Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/339

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

улсын яллагч Н.Пүрэвтогтох,

өсвөр насны шүүгдэгч Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Солонго, тэдгээрийн өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Г.Б.Бд холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ........., ам бүл ........... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй гэх, Г.Б.Б /РД:.........../,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо Хүннү 2222 хорооллын 108 дугаар байрны 601 тоотын үүдэнд 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэн А.Хтэй маргалдан, толгойн тус газар нь гараараа цохиж биед нь зүүн зүүн чамархайн хуйх, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүлд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

Өсвөр насны яллагдагч Б.Б-ын “...Хэргийн хохирогч А.Хийн зүүн хацар луу баруун гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Мөн гараа атгаж байгаад толгойн дээр нь 1 удаа цохисон...Уг гэмтлийг би учруулсан, үйлдсэн хэрэгтээ харамсаж гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-р тал/

 

Хохирогч А.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Хаалга тайлсан залуу мөн цаанаас намхан гар, мөр цээжиндээ шивээстэй залуу гарч ирээд үгийн зөрөөгүй шууд миний зүүн шанаа руу нэг цохисон...би тэр үед толгойгоо хамгаалаад доошоо суусан чинь манай найзын гэр дотор үүдэнд нь уг намхан залуу дээрээс толгой руу гараа атгаж байгаад олон удаа цохисон...Тухайн үед миний эрүү гэмтсэн, хамар гэмтэж хавдсан, толгойн хэсэг хавдсан өвдөж байсан, гэмтэлтэй байсан. Уг гэмтлийг тухайн үед байсан өндөр нам хоёр залуугийн намхан болох Б.Б намайг цохиж гэмтэл учруулсан. Миний санаж байгаагаар ойролцоогоор 6-7 удаа цохисон байх...” гэсэн мэдүүлэг /хх-16, 19-р тал/

 

Гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би үүдний хэсэгт Хувьтөгөлдөрийн урд зогсож байсан чинь миний баруун дээгүүр даваад Б.Б Хувьтөгөлдөрийн зүүн хацар хэсэг рүү баруун гараараа 2 удаа цохисон. Тэгсэн Хувьтөгөлдөр хацраа бариад байсан.” гэсэн мэдүүлэг /хх-26-р тал/

 

Гэрч Г.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Гаднаас Хувьтөгөлдөр 2 найзтайгаа орж ирээд үүдэнд зогссон чинь өөдөөс нь Б.Б очоод та нар хэн юм гэж ширүүн асууж байсан. Тэгсэн Хувьтөгөлдөрийг Б.Б нүүр хэсэг рүү нь шанаадсан. Би урдуур нь орж Хувьтөгөлдөрийг хамгаалсан. Хувьтөгөлдөр нүүрээ дараад тонгойсон...Хувьтөгөлдөрийг Б.Б цохисон.” гэсэн мэдүүлэг /хх-24-р тал/

 

Гэрч Г.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Б.Б дээгүүрээ подвалкоо тайлсан, туранхай өндөр бандийг 1-2 удаа цохих шиг болсон...тэр бандийг Номунбаярын дээгүүр даваад Б.Б цохиж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р тал/

 

Гэрч О.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Намхан дээгүүрээ нүцгэн шивээстэй залуу нь миний дээгүүр даваад Хувьтөгөлдөрийн нүүр хэсэг рүү нэг цохисон. Намайг орохоос өмнө бас цохиулсан байдалтай Хувьтөгөлдөр хамраа барьчихсан сууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/

 

Гэрч Г.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Хувьтөгөлдөрийг намхан залуу нь цохисон...Эхлээд Хувьтөгөлдөрийг Б.Б гээд намхан залуу нь цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2500 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...А.Хийн биед зүүн зүүн чамархайн хуйх, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо...З.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хх-30-р тал/

 

Өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-85-99/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-100/, нас тоолсон тэмдэглэл /хх-101/, хохирогч А.Хийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-114/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо Хүннү 2222 хорооллын 108 дугаар байрны 601 тоотын үүдэнд 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэн А.Хтэй маргалдан, толгойн тус газар нь гараараа цохиж биед нь зүүн зүүн чамархайн хуйх, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч А.Хийн эрүүл мэндэд толгойн тус газар нь гараараа цохиж биед нь зүүн зүүн чамархайн хуйх, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий гэмтэл учруулсан өсвөр насны шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Өсвөр насны шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.Билгүүнтулгын, хохирогч А.Хийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Б.Билгүүнтулгын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдав.

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Хийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “...гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 114/ гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна. 

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс ял оногдуулахдаа Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна” гэсэн, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч улсууд эрүүгийн хууль зөрчсөн хэмээн сэжиглэгдсэн, яллагдсан, гэм буруутай нь тогтоогдсон хүүхдийн нэр төр, үнэ цэнэ, хүний эрх, бусдын үндсэн эрх чөлөөг хүндэтгэх үзлийг бататгах, нийгмийн амьдралд буцаан оруулах шаардлага, насны онцлогийг харгалзан, нийгэмд бүтээлч үүрэг гүйцэтгэх эрхийг хүндэтгэн хандана” гэсэн, 2 дахь хэсгийн b-VII-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хүүхдийн хувийн байдлыг бүрэн хүндэтгэх” гэсэн, 4 дэх хэсэгт “Хүүхдийн аж байдал, үйлдсэн хэргийн байдалд тохируулан хандах үүднээс асрамжлах, хянан харгалзах, зөвлөгөө өгөх, туршилтын хугацаа тогтоох, асран хүмүүжүүлэх газар, боловсрол, мэргэжлийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, чиглүүлэх тухай захирамж гаргах, түр асрамжид шилжүүлэх зэргээр бусад олон хувилбарын арга хэмжээ авах нь чухал” гэсэн заалтууд, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2 дахь заалтад “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах” гэсэн Хүүхдийн эрхийн үндсэн зарчимд тус тус нийцүүлэн,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, шийдвэр гаргахдаа түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангана” гэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч А.Х мөрдөн шалгах ажиллагаанд: “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-144/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Билгүүнтулгыг ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжлүүлэхээр хүмүүжлийн чанартай, мөн гэм бурууг нь ухамсарлуулах, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэргийлэх зорилгоор зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Билгүүнтулгыг хянан хүмүүжлүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, мөн хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч ээж О.Солонгод тус тус даалгах нь зүйтэй.

 

Эрүүгийн ................. дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, өсвөр насны шүүгдэгч Б.Б бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч А.Х гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2, 18.10 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Г.Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Б.Б-ыг ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжлүүлэхээр хүмүүжлийн чанартай, мөн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-ын хянан хүмүүжлүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, мөн хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч ээж О.Сд тус тус даалгасугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, өсвөр насны шүүгдэгч Б.Б бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Б.Бд сануулсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ