| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2016/00365/И |
| Дугаар | 185 |
| Огноо | 2017-03-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 185
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван би Б.Бат-Оргилын нэхэмжлэлтэй Н.Цэндсүрэн, Э.Чингэс нарт холбогдох “550.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Бат-Огил нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Н.Цэндсүрэн, Э.Чингэс нар нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7 дугаар баг, 16 дугаар байрны 4 тоот 1 өрөө орон сууцыг 6 сарын хугацаатай түрээслэн амьдарч байсан бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хилийн 0101 дүгээр ангид хамт ажилладаг Б.Бат-Оргилд уг байр нь Н.Цэндсүрэнгийн хамаатны эгчийн байр, эгч нь гадаад явсан тул нөхрийн хамт хариуцан амьдардаг гэж худал хэлж итгүүлэн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл сарын 230.000 төгрөгөөр нийт 6 сараар түрээслэхээр гар бичмэл гэрээ хийж 1.380.000 төгрөгийг Э.Чингэсийн “Хаан” банкны дансаараа авсан болно. Хариуцагч нар нь нэг ажлын газрын хүний итгэлийг далимдуулан бусдын өмчийг зөвшөөрөлгүйгээр өөрсдийн түрээсийн хугацаа дуусахаас 3 сараар хэтрүүлэн давхар түрээслэж нэхэмжлэгчийн хууран мэхэлсэн. Нэхэмжлэгч би 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байрны эзэнтэй уулзсанаар хариуцагч нарт залилуулснаа мэдэж уг өдрөөс хойш одоог хүртэл хохирол барагдуулахыг шаардаж 250.000 төгрөгийг авсан бөгөөд үлдэгдэл 550.000 төгрөгийг удахгүй өгнө өнөөдөр өгнө гэж хууран мэхлэж хойшлуулсаар 2 сарын хугацаа өнгөрч өнөөдрийг хүрсэн. Иймд Н.Цэндсүрэн, Э.Чингэс нараас 550.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж хуулийн дагуу зохих арга хэмжээ авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Эвлэрлийн гэрээндээ:
... 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б.Бат-Оргилын нэхэмжлэлтэй Э.Чингэс, Н.Цэндсүрэн хариуцагч нараас 550.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн дагуу талууд харилцан тохиролцож дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээ байгуулав.
Э.Чингэс, Н.Цэндсүрэн нар нь Б.Бат-Оргилд:
1. Байрны түрээсийн 550.000 төгрөг,
2. Усны төлбөрт 60.300 төгрөг,
3.Кабелийн төлбөрт 16.500 төгрөг,
4. Гражийн төлбөрт 40.000 төгрөг нийт 666.800 төгрөгийг өгөх ёстой болно. Үүнээс 2017 оны 02 сарын 24-ний өдөр 300.000 төгрөгийг Э.Чингэс миний бие Б.Бат-Оргилын эхнэр н.Мандухайд өгөв. Үлдэгдэл 366.800 төгрөгийг 2017 оны 03 сарын 10-ны дотор өгч барагдуулна. Тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараас гаргуулна.
Эвлэрлийн гэрээ байгуулсан:
Нэхэмжлэгч: Б.Бат-Оргил
Хариуцагч: Э.Чингэс, Н.Цэндсүрэн гэж гарын үсгээ зуржээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Бат-Оргил нь Э.Чингэс, Н.Цэндсүрэн нараас “550.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид үлдэгдэл 366.800 төгрөгөн дээр эвлэрсэн болох нь зохигчийн хооронд хийсэн дээрх эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 366800 төгрөгөнд тохирох 11654 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5827 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 5827 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т хэсэгт зааснаар Б.Бат-Оргилын нэхэмжлэлтэй Н.Цэндсүрэн, Э.Чингэс нарт холбогдох “550.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн зохигчийн дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 366800 төгрөгөнд тохирох 11654 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5827 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 5827 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН