Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2023/0347

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.М нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2023/0184 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч А.М, Ж.Б, Б.Т, Д.Г,  Ж.Ц,  М.Г,  Б.Н

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Ш.У,

Гуравдагч этгээд: “И” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.У, “А” ХХК-ийн  гүйцэтгэх захирал Н.О, “Э” ХХК, “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Н, З.Д.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.М, Ж.Б,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Н,

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Ш.У,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ш.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б

 

Хэргийн индекс: 128/2022/0152/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2023/0184 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 17 дугаар зүйлийн 17.1.8, 18 дугаар зүйлийн 18.7.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасныг баримтлан А.М, Ж.Б, Б.Т, Д.Г, Ж.Ц, М.Г, Б.Н нараас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч Ш.Уд холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ш.Угийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6938 дугаар дүгнэлтийн 1 дүгээр заалт дахь Ж.Ц, Ж.Б, А.М, Б.Т, Д.Г, М.Г, Б.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Н, Э.Түмэнбаяр нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “А.М нарын нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Ш.Уд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 184 дүгээр шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байх тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна:

1. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор байнга оршин суугаа гадаадын иргэд, харъяалалгүй хүмүүс Монгол Улсын хууль, Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуульд заасан журмын дагуу төрийн бус байгууллага байгуулах буюу төрийн бус байгууллагад эвлэлдэн нэгдэж болно” хэмээн заасан. Маргаж буй төрийн бус байгууллагын гишүүд гэх гадаадын иргэд нь “Монгол Улсад байнга оршин суудаггүй”, “оршин суудаг болохыг нь нотолсон ямар ч баримт хэрэг дотор байхгүй” тул тэднийг гишүүн хэмээн үзэх хууль зүйн ямар ч боломж байхгүй байна. Түүнчлэн Монгол Улсын ТББ-д эвлэлдэн нэгдэх хүсэл зориг тухайн гадаадын иргэдэд байсан эсэх нь тодорхойгүйгээс гадна байсан ч хуулийн дээрх заалтаар боломжгүй бөгөөд хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй байхад хүчээр тэднийг гишүүн хэмээн үзэж, шийдвэр гаргах нь хууль бус болно. Тэгэхээр Япон Улсын иргэдийг уг төрийн бус байгууллагын гишүүн хэмээн үзэж, ирцэд оруулан тооцсон улсын байцаагчийн болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм.

2. Шийдвэрт 19. “Итгэмжлэлийн хугацаа дууссан зөрчил нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тохиолдолд хүчин төгөлдөр хэвээр байна" гэжээ. Уг дүгнэлт нь хуульд нийцэхгүй. Учир нь төлөөлөх харилцаа нь итгэмжлэлээр үүссэн тохиолдолд итгэмжлэлийн хугацаа дууссанаар төлөөлөх эрх дуусгавар болдог. Хурлын ирц хүрээгүй, гаргасан шийдвэр нь дүрмийн зорилгод нийцээгүй, гишүүдийн оролцоог хангаагүй нь зэргээр дүгнэсэн улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзсэн нь буруу байна. “Э” ХХК-ийн захирал, иргэн Н.Н, “Ач” ХХК-ийн захирал Н.О нарт “Х” ГҮТББ-ын ээлжит бус хуралдааныг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хийхээр товлосон хурлын зарыг албан ёсоор хүргүүлсэн, хуралд оролцох боломжоор хангасан. Холбооны өмнөх удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан З.Д, Н.О нар нь холбооны удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн, тэрхүү хүсэлтийг үндэслэн Бүх гишүүдийн хурлаар Удирдах зөвлөлийг шинээр сонгосон байхад тэдний гомдлоор бүртгэл хүчингүй болгож шийдвэрлэсэн хууль бус юм.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 3/4977 тоот шийдвэрээр яг адил агуулга бүхий гомдлыг хянаад хангаж шийдвэрлэх  боломжгүй гэх хариу өгөөд уг шийдвэрлэсэн шийдвэр хүчинтэй байхад дахин асуудлыг сөхөн гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэдээс төрийн байгууллагад хандан гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 14.1.3-т заасныг ноцтой зөрчсөн.

Холбоо үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх хугацаанд тус холбооны хөрөнгийн менежментийн ажлыг гүйцэтгэж байсан “И” ХХК нь холбоонд төлөгдөх ёстой 2020 оны жилийн эцсийн байдлаар нийт 206,775,027.00 төгрөгийн хохирол учруулсан болохыг аудитын дүгнэлтээр тогтоолгосон гом. Холбоо уг төлбөрийг нэхэмжилж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс иргэний хэрэг үүсгэж хэдэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд “И” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч “Э” ХХК-ийн захирал Н.Н, холбооны өмнөх удирдах зөвлөлийн гишүүн байсан Н.О, З.Д нараас холбооны 2021 оны 5 дугаар сарын хуралдааны шийдвэр болон улсын бүртгэлийг эс зөвшөөрч Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газарт гомдол гаргасан боловч тус газрын 2021 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 3/4977 тоот шийдвэрээр гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй, холбооны хуралдаан, удирдлагыг бүртгэсэн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй гэх хариуг гаргасан. Энэхүү хариуд дээрх этгээдүүд нь дээд шатны захиргааны байгууллага болон шүүхийн байгууллагад гомдол гаргаж байгаагүй тул улсын хяналт шалгалтын байцаагчийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байсан. Иймд анхан шатны шүүхийн дээрх шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 0184 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад хууль буруу хэрэглэсэн, зарим нотлох баримтыг үнэлээгүй байх тул өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхилоо.

1. Маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Ш.Угийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6938 дугаар дүгнэлтээр “Х” ГҮТББ-ын зарим гишүүдийн гомдлын дагуу  уг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн сан, хувийн хэрэг зэргийг хянаад, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ХХХХ дугаарт бүртгэлтэй, ХХХХ регистрийн дугаартай “Х” ГҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга З.Дийг өөрчилж А.М, гүйцэтгэх захирлаар Б.Ныг, удирдах зөвлөлийн гишүүнээр Ж.Ц, Ж.Б, А.М, Б.Т, Д.Г нарыг, хяналтын зөвлөлийн гишүүнээр Л.А, М.Г, Р.Жн нарыг тус тус томилсон, мөн Холбооны дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн 2021 оны 06 дугаар сарын 16, 17-ны өдрийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгох”-оор шийдвэрлэсэн.

2. Анхан шатны шүүх “... тус байгууллагын 2019 оны анхны дүрэмд “... Холбооны гишүүд нь оффис”-д үл хөдлөх хөрөнгө өмчлөгч байх ба өмчлөгч гэдгийг өмчлөх эрхийн гэрчилгээгээр тодорхойлохоор, зорилгоо оффисын барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгийг хэвийн ажиллагаатай байлгах, өмчлөгч, эзэмшигчийн тав тухтай ажиллах боломжийг бий болгож, хөрөнгийнхөө үнэ цэнийг урт удаан хугацаанд хадгалах, өсгөх гэж тодорхойлсон”, нийт 170 өмчлөгчийн зарим нь Япон улсын иргэд байх бөгөөд эдгээр иргэдийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр гишүүддээ үйлчилдэг ТББ-ын гишүүн бус, нэхэмжлэгч нарын нэгэн адил тухайн ТББ-ын удирдах эрхийн талаар сонгох, сонгогдох эрхгүй, санал өгөх ёсгүй гэж үзэх нь гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагын дүрмийн зорилгод нийцэхгүй юм” гэж дүгнэжээ.

Тэрээр энэ талаар дүгнэсэн маргаан бүхий дүгнэлтийг хууль зөрчөөгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хуулийг буруу хэрэглэсэн, маргааны үйл баримттай холбоотой хариуцагч нь тухайн бүртгэлийн мэдээллийн сан, хувийн хэргийг хянахдаа хуульд заасан чиг үүргээ бүрэн биелүүлсэн эсэх, хуулийн этгээдийн дүрмийн зорилго, гишүүнчлэлийн талаар дээрх хуулийн заалтуудын дагуу эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн эсэхэд дүгнэлт өгөөгүй, мөн хэрэгт авагдсан дүрэм, гишүүдийн эрх зүйн байдалтай холбоотой баримтуудыг бүрэн дүгнээгүй байна.

3. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэл болон давж заалдах гомдолдоо  “Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь заалтыг зөрчиж Монгол улсад оршин суудаггүй гадаадын этгээдийг оролцуулаагүй гэж дүгнэлт гаргасан, мөн итгэмжлэл шаардлага хангаагүй, зарим удирдах зөвлөлийн гишүүдийн өөрсийнх нь хүсэлтээр шинээр өөр этгээдийг томилсон байхад тэдний гомдлоор бүртгэлийг хүчингүй болгосон нь хууль зөрчсөн” гэх зэргээр маргажээ.

4. Хариуцагч улсын байцаагч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д “Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна”,18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах” гэж заасан чиг үүргээ бүрэн биелүүлээгүй байна.

5. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын тайлбараас үзвэл хэн аль нь “Х оффис” барилгын өмчлөгч, тэдгээртэй хамаарал бүхий этгээд болохынхоо тухайд “... тухайн барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгийг хэвийн ажиллагаатай байлгах, өмчлөгч, эзэмшигчийн тав тухтай ажиллах боломжийг бий болгож, хөрөнгийнхөө үнэ цэнийг урт удаан хугацаанд хадгалах, өсгөх” гэсэн зорилгыг дэмжиж, хэн аль нь үгүйсгэхгүй, нэг зорилготой байх боловч уг зорилгыг хэрэгжүүлэх асуудал нь хууль тогтоомжоор тодорхой зохицуулагдаагүйн улмаас төрийн бус байгууллагын хэлбэрийг сонгож, улсын бүртгэлд бүртгүүлжээ.

6. Үүний улмаас нийтийн зориулалттай тухайн барилгын өрөө буюу үл хөдлөх хөрөнгө тус бүрийг өмчлөгч нар мөн атлаа “Х” ГҮТББ-ын гишүүн “мөн”, “биш” талаар тухайлбал Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6-д зааснаар Монгол улсад оршин суудаггүй гадаадын иргэн төрийн бус байгууллагын гишүүн байх боломжгүйг хариуцагч улсын байцаагч анхаараагүй” гэх зэргээр тус байгууллагын удирдлага, гишүүнчлэлийн талаар, мөн хөрөнгийг зарцуулах эрх бүхий этгээдийн ажлын үр дүн зэрэгтэй холбоотой маргаан үүсгэж удаа дараа дүрмээ өөрчлөх, удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирлыг Төрийн бус байгууллагын тухай хуулийн дагуу өөрчилж бүртгүүлсний улмаас гишүүд, барилга өмчлөгч  нарын хооронд маргаан үүсэж улмаар гомдол гарган улсын байцаагч нарын дүгнэлтүүд гарсан боловч барилгын дундын өмчлөлийн хөрөнгийн талаарх өмчлөгч нарын нэгдмэл эрх, ашиг сонирхол нь зохих хууль тогтоомжийн дагуу хамгаалагдах асуудал шийдвэрлэгдэхгүй, бүрхэгдсээр иржээ.

  7. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "хуулийн этгээдийн улсын бүртгэл" гэж хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг; ойлгохоор”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "хуулийн этгээд" гэж Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан шинжийг агуулсан зохион байгуулалтын нэгдлийг”, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ”, 25.2-т “Хуулийн этгээд нь ашиг олох зорилготой ашгийн төлөө, хууль буюу дүрэмд заасан зорилготой, ашгийн төлөө бус байж болно” гэж тус тус заасан.

Харин Төрийн бус байгууллагын тухай 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д "төрийн бус байгууллага" гэж иргэд, төрийн байгууллага / хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага/-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг ойлгох”-оор заасан.

            8. Дээрх 5, 6-д заасан нөхцөл байдал болон 7-д заасан хуулийн зохицуулалтуудаас үзвэл хариуцагч улсын байцаагч нь эдгээр иргэдийн нэгдсэн зорилго, хамгаалахыг хүссэн өмчлөгчийн эрх, ашиг сонирхол, дүрэмд заасан зорилго нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн зорилго, агуулгад нийцсэн эсэх, цаашид дээрх хуульд заасан хуулийн этгээдийн эрхтэй байх иргэдийн нэгдэл мөн эсэхэд зайлшгүй эрх зүйн дүгнэлт өгч, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх үндэслэлтэй эсэх талаарх нөхцөл байдлыг тодруулж, улсын бүртгэлийн үйл ажиллагаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг тогтоож, бүртгэлийг хэрхэх талаар холбогдох дүгнэлтээ гаргах зайлшгүй шаардлагатай байжээ.

9. Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч болон гуравдагч этгээд буюу тус байгууллагын гишүүд гэх зарим иргэд тухайлбал нэхэмжлэгч А.М нь өмчлөгч Д.Д-гийн нөхөр гэх боловч гишүүн, гуравдагч этгээд З.Д нь тус барилгын өмчлөгч биш атлаа мөн гишүүнээр оролцож саналаа илэрхийлдэг талаарх баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд маргаан бүхий дүгнэлтэд “170 тусдаа үл хөдлөх хөрөнгө өмчлөгч тус бүр саналын эрхтэй атал зарим өмчлөгчид хуралд оролцох боломж олгоогүй” гэж дүгнэсэн нь бодит нөхцөлд тохироогүй, үндэслэл бүхий болоогүй байна.

10. Түүнчлэн гишүүнчлэлийн тухайд “дүрэмд харьяалал заагаагүй тул гадаадын иргэд өмчлөгч болохынхоо хувьд гишүүн мөн” гэж үзэхдээ зарим гишүүдийн маргасан Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6-д хэрхэн нийцэж байгааг ойлгомжгүй үлдээж, бүх гишүүдийн хурлын ирцийг бүрдүүлсэнтэй холбоотой дүгнэлт гаргасныг анхан шатны шүүх хуульд нийцсэн гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

11. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч улсын байцаагч нь хуульд заасан чиг үүргийн хүрээнд хэргийн нөхцөл байдлыг тодруулж, тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль тогтоомжид нийцсэн эсэх талаар эрх зүйн дүгнэлт өгч, дахин акт гаргах шаардлагатай, тухайн асуудал нь улсын байцаагчийн чиг үүрэгт хамаарах тул шүүхээс шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж үзэж, маргаан бүхий дүгнэлтийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2023/0184 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 18 дугаар зүйлийн 18.7.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1., Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 5 дугаар зүйлийн 6-д заасныг баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Ш.Угийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6938 дугаар дүгнэлтийн 1 дүгээр заалт дахь Ж.Ц, Ж.Б, А.М, Б.Т, Д.Г, М.Г, Б.Н нарт холбогдох хэсгийг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч нь шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий дүгнэлтийн холбогдох хэсгийг хүчингүй болгохыг дурдсугай.” гэсэн 3 дахь заалтыг нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.М, Ж.Б, Б.Т, Д.Г,  Ж.Ц, М.Г, Б.Н нарын өмгөөлөгч Г.Н, Э.Түмэнбаяр нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

                           ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

                           ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ