Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 27

 

 

******* банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2017/00238 дугаар шийдвэртэй, ******* банкны нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, хариуцагч С.*******, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн хүүгийн төлбөр 1,077,093 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113,839 төгрөг, нийт 3,426,338 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Иргэн Б.******* нь 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1121/58 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг бизнесийн зээлийг ******* банкнаас авсан бөгөөд Б.******* нь үндсэн зээлээс 2,764,594 төгрөгийг хүүгийн хамт төлсөн. Гэтэл зээлдэгч Б.******* нь 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зуурдаар нас барсан тул хамтран зээлдэгч түүний ээж С.******* уг зээлийг төлөх ёстой. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 2,235,405.34 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,077,093.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113,839.87 төгрөг, нийт зээл, зээлийн хүүгийн төлбөр 3,426,338.36 төгрөгийг гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү Зээлдэгч Б.******* нь Ховд аймгийн ******* ******* зах дээр гар утасны засвар, худалдааны бизнес хийж байхдаа ******* банкны Ховд салбартай барьцаат зээлийн гэрээ байгуулан хөлдөөгч, LCD телевизор, 6 ханатай гэр 2 ширхэг, бараа материал, суурин компьютер, булангийн буйдан зэргийг барьцаалсан. Иймд зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.3 дахь заалтыг зөрчиж, гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул зээлийн гэрээний 5.1.1, 5.1.2, дахь заалтуудыг үндэслэн гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцалж, хариуцагчаас төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Мөн дээрх төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин одоо хамтран хариуцагч С.*******гийн өрхийн орлого болон түүний амьдралыг нь харгалзан үзэж үндсэн зээлийн үлдэгдэл 2,235,405 төгрөгийг гаргуулж, үндсэн хүүгийн төлбөр 1,077,093 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113,839 төгрөгөөс татгалзаж байна. Мөн тус нэхэмжлэлийг гаргахад банкнаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 69,771 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар: Миний хүү Б.******* ******* банкнаас 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1121/58 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн бизнесийн зээлийг авсан. Тус зээлд би хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан. Гэтэл миний хүү Б.******* зуурдаар нас барсан ба одоо миний амьдрал маш хэцүү байна. Орлого байхгүй, хашаа, гэр байхгүй. Энэ зээлийг төлж чадахгүй. Би үндсэн зээлийн төлбөрийг 50 хувилж, 2 жилийн хугацаанд боломжоороо төлж болох болов уу. Эсвэл намайг энэ зээлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2017/00238 дугаар шийдвэрээр:“ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч С.*******гаас үндсэн зээлийн үлдэгдэл 2,235,405 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банканд олгож, нэхэмжлэгч нь үндсэн хүүгийн төлбөр 1,077,093 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113,839 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдсугай. 2.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар нэхэмжлэгчийн зээлийн төлбөрийг хариуцагч сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийг барьцаат хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,771  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 50,716 төгрөгийг гаргуулан ******* банканд олгосугай гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: ******* банкны гүйцэтгэх захирлын зүгээс итгэмжлэл олгохдоо нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрхийг олгоогүй байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн дүнг бууруулж шийдвэрлэлээ. Зээлийн үндсэн хүү 1.077.093.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113.839.87 төгрөгийг нэхэмжлэлээс албан ёсоор бичгээр татгалзах хүсэлт гаргаагүй, шүүх  хуралдаан дээр хэлсэн саналыг үндэслэж үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүүг чөлөөлөх шийдвэр гаргаж тэмдэгтийн хураамжийн дүнг бууруулсанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагын хангаагүй байна. Нэхэмжлэгч ******* банк зээлийн гэрээний үлдэгдэл 2.235.405 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 1.077.093 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113.839 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 69711 төгрөг нийт 3496409 төгрөгийг  хариуцагчаас гаргуулахыг шаарджээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн дээрх шаардлагаас үндсэн зээлийн төлбөр 1.077.093 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113.839 төгрөг нэхэмжилсэн шаардлагаасаа татгалзаж, зээлийн гэрээний үлдэгдлийг нэхэмжилж шаардлагаа багасгасан  гэж дүгнэн  үндсэн зээлийн   үлдэгдэл 2.235.405 төгрөгийн   шаардлагыг  хангаж шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж гомдолдоо зээлийн үндсэн хүү 1.077.093 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113.839 төгрөгийн нэхэмжлэлээсээ албан ёсоор бичгээр татгалзах хүсэлт гаргаагүй, шүүх хуралдаан дээр хэлсэн саналыг үндэслэн үндсэн хүү,нэмэгдүүлсэн хүүг чөлөөлөх шийдвэр гаргаж, улсын тэмдэгтийн хураамжийн дүнг бууруулсан, хүү тооцооллын хүснэгт, Б.*******ийн нас барсны гэрчлүүлсэн хуулбар  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж байна  гэжээ. Шүүх нэхэмжлэгчийн 3496409 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад түүнийг тодруулахгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан журамд нийцээгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь зээлийн үндсэн болон нэмэгдэл хүүг хэдэн оны хэдэн сарын хэднээс хэдэн хүртэлх хугацааны зээлийн хүү, нэмэгдэл хүүг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй ойлгомжгүй байна.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т  “...Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй..” гэж заасан байхад нэхэмжлэгчийн шаардлагаа нотлохоор /хавтаст хэргийн 6,11-13 дүгээр хуудас/ шүүхэд ирүүлсэн бичгийн баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т заасан хэлбэрийн шаардлага хангаагүй байна гэж нотлох баримтаар үнэлээгүй нь хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаа тул давж заалдах гомдол болон хэргийн агуулгад дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33771 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгож шийдвэрлэв.

 

      Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1.  Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2017/00238 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33171 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                      М.НЯМБАЯР

 

 

                ШҮҮГЧИД                                    С.ӨМИРБЕК

                                  

 

                                                                                 Н.ТУЯА