. Нэгэнт Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох, үүсээд байгаа өрийг нэмэгдүүлэхгүй байх шаардлага зайлшгүй тулгарсан. Тийм учраас Тамгын газрын даргын 2016 оны 09 сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаалын хавсралтаар 36 байсан орон тоог 28 болгож багасгаад жолоочийн орон тоог 6, үйлчлэгчийн орон тоог 8 болгож батлаад цалингийн санд багтаасан. Цалингийн санд багтаан байгууллагын хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх шаардлагатай тул орон тоо цөөрсөн үндэслэлээр халагдаж байгаа 4 ажилтандаа хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу өгсөн. 2016 оны 12 сарын 07-ны өдрийн 65 дугаар албан бичгээр орон тоо цөөрч байгаа учраас хөдөлмөрийн гэрээг цуцлахыг мэдэгдсэн мэдэгдэхийг нэхэмжлэгч Д.Ганхуягт 12 сарын 07-ны өдөр гардуулсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу нийцэж байгаа. 1 сарын дараа буюу 2017 оны 01 сарын 11-ний өдрийн тушаалаар Д.Ганхуягтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн үйл ажиллагаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг 2017 оны 1 сард багтааж олгосон. Энэ бүх үйл ажиллагаа Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн үйл ажиллагаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 153/ШШ2017/00257 дугаар шийдвэрээр:“

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Д.Ганхуягийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд холбогдох, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний Албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг 14 хоногийн дотор өөрөө хүрэлцэн ирж гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй.

Учир нь анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг үнэлж чадаагүй. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар орон тоо цөөрүүлсэн гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх үндэслэл болсон Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 тоот тушаалаар Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц орон тоог баталж 1 дүгээр хавсралтаар 41 орон тоотойгоор баталсан боловч мөн өдрийн А/50 тоот тушаалаар нийтлэг үйлчилгээний албаны орон тоог 28 байхаар тогтоосон боловч А/50 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан байдаг. Засаг даргын тамгын газрын бүтэц орон тоо, нийтлэг үйлчилгээний албаны бүтэц орон тоо хоёулаа хавсралт нэгээр баталсан нь хариуцагч байгууллага нь нотлох баримтыг өөрийн дураар бүрдүүлсэн байж болзошгүй гэх эргэлзээ төрж байгаа билээ. А/50 тоот бүтэц орон тоо шинэчлэн батлах тухай тушаалын агуулга болон бичигдсэн бичгэвэр адил, үсэг найруулгын ямар нэгэн зөрүүгүй байгааг анхаарч үзнэ үү. Нэхэмжлэгч Д.Ганхуягийн ажлын байр буюу жолоочийн ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дахь хэсэгт зааснаар байнгын ажлын байр гэж үзэх үндэслэлтэй. Монгол улсын дээд шүүхийн 33 дугаар Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 15.1.2-д хуулийн этгээд байгууллагын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой орон тоо хассаныг ойлгоно гэжээ.Үүнээс дүгнэхэд ямар ямар жолоочийн орон тооноос ямар жолоочийн орон тоог хассан, нийтлэг үйлчилгээний албаны ямар автомашины жолоочийн орон тоог хассан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, зөвхөн нийтлэг үйлчилгээний албаны бүтэц орон тооны дагуу орон тоог цөөрүүлжээ гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Д.Ганхуяг нь “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаалын хавсралтаар Нийтлэг үйлчилгээний албаны бүтэцийг батлахдаа орон тоог 28, үүнээс жолоочийн орон тоог 6, үйлчлэгчийн орон тоог 8 байхаар шинэчлэн тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

            Зохигчдийн хооронд үүссэн маргаан нь хөдөлмөрийн эрхийн харилцаанаас үүссэн маргаан тул ажилтан нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, уг байгууллагад жолоочоор ажиллаж байсан гэдгээ нотлох, харин хариуцагч нь ажилтныг орон тооны цомхтголд оруулж ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэдгээ нотлох замаар мэтгэлцэхээр байна.

 

            Нэхэмжлэгч Д.Ганхуяг нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд /хариуцуулсан авто машинаар буюу аймгийн Засаг даргын орлогчийн 0003 ХОҮ улсын дугаартай авто машинаар үйлчлэх[1]/ жолоочоор ажиллаж байсан гэх үйл баримт нь тус албаны даргын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай ажилд томилох тушаал, 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний эх хувь, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаартай хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зохигчдийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Суудлын автомашины ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 184 дүгээр тогтоолын хавсралтад зааснаар аймгийн Засаг даргын орлогч нь “албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан” байна.

 

Гэтэл ажил олгогч 8 жолоочийн орон тоог 6 болгож цөөрүүлсэн тохиолдолд хэний орон тоог хасах, эсхүл цөөрүүлэх вэ гэдэг нь ажил олгогчийн эрх мэдлийн асуудал юм гэдгээс өөрөөр нэхэмжлэлийн шаарлагыг үгүйсгэж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл ажил олгогч жолоочийн ажлын орон тоог цөөрүүлэхдээ Ховд аймгийн Засаг даргын орлогчийн 0003 ХОА улсын дугаартай авто машин барьж байсан Д.Ганхуягыг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэдгээ нотлох үүрэгтэй байна.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “ажил олгогч иргэнийг ажилд авахад болон хөдөлмөрийн харилцааны явцад ажил, үүргийн онцлог шаардлагын улмаас ажилтны эрх, эрх чөлөөг хягаарласан бол энэ тухай үндэслэлээ нотлох үүрэгтэй байна.

            Нөгөө талаар ажил олгогч 8 жолоочийн орон тоог 6 болгож цөөрүүлэхдээ ямар үндэслэлээр /шалтгаанаар/ Д.Ганхуягийг ажлаас чөлөөлсөн гэдгээ нотлохгүйгээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг ажлаас чөлөөлсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан ...шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлын зарчимтай нийцээгүй бөгөөд түүний хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Иймд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25  дугаар зүйлийн 25.2.2-т заасан “нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “Зохигч гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах” талаар хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Дээр дурдсан үндэслэлээр Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын 2017 оны оны 01 сарын 11-ний өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Ганхуягийг Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоох нь хууль зүйн  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

   Нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 11-нээс 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл  4 сар 15 хоног ажилгүй байжээ. Түүнд энэ хугацаанд олгох ажилгүй байсан  хугацааны  нөхөх олговорын хэмжээг нийгмийн даатгалын 2016 оны 10, 11,12 дугаар саруудын бичилтийг үндэслэн тооцвол нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээ 514664 төгрөг, нэг өдрийн ажлын хөлс 23938 төгрөг байх бөгөөд олговрын нийт хэмжээ /514664х4+23938х15/=2.058.656+359055=2417726 төгрөгийг хариуцагчаас гаргуулж,  Д.Ганхуягт олгох нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1,46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид олгох 2417726 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж, түүний нийгмийн даатгалын дэвтэрт сар бүр шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид   үүрэг болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2, 128.1.5, 69.1, 46.1, 46.2.-т заасныг тус тус баримтлан Д.Ганхуягийн хариуцагч Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд холбогдуулан гаргасан гомдлыг хангаж, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Ганхуягийг тус албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны олговорт 2.417.723 төгрөгийг Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны санхүүгээс гаргуулж Д.Ганхуягт олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60.1, 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5, 7.1.1, 7.1.2.-т заасныг баримтлан Д.Ганхуягийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны санхүүгээс 123833 (70200+53633) төгрөг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулсугай.” гэж тус тус өөрчилж, Д.Ганхуягийн өмгөөлөгч Б.Батсүхийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

                                  

 

                                                                                               М.НЯМБАЯР

 

 

 

 

 

           

           

           

 

 


[1] Хөдөлмөрийн гэрээний 1.3 дахь заалт