Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2023/0395

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Нгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Б.Н

Нэхэмжлэгч: Б.Н

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нарийн нуур” гэх газарт сүүний үхрийн аж ахуйн зориулалтаар 2 га газар эзэмших эрхийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2023/0331 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2023/0029/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Н нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нарийн нуур” гэх газарт сүүний үхрийн аж ахуйн зориулалтаар 2 га газар эзэмших эрхийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2023/0331 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3.1, 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Нгаас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нарийн нуур” гэх газарт сүүний үхрийн аж ахуйн зориулалтаар 2 га газар эзэмших эрхийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 331 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

3.1. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн.

Миний бие Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу төсөл сонгон шалгаруулалтад орж шалгарсан тул гэрээний дагуу ашиглаж байгаа газрыг эзэмших эрх олгохыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон нийслэлийн Засаг даргад удаа дараа хүсэлт гаргаж олон жил явж байгаа боловч шийдвэрлэж өгөхгүй байсан тул Газрын тухай хуулиар газар эзэмших эрх олгох шийдвэр гаргах бүрэн эрхтэй этгээд болох нийслэлийн Засаг даргад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/1256 дугаар албан бичгийг хууль ёсны гэж үнэлж газар эзэмших эрх олгохоос татгалзсан нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь Газрын тухай хууль болон төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулсан гэрээний нөхцөлтэй нийцэхгүй байна.

Учир нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх газар нь төрийн мэдэлд буюу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба эзэмших эрхтэй байгаа. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй боловч тус хуулийн 35.2-т энэхүү эрх нь төрийн байгууллагад хамаарахгүй гэж заасан. Ийм ч учраас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргаж өгөхгүй байгаа, өгөх ч боломжгүй байна.

Мөн надтай байгуулсан гэрээний 6.5-д ашиглаж байгаа газрыг эзэмшүүлэхээр тохиролцсон болохоос газар эзэмших эрхийг шилжүүлнэ гэж заагаагүй. Ийм учраас бид нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргасан боловч Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба Газрын тухай хуульд нийцэхгүй шаардлага тавьсныг шүүх хууль ёсны гэж үнэлж, түүндээ үндэслэн нийслэлийн Засаг дарга эс үйлдэхүй гаргаагүй байна гэж шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадсангүй гэж үзэж байна.

3.2. Шүүх хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн.

Анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгуулах тухай байсан. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу шийдвэр гаргах ёстой эсэх талаар биш хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар буюу газар эзэмших эрх шилжүүлэх асуудлын талаар үнэлж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчиж, улмаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн асуудал болох газар эзэмших эрх шилжүүлэх асуудлын талаар дүгнэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн төрийн байгууллагад хамаарахгүй зохицуулалтыг төрийн байгууллага болох Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хамааралтай байхаар тайлбарлаж хэрэглэсэн нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасантай зөрчилдөж байгаа болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, иргэн миний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэжээ.

4. Хариуцагч талаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Нгаас “Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нарийн нуур” гэх газарт сүүний үхрийн аж ахуйн зориулалтаар 2 га газар эзэмших эрхийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

3. Хэргийн үйл баримтыг үзэхэд нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 208 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд нийслэлийн хэмжээнд фермерийн болон эрчимжсэн хөдөө аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлжээ.

3.1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын хамтарсан 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 218/01 дүгээр тушаалаар фермерийн болон эрчимжсэн хөдөө аж ахуйн зориулалтаар аж ахуйн нэгж, иргэдэд ашиглуулах газрын хэмжээ, байршлыг баталж, “Улаанбаатар хот орчимд сүүний үхрийн аж ахуй болон мал бордох аж ахуй байгуулах” төсөл сонгон шалгаруулалт зарлагдсан байна.

3.2. Уг төсөл сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Б.Нгийн төсөл шалгарч, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Саалийн үнээний ферм байгуулахаар хамтран ажиллах тухай” 17/05-10 дугаар гэрээг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга /А тал/, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга /Б тал/, иргэн Б.Н /В тал/ нарын хооронд байгуулжээ.

3.3. Тус гэрээний 6.5-д “Гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, газрыг зориулалтын дагуу ашиглаж, тогтвортой хөрөнгө оруулалт оруулсан байна гэж үзвэл ашиглалтын 2 дахь жилээс В талд газар эзэмших эрхийг шилжүүлж өгнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Нгаас 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн нуурт гэх байршилтай газарт 2 га газрыг өөрийн нэр дээр эзэмших хүсэлт гаргасан боловч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/1256 дугаар албан бичгээр “Таны тус албанд хандаж газар эзэмших эрхийг шилжүүлэхээр хүсэлт ирүүлсний дагуу судалж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын дэргэдэх “Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэдэг бөгөөд таны хүсэлтэд материалын бүрдэл дутуу байх тул тус хурлаар хэлэлцүүлэх боломжгүй байна” гэсэн хариуг өгсөн байна.

3.4. Нэхэмжлэгчээс 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01-08/6063 дугаар албан бичгээр “Тус албанд хандаж Багануур дүүргийн 5 дугаар хороонд байрлах 20000 м.кв газрын эзэмших эрх шилжүүлэх тухай өргөдлийг хүлээн авч танилцлаа. Иргэн, хуулийн этгээдийн газрын асуудлыг шийдвэрлэхдээ тус албаны “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэдэг болно. Гэвч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай байгуулсан гэрээний дагуу ашиглаж буй газрын эрхийг шилжүүлэх тухай дээрх байгууллагын албан бичиг дутуу байх тул шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариуг өгснөөр энэхүү маргаан үүсжээ.

4. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-д заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана” гээд 38.2.1-д “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо”, 38.2.3-д “албан татвар, хураамж төлсөн тухай баримт”, 38.2.4-т “татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт” гэж тус тус заасан.

4.1. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “... Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай байгуулсан гэрээний дагуу ашиглаж буй газрын эрхийг шилжүүлэх тухай дээрх байгууллагын албан бичиг дутуу байх тул шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариу өгсөн нь хуулийн дээрх зохицуулалтад байхгүй баримт бичгийн бүрдлийг шаардаж, хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй байна.

4.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Улаанбаатар хот орчимд сүүний үхрийн болон мал бордох аж ахуй” байгуулах төсөл сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Б.Нгийн төсөл шалгарч, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай гэрээ байгуулж, хамтран ажиллах эрхийг олж авсан бөгөөд тухайн газарт 2011 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж иржээ.

4.3. Ингэхдээ 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Саалийн үнээний ферм байгуулахаар хамтран ажиллах тухай” 17/05-10 дугаар гэрээний 6.5-д заасны дагуу гэрээний биелэлтийг жил бүр 100 хувиар дүгнүүлсэн болох нь гэрээ байгуулсан талуудын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Саалийн үнээний аж ахуй байгуулахаар хамтран ажиллах тухай гэрээг дүгнэсэн акт”-аар, мөн нэхэмжлэгчээс маргаан бүхий газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж байсан болох нь хэрэгт авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №020190813 дугаар, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №020190813 дугаар, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №01101-2021/00692 дугаар, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №01101-2021/00692 дугаартай газрын төлбөрийн тооцоо нийлсэн актуудаар тус тус тогтоогдож байна.

4.4. Түүнчлэн Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хөдөө аж ахуйн эдэлбэр газар, усан хангамж, хориглосон бүс хариуцсан мэргэжилтний 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Багануур дүүргийн 5 дугаар хороо Нарийн нуурт мал бордох чиглэлээр төсөл хэрэгжүүлэгч иргэн Б.Нгийн үйл ажиллагаа болон газар ашиглалтын талаарх санал, дүгнэлт”-д “... Б.Н нь холбогдох хууль дүрэм, журмын дагуу төслийн шалгаруулалтад оролцож, шалгаран холбогдох алба, газрын эрх бүхий тушаалтнуудын тогтоосон чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах гэрээг байгуулсан, улмаар өөрийн хөрөнгөөр төслийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг санхүүжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн ... 2.0 га газрын эзэмших эрхийг шилжүүлэх саналтай байна”, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Иргэн Д.Сайханцэцэг, Ө.Батболд, Б.Н нарын сүүний үхрийн аж ахуй, мал бордох аж ахуйн үйл ажиллагааг шалгарсан тухай” илтгэх хуудаст “... нийслэлийн Засаг даргын 2009 оны 208 дугаар захирамжаар сүүний үхрийн болон мал бордох аж ахуй байгуулах зориулалтаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэмшүүлсэн Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарийн нуур гэдэг газарт байрлах 6 га газрыг иргэн Д.Сайханцэцэг, Б.Н, Ө.Батболд нарын газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх саналтай байна”, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03/6746 дугаар албан бичгээр “... гэрээний 6.5-д “Гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, газрыг зориулалтын дагуу ашиглаж, тогтвортой хөрөнгө оруулалт оруулсан гэж үзвэл газар ашиглалтын 2 дахь жилээс газар эзэмших эрхийг төсөл хэрэгжүүлэгчид шилжүүлнэ” гэж заасан байх тул уг асуудлыг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэж, зохих хариу иргэн Б.Нд хүргүүлэх нь зүйтэй байна” гэж холбогдох төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудаас тус тус Б.Нгийн хүсэлтийг шийдвэрлэж, маргаан бүхий газрын эзэмших эрхийг түүнд шилжүүлэхийг дэмжсэн байна.

5. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна” гээд 38.3.1-д “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”, 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх”, 38.3.3-д “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх”, 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасан.

5.1. Хариуцагч нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хүсэлтийг хуулийн дээрх зохицуулалтад заасны дагуу шийдвэрлээгүй, хуульд заагаагүй баримт бичгийн бүрдүүлбэр шаардсан үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасанд хамаарч байна.

5.2. Харин анхан шатны шүүх “... Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 02-09/1256 дугаар, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01-08/6063 дугаар албан бичгүүдээр хариуг өгсөн байх тул нийслэлийн Засаг даргыг эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй” гэж хуулийг буруу тайлбарлан, хэргийн үйл баримтыг буруу үнэлж, үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана”, 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан.

6.1. Нэхэмжлэгч Б.Н нь “Саалийн үнээний ферм байгуулахаар хамтран ажиллах тухай” 17/05-10 дугаар гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж, жил бүр 100 хувийн биелэлттэй гэрээг дүгнүүлж ирсэн, гэрээ зөрчсөн зүйл байхгүй, жил бүр газрын төлбөрийг бүрэн төлж, Газрын тухай хуульд заасан холбогдох баримтыг бүрдүүлэн маргаан бүхий газрын эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хариуцагчаас хууль бус эс үйлдэхүй гаргаж, хүсэлтийг шийдвэрлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т “шуурхай, тасралтгүй байх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэсэн төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2023/0331 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нарийн нуур” гэх газарт сүүний үхрийн аж ахуйн зориулалтаар 2 га газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг нийслэлийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

    

 

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ