Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 692

 

                                                        Т.А-од холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Н.Анхбаяр,

шүүгдэгч Т.А-, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 402 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Т.А-, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Т.А-од холбогдох эрүүгийн 1803000010120 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Чоносуудай овгийн Т.А-, 1989 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураглаач, эвлүүлэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

            Т.А- нь 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 11 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Улаанбаатар Төмөр Замын Удирдах газрын Зорчигч тээврийн албаны даргын өрөөнд тус газрын хуулийн зөвлөх ажилтай О.Баясгалантай маргалдаж, улмаар биед нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Т.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, хэрэгт хураагдаж ирсэн 3 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Т.А-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.А-, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэнгээс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Хэрэгт авагдсан дүрс бичлэгээр Т.А- нь хохирогч гэх О.Баясгалангийн биед халдаж байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй төдийгүй хохирогч өөрөө довтолгооныг эхлүүлж, хүний өмчлөх эрхэд халдсан байхад шүүх үүнийг үнэлж дүгнээгүй.

2. Хохирогч О.Баясгалан нь “...түүний хүзүүнээс зүүсэн камерын оосрыг баруун гараараа бариад автал зураглаач миний гарыг тавиулах гэж мушгих үед миний хуруу гэнэт жирс гээд сонин болсон...” гэж мэдүүлснийг Т.А-ыг буруутгах үндэслэл болгосон. Хэрвээ хохирогчийн дээрх мэдүүлгийг үнэн гэж шүүх үнэлсэн бол Т.А-ын үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байгааг шүүх анхаарч хараагүй байна.

3. Гэрч Д.Нарантуяа, Ш.Цолмонбаатар, Э.Хасбаатар, О.Бямбаа, Ш.Сүхбаатар нарын мэдүүлэг нь хэргийн нөхцөл байдал, тухайн үйл явдлыг нотолж байгаа шууд бус нотлох баримтууд юм. Өөрөөр хэлбэл хохирогч О.Баясгалангийн баруун сарвууны 4 дүгээр хуруунд учирсан гэмтлийг Т.А- учруулсан гэдгийг бодитойгоор харсан, үзсэн гэрчүүд биш юм.

4. Тухайн үйлдэл болж байх үед гэмтэл учраагүй буюу О.Баясгалангийн хурууг мушгих үйлдэл болоогүй. Харин хохирогч өөрөө довтолгооныг эхлүүлж, бусдын биед халдах үедээ хуруугаа гэмтээснийг гэрч Б.Ариунтуул мэдүүлсэн байхад түүний мэдүүлгийг дутуу үнэлсэн нь хэргийг буруу шийдвэрлэх нөхцлийг бүрдүүлсэн.

Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Т.А-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Т.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...намайг О.Баясгаланг гэмтээсэн гэдгийг нотолсон баримт байхгүй. Харин намайг энэ гэмтлийг учруулаагүй болохыг нотолсон баримт хангалттай байгаа. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд нь харилцан уялдаа, холбоотой байдаг. Анхан шатны шүүх шүүгдэгч Т.А-ыг гэм буруутайд тооцсоны дараа тэрээр прокуророос санал болгосон торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү гэсэн саналыг илэрхийлсэн. Энэ нь өөрийн гэм буруугаа ухамсарлаж байгааг илтгэнэ. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

            2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 11 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Улаанбаатар Төмөр Замын Удирдах газрын Зорчигч тээврийн албаны даргын өрөөнд тус газрын хуулийн зөвлөх ажилтай О.Баясгалан нь Tug.mn сайтын сэтгүүлч Б.Ариунтуул, зураглаач Т.А- нартай “холбогдох зөвшөөрөлгүй байхад ярилцлага өгөхгүй, камерын бичлэг хийлгэхгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар зураглаач Т.А-ын камерын бичлэгийг хориглох үйлдлийг хийх явцад Т.А- нь О.Баясгалангийн гарыг мушгисны улмаас эрүүл мэндэд нь “баруун сарвууны 4 дүгээр хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны 1 дүгээр хуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч О.Баясгалан нь тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, Т.А-той маргалдах болсон шалтгаан, өөрийн биед учирсан гэмтлийн талаар /1хх-ийн 26-27, 232/ тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь гэрч Д.Нарантуяа /1хх-ийн 38-40/, Э.Хасбаяр /1хх-ийн 43/, М.Чадраабал /1хх-ийн 45/, гэрч О.Бямбаа /1хх-ийн 53/, шинжээч С.Сүхбаатар /1хх-ийн 61/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1667, 264/Б дугаартай дүгнэлт /хх-ийн 68, 90/ зэргээр давхар нотлогдсон байна.

Шүүгдэгч Т.А-, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нар давж заалдсан гомдолдоо: “хохирогч өөрөө довтолгооныг эхлүүлж, бусдын биед халдах явцдаа өөртөө гэмтэл учруулсан” хэмээн маргажээ.

Хохирогч О.Баясгалан нь Т.А-од “камерын бичлэг хийхээ зогсоо” гэсэн шаардлагыг удаа дараа тавьж, улмаар камерын бичлэгийг хязгаарлах, хориглох үйлдэл хийсэн байх бөгөөд түүний энэхүү үйлдэл нь бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахад чиглээгүй байна.

Харин шүүгдэгч Т.А- нь хохирогч О.Баясгалангийн дээрх үйлдлийг эсэргүүцэх явцдаа хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг санаатай үйлдэл хийн түүний гарыг мушгиснаас биед нь “баруун сарвууны 4 дүгээр хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан, уг гэмтэл нь шүүгдэгч Т.А-ын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Т.Ариунболыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсныг хуульд нийцсэн гэж үзлээ. 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.А-, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 402 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.А-, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ӨСӨХБАЯР

                                     ШҮҮГЧИД                                                   М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                        Н.БАТСАЙХАН